Ч.Өлзийтмаа: Зээ охиндоо гар хүрээд гэмт хэрэгтэн болох шахлаа

-Галын дэгээ төмрөөр зэвсэг хийгээд зээ охиноо зодож танхайрах эмэгтэй биш гэдгийг шүүх тогтоолоо-

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн иргэн Ч.Өлзийтмаа зээ охиндоо гар хүрсэн хэргээр буруутгагдаж, эрүүгийн гэмт хэрэгтэн болон хувирчээ. Тэрбээр уг хэргээр энэ хугацаанд хоёр ч шатны шүүхээр орж, эцэст нь гэмгүй гэдгээ тогтоолгож чадсан байна. Бид энэхүү хачирхалтай гэмээр хэргийн талаар түүнээс сонирхож, болсон үйл явдлын талаар ярилцсан юм.

-Таныг зээ охиндоо гар хүрсэн хэргээр бүтэн нэг жил гаруйн хугацаанд хууль хяналтын байгууллагаар шалгагдсан гэж сонслоо. Яг юу болсон тухайгаа яриач?

-Би нэг зээ охинтой. Бусдын л адил охиноо зөв хүмүүжилтэй, сайн хүн болгохын төлөө зүтгэдэг эх хүн. Тэр нэг өдөр бухимдсанаасаа болоод охиндоо гар хүрчихсэн юм.

-Тэгэхээр та зээ охиндоо гар хүрч, бүр зодсон гэсэн үг үү. Таныг охиноо зодсон гэх дуудлагыг хэн цагдаад өгсөн юм бэ?

-Охинтойгоо маргалдаад хашраах санаатай галын дэгээ төмрөөр цохичихсон юм. Зээ охиндоо ингэж хатуу хандсан нь миний түмэн буруу. Гэхдээ хашраая гэснээс зодож, гэмтээх санаа агуулаагүй юм аа, эгч нь. Тэгтэл хажуу айлын хүн цагдаад дуудлага өгчихсөн юм билээ. Цагдаагийн алба хаагчид намайг баривчлаад, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

-Тэгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн байх нь ээ?

-Тийм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

-Таныг танхайрсан, бүр зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдэг үндэслэлээр ялласан байна лээ?

-Тэгсэн. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлээр танхайрах гэмт хэргийг үйлдсэн хунд ял оноодог юм байна. Хуулийн 181.3-т “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна лээ.Галын хайчийг минь зэвсэг гэж ялласан гэж би ойлгосон.

-Таны охин хүүхэд зодлоо гэж танд гомдсон уу?

-Миний өсгөсөн охин шүү дээ. Бид хоёр амь нэгтэй. Эмээгээ ширүүллээ гэж хууль, цагдаагаар явах хүмүүжилтэй хүн биш. Цагдаа дуудлагаар ирэхэд хүртэл охин маань “Би яагаа ч үгүй. Эмээг минь битгий шалгаач” гэж гуйж байсан. Хэрэг шийдэгдэж дуусах хүртэл гомдолгүй гэж мэдүүлсээр байсан.

-Галын дэгээ төмрөөр цохиулаад охин нь хүнд гэмтсэн юм уу?

-Цохиулсан газар нь хөхөрсөн төдий. Шинжээч эмч хөнгөн гэмтсэн гэдэг дүгнэлт гаргасан.Гэхдээ би уураа барьж дийлэхгүй, охин руугаа дэгээ төмөр далайсандаа маш их харамсаж байгаа. Хууль шүүхээр явсан учраас гэмшсэн юм биш. Төрүүлсэн ур шигээ өсгөсөн охиндоо гар хүрсэндээ өөрийгөө маш их буруутгасан. Охин хүүхдэд хэлж яриад ойлгуулахын оронд ширүүлчихсэн юм шиг санагдаад, хэцүү байлаа.

-Прокуророос таныг ялласан зүйл ангиар бол 5-8 жил хорих заалттай. Шүүх яаж шийдсэн бэ?

-Би охиндоо гар хүрсэн өдөр нь 2016 оны гуравдугаар сарын 1. Түүнээс хойш цагдаа, прокурорын үүд сахисан. Прокурор надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсний дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны нэгдүгээр сард хэргийг хэлэлцсэн. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэдэг үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

-Дахиад шалгагдсан гэсэн үг үү?

