Розамунд Эбдон: Би Монгол эртэй гэрлэсэн

Монгол эмэгтэйчүүд гадаад хүнтэй гэрлэдэг талаар сайн, муу мэдээлэл түгэх болсон билээ. Судалгаанаас үзвэл тэд ихэвчлэн солонгос буюу хятад эрчүүдтэй гэр бүл болж байна. Гэвч гадаад хүнтэй гэрлэдэг нь зөвхөн эмэгтэйчүүд биш ажээ. Монгол эрчүүд ч гэсэн харь эмэгтэйчүүтэй гэрлэж байна. Гэхдээ тэд ихэвчлэн япон, герман, англи, америк зэрэг цагаан арьст эмэгтэйтэй гэр бүл болжээ.

Сэтгүүлч, зохиолч Сэлли Ховард гэгч эмэгтэй Их Британы “Телеграф” сонинд Монгол хүнтэй гэр бүл болсон Розамунд Эбдон хэмээх нэгэн Британи бүсгүйн ярилцлагыг нийтлүүлжээ. Төрийн албан хаагч Розамунд, түүний нөхөр санхүүч Батаа нар 11 настай Баяраа, 8 настай Заяа хэмээх хоёр охины хамт энх тунх амьдарч байна. Розамунд Батаатай хэрхэн танилцсан тухай Сэлли Ховардад ингэж өгүүлжээ:

Батаа бид хоёр 1995 онд Монголын нийслэл Улаанбаатарт уулзсан. Би “Save the Children”-д ажиллаж байв. Бид Монголын засгийн газрын институтэд нэг албан өрөөнд суудаг байлаа. Батаа математикийн багш. Би ингэж санадаг юм. Хэдийгээр бид хоорондоо нэг их ярилцдаггүй байсан боловч өрөөний анд инээмсэглэл тодруулан харагддаг байв.

Бид нэг нэгнээ мэддэг болох үеэр ер бусын тохиолдол болов. Би болон миний нэг найз морь унахыг үнэхээр их хүсдэг байсан юм. Хамт ажилладаг найз маань нэг удаа биднийг гэр бүлийнхэн дээрээ аваачаач хэмээн Батаад санууллаа. Тэд Монголын тал нутагт амьдардаг малчин хүмүүс. Үнэхээр үзэсгэлэнтэй нутаг байсан. Хараа хүрэх газарт хөх тэнгэр, найгасан өвст тал үргэлжилсээр, энэ бүхний дунд түүний гэр бүлийн жижиг цагаан гэр байв. Түүний гэр бүл ямар сайхан дотно байсан гээч. Энэ нь намайг гайхшруулсан юм.

Хэдэн долоо хоногийн дараа бидний анхны болзоо Монголын цорын ганц энэтхэг ресторанд боллоо. Бид жил хагасын дараа гэрлэсэн. Хэдийгээр Монголын нийгэмд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд өөр өөр тогтсон үүрэгтэй боловч тэд маш эрх тэгш, өөр өөрийн үүрэг хариуцлагатай. Батаагийн гэр бүлийн эмэгтэйчүүд сааль саах, гэр орны ажлаа хийж, хүүхдүүдээ асардаг бол эрчүүд нь голдуу мал аж ахуйдаа анхаарлаа хандуулдаг. Бүгд эв найртай, эмэгтэй хүүхдүүдийн хувьд эрэгтэй хүүхдүүдийн нэгэн адил боловсролтой.

1999 онд бид Британид манай аав, ээжийн ойролцоо нүүж очсон. Батаа Монголын хамтын ажиллагааны нийгэмлэг байгуулж, Монголоос ирсэн зочдыг хүлээн авч, соёлын арга хэмжээ зохион байгуулдаг болов. Тэрээр барууны хэрэглээний хэт их соёлыг ойлгохгүй байлаа. Нүүдэлчид байнга нүүдэллэдэг учир хэт их зүйл хурааж хадгалдаггүй.

Тэрээр супермаркетад яагаад долоон төрлийн, шоштой талх, нарийн боов байх ёстойг ойлгохгүй байгаагаа хэлсэн. Батаа дэлгүүр хэсэхээс агаар салхинд байхыг эрхэмлэдэг. Үргэлж хаалгаа дэлгэн, гадаа зүлгэн дээр барьсан монгол гэр лүүгээ зүглэнэ.

Орчин үеийн барууны залуус эхнэртэйгээ гэрийн ажлаа 50 хувилан хийдэг гэж хэлэх байх. Энэ нь үнэн учраас Батаа ч тэгж хэлнэ. Би Лондонд уртасгасан цагаар ажилладаг тул тэрээр аав, ээжтэй минь ээлжлэн хүүхдүүдээ сургуульд хүргэх, авах ажлыг амжуулна. Би хувцас индүүддэггүй, энэ нь мөн л түүний ажил. Би хичнээн азтай нэгэн болохоо мэдэрдэг” хэмээн ярьжээ.

 

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …