Төрийн өндөрлөгүүд ахмад буурлуудтайгаа золголоо

Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар ахмад настнуудын төлөөлөл болсон 9 өтгөс бууралтай Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн А танхимд алд цэнхэр хадаг дэлгэн золгож амар мэндийг нь айлтгалаа.

Төрийн золголтод ахмад саальчин, Булган аймгийн Тэшиг сумын уугуул, 96 настай Ж.Цэрэн, мал аж ахуйн ахмад ажилтан, Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул 100 настай Д.Өрнөх, ахмад дайчин, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уугуул, 93 настай С.Гомбосүрэн, ахмад дайчин, Гадаад харилцааны сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Төв аймгийн Баянбараат сумын уугуул 99 настай П.Шагдарсүрэн, Соёл, урлагийн ахмад ажилтан, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, 93 настай Л.Цогзолмаа, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, Улаанбаатар хотын уугуул 90 настай Ш.Бира, Зам тээвэр, батлан хамгаалах салбарын ахмад ажилтан, Онц тээвэрчин, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, 84 настай Б.Бадамсэд, Үйлчилгээний ахмад ажилтан, Архангай аймгийн Хангай сумын уугуул, 84 настай О.Нагуужанай, Монгол Улсын Ардын багш, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, 82 настай Ж.Лхамсүрэн нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар алд цэнхэр хадаг дэлгэн ахмадуудын амрыг эрэн золгож, шинээр айлчлан ирж буй улаагчин тахиа жилийн өнгийг хэлэлцэн, ажил үйлс, үр хүүхэд, ач зээ нарынх нь талаар яриа хөөрөө өрнүүллээ. Үүний дараа Төрийн есөн хөлт цагаан тугийн өмнө дурсгалын зураг татуулав.

УИХ-ын дарга М.Энхболд “Бичин жилийн өвлийг өнөтэй давсан өрх айл бүрт баяр хүргэж шинэ гарсан сарын Шинийн 1-ний мэндчилгээг Монгол төрийн хоймор болсон Есөн хөлт цагаан тугны босгон дээрээс дэвшүүлж байгааг Монголын нийт ард түмэн Та бүхэн хүлээж авна уу. Тахиа жил Монголчуудад ээлтэй сайхан жил байсан ийм түүхтэй юм билээ. 1921 оны цагаагчин тахиа жилд Ардын хувьсгал ялж 20 дугаар зууны Монгол орныг дархлан бүтээх үндэс суурь тавигдсан. 1945 оны хөхөгчин тахиа жилд Монголын нийт ард түмэн өөрийн улс орныхоо тусгаар тогтнолын төлөө саналаа өгч, улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулсан. 1981 оны цагаагчин тахиа жилд Монгол хүн сансарт нисч, бид бүхэн огторгуйн уудамд улс орныхоо нэрийг дархалсан түүхтэй. Энэ жилийн тахиа жил ч гэсэн Монголчууд бид бүхэнд эвийг нэгтгэж, хүчийг хамтатгаж, эх орныхоо эдийн засгийг сайжруулах, ард иргэдийнхээ ахуй амьдралыг өөд нь татахад ихийг хийх бүтээх ийм сайхан жил гарч байна.” хэмээн онцлов.

Тэрээр үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Энэ жилийн хүндрэл бэрхшээлийн ачааны хүндийг бас боломжтой, чадалтай, тэнхээтэй хэсэг нь илүү үүрч ядарсан, зүдэрсэнийгээ хамт авч явж улс орон тахиа жилийн эцэст хүндрэл бэрхшээлээс бүрэн дүүрэн гарах болтугай гэж хүсэн ерөөе. Шинэ гарсан “Алтан Унжлагат” тахиа жил булган сүүлтэй байж Монголчууд бид бүхэнд ажилтай, орлоготой, айл өрх болгонд аз жаргалтай, эрүүл энх байх болтугай гэж хүсэн ерөөе. Сайхан шинэлээрэй хэмээн Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд онцлон хэлэв.

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …