Үнэ чөлөөлж, монополийг задал

Үнийг чөлөөт зах зээлээр биш, хууль журмаар тогтоох нь зөвхөн шийдвэр гаргагчдад ашигтай. Харин хэрэглэгчдэд ашиггүйгээр барахгүй, урт хугацаанд бүр ч ноцтой хохирол учруулдаг. Эдийн засаг нь нээлттэй, чөлөөт зах зээлтэй улсад бүх бараа, үйлчилгээний үнэ зөвхөн эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтээсээ хамааран хамгийн оновчтой тогтоогддог бөгөөд тийм чөлөөт үнийн тогтолцоонд л тухайн бараа, үйлчилгээ олдоц сайтай байдаг.

Социализм нурсан суурь шалтгаан бол Засгийн газар үнэ тогтоодог байсантай холбоотой. Бүх барааны үнэ хямд боловч олоход хэцүү, зөвхөн танил талаа гуйж, хайж, эсвэл урт дараалалд зогсож байж аз таарвал худалдаж авдаг байлаа. 1990-ээд оноос өмнөх үеийн хүүхдүүд гэрийн даалгавраа хийхийн оронд маш олон цагаа мах, сүү, ус, талхны дараалалд зогсож өнгөрүүлж байсан юм.

Монгол Улс ардчилал, зах зээлийн тогтолцоонд 20-иод жилийн өмнөөс шилжсэн боловч гол нэрийн хүнсний бараа, түлш, шатахуун, цахилгаан эрчим хүчний үнийг төр засаг нь зохицуулж, хязгаарласаар ирсэн нь эдийн засгийг хямруулж буй, авлигын дараа орох хоёр дахь том шалтгаан мөн.

ИХ ӨРТӨГТЭЙ, ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ҮЛГЭРҮҮД

Шинэ Засгийн газар бүр “ядарсан ард түмнээ халамжлах” нэрээр ямар нэг урамшуулал, хөнгөлөлт бодож олоод, аль нэг бараа, үйлчилгээний үнийг хянаж, тогтворжуулан, царцааж эхэлдэг. Өмнөх Засгийн газрын орон сууцны хөнгөлөлттэй зээл, барилгын материал, түлш, шатахууны үнийг барих, тогтворжуулах зэрэг дуулиант хөтөлбөрийн эцэст төр засаг нь өрөнд баригдаж, Төвбанк нь нөөцөө шавхаад байгаа.

 

100751d3b0805ecdaf8713750afe975c.jpg

Орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлмэгц үнэ нь хоёр дахин өсөв. Барилгын компаниуд зах зээлийн өндөр эрэлтэд нийцүүлж, бага орлоготой айл худалдан авч чадах орон сууцыг биш, их орлоготой өрхөд зориулсан өндөр үнэтэй орон сууц бариад байсан тул нийслэлд л гэхэд эдүгээ 40 мянган орон сууц борлогдохгүй, ойролцоогоор найман их наяд орчим төгрөгийн хөрөнгө түгжигдээд удаж байна. Арилжааны банкууд улам өссөөр буй муу зээлийнхээ барьцаанд тэдгээр сууцыг хурааж аваад, зарах сонголтоо хэрэгжүүлэх л үлдэв.

Төвбанкнаас 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан шатахуун импортлогч компаниуд дэлхийн зах зээлийн үнэ хамгийн доогуур байх үед бууруулахаа “мартсан” атлаа гадаад зах зээлийн ханш ялимгүй өсмөгц үүнийг дагаад нэмж эхэллээ. Үе үеийн Засгийн газар нь тариалангийн аян гэгчийг зохион байгуулж, уринш болон ургац хураалтын үед хөнгөлөлттэй зээл олгон, үр тариагаа гурилын үйлдвэрүүдэд өндөр үнээр шахдаг боллоо.

Инфляцыг хэмждэг өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний сагсны жингийн талыг эзэлдэг 25 нэр төрлийн бараа, үйлчилгээнээс автобусны тасалбар, улсын болон хувийн их, дээд сургуулийн сургалтын төлбөр, “Алтан тариа” ХК-ийн I гурил, “Атар” талх, ахуйн хэрэглээний цахилгаан эрчим хүч, нэг ам метрийн халаалт, орон сууцны цэвэр усны төлбөрийг төр засаг хянаж, зохицуулж иржээ. Мөн мах болон эрчим хүчний нүүрсний үнийг зохицуулахыг жил бүр оролдож байна.

Энэ бүх хөтөлбөр зах зээлийн үнийг гажуудуулж, бизнес эрхлэгчдэд худал мэдээлэл хүргэснээр хоосон хүлээлт үүсгэж, төр засгийн төсвийг томруулаад зогсохгүй төрийн байгууллагуудыг данхайлгаж, үргүй зардлыг хөөрөгдөх боллоо. Хөтөлбөрүүдийг санаачилсан, зохион байгуулсан төр засгийн эрхмүүд нь тэрбумтан болж, тэдний л хамааралтай бизнес цэцэглэн хөгжиж, том ашиг олж байна.

ӨРСӨЛДӨӨНИЙГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ

Нэг талаас үнэ чөлөөтэй байж, нөгөө талаас аль нэг компани монополь эрх эдлэхгүй үед л эрэлт, нийлүүлэлт хэрэглэгчдийн хувьд урт хугацаандаа ашигтай болдог. Гэхдээ тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээн дээр зүй ёсны монополь үүсэх нь бий ч тухайн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд өрсөлдөгч оролцохыг хаах ёсгүй юм.

Зүй ёсны монополь гэдэг нь зөвхөн нэг компани байхад тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлж буй нийгмийн дундаж зардал хамгийн бага болдог учир нийтээр хүлээн зөвшөөрдөг. Мөн аль нэг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авах зах зээлийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байгаа аж ахуйн нэгжийг давамгай байдалтай компани гэж Өрсөлдөөний тухай хуульд заасан байдаг.

Ийм нөхцөлд монополь болон давамгай компаниуд онцгой байдлаа ашиглан үнээ нэмж байгаа, эсэхийг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн болон олон нийтийн байгууллага хянах шаардлагатай. Төрийн тийм байгууллагыг Монголд байгуулсан нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар юм. Гэвч энэ байгууллага нь 2015 оны зургадугаар сарын 19-нөөс хойш давамгай болон зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчдийг үнээ өөрчлөхийг нь хянах, зөвшөөрөх эрхээ алджээ. Учир нь энэ өдөр УИХ холбогдох хуульд өөрчлөлт оруулж, “Хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгож, тарифын зохицуулалт хийдэг, зохицуулах байгууллагатай салбарт энэ газрын үйл ажиллагаа хамаарахгүй” болгосон байна. Өдгөө эрчим хүч (цахилгаан, дулаан), харилцаа холбоо, ус, төмөр зам зэрэг жам ёсны монополь салбарт үнэ нэмж байгаа нь үнэхээр бодитой, эсэхийг хэрэглэгчдийн өмнөөс хянаж, шаардаж буй ямар нэг байгууллага алга. Эдгээр салбарын үйл ажиллагааны монополь болон өрсөлдөөнд орох бололцоотой хэсгүүдийг салгаж зааглах, нийгмийн зориулалттай хэсгийг ялгах, төрийн оролцоог бүх түвшинд багасгах, хувьчлах шаардлага зайлшгүй гарч буй.

Эрчим хүчинд зүй ёсны монополь нь зөвхөн дамжуулах, цахилгаан холбоонд бол кабелийн сүлжээ (энэ салбарт оператор бүр өөрийн сүлжээг орон даяар байгуулснаар өртөг өсөж, үүнээс улбаалсан гажиг тогтолцоо үүсэн, гар утасны төлбөр буурах боломж эрс багасчээ), цэвэр, бохир усанд ус түгээх, дамжуулах, төмөр замд суурь дэд бүтэц буюу зөвхөн төмөр зам нь, агаарын тээвэрт агаарын шугам ба онгоцны буудал, дуу болон дүрсэн дээр цацах сүлжээ зэрэг болно. Энэ бүх монополийг зөв, өгөөжтэй зохицуулж, хянаж чадвал монголчууд бидний амьдралын зардал багасаж, чанар нь эрс дээшлэх юм.

Үнийг зах зээл нь тогтоож, монополийг зөв хянаж чадвал хувийн хэвшилд үнэн бодит мэдээлэл хүрч, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх суурь нөхцөлийг хангах болно. Мөн төр засгийн авлигыг бууруулж чадвал монголчууд гадаадын зах зээлд гарах бөгөөд зөвхөн дэлхийн хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ хүргэдэг болсон хойно Монгол Улс цэцэглэн хөгжих юм. Үүний бодит жишээ нь Шинэ Зеланд, Финланд, Эстон зэрэг орон байна. Эдгээр улсаар төр засгийн үе үеийн дарга маань хэд дахин айлчиллаа, “сурлаа”. Үр дүнд нь юу үлдэв.

Ер нь энэ бүхнийг зүгээр хийгээд л эдийн засгаа сэргээчихэд монголчууд бидэнд хэн саад болоод байгаа юм бэ?

Д.Жаргалсайхан

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …