Жэк Ма Австралийн Ньюкасл их сургуульд 20 сая ам.долларын хандив өргөв

17/02/16 01:01

505 Үзсэн

“Жэк Ма олон нийтийн сан”-гаас Австралийн Ньюкасл их сургуульд 26 сая австрали доллар бүхий “Ма-Марли” тэтгэлэг олгож байгаагаа 2-р сарын 3-нд зарласан. Энэ нь Ньюкасл их сургуулийн түүхэн дэх хамгийн ихэд тооцогдох тусламж юм байна. “Тэтгэлгийн мөнгийг “дэлхий ертөнцийг нүдээр үзэж, чихээр сонсож, өөрийн тархи оюундаа тунгаах”-ийг хүсэж байгаа оюутан залууст зориулж байгаа юм” хэмээн Жэк Ма хэлж байлаа.

Харин энэхүү тусламжийн цаана Австралийн нэгэн гэр бүл болон нэгэн Хятад хүүд тохиолдсон сэтгэл хөдөлгөм домог мэт “түүх” бий юм. Энэ тухай ХОУР-гоос Австралид суугаа сэтгүүлч Ли Даюны ирүүлсэн мэдээллийг одоо хүлээн авч сонсоно уу.

“Битгий шантар, дахиад оролдоод үз, паспортоо авчихаж юуны магад…”. Тэртээ 1985 онд Австралийн иргэн Кэн Марли хилийн дээс алхаж үзээгүй Хятадын нэгэн хүүг урамшуулан, түүнийг Австралид айлчлахыг урьж байхдаа хэлж байсан үгс юм. Энэ урмын үгсийг сонсож байсан тэр хүү бол Жэк Ма байсан юм. Харин тэрээр Кэн Марлигийн төрсөн нутаг Ньюкаслд 35 жилийн дараа ирж буй нь энэ юм. 2-р сарын 3-нд дэлхийн цахим ертөнцийг ноёлсон Жэк Ма Ньюкасл их сургуулийн танхимд багш сурагчдад хандан өнгөрсөн түүхээ ийн ярьсан юм. “Австралид хийсэн 29 хоногийн тэр аялал амьдралыг минь жинхэнэ утгаар нь өөрчилсөн. Хэрэв би тэр үед Австралид аялахаар очоогүй бол нүд минь нээгдэж, ухаан минь тэлж чадахгүй байсан”.

Жэк Ма 7 удаа виз мэдүүлж 7 удаа татгалзсан хариу авсан ч зориг шантралгүй эцсийн эцэст дэлхийн цахим ертөнцийг ноёлсон компаниа байгуулж чадсан. “Ма-Марли” тэтгэлэг олгож буйн гол зорилго нь түүний адил дэлхий ертөнцтэй танилцаж, амжилтад хүрэхийг хүсэж байгаа оюутан залууст зориулах юм. Эртний ачтанаа дурсан санагалзаж, Жэк Ма, Кэн Марли гэсэн нэрнээсээ нийлүүлж энэхүү тэтгэлгээ “Ма-Марли” хэмээн нэрлэсэн байна.

Жэк Маг Австралид урьж, тусалж дэмжиж байсан Кэн Марли 2004 онд нас барсан юм. Жэк Матай захидлаар харилцдаг байсан Кэн Марлигийн хүү Дэвид Марли гэр бүлээ төлөөлөн түүнд баярласнаа илэрхийлэн ийн хэллээ. “Аав минь амьд сэрүүн байсан бол Жэк Ма-г Ньюкасл их сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгож байгааг хараад хичнээн их баярлаж, догдлох байсан бол оо”

16 настай Жэк Ма 1980 онд Кэн Марлийг гэр бүлээрээ Хятадад аялаж явах үеэр нь Хятадын Ханжөү хотын Шиху нуурнаа анх танилцсан тэр үеэс тэдний нөхөрлөл эхэлсэн юм. Түүнээс хойш тэд захидлаар харилцан, Кэн Марли хариу захидал бичих болгондоо түүний англи хэлний үг үсгийн алдааг нарийн засаж буцаан илгээдэг байжээ. Жэк Ма Ньюкасл их сургуулийн багш сурагчдад Кэн Марлийг “Ертөнцтэй танилцуулсан багш минь” хэмээн боддогоо дурссан юм. “Бид уулзах бүрдээ ямар нэгэн зүйлийн төлөө маргадаг байлаа. Тэр “Жэк, чи дэндүү их мөрөөдөөд байх юм” гэж хэлдэг байж билээ. Тэр намайг “ярихдаа нэг өөр, хийгээд эхлэхээрээ өөр болдог гэдгийг сайн мэддэг байсан. Гэхдээ тэр намайг үнэн сэтгэлээсээ дэмждэг байсан юм”.

Кэн Марли өөрөө их сургуульд сураагүй ч Жэк Ма-д Ньюкасл их сургуулийн тухай байнга ярьдаг байжээ. Харин ийнхүү Жэк Ма Кэн Марлигийн тусалж дэмжиж байсанд талархан 20 сая америк доллартой тэнцэх тэтгэлгийг олголоо. Жэк Ма огт таньдаггүй мөртлөө гудамжинд таарсан жирийн нэгэн залууд тусалж дэмждэг Кэн шиг хүн болохыг хүсдэгээ ярьж байлаа.

“Ма-Марли” тэтгэлэгт эхний ээлжинд 2018 онд Ньюкасл их сургуульд шинээр элссэн 30 оюутан хамрагдаж, гурав дахь жилээсээ бүрэн үйл ажиллагаагаа явуулж эхлэх бөгөөд жилд 90 оюутанд тэтгэлэг олгох юм байна. Жэк Ма энэхүү тэтгэлэгт хамрагдсан оюутан өөрийнх нь адил газар үзэж, нүд тайлж, олон орноор аялан эрдэм өвөрлөн, сурсан эрдмээ ашиглан илүү их амжилт бүтээл гаргахыг хүссэн байна.

 

Мөн өдөр зохиогдсон хэвлэлийн бага хуралд Шинэ Өмнөд Уэльс мужийн удирдлагууд болон бусад зочид төлөөлөгчид оролцож, Жэк Ма-гийн домог мэт “түүх”-ийг сонсон сэтгэл нь хөдөлсөн хүмүүс тусыг мартаагүй түүнд халуун алга ташилтаараа баяр хүргэж байлаа. Ньюкасл их сургуулийн захирал Кэролайн Макмиллена хэлсэн үгэндээ, “хэн нэгний гаргасан сайхан сэтгэл ганц гэлтгүй хүүхдийн нэгэн насны амьдралыг өөрчилж чаджээ” гэжээ. “Өнөөдөр бид бүхэн нэгэн гэр бүл, нандин нөхөрлөлийн тухай түүх сонслоо. Хүний анхаарлыг хэчнээн их татаж, сэтгэл хэчнээн их хөдөлгөсөн түүх байв. Энэ түүхээс бид “нэгэн хүний гаргасан сайхан сэтгэл ганц гэлтгүй хүүхдийн ирээдүйн амьдралд хэрхэн нөлөөлж, цаг хугацааг элээсэн мөнхийн сайхан нөхөрлөл болж чадсаныг нотлон харууллаа”.

ХОУP

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


+ 7 = 9