А.Ерлан: Түлэгдсэн шарханд  ам дамжсан яриагаар эмчилгээ хийдэг нь өвчнийг улам хүндрүүлэх шалтгаан болдог

Удахгүй Казах түмний  Хаврын баяр болох Наурызын байр тохиох гэж байна.  Үүнтэй холбогдуулан Монгол түмнийхээ эрүүл мэндийн энхийн манаанд ажиллаж байгаа казах түмний төлөөлөл Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Түлэнхийн нөхөн сэргээх Мэс заслын тасгийн мэс заслын их эмч А.Ерлантай ярилцлаа

– Монголчууд бид хайрамжгүй, анхаарал болгоомжгүйгээсээ болоод түлэгдэлт өртөх явдал ихэнхдээ гардаг юм болов уу гэж боддог, эндээс яриагаа эхлэх үү

–  Ер нь түлэгдэлт гэдэг хүний анхаарал болгоомжгүй  байдлаас болж үүддэг, хэлж биш хийсч ирдэг аюултай өвчин. Сүүлийн үед монголчууд бидний дунд энэ төрлийн өвчлөл нэлээд  гарах болж, 2016 оны статистик мэдээгээр 2980 хүн түлэгдэж үзүүлсэн тоо баримт байгаа. Энэ чиглэлд Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд анхаарал хандуулж эхэлсэн. Өмнө нь  Түлэнхийн эмнэлэг маань 11-р хороолол 150 хүний ортой ажилладаг салбар эмнэлэг байсан. Гэвч эмнэлгийн барилга маань  ашиглалтын шаардлага хангах боломжгүй болсны улмаас буулгасан. Үүний дараа бид Гэмтлийн эмнэлгийн харьяанд нэг тасаг болж ирсэн, дунд нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэсэг хугацаанд өрөө тасалгаа түрээсэлж ажиллаж байсан. Гэмтлийн эмнэлэг маань хуучин байрандаа байхдаа 150 ортой ажиллаж байсан бол одоо 80 ортой ажиллаж байна. Түлэнхийн эмнэлэг нь Монгол улсад ганц байдаг Улаанбаатар хот болон 21 аймгийн түлэгдэлтэд өртсөн иргэдийг хүлээн авч эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээ үзүүлэх нь  нэг талаас эмнэлгийн  хүрэлцээ хангалтгүй байгааг илэрхийлэх бол нөгөө талаас эмч нараас ихээхэн ур чадвар шаардах болж байгаа юм. Түлэгдэлтэд өртсөн хүмүүсийн 80 хувиас дээш бага насны хүүхдүүд байдаг. Эмч бид нар ч гэсэн үр хүүхэдтэй. Түлэгдсэн өвчиндөө шаналж  байгаа хүүхдүүдийг шалаар хэвтүүлэхгүйн тулд орны эргэлтэд бид анхаарч ажиллах шаардлагатай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл эмч нар маань дараагийн өвчтөнөө хүлээж авахын тулд аль болох сайн ажиллаж, тухайн өвчтөний өвчнийг аль болох түргэн илааршуулахын тулд ур чадвараа гаргаж ажиллах шаардлагатай болсон. Үүнийг дагалдан түлэгдэлт өвчлөлд өртөгсдийн тоо бүртгэл ч нарийн гарах болсон. Ямартай ч өмнөх жилүүдийг бодвол сүүлийн жилүүдэд түлэгдэлтийн өвчлөлд хамрагдагсдын тоо нэмэгдсэн. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, Нэгдүгээрт: Нийслэл хотын хүн амын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа байдал, нягтаршил   Хоёрдугаарт: Бид хэрэглээндээ халуун тогоо, ус буцалгагчийг санамсар болгоомжгүй хэрэглэдэг явдал. Халуун тогооны хувьд амсар томтой учраас түлэх талтай нь өргөн байдаг. Хүүхэд багачууд халуун тогоонд буцалж байгаа цай хоолонд  цээжээрээ болон бөгсөөрөө унадаг. Ийм тохиолдолд тухайн хүүхэд 40-70 хувь түлэгдэлтэд өртдөг. 50 дээш хувийн түлэгдэлтэд өртсөн хүүхдийн амь насыг аврахад хүнд байдаг.

Гуравдугаарт: Бидний амьдралын буруу хэв маягтай холбоотой. Айл өрх, хүмүүс халуун тогоо, ус буцалгагч хэрэглэж болно л доо, гэвч тэрийгээ ашиглахдаа асгарчихааргүй, унчихааргүй, хүүхдийн гар хөл хүрэхээргүй газар байршуулах хэрэгтэй байна. Ер нь бол халуун тогоо, ус буцалгагч өөрөө хүнийг түлнэ гэж юу байх вэ, харин манай эцэг эх, асран хамгаалагчдын үр хүүхдэдээ хайхрамжгүй ханддаг, гар утсаараа оролдоод хүүхдээ анзаардаггүй байдал, хүүхэд түлэгдэж болзошгүй халуун тогоо, ус буцалгагч, халуун савтай  цайг хүүхдийн ойр, гар хүрэхээр газар ил тавьдаг зэрэгтэй холбоотой. Дээр нь монголчуудын маань амьдарч байгаа эсгий гэр зай талбай багатай болохоор хүүхдүүд тогонд залгасан халуун тогооны утсанд бүдэрч, тээгэлдэж унан түлэгдэх тохиолдол цөөнгүй гардаг.

Халуун тогоог тусгай тавцанд байршуулсан байдал

Түлэгдэлтэд ихэнхдээ орон сууцтай өрхөөс илүүтэй гэр хороололд амьдардаг өрхийн иргэд өртдөг нь үүнтэй холбоотой. Иймээс бид гэр хорооллын иргэд маань энэ талаар  сэрэмжтэй байж, халуун тогоог байршуулах тусгай шүүгээ тавцан ч болтугай хийж хэргэглэж хэвших хэрэгтэй байна. Дөрөвдүгээрт:  Манайхан түлэгдсэн нэгнийхээ шарханд  иргэдийн дунд түгсэн ам дамжсан яриагаар эмчилгээ хийдэг нь өвчнийг улам хүндрүүлэх шалтгаан болдог.  Түлэгдэлтийн шархан дээр саван, элсэн чихэр, нохойн цус, гутлын  тос  түрхэх, шээсээр шавших зэргээр 1-2 хоног алдаад дараа нь эмнэлэгт ханддаг нь өвчнийг улам сэдрээдэг. Түлэнхий гэдэг өвчин маань эхний 3 хоног буюу 72 цагт шокийн байдалд байдаг, 72 цагаас дээш болохоор хордлогын болон халдварын үе давхацдаг. Ингэснээр энэ өвчин хүний биеийн бүх эрхтний системд өөрчлөлт өгдөг. Энгийн шархыг оёод эмчилж болдог бол Түлэгдэлтийн шархыг оёж болдоггүйн улмаас  хүний бие организм уураг амин дэмээ алддаг. Улмаар өвдөлтөөс болж хүний зүрх, тархинд өөрчлөлт өгдөг. Ялангуяа одоогийн хүүхдүүд ихэнхдээ тархины даралттай төрдөг болсон нь түлэгдэлттэй хавсрах юм бол энэ нь сэдэрч цаашлаад хүүхдийн амь насанд аюул учруулдаг. Мөн дээр нь түлэгдэлт бөөр, зүрх, элгэнд сөргөөр нөлөөлж амь насанд заналхийлдэг өвчин.

– Та  эцэг эхчүүдэд хандаж юуг анхааруулж, захиж хэлэх вэ?

– Түлэнхий гэдэг өвчин бол санаатай гардаг, эсвэл жамаараа яваад үүсдэг өвчин биш. Харин гэнэтийн, санамсаргүй байдлаар үүсдэг. Тиймээс  түлэнхий өвчнөөс урьдчилан сэргийлэх нь иргэдийн өөрсдийн ухамсар, анхаарал сэрэмжтэй холбоотой. Нэгэнт түлэгдсэн бол анхны тусламж чухал. Түлэгдсэн даруйд +15, +20 с хэмийн буюу амь бүлээн усаар түлэгдсэн газрыг угааж шавших хэрэгтэй. Хамгийн гол нь амь бүлээн ус байх ёстой гэдгийг анхаараарай. Манайхан усаар шавших, усанд дүрэх ёстой гэдгийг сонсонгуутаа дөнгөж сая худагнаас авч ирсэн хүйтэн усанд дүрдэг, удаан байлгадаг. Ингэснээр түлэгдлээс гадна осголт гэдэг хоёрдох өвчлөлөөс өөрсдөө бий болгочихдог. Ийм  тохиолдолд өртсөн бага насны хүүхдийг эмчлэхэд хэцүү. бид хүүхэдтэй холбогдуулан илүү ярьж байгааг ойлгоорой. Яагаад гэвэл манай тасагт хэвтэж байгаа өвчтөний 80-90 хувь нь 0-5 насны хүүхэд байна.

Түлэгдсэн даруйд амь бүлээн усаар тэр хэсгийг нь угааж, шавхаад өвчин намдаах лаа хийчих. Дараа нь цэвэрхэн даавуу, бинтээр түлэгдсэн хэсгийн шархыг боох нь зүйтэй. Үүний дараа яаралтай эмнэлэгт хандах нь чухал. Нийслэл хотод Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн хүлээн авах буюу Яаралтай тусламж үйлчилгээний төвд үзүүлэх хэрэгтэй.  Түлэнхий өвчин дотро 4 зэрэгтэй. Түлэнхийн 1, 2 зэрэг нь боолтоор эдгэх магадлалтай. 3Б, 4 зэрэг болохоор заавал арьс шилжүүлэн суулгах мэс засал хийгддэг. тэгэхлээр аль болох л яаралтай  эмчид үзүүлж, түлэнхийн аль зэрэгт  хамаарахаа тогтоолгон эмчлүүлэх ёстой.

– Дэлхийн хэмжээнд түлэнхий өвчний хүндэрсэн нөхцөлд эмчилдэг техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хэрэгцээт материалын олдоц манай улсад ямар хэмжээнд байдаг вэ?

– Нэг үеэ бодвол энэ төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалт манайд сайжирсан. Гэхдээ түлэгдэлтээс үүдэн зайлшгүй арьс шилжүүлэн суулгахад зориулсан торлогч, цахилгаан дерматомын ир  зэрэг бүх зүйл  нэг удаагийнх байдаг. Эдгээрийг MN25 суваг телевизийн “1000 төгрөгийн аян”, “Оюу толгой” ХХК-ийн тусламжаар бидэнд ирсэн. Дашрамд хэлэхэд эдгээр байгууллага болон манай түлэнхийн тасагт хандив өргөдөг “Түлэнхийн сан” тэргүүтэй ТББ-ууд, албан байгууллага, хувь хүмүүст үргэлж талархаж явдгаа илэрхийлье. Эдгээр байгууллага хувь хүмүүсийн ачаар эмч нарын ажлыг хөнгөвчилж, өвчтөнд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг бүрэн үзүүлж чадаж байгаа юм. Өвчтөн түлэгдсэн шархаараа уураг алддаг, алдсан уургыг маш үнэтэй эмээр нөхдөг. Энэ бүхэнд анхаарал тавьдаг  зарим нэг эмийн сан байдаг. Нэг удаадаа 10-20 ширхэг, нийтдээ 10-20 сая төгрөгийн уураг хандив болгон өгдөг эдгээр эмийн сангийн удирдлагуудаа мөн талархал илэрхийлье. Манай улсад түлэгдэлтэй холбоотой дэлхийн төвшний эмчилгээ хийгдэж байгаа гэж хэлж болно, гэхдээ үүнд хэрэгтэй багаж тоног төхөөрөмж одоогоор 50-60 хувьтай хангагдсан гэж хэлж болно. Арьс шилжүүлэн суулгах шаардлагатай тохиолдолд асар үнэтэй донор болсон хиймэл арьсыг бид Солонгос улсаас авдаг. Манай “Түлэнхийн сан”-аас тухайн донор арьсны үнийн дүнгийн 70-80 хувийг шийдэж, үлдсэн 20-30 хувийг нь тухайн эмчлүүлэгч төлдөг. Цаашдаа бид ийм хиймэл донор арьсыг бий болгодог лабораторитой болох шаардлагатай. Энэ асуудлыг миний хувьд ярьж шийдэж чадахгүй ч гэлээ шийдвэр гаргах төвшний хүмүүст дуулгах зорилгоор хэлж байгаа хэрэг.

– Танай Түлэнхийн тасаг түлэнхий өвчлөлийн хажуугаар хөлдөлттэй иргэдийг хүлээн авч эмчилгээ үзүүлдэг юм байна. Өвлийн улиралд осгож, хөлдсөн иргэдийн тоо нэмэгддэг үү?

–  Өвөлдөө ийм иргэдийн тоо эрс нэмэгддэг. Энэ хоёр өвчинд нэг том ялгаа бий Түлэнхий өвчин эдгэсний дараа тухайн өвчинд эдгэшгүй сорви хүний биеийн арьсан давхаргад үлдэн, гоо сайханд нь нөлөөлж, улмаар тухайн иргэний нийгэмд эзлэх байр суурь, бусадтай харилцах харилцаа нь хязгаарлагддаг. Тухайн хүн өөрийгөө голж, нийгэм, хамт олны орчноос өөрийгөө тусгаарладаг. Тэгвэл хөлдөлтийн хувьд хөлдсөн газрын цусны эргэлт хаагдсанаас болж захын мөч болох хөл гар, хурууг тайрахаас өөр аргагүй болдог. Ялангуяа манай иргэд голдуу Шинэ жил, Цагаан сар, төрсөн өдрийн баярт оролцоод архи хэтрүүлэн хэрэглэснээс болж, мөн хөдөө гадаа унаа тэргээ бүрэн бүтэн байдлыг шалгаагүй явснаас болж, малчид цасан шуурганд өртөж төөрснөөс болж хөл гараа хөлдөөх тохиолдол гардаг. Нэгэнт хөлдөж, цусны эргэлт зогссон, хөлдсөн хэсгийн эд эсүүд үхэжсэн бол тухайн иргэний амь насыг аврахын тулд тэр хөлдсөн хэсгийг яаралтай тайрахаас өөр эмчилгээ байдаггүй. Хөлдсөнөөс болж  хөл гар, хуруугаа тайруулсан иргэд сэтгэл зүйн хямралд орж, дээр хэлсэнчлэн нийгмээс өөрийгөө тусгаарлаж эхэлдэг. Ажиглалтаас үзэхэд ийм 10 хүний 5-6 нь  архинд ордог явдал түгээмэл. Иймээс бид өвчтөний сэтгэл зүй дээр анхааран ажиллах шаардлагатай гэж боддог. Тухайлбал, эмнэлэг дээр энэ чиглэлээр мэргэшсэн сайн  сэтгэл зүйчийг ажиллуулдаг ч юм уу. Эмч бид өвчтөнөө  эдгээгээд өөрийн хэмжээндээ л тэдэнд урам зориг өгдөг боловч  зайлшгүй сэтгэл зүйч дутагдалтай нь анзаарагддаг.

– Иргэд  өвлийн хүйтэнд гадаа унасан хэн нэгэнтэй тааралдаад траншэйны хүн байна гээд тоодоггүй алхаад өнгөрдөг явдал анзаарагддаг

 – Ямарч тохиолдолд өвөл гадаа хэвтэж байгаа хүнтэй тааралдах юм бол иргэний үүргээ биелүүлэн холбогдох газар нь мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр та нэг хүний гар хуруу хөлдөж тайрагдахаас хамгаалахын зэрэгцээгээр эрдэнэт хүний алтан амийг аварч байгаа хэрэг шүү дээ. Тэр хүн нь хэн байх нь хамаагүй та түүнд туслах ёстой. Гудамжны хүн, траншэйнд амьдардаг хүн байлаа ч гэсэн тэд та бидний л нэг адил хүн шүү дээ. Эрдэнэт хүний нэг хурууг ч болов хөлдөхөөс хамгаалж, тайруулахаас сэргийлж чадна гэдэг том буян биз дээ. Уг нь анхны тусламжийг заавал эмч биш, иргэн бүр үзүүлж чадах боломжтой гэдгийг л би энд хэлэх гээд байна. Иргэн бүр эрүүл мэндийн анхан шатны мэдлэг боловсролтой, ухамсартай байх нь үүгээр илэрнэ гэж боддог.

– Саяхан  25-р суваг телевизээр гарсан  “Сэрэлт2” реалити шоу нэвтрүүлэгт танай эмнэлгийн, таны оролцсон баг түрүүлсэн юм билээ, танд баяр хүргэе

– Баярлалаа, 25-р телевизээс зохион байгуулсан “Сэрэлт2” эмч эмнэлгийн ажилтны үйл ажиллагааг харуулсан реалити шоунд нийт 3 эмнэлгийн эмч нар баг болж  оролцсоноос манай ГССҮТ-ийн “Шонхорууд” баг түрүүлж, багаараа гадаад улсад 3 сар суралцах эрх, 5 сая төгрөгөөр шагнуулсан. Эл нэвтрүүлэгт  миний бие эмнэлгийнхээ  Эрчимт эмчилгээний эмч Г.Ариунболд, Гавал тархины мэс заслын эмч Н.Содбилэг нарын хамтаар оролцож ийм амжилт гаргасан. Биднийг  нэвтрүүлгийн турш дэмжсэн нутгийн олон, найз нөхөд, салбарын хамт олон, телевиз үзэгч иргэддээ  багийнхаа нэрийн өмнөөс талархсанаа энэ дашрамд илэрхийлье. “Сэрэлт 2” нэвтрүүлэг бол нэг талаас олон нийтэд эмч бидний өдөр тутмын ажлын онцлог, бодит байдлыг харуулсан бол нөгөө талаас үзэгчдийн эрүүл мэндийн боловсрол мэдлэгт багахан ч гэсэн хувь нэмэр оруулсан нэвтрүүлэг болсон болов уу гэж боддог. Ойролцоогоор 1 сар гаруй хугацаанд үргэлжилсэн уг нэвтрүүлэгт бидний хийж байсан бүх даалгавар нь  гэнэтийн нөхцөл байдал дунд үргэлжилсэнээрэ онцлогтой. Камерийн өмнө ажиллаж үзээгүй мань мэтэд эхэндээ байсан удахгүй дасч гол нь өвчтөнийхөө амь насыг аврахад анхаарч ажилласан. Нийт гурван багийн 9 эмч оролцон 9 даалгавар гүйцэтгэж ялагчаа үзэгчдийн санал асуулгад тулгуурлан шалгаруулсан.

– Ажлын ачаалал хир байдаг вэ, магадгүй ачаалал ихтэй ажилладаг ч гэсэн залуу хүний хувьд та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

– Бидний ажил өглөө 08:30 цагаас ажил эхэлдэг ч 08:00 гэхэд ажилдаа ирдэг. 08:30 цагаас эмч нарынхаа зөвлөгөөнд орчиход өвчтөнүүдээ хүлээн авч үздэг. Орой 17:00 цагт ажил тардаг. Гэхдээ энэ бол зүгээр л ажлын албан ёсны цаг. Үүнийг нарийвчлан мөрдөнө гэж бидэнд байхгүй. заримдаа  эрт ирэх шаардлага гардаг бол, оройдоо яг 17:00 цагаас ажлаасаа тарна гэдэг ойлголт бараг байхгүй дээ. Мөн нэг эмч сардаа 4-5 удаа, заримдаа 6-7 удаа  24 цагийн жижүүрт гардаг. Тэгэхлээр сард сард 4-5 удаа гэртээ биш эмнэлэг дээрээ хонодог гэсэн үг. Чөлөөт цагийн хувьд улирлаас хамааралтай гэж хэлж болно. Өвөл бол харанхуйд гэрээсээ гараад орой харанхуй болсон хойно л харьна. Тэгэхлээр өвлийн улиралд цаг зав гэвэл хагас, бүтэн сайн өдөр л гарна. Гэвч заримдаа хагас сайн өдөр ажиллана, жижүүрт гарна. Мөн  хүнд өвчтөнтэй үед хагас сайн өдөр ирж өвчтөнхий боолтыг шинээр боочихоод харьдаг. Ингэхлээр надад бүтэн сайн өдрийн амралт л үлдэж байгаа биз.  Жаахан цаг зав гарах юм бол гэртээ амрахыг л хичээнэ. Дулааны улиралд эхнэр хүүхдээ авч салхинд гарах, хүүтэйгээ дугуй унах, найзуудтайгаа ярьж суух, сонирхолтой ном байвал барьж унших зэргээр л өнгөрүүлдэг дээ. Эмч нар ер нь их стресттэй байдаг гэж боддог. Миний хувьд л гэхэд ажлаа тараад машинаа бариад явж байхдаа тэр өвчтөн маань яаж байгаа бол, энэ өвчтөнөө маргааш ингэж эмчилнэ, тэрний шинжилгээг дахиаж авья, тийм эм тариаг хаанаас авах вэ, ар гэрийнхэн нь эм тариаг нь авч чадах болов уу гээд байнга бодоод л явна шүү дээ.

– Ярилцлага өгсөнд таньд баярлалаа, удахгүй болох Наурызын баярын мэнд хүргэе

 Та бүхэнд гэсэн баярлалаа, намайг таньдаг  мэддэг бүх хүмүүст, найзууддаа, Казах түмэндээ Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлье.

Ярилцсан Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …