ОУВС-гийн хөтөлбөр Засгийн газрын зарим шийдвэрийг цуцална

-Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээний эхний шаардлага нь төсвийн хатуу бодлогыг авч хэрэгжүүлэх-

Өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн ОУВС-гийн хэлэлцээр амжилттай болсон талаар талууд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэнэбилэг, ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай, суурин төлөөлөгч Нэйл Сакер нар оролцсон юм.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:Шатахууны онцгой албан татварыг бууруулсан хэмжээгээр нь буцаан нэмэгдүүлнэ

ОУВС-тай хэлэлцээрийг 2016 оны наймдугаар сарын 15-наас эхлүүлээд, өнөөдрийг хүртэл зургаа орчим сар өнгөрлөө. Бид үндсэн нөхцөлүүдийг тохирлоо. Зургаан сар хэлэлцээр явуулаад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр буюу англиар “Extended facility fund”-ыг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохирлоо. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хоёр үндсэн нөхцөлд сонгодог. Манай улсын хувьд төсвийн болон төсвийн тэнцлийн гэсэн хосолсон хүндрэл учирсан байгаа учраас энэ хөтөлбөрийг сонгож авсан.

Хөтөлбөрийн хувьд 5.5 тэрбум орчим ам.долларын санхүүжилтийг олон улсын байгууллагууд, донор орнуудаас босгохоор шийдсэн. Үүний дотор БНХАУ-ын Ардын банктай байгуулсан 2 орчим тэрбум ам.долларын өртөгтэй своп хэлэлцээр хойшлуулах хэлэлцээр багтсан. Цаана нь үлдэж байгаа 3.5 тэрбум долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, бусад хандивлагч орнуудаас босгохоор тохирсон.

Хөтөлбөрийн хүрээнд гурван үндсэн бодлогыг хэрэгжүүлэхээр боллоо. Эхнийх нь мэдээж төсвийн хатуу бодлогыг авч хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, мөнгөний бодлогод цогц арга хэмжээ авч авах бол сүүлийнх нь банкны талаар хэрэгжүүлэх арга хэмжээ юм.

ОУВС-тай хийсэн хэлэлцээрийг Захирлуудын зөвлөлөөр нь батлуулахаас өмнө манай тал гурван ажил хийх ёстой. Нэгдүгээрт, 2017 оны төсвийн тодотголыг батлуулах, хоёрдугаарт, Монголбанк ипотекийн зээлд шинээр санхүүжилт олгохгүй байх, гуравдугаарт, Монголбанк улсын төсвөөс гадуур төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхгүй байх гэсэн үндсэн гурван зарчим бодлогыг тохирсон.

ОУВС, Засгийн газар, Монголбанк хамтраад эдийн засгийн өсөлтийг 2017 онд -0.0, 2018 онд 1.8, 2019 онд 8.1 хувьд хүргэх тооцоолол хийсэн. Инфляц 2017, 2018 онд 6.1, 2019 онд 6.9 хувьтай байхаар тооцсон. Гадаад худалдааны тэнцлийг 2017 онд нэг тэрбум 267, 2018 онд 968 сая, 2019 онд 709 сая ам.долларын эерэг үзүүлэлттэй байхаар тооцлоо. Экспортыг 2017 онд дөрвөн тэрбум 898, 2018 онд дөрвөн тэрбум 943, 2019 онд таван тэрбум 440, 2020 онд таван тэрбум 827 сая, 2021 онд 6.3 тэрбум ам.доллар байхаар тооцсон. Импортыг 2017 онд гурван тэрбум 632, 2018 онд гурван тэрбум 975, 2019 онд дөрвөн тэрбум 731, 2020 онд дөрвөн тэрбум 825 сая, 2021 онд таван тэрбум орчим ам.доллар байна гэж үзлээ.

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гадаад валютын нөөц нэмэгдэж ханш тогтвортой байна. Гадаад валютын нөөц 2017 оны төгсгөл гэхэд нэг тэрбум 651, 2018 онд хоёр тэрбум 770, 2019 онд гурван тэрбум 545, 2020 онд гурван тэрбум 838 сая ам.долларт хүргэж нэмэгдүүлэхээр тооцлоо.

ОУВС-тай хэлэлцээ хийхэд амар байсангүй. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүй бол төсвийн алдагдал 2017 онд 14.2, 2018 онд 14.3, 2019 онд 11.3 хувьтай байхаар байсан. Харин одоо хөтөлбөр хэрэгжүүлснээр 2017 онд 3.4, 2018 онд 6.4, 2019 онд зургаан хувиар төлбөрийн тэнцэл сайжрах тооцоолол гарсан. ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх гол нөхцөл нь өрийн тогтвортой байдалд оруулах шаардлага байсан. Үүний тулд төсвийн хүрээнд тодорхой бодлогуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Эхний ээлжинд төсвийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс дараах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байгаа юм.

Шатахууны онцгой албан татварыг нэмэх. Бид өмнө нь хоёр удаа шатахууны онцгой албан татварыг бууруулсан. Тэгвэл энэ бууралтыг 2017 оны долоодугаар сарын 1, 2017 оны 10 дугаар сараас тус тус буцаан хуучин хэвэнд нь мөрдөн нэмэгдүүлэх шаардлага үүссэн.

Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгоно. Орлогынх нь хувь хэмжээнээс шалтгаалж 10, 15, 20 хувийн татвартай болно. Одоогийн татвар хөнгөлөлтийг тооцож буй 84 мянган төгрөгийг үе шаттайгаар нэмэгдүүлж 120 мянга, 160000, 200000, 240000 хөнгөлөлтийн түвшинг зөрүүлэн нэмэгдүүлэхээр тооцоо хийсэн.

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлнэ. Ажилтан өөрөө 10, ажил олгогч 10 хувийн шимтгэл төлж байгааг өөрчилж 2018 онд хоёр хувиар, 2019 онд нэг хувь, 2020 онд хоёр хувиар нэмэгдүүлэх нөхцөл үүсч байна.

Суудлын авто машины онцгой албан татварыг нэмэгдүүлнэ. Суудлын жижиг машины татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар нэмнэ. Хөдөлгүүрийн багтаамж нь 4501-ээс дээш авто машины татварыг насжилтаас нь хамаарч 40-250 хувиар нэмэхээр тооцсон.

Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 онд 10, 2019, 2020 онд тус бүр таван хувиар нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Мөн 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх байсан Хадгаламжийн хүүгээс татвар авах тухай хуулийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.

Импортын тамхинд ногдох гаалийн татварыг 30 хувьд хүргэнэ. Одоо таван хувьтай байгаа.Татварын албаны мененжментийг сайжруулж, татвар хураалтыг бодитой болгоно.

Төсвийн зардлыг бууруулах чиглэлд мөн найман арга хэмжээг тохирсон.

Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг нэмэгдүүлж нэгдсэн нэг тогтолцоогоор тендер зарладаг болно. Үүний үр дүнд зардал 10 орчим хувиар буурна.

Тэтгэвэрт гарах насыг нэмэх шаардлагатай болсон. Тэтгэвэрт гарах насыг жилд зургаан сараар нэмэгдүүлж, 2026 онд гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65-д хүргэнэ. Эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2036 он гэхэд 65-д хүргэх тооцоолол хийсэн. Энэ тооцооллыг хийхдээ манайхтай ижил төстэй орнуудын судалгааг үндэслэсэн.

Цалингийн зардлыг 2017, 2018 онд нэмэхгүй. Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгоно. Одоо нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байгааг 40 хувь болгож бууруулна. Хүүхдийн мөнгөний олголтоос үүссэн хэмнэлтийг буцааж татахгүй. Эмзэг бүлгийнхэнд зориулсан хүнсний талонд зарцуулна.
Нийгмийн халамжуудыг давхцуулахгүй. 2017 оны төсөвтэй хамт батлагдсан Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар төрөөс цэргийн албан хаагчдыг орон сууцаар хангах, эсвэл орон сууцны түрээсийн төлбөрийг нь төлөхөөр болоод байсан. Үүнийг хэрэгжүүлбэл, жилд 50 орчим тэрбум төгрөгийн зардал гарах тооцоо гарсан. Тиймээс энэ шийдвэрийг хүчингүй болгоно.

Өмнөх Засгийн газрын үед төсөвт ямар ачаалал ирэхийг тооцохгүйгээр байгуулсан концессын гэрээнүүдэд аудитын шалгалт оруулна. Тухайн дүгнэлтийг нь үндэслэн ирэх жилүүдийн төсөвт эргэн төлөлтийг нь тусгахаар болсон.

Засгийн газраас өргөн барьсан төсвийн зардлыг УИХ нэмэгдүүлэх байдал сүүлийн жилүүдэд бий болсон. Тиймээс УИХ зардал нэмэгдүүлэхгүй байх, нэмэгдүүлсэн тохиолдолд өөр нэг зардлыг танах шаардлага үүссэн. Үүнтэй холбоотойгоор Төсвийн зөвлөл гэж бүтэц байгуулна.

Ипотекоос бусад хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй

О.Эрдэнэбилэг: -Хөтөлбөрийн хүрээнд Монголбанкинд дөрвөн багц асуудал ногдож байгаа. Нэгдүгээрт, мөнгөний бодлогын тухай асуудал. ОУВС Монголбанкны өнөөдрийг хүртэл баримталсан мөнгөний бодлогыг сайшаасан. Цаашид мөнгөний бодлогоо сулруулах нөхцөл үүснэ гэж тооцож байгаа. Хоёрдугаарт, ипотекийн хөтөлбөрөөс бусад хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхгүй байхаар тохирсон. Гуравдугаарт, санхүүгийн салбарт үнэлгээ хийх ёстой. Тэгэхээр банкны салбарт үнэлгээ хийгдэнэ. Дөрөвдүгээрт, банк, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

Төсвийн бодлогыг цэгцлэхийн тулд алдагдлыг бууруулах олон арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой

Коши Матай: -“Extended facility fund” буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь ОУВС-гаас хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдэд том байр суурь эзэлдэг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилт олгоно. Япон, Солонгос болон Азийн хөгжлийн банк гэх мэт хоёр талт болон олон талт доноруудаас нийтдээ гурван тэрбум ам.долларын санхүүжилт авах боломж бүрдсэн.

Түүнээс гадна БНХАУ-ын Ардын банкнаас Монголбанктай байгуулсан своп хэлэлцээрээ хамгийн багадаа гурван жилээр сунгах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирнэ. Өмнө нь ОУВС-гаас Монголд хэрэгжүүлж байсан хөтөлбөрийн хүрээнд 300 сая хүрэхгүй ам.доллар орж ирж байсан. Харин одоо түүнээс 20 дахин их хэмжээний санхүүжилт орж ирнэ гэсэн үг. Өнөөдрийн зарлаж байгаа тохиролцоо бол зөвхөн ОУВС-гийн ажлын хэсгийн түвшинд хүрсэн тохиролцоо. Энэ тохиролцоог баталгаажуулахын тулд хэд хэдэн алхам хийх ёстой. Дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн улс орон, санхүүгийн байгууллагуудаас албан ёсоор баталгаа гаргуулж авах ёстой. Мөн Сангийн сайдын танилцуулсан бүх арга хэмжээг тусгасан 2017 оны төсвийн тодотголыг батлах шаардлагатай. Түүнчлэн банкны салбартаа хийх үнэлгээний процессыг эхлүүлэх ёстой. Эцэст нь, Монголбанкнаас санхүүжүүлж байсан төсөвтэй адилтгах хөтөлбөрүүдийг зогсоох хэрэгтэй. Энэ бүхнийг хийсэн тохиолдолд ОУВС-гийн Захирлуудын зөвлөл ирэх гуравдугаар сардаа багтаж хуралдаад энэ асуудалд шийдвэр гаргана гэж төлөвлөж байна.

Монгол Улс төдийгүй бусад оронд ч төсвийн бодлого суларч тэлэх байдалтай болсноор эдийн засагт хүндрэл их гардаг. ОУВС Засгийн газартай хамтарч энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Төсвийн бодлогыг цэгцлэхийн тулд алдагдлыг бууруулах олон арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой. Засгийн газар энэхүү бодлогоо тодорхойлохдоо нийгмийн халамжийн шинжтэй зардлуудыг бууруулахгүй байх саналаа илэрхийлснийг бидний зүгээс дэмжсэн.

Мөн Хөгжлийн банкны үйл ажиллагааг эмх цэгцэнд оруулах нь хөтөлбөрт багтаж буй нэг чухал арга хэмжээ. Үүний дагуу саяхан Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн баталсан. Цаашдаа Хөгжлийн банкийг зах зээлийн баримжаатайгаар ажиллуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн Монголбанк цаашдаа зөвхөн төгрөгийн ханшийн тогтвортой байдалд хяналт тавих үндсэн үүргээ хэрэгжүүлж ажиллахаар болж байна. Үүний тулд Монголбанкны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Цаашлаад арилжааны банкуудын бодит нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг хөндлөнгийн байгууллагаар тодорхойлуулах хэрэгтэй. Шалгалтын үр дүнд хүндрэлтэй байгаа банкуудыг бэхжүүлэх алхам хийнэ. Энэ бүх үйл ажиллагааны үр дүнд Монголын банкны систем сайжирч эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлэх чадвартай болж үлдэнэ. ОУВС-гийн хөтөлбөртэй зэрэгцээд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас туслалцаа дэмжлэг аваад хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөгжлийг худасгахаар төлөвлөсөн. Мөн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хэлэлцэх болно.

Бодлогын арга хэмжээнүүдээ бид тодорхойлж, шаардлагатай санхүүгийн эх үүсвэрүүдээ олоод гаргачихсан байгаа. Энэ бүхнийг хэрэгжүүлэхээд улс төрийн зүгээс тууштай байна гэдгээ илэрхийлсэн учраас хөтөлбөр амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Богино хугацаанд хүндрэл бэрхшээл гарах нь гарцаагүй. Гэхдээ дунд болон урт хугацаандаа Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэн гадаад валютын нөөц нэмэгдэж, өрийн хэмжээ буурах боломжтой болно.
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас гадаадын хувийн хөрөнгө оруулагчидтай хийх яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл гаргалаа. Ингэснээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт төвлөрч өрийн тогтвортой байдал хангагдана гэж үзэж байна. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд Монгол Улсын бондыг худалдаж авсан хөрөнгө оруулагчид бондоо дамжуулан зарахгүй гэж найдаж байна.

Хэвлэлийн хуралд оролцогсод мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Мөнгөний хатуу бодлого баримтална гэсэн үүрэг авч байгаа юм байна гэж ойлгогдлоо. Үүний үр дүнд ам.долларын ханш хэрхэн өөрчлөгдөх вэ?

Н.Баяртсайхан: -ОУВС-гийн төлөөлөгчийн хэлсэнчлэн цаашид бид мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа голлон анхаарна. Төсвийн шинжтэй маш олон төсөл хөтөлбөрийн буюу нийтдээ 8 их наяд төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Монголбанкнаас санхүүжүүлсэн байгаа. Энэ бол төсөвт хаана ч тусаагүй. Зөвхөн Монголбанк өөрсдөө шийдээд гаргачихсан. Ийм төсвийн шинжтэй төсөл хөтөлбөрүүдийг цаашид зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Мөнгөний бодлогын чангарлын гол илрэл нь ч ингэж гарч ирнэ. Ханш уян хатан тогтоогдож явна. Тиймээс би яг тэд гэж хэлэхгүй. Гэхдээ ойрын жилүүдэд Монгол Улсад 3-5 тэрбум долларын урсгал орж ирэх гэж байна. Энэ бол төгрөгийн ханшийг тогтворжуулах чухал дэмжлэг. Тиймээс цаашид ханш тогтвортой байх нөхцөл бололцоо бүрдэнэ гэж ойлгож байгаа.

-Нийгмийн халамжийг танана гэж ойлголоо. Цалин нэмэхгүйгээр нийгмийн даатгалын шимтгэлийг 1-2 хувиар нэмэх нь өөрөө эдийн засгийг агшаах бодлого юм биш үү?

-Б.Чойжилсүрэн: -Нийгмийн халамжийг танах бодлогыг ОУВС ч, Засгийн газар ч бариагүй. Гэхдээ өрийн тогтвортой байдлыг үүсгэхийн тулд тодорхой хэмжээний төсвийн тэнцлийг сайжруулах хэд хэдэн арга хэмжээг авч үлдсэн. Жишээлбэл насны хишиг, цалинтай ээж, төрийн албан хаагчийн тэтгэмж гэх зэргийг аваад явна.

-Их хэмжээний гадаад валютыг гадагшаа гаргахгүй гэдэг үүрэг чиглэл авч байгаа болохоор гуравдугаар сард төлөх 580 сая ам.долларын бондын өрийн хугацааг нь сунгана гэж ойлгож болох уу?

Б.Чойжилсүрэн: -580 сая ам.долларын эргэн төлөлтийн тухайд энэ бонд Засгийн газрын бонд биш Хөгжлийн банкны бонд. Энэ бондыг бид Засгийн газрын одоогийн арилжааны хүүтэй бондоор солих сонголт хийж байгаа.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь энэ хөтөлбөрийн хүрээнд үгүйсгэгдэж байгаа юм бол?

Б.Чойжилсүрэн: -Яг тэдэн хувь нь зогсоно гэдэг тооцоолол гаргаагүй байна. Гэхдээ ОУВС-тай хөтөлбөр тохироод авна гэдэг нь Монгол Улсын эдийн засаг доош унахдаа яг хаана хүрэх вэ гэдгээ тогтоогоод авчихаж байгаа юм. Бид хэр хурдтай, овсгоотой ажилласнаас Засгийн газрын хөтөлбөрийн биелэлт хангагдана.

-Ипотекийн санхүүжилтийг цаашид яаж үргэлжлүүлэхээр болсон бэ. Санхүүжилтийг зогсооно гэдэг нь төсвөөс дамжиж ирдэг тэр санхүүжилтийг зогсоож байгаа гэж ойлгож болох уу?

Н.Баяртсайхан: -Ипотек бол монголчуудын амьдралд чухал, эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой хөтөлбөр учраас цаашид үргэлжилж явагдана. ОУВС-гийнхан энэ бол төсвийн шинжтэй хөтөлбөр учраас Засгийн газар энэ хөтөлбөрөө шилжүүлж авах зүйтэй гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Энэ дагуу бид 2018 оноос Засгийн газарт ипотекийг шилжүүлж өгөх нь зүйтэй гэсэн байр суурийг Монголбанк баримталж байна. Цаашид хэрхэн аятайхан үргэлжлүүлэх тал дээр Дэлхийн банкнаас техникийн туслалцаа авч байгаа. 2017 оны тухайд одоо явж байгаа журмаа бид цаашид хадгална. Урьд нь ипотекийн хөтөлбөрт нийтдээ дөрвөн их наяд төгрөгийн эх үүсвэр Монголбанкнаас гарсан. Би сая найман их наяд төгрөгийн санхүүжилт Монголбанкнаас гарсан гэж хэллээ шүү дээ. Түүний 50 хувь нь ипотекийн хөтөлбөрт гарсан байгаа. Энэ дөрвөн их наяд төгрөгийн эргэн төлөлтөөр тодорхой хэмжээний мөнгө олж ирдэг. Бас хүүгийн төлөлт гэж мөнгө орж ирдэг. Бид эргэн төлөлт, купоны эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа. ОУВС-гийн өгч буй зөвлөмжөөр бол купоны хүүг улсын төсөвт суулгах ёстой гэж байгаа учраас 2017 оны төсвийн тодотголоор 111 тэрбум төгрөгийн эх үүсвэр суугдахаар тооцоо хийгдэж байгаа. Цаашдаа нэг хэсэг нь Засгийн газраас, нөгөө хэсэг нь Монголбанкнаас эх үүсвэр нь гарах замаар ипотекийн хөтөлбөр үргэлжлэх болно.

-36 сарын хугацаатай авч байгаа 440 сая ам.долларын жилийн хүү нь хэд байх вэ. Өмнө авсан “Чингис” болон “Самурай” бондын хүүтэй харьцуулахад ямар байгаа вэ?

Коши Матай: -Зээлийн хүү бол хөвөгч хүү байдаг. Энэ нь нэлээд төвөгтэй томъёогоор бодогддог. Гэхдээ 2-оос илүүгүй хувьтай байна. Хөтөлбөрийн сонголтын тухайд яагаад “Стэнд бай” хөтөлбөрөөс энэ хөтөлбөрийг илүүд үзсэн бэ гэхээр эргэн төлөлтийн хугацаа нь хамаагүй урт буюу 10 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх боломжтой. Орж ирэх санхүүжилтийн хувьд ОУВС хэзээ ч хөтөлбөрийн санхүүжилтийн мөнгийг нэг дор юм уу, эцэст нь өгдөггүй. Тодорхой интербаллтайгаар явдаг. Энэ нь хөтөлбөрийн хүрээнд тусгасан арга хэмжээнүүд хэр амжилттай хэрэгжиж байна гэдгээсээ хамаараад тохирсон хуваарийн дагуу санхүүжилт нь олгогдоод явдаг. Өөрөөр хэлбэл, хөтөлбөр хэрэгжих гурван жилйин хугацааны туршид тодорхой давтамжтайгаар санхүүжилт олгогдоод явна. ОУВС-гийн хувьд үнэлгээгээ гурван сар тутамд хийхээр төлөвлөсөн байгаа. Бусад хандивлагчид арай өөр хуваариар хийж магадгүй. Хөтөлбөрийн туршид санхүүжилт байнга олгогдон тасралтгүй явна гэж ойлгож болно.

-Энэ хөтөлбөрийн дараа нийт өр хэд хүрэх үү, ямар хэмжээнд барагдуулах вэ?

Б.Чойжилсүрэн: -Өрийн хэмжээ 2018 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 88.3 хувь, 2019 онд 85.7, 2020 83.2, 2021 гэхэд 79.4 хувьтай байхаар тооцож гаргасан.

-БНХАУ-аас авах зээлийн асуудал яригдаж байсан. Энэ хэдийд орж ирэх вэ. Үүнийг хэдийгээр эцэслэнэ гэсэн асуудлыг тусгасан бэ?

Б.Чойжилсүрэн: -Шатлалын тухайд энэ хөтөлбөрийн хүрээнд орж ирэх 3.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлттай зээлийн дотор БНХАУ-аас авах зээлийн асуудал тооцогдоогүй байгаа. Харин Хятадын Төвбанк, Монголбанкны гэрээний талаар Монголбанкны ерөнхийлөгч тодорхой хариулт өгөх байх.

Н.Баяртсайхан: -Монголбанк БНХАУ-ын Ардын банктай своп хэлэлцээртэй. Хэлэлцээрийн хугацаа наймдугаар сард дуусна. Энэ хугацааг сунгах чиглэлээр ажиллаж байгаа. Тодорхой үйл явдлаас болоод энэ хэлэлцээр зогсонги байдалтай болчихсон байсан. Өнөөдөр /өчигдөр/ БНХАУ-ын Ардын банкнаас своп хэлэлцээрээ үргэлжлүүлье гэсэн урилгыг мэйлээр ирүүлсэн тухай манай банкны албаны хүн мэдэгдлээ. Тэгэхээр ойрын үед яригдаж, амжилттай шийдэгдэх байх.

-ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч энэ тохиролцоог зөвхөн ажлын хэсгийн түвшний тохиролцоо гэдгийг онцолсон. Тэгэхээр энэ тохиролцоо цаашид баталгаажихгүй байх эрсдэл бий юү?

Коши Матай: -ОУВС-гийн Захирлуудын зөвлөл гэдэг бол энэ хэлэлцээг баталгаажуулах хамгийн сүүлчийн эрх бүхий бүтэц. Захирлуудын зөвлөлийн хурал болохоос өмнө хоёр зүйл хийгдсэн байх ёстой гэдгийг дээр дурьдсан байгаа. Нэгдүгээрт, санхүүгийн дэмжлэг олгохоор саналаа илэрхийлсэн байгууллагууд баталгаагаа гаргаж өгөх ёстой. Түүнээс гадна Засгийн газраас урьдчилсан нөхцлөө хангасан байх ёстой. Энэ хоёр нөхцөл хангагдсаны дараа Захирлын зөвлөлийн хурал болно.

-Сангийн яам төсвийн тодотголоо ямар хугацаанд боловсруулж УИХ-д өргөн барина гэж төлөвлөж байгаа вэ?

Б.Чойжилсүрэн: -Тодотголын тухайд ээлжит бус чуулганыг зарлах эсэх талаар УИХ-ын удирдлага шийднэ. Сангийн яамнаас ирэх долоо хоногийн гурав дахь өдрийн Засгийн газрын хурлаар 2017 оны төсвийн тодотголд хийх хувилбарыг оруулахаар бэлтгэж байна.

-Тэтгэвэрт гарах насыг тодорхой хугацаанд нэмэгдүүлэх гээд нийгмийн шинжтэй бодлогын хүрээнд нэлээд өөрчлөлт орох нь ээ. Өнгөрсөн намрын чуулганаар малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хүчингүй болгох уу?

Б.Чойжилсүрэн: -Тэтгэвэрийн насыг нэмэх тухай асуудал мэдээж олон хүнд таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ бодит үнэн нь манай нийгмийн даатгалын сан тэр дотроо тэтгэврийн сан асар өндөр алдагдалтай болсон. Хэрвээ бид ямар нэгэн байдлаар бодлогын өөрчлөлт хийхгүй бол 2019, 2020 оноос тэтвэрийн сангийн татаас нэг их наяд төгрөг давахаар байгаа. Хоёр үндсэн шалтгаан байгаагийн нэгт монголчуудын дундаж насжилт уртасч байна. Хоёрдугаарт, тэтгэвэрт гарах хүн ам зүйн онцлогоосоо шалтгаалаад завсрын үе үүссэн. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд илүү тодорхой илүү мэдээлэл өгөх байх.

-Татвар нэмснээр төсвийн орлого хэдэн тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарсан бэ?

Б.Чойжилсүрэн: -Татвар нэмснээр 2017 онд 203.4, 2018 онд 476.1, 2019 онд 497.9 тэрбум төгрөг төсөвт нэмж цуглуулахаар тооцоолол хийсэн.

-Төсвийн тодотгол хийхдээ зардлаа бууруулах дээр хэрхэн анхаарах вэ.Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2019 онд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд нөхөж олгоно гэсэн заалт байгаа.Ингэж нөхөж олгохоор өрийн дарамт дахиад нэмэгдэх юм биш үү. Үүнийг хаанаас санхүүжүүлэх юм бэ?

Б.Чойжилсүрэн: -Хүүхдийн мөнгөний тухайд хүнд байна. 2019 оноос ОУВС-гийн тавьж байгаа шаардлагын тухайд одоо бид 60 хувьд нь бэлэн олгоод 40 хувьд нь 2019 оноос нөхөж олгохоор байсан. ОУВС “Нөхөж олгохоор байгаа чинээлэг хэсгийн хүүхдүүдэд одоохондоо эдийн засаг хүнд байгаа нөхцөлд олгохоо боль, одоо олгож байгаа 60 хувийнхаа 40 хувь болго.Хэмнэгдсэн 20 хувийг нь үнэхээр ядуу гэр бүлийн хүүхдүүддээ хоолны талон болгож өг” гэдэг зөвлөмж өгсөн.Гэхдээ та бүхэн нэг зүйлийг зөв ойлгоорой. Энэ хөтөлбөр хэрэгжсэн тохиолдолд сайн ажиллаж чадвал 2017 оны төгсгөл 2018 оны хоёрдугаар улиралд хувийн секторын нөхцөл байдал асар хурдтай сайжрана. Төр зардлаа багасгаад хувийн сектор руу дэмжих бодлогыг Засгийн газар, Монголбанк, ОУВС чиглүүлнэ.Тиймээс бүгдийг хараар будаад хэрэггүй.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …