“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам боллоо

Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-ын “UB Resort” цанын баазад “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам, цасны баяр боллоо. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн захирагчийн ажлын алба, нийслэлийн харьяа газар, агентлаг, дүүрэг, улсын үйлдвэрийн газруудын удирдлага, албан хаагчид болон Улаанбаатар хотын иргэд цасны баярт оролцсон юм. Хотын удирдлагууд нээлтийн үг хэлж, Олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Д.Сумьяа наадмын бамбарыг асааснаар “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам эхэллээ.

Зуны улиралд үндэсний их баяр наадмаар иргэдийн хөлд дарагддаг хүй мандлын дэвжээ өнөөдөр цасны баяраа тэмдэглэсэн иргэдийн хөл ихтэй өнжсөн юм. Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т өвлийн спорт, аялал жуулчлалыг хөгжүүлж, иргэд, хүүхэд залуусэрүүл агаарт бие бялдраа хөгжүүлэх, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “UB Resort” цанын баазыг байгуулсан билээ.

“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам, цасны баярын нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хот бол сэрүүн  бүсийн хот. Бид Улаанбаатар хотод өвлийн спортыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Зөвхөн зуны улиралд хүй долоон худагт наадам хийж цуглардаг биш жилийн 4 улиралд цуглаж, эрүүл агаар амьсгалж, үндэсний болон өвлийн спортыг хөгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм. Өнөөдөр нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдаас гадна нийслэлийн иргэд, хүүхэд залуус хүрэлцэн ирсэн байна. Та бүхнийг нэг өдөр сайхан амарч, баярлахыг хүсье.” гэлээ.

“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадамд зориулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, агентлаг, оролцогч байгууллагууд цас мөсөөр бүтээл урлаж, мөсөн хотхон байгуулж, шилдэг бүтээлийг шалгарууллаа.

Мөн наадам зохион байгуулах ажлын хэсгийн зүгээс болон байгууллагууд олон олон уралдаан тэмцээн зохион байгуулж, нэг өдрийг эрүүл агаарт хөгжилдөж өнгөрүүллээ. Иргэд мөн “UB Resort” цанын баазад цана, чарга, тэшүүрээр гулгаж, морин чаргаар аяласнаас гадна цаа буга, шонхор зэрэг амьтадтай зургаа авахуулж байсан юм.

Нээлтийн үеэр нийслэлийн 2016 оны шилдэг 5 спорт багт хотын удирдлагууд шагнал гардууллаа. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дэргэдэх биеийн тамирын баг, Нийслэлийн Архивын газрын биеийн тамирын баг, Нийслэлийн Онцгой байдлын газрын биеийн тамирын баг, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дэргэдэх биеийн тамирын баг, ахлагчтай Нийслэлийн Зураг төслийн газрын биеийн тамирын баг тус тус 2016 оны шилдэгээр шалгарч, шагналаа гардлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …