Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сөрөг хүчний гишүүдийн баривчилгаанаас эхэлж байна гэв

  

Ардчилсан намын бүлэг ОУВС-гийн асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийсэн. Тус хурлын дараа АН-ын бүлгээс хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр АН-ын бүлгээс ОУВС-гийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хүсэлтийг Сангийн яаманд гурван дараа тавьсан боловч хариу өгөөгүй гэдгийг хэлэв.

Мөн “ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд НДШ, ХАОАТ-ийн хэмжээ нэмэгдэж байгаа нь өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалд байж боломгүй зүйл. Эрх баригчид төсвийн зарлагад анхаараагүй. Төсвийн орлого тал дээр баялаг бүтээгчдийн татварыг нэмэх замаар бүрдүүлж байна. ОУВС өнөөдөр Монголын нөхцөл байдлыг дутуу үнэлсэн байж болзошгүй. Харин эрх баригчид өмнөх Засгийн алдааг засаж байна гэсэн мессежийг өгч байна. АН-ын бүлэг үүнтэй санал нийлэхгүй байна. Энэ бол бодлогын алдаа биш бодлогын зөрүү юм” хэмээн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэв.

2012-2016 онд АН эрх барьж байхдаа гадаадын хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр эдийн засгийн хүндрэлээс гарна гэсэн бодлого баримталж ирсэн гэдгийг тэрбээр онцоллоо.

ОУВС-гаас тавьсан хөтөлбөр хэрэгжвэл төсөв мөнгөний хатуу бодлого баримтлах даалгавар авч байна. Энэ нь хуримтлалгүй, ядуу иргэдийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж болзошгүй нөхцөл байдал үүсч байна. Энэ бол ард түмний амьжиргааны түвшинг царцааж магадгүй гэлээ.

Тэтгэврийн насыг монгол хүний дундаж наслалт хүртэл өгсөж байгаа нь зөв үү буруу юу гэдэгт бид нар анхаарлаа хандуулах ёстой. АН засаг барьж байх үед тэтгэврийн насыг нэмэгдүүлэх санал оруулж ирж байхад МАН ихэд эсэргүүцэж байсан гэдгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат санууллаа. Хэрвээ бид ОУВС-гийн хөтөлбөрөөр явбал МАН-ын амлалт хэрэгжих боломжгүй. Иймээс эрх баригчид үүнийг анхаарна биз гэв.

2012-2016 онд АН эрх барьж байхдаа 1.5 тэрбум ам.долларын зээл авсан. Харин МАН ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд таван тэрбум ам.долларын зээлжих эрх нээгдэж байна гэсэн мэдээллийг бид авсан. Зөрүү гарч байгаа дөрөв орчим ам.долларыг юунд зарцуулах вэ гэдэгт эрх баригчид тайлагнана гэж найдаж байна гэлээ.

Түүнчлэн бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын баривчилгааны асуудлыг авч хэлэлцжээ.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хөгжлийн банкны асуудлаар манай бүлэг удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Хөгжлийн банкнаас олгосон зээл бүтээн байгуулалт, жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэлтэд зарцуулагдсан. Үүнд ялгавартай улстөржсөн байдалтайгаар хандаж байна. АН, МАН гэж ялгахгүйгээр бүгдийг нь ижил түвшинд шалгах хэрэгтэй” гэв.

Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нараас байцаалт авах нэрээр өмгөөлөгчгүйгээр гэнэтийн баривчилгаа хийсэн нь анхаарал татаж байна. АН гишүүдээ хамгаалах үүрэгтэй. Гэхдээ энэ нь хэргийг нь хайцаалж байгаа хэрэг биш. Хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа гэдгийг тэрбээр хэллээ.

Хөгжлийн банк, Чингис бондтой холбоотой хийсэн зохион байгуулалттай улс төр олон хүнийг хэлмэгдүүлэх чиглэл рүү явж байна. М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг сөрөг хүчнийхний гишүүдийн баривчилгаагаар эхлүүлж байна гэсэн байр суурийг илэрхийлэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “ОУВС хэлэлцээ хийдэггүй. Харин эсрэгээрээ болзол тулгадаг. Хэрэв хэлэлцээ хийсэн бол бид Стэнд бай хөтөлбөрт хамрагдах ёстой байсан. ОУВС зардалыг танах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Төсвийн хэмнэлт, таналт хийснээр бид ОУВС-гийн санал болгоод буй 440 сая ам.долларыг олох боломжтой” гэсэн юм.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.