Шинийн 21-нд даллага авахуулахад сайн өдөр

Монгол түмний ёс заншлын нэгэн чухал хэсэг нь хувь хүн, хамт олон айл өрх “Буян хишгийн даллага” авахуулах, “Гал голомтоо тахих ёс”-ны зан үйл билээ. Даллага авах, хурайлах зэрэг нь даллан дуудаж ирүүлэх гэсэн утгатай бөгөөд хувь хүн, хамт  олны сүлд хийморь, ажил үйлс өөдрөг, өрх айлын  ноён нуруу тэгш, эд адгуурс, эрхэм баялаг, мал хөрөнгө нь арвижин дэлгэрч буян хишиг нь булгийн ундарга мэт оргилж байхын бэлгэдлийг шингээсэн “Даллага авахуулах ёс” нь юу санасан есөн нэгэн шид бүтээлийг өөрийн орчиндоо жигд бүрдүүлэхийн бэлгэдлийг давхар агуулдаг эрхэм ёслол билээ. Даллага нь эдийн, буян хишгийн, насны гэх олон янз  байдаг юм.

Даллага авахад анхаарах зүйлс:Даллага авахуулах өдөр гэр орондоо  халуун ам бүлээрээ цуглан олуулаа байх сайн.

Гэрт байгаа бүх сав суулганы амсрыг дээш харуулан, дотор нь юм хийх ба сүү дусаасан ч болно.

Ламаар ном уншуулан даллага авсны дараа даллагын идээний дээжээс уутандаа хийж, халуун ам бүлээрээ хуваан хүртэнэ. Гадны  хүнд өгдөггүй ёстой.

Даллага авч байгаа үед босож явах, орж гарах, хэвтэх, хоорондоо ярих, тамхи татахыг цээрлэдэг.

Даллага авахуулсан айл гурав буюу долоо хоногт гадагш ямар нэгэн юм гаргах, өгөх цээртэй бөгөөд тэр ч байтугай хогоо гаргадаггүй учиртай.

Даллагын уутаа хагас онгорхой байдалтай байлган цээрийн хоног дуусмагц амыг битүүлэн зохих байранд нь тавина

Даллага авахуулахад сайн өдөр:Лхагва,  Бямба, Ням

Шинийн өдрөөс:Шинийн өдрөөс шинийн 3,5,6,8,10,15,21

Од өдрөөс:3 ,4, 6,7,9,11,14,16,19,22,24 дэх одтой өдрүүд байна.

12 эзэн өдрөөс:Эзлэгч өдөр

Барилдлагаас:Рашаан барилдлагат өдөр

Мэнгэ:6.8 цагаан, 9 улаан мэнгэтэй өдөр сайн

Оноосон нэрт өдрөөс:Наран, саран, учрах хөх бар, хөхөгчин туулай өдрүүдэд даллага авахуулахад нэн сайн болой.

Даллагын уутанд хийхийг цээрлэдэг зүйлс:

Даллагийн уутанд мөнгө төгрөг, үнэт эдлэл хийж болохгүй, Явцын дунд түүнээ авч хэрэглэх тохиолдол гарахаас гадна, үнэт эдлэл, мөнгө төгрөгт хоргогдох сэтгэл, шуналын дэв хоргоддог учир 81 шидийг бузартуулж, гарлагын үүд нээгдэнэ гэж үздэг.

Мөн нойтон чийгтэй гурилан зүйл, цагаан идээ хийвэл хөгцрөх муудах  өт, хорхой эрвээхий идэх учир цээрлэнэ.

 


Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …