МХЕГ-ын дарга Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү Өмнөговь аймагт ажиллалаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү  өнгөрөгч амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа.

Олны нэрлэж заншсан “Нүүрсний зам” буюу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай автозамын хөдөлгөөн, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс” компанийн удирдлагууд, ажилчид, нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгж, жолооч нарын төлөөлөл, Цагаан хадны орчим хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл эрхэлдэг иргэдтэй уулзалт хийж, үүрэг даалгавар өгсөн юм.

Тавантолгой-Гашуунсухайтын замаар 5147 автомашин нүүрс тээвэрлэж байна

Мэргэжлийн хяналтын байгууллага 2008 оноос эхэлж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд хяналт шалгалт хийж, хатуу хучилттай автозам барих үүрэг даалгавар, албан шаардлага өгч ажилласан. Ингэснээр “Энержи ресурс” ХХК 2010 оны тавдугаар сараас 239 км хатуу хучилттай авто замыг барьж, 2011 онд ашиглалтад оруулсан юм. Харин Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоолоор энэхүү замын өмчлөлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн бөгөөд өдгөө “Гашуунсухайт автозам” ХХК засвар арчлалтыг хариуцан ажиллаж байна.

Тус замаар нүүрс тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгааг “Гашуунсухайт авто зам” компанийн гаргасан дүн мэдээнээс харж болно. Тухайлбал, 2014 онд 36265, 2015 онд 30264, 2016 онд 516.163, 2017 оны нэг, хоёрдугаар сард 103.478 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэжээ.

Өнөөдрийн байдлаар 69 аж ахуйн нэгжийн 5147 автомашин нүүрс тээвэрлэж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд 2016 онд 1596 осол гарч, найман хүн нас барсан бол 2017 оны эхний гурван сард 536 осол бүртгэгдэж, долоон хүн амиа алдаад байна. Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол аваар, хэрэг зөрчлийн дийлэнх нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, замын эвдрэл гэмтэл их зэргээс үүдэлтэй байгааг Замын цагдаагийн албаныхан хэлж байлаа.

Баталгаатай, аюулгүй хүнс, хоолоор үйлчлэхийг санууллаа

Нүүрс тээвэрлэж буй жолооч нарт амарч тухлах, эрүүл чанартай хоол хүнсээр үйлчлүүлэх боломж бүрдсэн орчин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам дагуу нэг ч байхгүй. Цагаан хад орчим хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ үзүүлдэг 60 гаруй аж ахуйн нэгж, иргэд буюу “гэр гуанз” бий. Эдгээр иргэдийн төлөөлөлтэй МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү уулзаж, мэдээлэл зөвлөмж өгч, сонирхсон асуултад нь хариулсан юм. Тэрбээр, “Хүний амь нас, эрүүл мэндийг юугаар ч үнэлэшгүй. Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл эрхэлж байгаа та бүхэн эрүүл чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтэй. Гарал үүсэл тодорхой, хаяг шошгын мэдээлэл бүрэн, стандарт шаардлага хангасан баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх нь иргэний хариуцлага. Бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын горимыг сайтар мөрдөж ажиллах хэрэгтэй.

Бид эхлээд та бүхэнд боломж олгож, зөвлөн туслаж, хугацаатай албан шаардлага өгнө. Харин хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хор хохирол учруулвал төрийн хуулийн дагуу хариуцлага тооцно. Цаашид согтууруулах ундааны зөвшөөрлийг цэгцэлж, цөөрүүлж, хяналтыг чангатгана. ХХААХҮЯ, МХЕГ хамтран ирэх тавдугаар сард архины үйлдвэрүүдийг аттестатчилна. Суурин газарт насанд хүрсэн хүн амын тоотой харьцуулж согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн тоог тогтоох тухай тогтоолыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай” хэмээн онцолсон юм.

Цагаан хад орчим хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхэлдэг иргэдийн зүгээс цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх, архи худалдахыг хориглосон өдрийн тоог нэмэх хэрэгтэй гэсэн санал хэлж байв.

Компани бүр жолооч нартаа зориулсан, өөрийн гэсэн цогцолбор байгуулах үүрэг өгөв

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай замаар “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой”-н уурхайгаас 69 аж ахуйн нэгжийн 5000 гаруй тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байгаа. Эдгээр аж ахуйн нэгжүүд жолооч нараа амрах, хоол идэх боломжийг бүрдүүлсэн өөрийн гэсэн баазыг зам дагуу байгуулах үүргийг МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү өгсөн. Ингэснээр жолооч нар удаан хугацаагаар амрахгүй явах, хэт ядарснаас осол аваар гаргадаг байдал өөрчлөгдөхийн зэрэгцээ чанаргүй хоол хүнснээс хордож эрүүл мэндээрээ хохирохгүй байх нөхцөл бүрдэх юм. “Энержи ресурс” ХХК гэхэд жолооч нартаа зориулсан амралт, үйлчилгээний цогцолборыг Цагаан хад Гашуунсухайт боомтын хооронд барьж байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснийг Улсын ерөнхий байцаагчид дуулгасан.

Үүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын засвар арчлалтыг сайжруулж, эвдрэл гэмтлийг шуурхай засах үүрэг өглөө. Монгол Улсын Шадар сайдын 2016 оны А/152 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 01/97 тоот удирдамжийн дагуу Өмнөговь аймагт нэгдсэн хяналт шалгалт хийж байгаа. Энэ хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын засвар арчлалтын ажилд шалгалт хийсэн бөгөөд замын эвдрэл гэмтлийг цаг алдалгүй засах, тэмдэг тэмдэглэгээг сэргээх, осол их гардаг хэсгүүдэд хэвтээ тэмдэглэл, туузан хашилт, гэрэл ойлгогч тавих шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. Мөн автомашин эвдэрч саатсан үед зорчих хэсгийг чөлөөлөх аюулгүйн шаардлага хангасан зогсоол, амрах талбай байгуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

МХЕГ

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …