Монгол Улс 2030 онд Азийн хамгийн ядуу орнуудын нэг болно гэв

Саяхан л “Азийн цагаан тагтаа” хэмээгдэж байсан Монгол Улс өдгөө “Азийн хар хэрээ” болчихоод байна. Агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрч, хүн амын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж, олон ч ураг эхийн хэвлийдээ амьсгал хураав. Монгол Улс өдгөө дэлхийн хамгийн их хүн амтай, хүн амын нягтаршил ихтэй Хятад, Энэтхэг улсуудтай агаарын бохирдлоороо эн тэнцүү өрсөлдөж байна. Тэгвэл Бээжин, Делигийн засаг захиргаа эдийн засгаа эрчимтэй хөгжүүлж, түүнийхээ үр өгөөжөөр агаарын бохирдлоо багасгаж байна. Харин манайд эрх баригчид сая гаруйхан хүн амтай Улаанбаатар хотын агаарын бохирдол, усны бохирдол, хөрсний бохирдолтойгоо тэмцэж чадахгүй, Төв аймагт ашиглалтад орж буй Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн 200 мянган өрх бүхий эко хот байгуулж, тийшээ нүүхээр бэлдэж байна. Ухаандаа боломжтойнууд нь тийшээ нүүж, хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг борчууд нь Улаанбаатартаа бохирдолтойгоо хамт үлдэх юм байх. Тэгвэл орчны бохирдлыг бууруулах гол хүчин зүйл болсон эдийн засгийн өсөлт, хөгжил нь 2030 онд хамгийн бага байх Азийн таван орны нэгээр Монгол Улсыг тодруулжээ. Өөрөөр хэлбэл, 2030 онд Монгол Улс Азийн хамгийн ядуу улсуудын нэг, үүнийгээ дагаад Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хот байх аж. Нөгөө “Азийн бар улс” болно хэмээн бахархан ярьж байсан Монгол Улс Азийн хамгийн арчаагүй орнуудын нэг болох дүр зураг харагдаж байна.

“Nationalinterest.org” байгууллагын судалгаагаар 10-н хэдхэн жилийн дараа Монгол Улсын эдийн засаг Ази тивдээ хамгийн мууд тооцогдох аж. Өнгөрөгч 2016 онд ДНБ-ий өсөлт нь 0.8-хан хувийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засаг 2030 онд хасах руугаа орсон байх магадлалтай аж. Товчхондоо, эдийн засаг гэх юмгүй болж мөхлөө хүлээх орнуудын нэгээр Монгол тодорчээ. Тэгвэл эдийн засаг нь сүйрч аюулын харанга дэлдэх таван орны жагсаалтад Монгол Улс Хойд Солонгос, Папуа Шинэ Гвинейн дараа гуравдугаарт оржээ. Харин Монгол Улсын дараа Азербайжан, Казахстан Улсууд орсон байна.

Ингээд “Nationalinterest.org” байгууллагын Монгол Улсын талаарх мэдээлэлд юу гэж дурдсаныг хүргэе.

“Папуа Шинэ Гвинейн адил Монгол Улс сүүлийн жилүүдэд түүхий эдийн үнэ нэмэгдсэнээс хамаарч эдийн засаг нь эрчимтэй өссөн. Хөрш Хятад Улсад нь аж үйлдвэржилт эрчимтэй явагдсаны үр ашгаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2011 онд хамгийн өндөр үзүүлэлтийг үзүүлж, ДНБ-ий өсөлт нь 17 хувийг давж, “Мinegolia” /Mine-Уул уурхай + Mongolia/ нэрийг авсан. Гэвч 2014 онд тус улсын Ерөнхий сайд алт-зэсний аварга том орд “Оюутолгой” төслийг зогсоосноор гаднын хөрөнгө оруулалт үлэмж хэмжээгээр багассан. Үүний улмаас Монголын Улсын эдийн засаг 2014 онд 7.8, 2015 онд 2.3, 2016 онд ердөө 0.8 хувиар тус тус өссөнийг Дэлхийн банкны тайлан мэдээнээс харж болно. Монгол Улсын таван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаа энэ үед Монгол Улс Хятадаас хамааралтай байдлаа бууруулах хэрэгтэй. Монгол Улсын экспортын 90 хувь буюу гол түүхий эдүүд БНХАУ руу гардаг” гэжээ.

Эх сурвалж: http://nationalinterest.org/feature/asias-5-worst-economies-2030-16989

 

Нинж

 

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …