“Монголын нууц товчоо”- г эсгий дээр урлаж Гиннесийн дээд амжилтанд бүртгүүллээ

Монголчууд ер нь түүх соёл ур ухаанаараа дэлхийн гайхамшгийг бүтээсээр л явна. Үүний нэгэн жишээ нь Дэлхийн 28 улс орны 32 ястны 5000 гаруй монгол урчууд уран гараараа 108 метр эсгий ширмэл бүтээлд ”Монголын Нууц Товчоо” түүхэн бүтээлийг зээгт ширмэл оёдлоор урлан Генниссийн дээд амжилтад бүртгүүлж буй үйл явдал юм.

108 метр эсгий ширмэл бүтээлийг урлаж байгаа нь

Д.Нэргүй, гэргий Ж.Нарантуяа   

    Энэхүү ажлыг хамгийн анх Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Монгол Улсын Хэнтий аймаг дахь салбар хорооны тэргүүлэгч Д.Нэргүй, гэргий Ж.Нарантуяа нарын санаачилгаар эхэлж хийгдсэн юм. Тэднийг өнгөрсөн гуравдугаар сард Өвөр Монголд ирэх үед нь азтай учран сурвалжлага авсан юм.

—  Монгол Улсын Хэнтий аймаг бол Чингис хааны төрсөн нутаг.3000 шахам жилийн өмнө, монголчууд цагаан эсгий дээрх зээгт ширмэлийн мэргэжлийг дэлхий нийтэд мэдрүүлж байсан, тэгээд өнө эртнээс уламжлагдан ирсэн өв соёлоо хадгалан хамгаалж, сурталчилж, үр хойчдоо өвлүүлэх зорилготой хийсэн юм, энэхүү  бүтээлээ Геннисийн номонд гурван номинацид бүртгэгдэхэд дэвшүүлсэнд зургаан номинацид бүртгүүлсэн сайхан мэдээг  авав.

 Даруй  Малын гаралтай түүхий эдээр хийсэн, хамгийн урт утас орсон бүтээл, эсгийн дээр урласан хамгийн урт дүрслэх урлагийн бүтээл, хамгийн олон үндэстэн ястан, иргэд оролцсон бүтээл, мөн монголчууд ‘Монголын нууц товчоо’-р дэлхийн Геннисийн номонд хамгийн анх удаа түүхээ мөнхөлсөн бүтээл гэх мэт номинаци болно” хэмээн“Хан Хэнтий Гар Урчууд” ХХК-ийн зураач Д.Нэргүй  биднийг танилцуулав.

108 метр эсгий ширмэл бүтээлийн нэг хэсэг

      “Монголын нууц товчоо”-г  эсгий дээр урлан бүтээх үйл ажиллагаанд Монгол Улсын 21 аймгийн төлөөлөгчид, баялаг бүтээгчид, мөн Хятад улсын Өвөр Монгол, ОХУ-ын Буриад улс, Тува зэрэг 28 улс орны Ойрд, Буриад, Урианхай, Торгод, Үзэмчин зэрэг 32 ястны 5000 гаруй гар урчууд өөрийн сонирхлоороо оролцож, нийт түмний хандив тусламжаар 15 сарын цаг хугацааг зарцуулан урлан бүтээж дууссан байна. Өвөр Монголоос Шилийнгол аймгийн Зүүн, Баруун үзэмчин, Сөнид баруун хошуу, Бугат хотын Дархан Мууянган холбоот хошуу, Улаанцав хотын Дөрвөд хошуу, Ордос хотын Үүшин хошуу зэрэг газрын 130 гаруй гар урчууд оролцож, гурав удаа Монгол Улсын Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум болон Дорноговь аймагт хүрч, гарын ур, гайхамшигт соёлоо 108 метрийн урт цагаан эсгий дээр мөнхлөн үлдээсэн байна.

          Тус эсгий ширмэл бүтээлийн агуулгийн зургийг Нэргүй өөрөө зохиомжлон зурахын дагуу түүх судлаачтай ярилцан засаж, засвар оруулахын дагуу оёх ажлыг зэрэгцүүлэн хийв.Тэрчлэн 35 жил болсон ч нар салхинд элэгдэж хуучрахгүй, өнгө нь хувирахгүй будах мэргэжлийг Норвей улсаас оруулан авчирч, ширмэл эсгийгээ амилуулж, зээглэн оёсноороо бусад бүтээлээс ялгагдаж байдаг.

Бөхзаяа, Гэрэлтуяа нар Монгол Улсын  Хэнтий аймагт  “Монголын Нууц Товчоо”-г  108 метр цагаан эсгийн дээр урласан зээгт ширмэл бүтээлийг олон түмэндээ танилцуулах  ёслолын ажиллагааны үеэр

        Ширмэл эсгийн бүтээлийг урлан оёход оролцсон Өвөр Монголын 130 гаруй  гар урчуудыг Нэргүй, Нарантуяа хоёртой учруулан золгуулж өгсөн хоёр хүн бол Эрээн хотоор нутагтай Гэрэлтуяа настан ба Зүүн үзэмчин хошууны Бөхзаяа нар юм. Анх эхлэхдээ Гэрэлтуяа гуай хандив цуглуулах Вичатын холбоо байгуулж, Замын үүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах ажиллага зохион байгуулжээ. Үүнийг Зүүн Үзэмчин хошуугаар нутагтай, өөрөө оёдлын газар ажиллуулдаг Бөхзаяа мэдээд дэмжин туслах эд зүйлс цуглуулан, Эрээн хотыг зорьж очоод уулзсан байна: Нэргүй, Нарантуяа хоёр ч гэсэн Монгол Улсаас Эрээнд ирээд байхад нь тааралдаж, уулзсанаар Өвөр Монголоос оролцох гар урчуудыг цуглуулах ажлыг  тэд хүлээж авсан байна.

 Гэрэлтуяа, Бөхзаяа нарыг Монгол Улсын Хэнтий аймгийн засгийн газраас“Хан Хэнтийн алдартан” тэмдгээр шагнаж байгаа нь

–  Бид Монгол Улсын Нэргүй, Нарантуяа нарын урилгыг  хүлээн авч, Өвөр Монголоо төлөөлөн 108 метр урт цагаан эсгий дээр зээгт оёдлоор ” Монголын нууц товчоо”-ны түүхэн бүтээлийг урлах ажилд биеэрээ оролцлоо. Энэ нь маш ховор нандин аз тохиол юм гэж Гэрэлтуяа сэтгэл догдлон  ярьж байлаа. Энэхүү агуу бүтээлийг урлан бүтээхэд хүчин зүтгэлээ үзүүлсэн Гэрэлтуяа, Бөхзаяа нарт Монгол Улсын Хэнтий аймгийн захиргаанаас “Хан Хэнтийн алдартан” тэмдгээр шагнав.

–  Энэ жил Хэнтий аймгийнхаа нутагт 24 ханатай, диаметр нь 36 метр, гурван давхар тоонотой том монгол гэрийг босгон байрлуулж, 108 метр урт ширмэл эсгий“ Монголын нууц товчоо”-гоо хана хөшүүлэн дэлгэж, Монгол Улсад ирэх дэлхийн зочдын нүдийг баясган эх түүхээрээ бахархаж, омогших болно гэж Нэргүй ярьж байлаа. Нэргүйн танилцуулснаар ирэх 7 сард Геннисийн номонд бүртгүүлэх газраас уг бүтээлд Геннисийн номонд бүртгэгдсэн албан бичгийг гардуулах ёслолын арга хэмжээ  зохион байгуулагдах юм байна.

 Энэхүү дэлхийд ганцхан, хосгүй бүтээлийг урлахад оролцсон хүн бүрийн мөр нь цагаан, зам нь дардан байх болтугай.

Бөхзаяа гэргийн хамт Монгол Улсын  Хэнтий аймагт зохион байгуулагдсан   “Монголын Нууц Товчоо”-г  108 метр цагаан эсгийн дээр урласан зээгт ширмэл бүтээлийг олон түмэндээ танилцуулах  ёслолын ажиллагааны үеэр

Эх сурвалж:solongonews.mn

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …