Л.Оюунчимэг: Таван жил түргэний машингүй байсан

Сонгинохайрхан дүүргийн 21, 22, 32 дугаар хорооноос НИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Отгонсүх өнөөдөр тойрогтоо ажиллалаа. Тэрбээр тус дүүргийн 22 дугаар хорооны “Одонт манал” өрхийн эмнэлэгт нэн тэргүүнд тулгамдаад байсан асуудлыг нь шийдвэрлэж өгөв.

Тодруулбал, түргэн тусламжийн машин бэлэглэсэн өрхийн эмнэлгийн хамт олон болон хорооны иргэд баярлаж буйгаа илэрхийлэв.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Одонт манал” өрхийн эрүүл мэндийн төв нь 26 мянга орчим иргэнд эрүүл мэндийн үйчилгээ үзүүлдэг байна.

Нийслэлийн хэмжээнд хамгийн олон хүн амтай хороонд хүрч үйлчилдэг ч түргэний авто машингүй таван жилийн нүүр үзжээ. Газар нутаг том, хүн ам ихтэйгээс гадна, уулын энгэрт олон амууд жалгатай учраас алслагдсан айлуудад хүрч үйлчлэхэд маш их хүндрэлтэй байсныг өрхийн эмнэлгийн эмч нар хэлж байв.

Б.Отгонсүх: “Одонт манал” эмнэлгийг машинтай болгож өглөө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Отгонсүхийн сэтгэгдлийг сонслоо.

“Манай Сонгинохайрхан дүүрэг алслагдсан хороодтой, хүн ам олонтой дүүрэг. Дэд бүтцийн хувьд ч асуудал ихтэй дээр нь амьжиргааны түвшин доогуур иргэд ихтэй. Тэр дундаа 22 дугаар хороо нь Нийслэлийн 152 хорооноос хамгийн их хүн амтай нь. “Одонт манал” өрхийн эмнэлэг таван жил түргэний машингүй явж ирсэн. 2016 оны сонгуулиар хамгийн түрүүнд тулгамдаж байгаа асуудлын нэг өрхийн эмнэлгийн түргэний машин юм байна гэдгийг мэдсэн. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн төлөө хамтран зүтгэж байгаа өрхийн эмнэлгийн хамт олондоо хувиасаа түргэний машин бэлэглэсэнд баяртай байна. Эхний удаад түргэний машиныг шийдэж өглөө. Цаашдаа Нийслэлийн МАН-аас хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө 2020 он гэхэд 100 хувь хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.

Л.Оюунчимэг: Таван жил түргэний машингүй байсан

“Одонт манал”өрхийн нэгдсэн эмнэлгийн дарга Л.Оюунчимгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танай өрхийн эмнэлэг хэдэн онд байгуулагдсан бэ. Ачаалал ихтэй байдаг уу?

-Манай өрхийн эмнэлэг 2007 онд байгуулагдсан. Статистик судалгаараа 26 мянган хүн амд үйлчилгээ үзүүлж байна.

Нийслэлийн 2-3 хорооны өрхийн эмнэлгийн хүн амыг нийлүүлсэн хэмжээний хүн амд үйлчилж байна гэсэн үг. Газар нутгийн хувьд том тархай байрлалд буусан айлууд олонтой учраас тэдэнд хүрэхэд хүндрэлтэй байдаг. Ачаалал ихтэй ажилладаг. Хүүхдийн эмнэлэг гэхэд өдөрт 70-80 хүүхэд үзэж байх жишээний. Өвөл зун гэлтгүй ачаалал ихтэй байдаг.

-Б.Отгонсүх дарга өнөөдөр танай эмнэлгийн тулгамдаж байсан асуудлыг шийдэж өглөө. Сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

-Түргэний машингүй үнэхээр хэцүү байсан. 2009 онд С.Оюун гишүүн машин өгсөн. Тэрнээс хойш машингүй өөрийнхөө машинаар дуудлагад явдаг байсан. Харин өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх дарга манайд түргэн тусламжийн машин бэлэглэж өгсөнд үнэхээр их баярлаж байна. Иргэддээ хүртээмжтэй ажиллаж чадаж байна.

Иргэдийнхээ төлөө нийгмийн хариуцлагаа хүлээснийхээ төлөө бид нарт машин бэлэглэлээ. Сүүлийн таван жил машины хүлээлттэй байсан. Үүнийг шийдэж өгсөнд манай ажилчид баярлаж байна. Зарим нь өнөөдөр шинэ машинаа гардаж авна гээд нойр нь хүрээгүй гэсэн шүү.

-Танай эмнэлэгт өөр тулгамдаж байгаа асуудал бий юу?

-Нэн түрүүнд тулгамдаж байсан асуудлыг шийдвэрлэчихлээ. Хүн ам олонтой хороог хуваах шаардлагатай байна. Тахилт гэхэд бараг 10 мянган хүн амтай болсон. Тэгэхээр хороог хувааж, эмнэлэг нэмж барьж өгөх шаардлага гараад байгаа юм.

-Танайх хэчнээн ажилтантай вэ?

-Өнөөдрийн байдлаар 30 ажилтантай. Гэхдээ хүн хүч хүрэхгүй тохиолдол бий.

Хорооны иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Өндөр настан Г.Дорждэрэм “Өнөөдөр өрхийн эмнэлэгт түргэний машин гардуулж бэлэглэж өгсөн төлөөлөгч Б.Отгонсүхдээ баярлалаа.

Энэ хороонд тулгамдаж буй асуудлын нэг яах аргагүй мөн байсан. Амлалт аваад гарч ирсэн биднийг төлөөлөх төлөөлөгчид эхнээсээ үр бүтээлтэй ажиллаж байгаад баярлаж байна. Хамгийн гол нь ард түмнийхээ итгэлийг битгий алдаарай гэж хэлье.

Манай “Одонт манал” эмнэлгийн хувьд хүн хүч нь хүрэхгүй байдаг. Олон хүнд хүрч үйлчилж байгаа болохоор аргагүй байх. Тиймээс эмнэлэг, сургууль барих асуудлыг анхаараасай” гэв.

 

 

О.Сайхан

 

Санал болгох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн боллоо

Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн …