Сү.Батболдын хүү Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

17/03/27 10:54

533 Үзсэн

Монголын Үндэсний Олимпийн Хорооны 7-р чуулган болж өнгөрсөн билээ.

Энэхүү чуулганаар өнгөрсөн тайлант жилийн хугацаанд ажилласан удирдлагын багийг тайланг сонсож, ирэх 4 жилд тус байгууллагыг удирдах удирдлагын багийг сонгох чухал ач холбогдолтой хурал болсон талаар холбогдох хүмүүс мэдээлж байсан юм.

7-р чуулганд спорт холбоод, олимпийн зөвлөлүүдээс сонгогдсон нийт 167 төлөөлөгч оролцсон.

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд 81 хүний саналаар Д.Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон талаар бид мэдээлсэн. Санал хураалтанд өрсөлдсөн Л.Мөнх-Очир 51 төлөөлөгчийн, Ц.Бат-Энх 14 төлөөлөгчийн саналыг тус тус авсан.

Мөн Дэд Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 5 нэр дэвшигч өрсөлдснөөс хамгийн их санал авсан 2 нь МҮОХ-ны дэд ерөнхийлөгчдөөр сонгогджээ.

Санал хураалтанд нийт 137 төлөөлөгч оролцсноос УИХ-ын гишүүн Сү.Батболдын том хүү Б.Баттүшиг болон Ц.Дамдин нар хамгийн өндөр саналыг авч дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Монголын Бадминтон Сонирхогчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг 62 хувийн санал буюу 85 төлөөлөгчийн санал, МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин 50.3 хувийн санал буюу 69 төлөөлөгчийн саналыг тус тус авчээ.

Дэд Ерөнхийлөгчийн төлөө Монголын Хөнгөн Атлетикийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Монголын Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, Монголын Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ж.Хатанбаатар нар өрсөлдсөн байна.

ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЯВАГДЛАА

Мөн энэ үеэр Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд нийт 21 нэр дэвшигч 6 суудлын төлөө өрсөлдсөн байна.

МҮОХ-ны дүрмээр гүйцэтгэх зөвлөл нь нийт 11 гишүүнтэй байхаар заасан ч мөн дүрмийн дагуу МҮОХ-ны ерөнхийлөгч, МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид болон ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, Тамирчдын комиссын төлөөлөгч Д.Отгондалай нар шууд гишүүнээр сонгогддог юм.

Санал хураалтанд нийт 139 төлөөлөгч оролцож, хамгийн өндөр санал авсан 6 төлөөлөгчийг гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр сонголоо.

Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр:

  • Монголын спортын менежментийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, БХЯ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 71 төлөөлөгчийн саналаар,
  • Монголын Триатлоны холбооны ерөнхийлөгч, НИТХ-ын дарга Ц.Сандуй 70 төлөөлөгчийн саналаар,
  • Монголын софт теннисний холбооны ерөнхийлөгч, Хасу Мегаватт ХХК-ийн захирал Ж.Түмэн-Аюуш 67 төлөөлөгчийн саналаар,
  • Монголын ширээний теннисний холбооны гадаад харилцааны албаны дарга, Talk Talk English сургалтын төвийн захирал Ч.Амарсанаа 66 төлөөлөгчийн саналаар,
  • Монголын Байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Амаржаргал 53 төлөөлөгчийн саналаар,
  • Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар 52 төлөөлөгчийн саналаар тус тус сонгогдлоо.

МҮОХ-ны 7-р чуулганаар Хянан шалгах зөвлөлийн гишүүдийг мөн сонгожээ. МҮОХ-ны дүрмийн дагуу хамгийн анхны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн санал болгосны дагуу МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Монгол улсын хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууганыг томилжээ.

Share Button

Санал болгох.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


7 − 4 =