-Тийм. Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байдаг юм байна. Тэр эрхийнхээ дагуу намайг ялласан прокурор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Ингээд давж заалдах шатны шүүх хэргийг хянаад мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон.

-Тэгэхээр анхан шатны шүүх хэргийг дахиж хэлэлцэхээр болсон гэсэн үг биз дээ?

-Тийм ээ. Анхан шатны шүүх 2017 оны гуравдугаар сард хэргийг дахин хэлэлцэж, шийдвэрээ гаргасан Анхан шатны шүүх миний үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 буюу зэвсэг хэрэглэн танхайрсан гэж үзэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.

-Таныг ялласан хуулийн зүйлчлэлийг өөрчилсөн гэсэн үг үү?

-Анхан шатны шүүх намайг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл учруулсан гэж үзсэн. Эрүүгийн хуулийн 99.1 -д Бусдын бие махбодод гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм билээ.

Бас Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан cap өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заажээ. Энэ хуулийнхаа дагуу надад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг.

-5-8 жил хоригдох хуулийн заалтаар яллагдаж, шүүхээр ороход юу бодогдож байсан бэ?

-Бүтэн жил цагдаа, прокурорын хаалга сахисан хүн ямар сайн зүйл бодох билээ. Маш их айж байсан. Надаас гадна гэрийнхэн минь маш их айж, зовсон. Зээ охин минь бүр их зовж, шаналсан байх. Эцсийн мөч хүртэл найдвар тасардаггүй гэж үнэн юм билээ.Шүүгдэгчийн ширээнд зогсож байхдаа шүүхэд найдаж байлаа.Галын дэгээ төмрөөр зэвсэг хийгээд зээ охиноо зодож танхайрах эмэгтэй биш гэдгийг минь шүүх тогтоох байх гэж найдсан хэрэг. Шүүхэд найдаж, шүүгчийн чадварт итгэсэн.

-Тэгвэл танд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол сонсоход ямар байв?

-Их айдастай байсан болоод ч тэр үү итгэж яддаг юм билээ. Хэдийгээр шүүгчид итгэж, найдаж байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай сонсоод өөрийн эрхгүй нулимс гарсан. Шүүхээр гэмт хэрэг үйлдсэн, болохгүй нөхдүүд ордог гэсэн төсөөлөл надад байсан нь үнэн. Өөрөө шүүгдээд бодит байдлыг мэдэрлээ.Шүүх гэдэг үнэнийг тогтоодог дэнс юм байна. Шүүгчид аливаа зүйлийн учир холбоосыг нарийн тунгааж, хүний эрхийг хамгаалдаг мэргэд аж.Хүн алхах гишгэх бүртээ хянамгай байхгүй бол юунд ч хүрч болдгийг ойлголоо. Охиндоо уурлаж, хатуу хандсан минь нэг жил гаруй хугацаанд хуулийн байгууллагаар явж, гэр бүлээ зовоох үйлийн эхлэл болохыг мэдээгүй нь миний буруу.

-Та шүүгчдийг аливаа зүйлийн учир холбоосыг нарийн тунгаадаг мэргэд гэлээ. Таны хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас ингэж дүгнэсэн үү. Эсвэл хоёр удаа шүүгчийн өмнө зогсохдоо ингэж бодсон уу?

-Хүний үйлдлийг дэнсэлнэ гэдэг тун амаргүй ажил гэдгийг мэдэрч зогслоо. Та бид хоёр ярилцаж суухдаа “Тэрний буруу. Тэр нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа юм” эсвэл “Энэ нөхөр танхай учраас галын дэгээ төмрөө хүн рүү далайгаа биз” гэж дүгнэхэд амар байх. Харин шүүгч бодол санаа, үйлдэл, учир холбоос гээд бүх талаас нь тунгааж, шийдвэрээ гаргахдаа ямар их ухаан зарж байдгийг мэдэрлээ.

Над шиг олон хүн ийм хүнд зүйлтэй тулгарсан ч шүүхээс үнэн мөнийг нь тогтоож, зөв шударга шийдвэрлэж байдаг гэдэгт би эргэлзэхгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүхийн шинэтгэл гэж яриад байдаг. Тэгвэл тэр шинэтгэл нь үнэхээр л үр дүнтэй, өргөн хүрээнд явагдаж байгааг жирийн иргэн миний бие мэдэрлээ.

 Р.Саруул

Эх сурвалж: “Өглөөний сонин”

 

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …