Монголбанкинд орсон шалгалт Ч.Сайханбилэгийн Засгийн газрынхныг сандаргав

Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд мэдээлэл хийж, Монголбанкинд шалгалт явуулахаар болсноо мэдэгдсэн.

Тэд Монголбанкинд хийх шалгалтаар өмнөх Засгийн газрынхан монгол төгрөг буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хэр зэрэг хангаж ажилласан, хуульд заасны дагуу тогтвортой байдлыг хангах үүргээ хэрэг зэрэг биелүүлсэн, үнэ тогтворжуулах болон бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн хууль зүйн үндэслэл, хүрсэн үр дүнг тогтоох юм байна.

Тэгвэл Монголбанкийг шалгах ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан “Өнгөрсөн дөрвөн жилд жил тутамд алдагдал хоёр дахин нэмэгдсэн. 2016 он гэхэд тайланд туссан байдлаар 962 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Энэ алдагдал төсөвт дарамт учруулдаг байсан бөгөөд алдагдлыг төсвөөс хаадаг байсан байна. Тиймээс алдагдалд орсон нөхцөл шалтгааныг тодруулна. Өмнө нь 2011 он хүртэл ерөнхий байдлаар ашигтай ажилладаг байсан. 2007-2011 онуудад гэхэд ганцхан 2010 онд л алдагдалтай, бусад жилүүдэд ашигтай ажилласан байна. Гэвч 2012 оноос огцом алдагдалд орсныг тодруулж, шалгалтаар дүгнэлт гаргана” гэв. Мөн Монголбанкнаас олгосон арилжааны зээлүүд хууль зүйн үндэслэл, хүрсэн үр дүнг нягтлах юм байна. Түүнчлэн Монголбанкны мэдээллийн ил тод байдлыг нягталж, шилэн дансны үр дүн, тайлан тэнцэлд шалгалт хийх аж. Ямартай ч, шалгах нэлээн их ажил байгаа учраас 2017 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд шалгалт явуулахаар чиг үүрэгтэй ажилдаа орж байгаа аж.

Харин ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн “Эдийн засагт тулгараад байгаа хямрал, хүндрэлийн гол учир, үндсэн шалтгаан Монголбанктай холбоотой гэж боддог. Өмнө нь ч гэсэн би энэ талаар хэвлэл мэдээллээр хэлж байсан. Яагаад хямралыг ингэж гүнзгийрүүлсэн бэ гэвэл төгрөгийн худалдан авах чадварыг унагаж, валютын ханшийг өсгөсөн явдал. 2012 оны долдугаар сард валютын ханш 1450 орчим төгрөгтэй тэнцэж байсан. Одоо 2400 төгрөг байна. 70 хувиар валютын ханш өсч, төгрөгийн худалдан авах чадвар унасан байна. Төгрөгийн худалдан авах чадвар унана гэдэг эцсийн дүндээ ядуурлыг гүнзгийрүүлж байгаа явдал. Эдийн засгаа 70 хувиар шууд унагасан гэсэн үг. Энэ асуудлыг ажлын хэсгийн шалгалтаар судалж үзнэ. Мөн Монголбанк хуулиа зөрчиж, хувийн компаниудад зээл олгосон асуудлыг нарийвчилж шалгана. Орон сууц гэдэг юмуу, урамшууллын байдлаар хэдэн арван тэрбум төгрөгийг ажиллагсдадаа тараасан байдаг. Энэ талаар мэдээлэл хаалттай байсан бол одоо ил тод авах бололцоо бүрдлээ гэж үзэж байна. Өнгөрсөн дөрвөн жилд валютын ханш бидэнд хамаагүй гэж хэлээд суудаг хүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр сонгосон байсан. Мөн своп хэлцлүүдээр авч байгаа зээлийг зээл биш гээд суудаг байсан. Валютын ханшийг тогтвортой барих нь тус банкны гол гурван зорилгын нэг. Энэ бүхэн эргээд эдийн засгийг өнөөдрийн байдалд хүргэсэн. Бүх салбар хямралд орсон байна” гэсэн юм.

Дашрамд дурдахад, Монголбанкинд орж буй энэхүү шалгалт өмнөх Засгийн газар буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газрын зарим гишүүд болон нэр бүхий цөөн хэдэн хүмүүсийг ихэд сандаргаж байгаа аж.

Төгс

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …