Г.Төмөрбаатар: Нийтийн тээвэрт шинэчлэл хэрэгтэй байна

Энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаа Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс бэлтгэлээ. Нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатар ажлаа аваад дөрвөн сар гаруй болж байгаа ч салбартаа нэлээд ажил амжуулжээ.

ЗУРГААН ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ  БАЙГУУЛЛАГА ХҮЛЭЭН АВЧЭЭ

Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл нийслэлчүүдийн төлөө цаг наргүй ажилладаг нийтийн тээвэр бидний амьдралд  онцгой үүрэг хүлээдэг. Нэг сая гаруй хүн амтай нийслэлийн аж амьдралыг залгуулдаг энэ салбар эрэлт хэрэгцээ ихтэйн дээр хэл ам ч салдаггүй.  Энэ их айлын өрхийн тэргүүн солигдоод дөрвөн сар гаруй болж байна.

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирлаар Г.Төмөрбаатар хэмээх салбартаа нэлээд хүндтэй эрхэм очсон байна.  Нэгтгэлийнхэн  ч түүнийг “Зөв хүн ирлээ” хэмээн алга ташин угтсан гэдэг. Тэрбээр энэхүү байгууллагыг зургаан тэрбум гаруй төгрөгийн өртэй хүлээн авч дөрвөн сарын хугацаанд дөрвөн тэрбумыг нь дараад байна.

Мөн нийтийн тээврийн түүхэнд байхгүй цуврал хурал зохион байгуулж, хамгийн бага нэгж буюу жолооч, шалгагч нарынхаа санал бодлыг сонсохоос ажлаа эхэлжээ.

Тэрбээр энэ тухайгаа “Би дөрвөн сарын хугацаанд өрийг багасах талаар нэлээд ажил хийлээ. Миний санаачилсан ажил хэдий ч хамт олны минь хичээл зүтгэл их байлаа. Хамгийн эхлээд хэрэглээгээ хасах, хянах ёстой гэж үзсэн. Энэ том байгууллага хэрэглээгээ хумьж чадахгүй бол эмх замбараагүй юм болно. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ийм л юм болсон  байна.

Харин одоо зөв удирдлага нэг системд орж өгснөөрөө өрийн асуудалгүй болж байна” гэв.  Мөн зарим байгууллагын дарга нар ажлаа аваад өрөөнийхөө тохижилтыг  хэдэн арван сая төгрөгөөр хийж шүүмжлэлд өртсөн. Харин Г.Төмөрбаатар захирал 500 мянган төгрөгөөр тохижуулжээ. Түүний өрөө тохь тухтайн дээр хана нь орчин үеийн шийдлийг харуулах өвөрмөц өнгө төрхтэй болж чаджээ.

Байгууллагынхаа өрийн асуудлыг шийдэж, ажилчдынхаа санал бодлыг сонсон ирэх дөрвөн жилийнхээ ажлын төлөвлөгөөг гаргасан Г.Төмөрбаатар захирал одоо нийтийн тээврийн шинэчлэлийн асуудалд толгойгоо өвтгөж сууна.  Ийнхүү энэ салбарт ирэх дөрвөн жилд өрнүүлэх ажил болон шинэчлэлийн асуудлаар түүнтэй ярилцсанаа хүргэе.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН КОМПАНИУДЫГ НЭГТГЭСЭН НЬ ЗӨВ БАЙВ

Г.Төмөрбаатар Завхан аймгийн Их-Уул сумын хүн. Өмнө нь “Автобус -1”  компанийн захирлаар  ажиллаж байсан тэрбээр энэ салбарт сэтгэл зүрхээ өгчээ. Тэнд ажиллах хугацаандаа нийтийн тээвэрт нэлээд хэдэн жишгийг тогтоосон байна.  Энэ салбарт дутагдаад байгаа хяналтын системийг бий болгож,  алдагдалтай, үг ашиггүй байдлыг үгүй хийж, харин ч орлогыг нь нэмэгдүүлж ажилласан байдаг.

Тухайн үед нэр хүндтэй, салбараа мэдэрч ажилласан учраас Г.Төмөрбаатарыг эргээд Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал болоход ажилчид нь сэтгэл дүүрэн угтсан байх. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд гурван баазыг нэгтгэж нэгтгэл болголоо. Үүнд давуу тал нэлээд бий.

Бүтэц зохион байгуулалт багасч баазын загварын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.  Тэр үед “Автобус -III”-ын хувьд биеэ авч явж чадахгүй хэмжээнд хүрсэн байв. Машин техникийн насжилт найман жил гаруй болсон.  Эко автобус мөн адил улсын төсөвт алдаг­далтай ажиллаж байв. Хамгийн сайн үйл ажиллагаа явуулж байсан “Автобус-I” юм.

Энэ бүхнийг нэгтгэснээрээ нийтийн тээвэр маань биеэ авч явах чадвартай болсон” гэж байв. Ийнхүү тэрбээр “Автобус-I” компанийг удирдахдаа үлгэр жишээ ажиллаж, түүний бааз суурь дээр нэгтгэл үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ одоо нийтийн тээврийн салбарт байдал тэс өөр байна.

Г.Төмөрбаатар захирал энэ тухайгаа “Би нэгдүгээр баазын захирал байхдаа хяналтын системээ өөрөө хийсэн. Нийтийн тээврээс орлогоо ч олж зарлагаа ч зардаг. Харин улсын төсвөөс юу ч авдаггүй байлаа.  Манай бааз Монголын топ 50 аж ахуй нэгжийн тоонд ордог байв.  Гэтэл одоо бидний тухайн үед хийж байсан зүйлийг бүгдийг устгаж байна. “Смарт карт” гэх зүйл орж ирснээрээ нийтийн тээврийн хөгжлийг урагш татах биш хойш нь ухрааж” гэв.

 “СМАРТ КАРТ” ЯАГААД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙГ УХРААХ БОЛОВ

Автобусны төлбөрөө карт уншуулаад төлчихдөг энэ системийг бид нийтийн тээвэрт нэгэн шинэчлэлээ хэмээн харж байсан.  Гэтэл газар дээр байдал арай өөр байна.  Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатар үүний эсрэг саналтай байна.

Тэрбээр “Смарт карт” орж ирснээр аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нэртэй манай аж ахуйн нэгжийн нэр томьёолол өөрчлөгдсөн. Төсвөөс бүрэн дүүрэн хараат санхүүждэг болсон. Бид орлогоо олоод зарлагаа зардаг байсан бол одоо орлого зарлагаа бүрдүүлж нийслэлд өгөөд тэндээс хуваарилуулж авдаг болсон. Энэ бол маш хүндрэлтэй нөхцөл.

Аж ахуйн нэгжийн  хувьд зүгээр л нэг Төрийн компани болсон. Бааз байгууллагын хөгжил зогсонги байдалтай боллоо. Мөн нийтийн тээврийн  бүх эрхийг гадны нэг компанид өгчихөж байна.  Та бүхэн карт худалдаж авлаа гэхэд тэр мөнгө шууд солонгос компанийн данс руу орж байна.  Тэд өнөөдөр манай хүн амын хэд нь автобусанд суудаг, хэд нь оюутан, хэд нь ахмад настан гээд бүхнийг мэдэж судалж байна.

Хяналтын системээ бид гадныханд алдсан. Нийтийн тээврийн 20 компани байна. Смарт карт бусад жижиг  автобус компаниудад ашигтай  байж магадгүй. Харин манай төрийн өмчит үйлдвэрийн газарт ашиггүй, ямар ч үр дүнгүй.

-Иргэд “Смарт карт”-ыг нийтийн тээврийн шинэчлэл гэж харж байгаа?

-Тэгж харж байгаа хүмүүс мөнгөө ураад хийх үү.  Иргэд мөнгөн тэмдэгтийг урж байна, хог цаасаа хийдэг боллоо. Иргэн хүн төрөөс үйлчилгээ үзүүлнэ гэдгийг ойлгохгүй байна.  Мөн бидэнд мөнгөө нэхэх эрхзүйн орчныг байхгүй болгосон.  Нийгмийн ухамсарт тулгуурлаж төлөх ёстой шүү гэсэн реклам зар сурталчилгаа хийж хууль эрхзүйн орчныг хэлж ойлгуулж өгөх тал дээр юу ч хийхгүй байна.

Хоёрдугаарт манай улс ганцхан том хоттой. Гэтэл хөдөөнөөс ирсэн хүмүүс шууд л карт аваад үйлчлүүлэх үү. Үүнийг яагаад тооцож үзээгүй юм бэ. Ингээд ярихаар дарга нар нь өөрсдөө автобусаар явж үзээгүй нөхөд байдаг. Монголын амьдралыг мэдэхгүй дарга нар Монголыг удирдаж байна. Яаж ойлгохов дээ.

Ийм амьдралгүй хүмүүс байгаа болохоор аливаа нэгэн салбарт шинэчлэл хийхэд бэрхшээлтэй байна. Тэгэхээр Монголын маань хүн амын хэдэн хувь нь түүнийг шинэчлэл гэж харж ойлгох вэ гэдэг нь чухал юм.  Энэ бол олон улсад  хуучин байсан л юм. Энэ үнэхээр манай нөхцөлд таарсан  шинэчлэл байсан бол цаашаа явдаг л байх ёстой.  Гэтэл үүнийг дагасан муу үр дагаврууд гараад байна. Үүнийг бид бодолцох ёстой”  гэж байв.

ТҮҮНИЙ ШИЙДЭЛ: УЛАМЖЛАЛДАА ТУЛГУУРЛАХ

Олон улсад нэг сая 500 мянган хүн амтай манайх шиг нягтралтай оронд нийтийн тээвэр нь ийм байна гэсэн стандарт бий.  Тэрхүү стандартын дагуу нийтийн тээврээ төлөвлөх нь зүйтэй гэдэгтэй Г.Төмөрбаатар захирал санал нэгтэй байна. Түүнээс биш  солонгос шиг бөөгнөрсөн газарт мөрдөгддөг стандартыг Монголдоо авчирч хүчээр нутагшуулах нь оновчгүй гэж байна.

Смарт карт нь технологийн шинэчлэл мөн боловч салбартаа шинэчлэл авчраагүй гэдгийг түүний яриа харуулж байв.  Тэрбээр “Өнгөцхөн харахад “Смарт карт” шинэчлэл мөн, харин амьдралын гүнд нь орвол энэ салбарыг үнэндээ сүйрүүлж байна.  Монгол мөнгөн тэмдэгтээ хоёр жил урууллаа, бид. Компаниудад эмх замбараагүй байдал үүсч байна. Удирдаж байгаа бидэнд зовлонтой байна шүү дээ.

Мөн яагаад энэ салбарт монгол инженерээ оруулдаггүй юм бэ. Үйлчилгээний асуудал дээр гадны хүн ирээд зөвлөх юм бол “Өө сайн байна, Зөв” гэж ойлгоно. Монгол хүн нийтийн тээврийн шинэчлэл гэж ярихаар ойлгохгүй байна гээд шалтаг тоочдог асуудал энэ салбарт  байдаг. Мөн смарт картаар уншуулж байгаа  мөнгө хаана хэрхэн очиж байгааг  иргэд мэддэггүй. Иргэд смарт карт уншуулснаар жилд 10 орчим тэрбум төгрөг төвлөрдөг байна.

Энэ мөнгө улсын төсөвт эсвэл монгол компанидаа орох ёстой байдаг. Гэтэл шууд Солонгосын компанийн данс руу орж байна. Тэр мөнгө хэрхэн эргэлдэж байгааг бид мэдэхгүй байна” хэмээн тэрбээр ярьж байв. Г.Төмөрбаатар захирлын нийтийн тээврийг хөгжүүлэх шийдэл нь уламжлалдаа тулгуурласан техник технологи байна. Урьд нь хөгжиж ирсэн зүйлээ үгүйсгээд сайн юм хийнэ гэж байхгүй. Мөн шинжлэх ухааны үндэстэй, тооцоо судалгаатай.

Монгол үндэсний соёлдоо тулгуурласан юм хийх хэрэгтэй гэдгийг тэрбээр хэлж байв.  Тэгэхгүй бол ард түмнийг хуурч мөнгө угаадаг систем салбар бүрт гарч ирлээ гэдгийг тэрбээр сануулж байв.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН УДИРДЛАГЫН ТӨВТЭЙ БОЛНО

Г.Төмөрбаатар дарга нийтийн тээврийг шинэчлэхдээ байгаа бүтэц дээрээ тулгуурлан ажиллана гэдгээ хэлж байсан.   Тухайлбал, дотоод хяналтын системээ сайжруулж нисэх онгоцны буудал шиг хяналтын системтэй болгохоор төлөвлөжээ. Тэрбээр энэ ажлынхаа  тухай  “Бид GPS-ээр автобуснуудынхаа хөдөлгөөнийг хянадаг, бензин идэлт, хурдыг нь тооцоолдог баймаар байна. Мөн нийтийн тээврийн удирдлагын төв нь  одоо хаана ямар автобус явна гэдгийг бүрэн удирдаж, мэдээлдэг юм байна.

Тэрбээр “Би өмнө нь нэгдүгээр баазад байхдаа яг ингэж удирддаг байлаа. Гэтэл үүнийг устгаад хаячихсан.  Мөн автобусыг нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зор­чуулдаг болмоор байна.  Засаг даргын захирамж гарсан ч гэсэн биелүүлэхгүй байна.  Буудал дээр өөр машин орж зогсоод тэгээд манай жолооч нарыг зөрчил гаргалаа гэж торгодог. Мөн автобус маань тохилог дулаахан байх ёстой. “Аз жаргалтай Улаанбаатар” гэсэн уриатайгаа нийцэж байх ёстой. Мөн график шинэчлэлийн асуудал бий. Маршрут байх ёстой.

Троллейбусыг төв замаар үнэгүй явуулж болно. Иргэдэд ямар их хэмнэлттэй байх вэ? Энэ мэтчилэн бид одоо байгаа юман дээрээ л шинэчлэлээ ярих ёстой. Энд байгаа ажилчид, инженер техникийнхэн дээр тулгуурласан нэг шинэчлэл яривал тэр нь үр дүнтэй. Тэгэхгүйгээр  цоо шинэ зүйлийг авчраад нутагшуулах гэхээр таарахгүй байна.

Одоо энэ нэгтгэл компанийг тараана, шалгагчдыг өөр компани болгоно энэ тэр гэж ярьж байгаа.  Болж байгаа юмыг өөр компани аваад яах юм бэ. Тэд олон жилийн туршлагатай биднээс илүү ажиллаж чадах уу. Нэг нөхөр төсөл хэрэгжүүлээд хийж чадах уу,  үгүй л байхгүй юу. Энэ салбарыг зарим нь бизнес мөнгө л гэж хараад байна. Хаана мөнгө байна гараа дүрэхийг санаархагчид олон болжээ. Тэр хэсэг хүмүүсийн олз болгомооргүй байна гэлээ.

Бид 2008 онд 800 автобус оруулж ирж парк шинэчлэл хийсэн байдаг.  Түүнээс хойш энэ салбарт парк шинэчлэлийн ажил бараг хийгдээгүй.  Г.Төмөрбаатар захирлаас ирэх жилүүдэд автобусаа шинэчлэх болов уу хэмээн асуухад “Парк шинэчлэл хийхэд ядаад байх зүйл байхгүй.  800-хан автобус оруулж ирэхэд л боллоо.

Одоо 800-1,000 автобус оруулж ирэх талаар ярьж байна.  Өгье гэсэн газар хангалттай байна.  Үнэгүй өгье гэсэн газар ч байна.  Зарим хүмүүс олдохгүй юм шиг яаж ийгээд  олоод ирсэн юм шиг ярьдаг.  Би өмнөх дөрвөн жил автобус үйлдвэрлэдэг бараг бүх л компаниудаар орсон. Бидэнд боломж бий. Гэхдээ парк шинэчлэхдээ энэ асуудлыг цогцоор нь шийдэх ёстой” гэв.

“Daewoo”  автобус оруулж  ирлээ гэхэд түүнийг угаадаг, дугуйг нь засдаг, өргөдөг тоног төхөөрөмжтэй нь авах ёстой гэнэ. Гэтэл шинэчлэл хийх нэрээр ганцхан цулгай автобусыг нь аваад ирдэг гэнэ. Түүнийг  дараа нь засч  янзлахад  тоног төхөөрөмж, эрэг боолт  нь таарахгүй гээд ажилчдад бөөн  зовлон болдог байна.

Мөн эко автобусыг Монголдоо үйлдвэрлэж байгаа нь  сайшаалтай ч сервис үйлчилгээ ч дутагдалтай байгаа гэнэ. Данхраад угаадаг систем, өргөдөг тоног төхөөрөмж нь байхгүй учраас ямар нэгэн эвдрэл гэмтэл гарахад багагүй хүндрэл үүсдэг байна. Захирал дарга нар нь  хүртэл очоод яадаг юм, энэ боолт нь таарах уу яах уу гээд л өдөр шөнөгүй эрэг боолт эрж хайх ажилтай болдог ажээ.

Тиймээс парк шинэчлэл хийхдээ иж бүрнээр шинэчлэхээс гадна түүндээ зориулан  инженер техникийн ажилчдаа ч сургах,  дадлагажуулах, урьдчилан бэлтгэх шаардлагатай хэмээн Г.Төмөрбаатар захирал ярьж байна. Ямар автобус хаанаас авах гэж байгаатайгаа тохируулан хүмүүсээ ч тэнд сургах нь зүйтэй гэнэ. Түүнээс биш нэг хоосон автобус авчирч өгөөд хаячихдаг тэр нь эргээд инженер техникийн ажилчдад дарамт болж буй тогтолцоог өөрчлөх цаг болсон. Үүнд дорвитой өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж байв.

Одоогоор зорчигч тээврийн нэгтгэл нь 350 орчим автобустай үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнээс 200 гаруй  “Daеwoo” автобусны ашиглалтын хугацаа дуусчээ. Тэрээр “Манай компанийн ажилчид ашиглалтын хугацаа дууссан автобусыг бүх эд ангиар нь салгаж, засч, янзлаад үйлчилгээнд явуулж байна. Өдөр шөнөгүй ажиллаж өдөрт хэдэн арван автобусыг энэ мэтээр янзалж байна.

Найман жил болсон автобус бол нэлээд хэцүү болдог.  Манай угсраа урт автобуснууд Монголын нөхцөлд явахгүй байна.  Таван шар  дээр очоод эргэж чадахгүй зогсч байна.  Халтиргаанд хий эргээд явахгүй. Нэг км-т нэг литр бензин идэж байгаа.  Ийм ашиггүй үр дүнгүй ажиллаж байна. Үүнийг өөрчлөхийг төлөө ажиллах болно” гэв.

Мөн тэрбээр нийтийн тээврийн салбарыг автобусаа мэдэхгүй дарга нар удирдаж байгаа цагт хөгжихгүй хэмээн ярьж байв.  Тэрбээр энэ тухайгаа “Мэддэгийнхээ үгэнд бас орохгүй байна. Дарга нар маань цаанаа япон, америк англи, солонгос зөвлөгчтэй. Монголын нутаг дэвсгэр дээрээ л толгойгоо ажиллуулдаг болчихвол ганцхан нийтийн тээврийн салбар биш Монгол орон хөгжих боломжтой.

Монголыг монгол ухаанаар л удирдах ёстой. Ю.Цэдэнбал гуай монгол ухаанаараа удирдаад тал дээр тарсан монголчуудыг бөөгнүүлж чадсан. Одоо тийм хүн байна уу байхгүй. Дөрвөн жилийг яаж өнгөрүүлэх вэ гэсэн бодолтой хүмүүс  байна. Тэгээд дарга нар  дөрвөн жилийн дараа ард түмнээс яаж санал авах вэ гэсэн бодолтой л байна шүү дээ.

Ийм байхад Монгол Улс яаж хөгжих юм бэ” хэмээж байв.  Ийнхүү тэрбээр хийсэн ажилтай учраас нийтийн тээврийн салбартаа хүлээн зөвшөөрөгдөж чаджээ.  Тиймээс түүний дээрх хэлсэн үг санаа шийдлүүд нь энэ салбарынханд нэлээд жинтэй тусах биз ээ.  Зорчигч тээврийн нэгтгэлийн захирлын ажлыг аваад хамгийн эхний хийсэн ажил нь байгууллагаа тугтай болгосон гэдэг.

Тугтай байгууллага цаанаа л нэг сүр сүлдтэй байдаг хэмээж байлаа. Түүний дараа өргүй болох санаачлага дэвшүүлэн дөрвөн жил хураасан өрийн дийлэнхийг  дөрөвхөн сарын дотор шийдэж чадсан зэрэг түүний ажлын талаарх сайн сайхан мэдээллийг дуулгахад таатай байна.

Зорчигч тээврийн нэгтгэлд дөрвөн сарын хугацаанд хийсэн ажлууд:

  • Г.Төмөрбаатарын санаачлагаар удирдлагын нэгдсэн шуурхай зөвлөгөөнийг орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан явуулдаг боллоо.
  • Орчин үеийн интернэт мэдээллийн сүлжээг ашиглан wechat-р нэгтгэлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай солилцдог болов.
  • Сэлбэггүйн улмаас 2-3 жил зогсолтын байдалтай байсан 11 троллейбусны эхний гурвыг нь  үйлчилгээнд гараад байна. Цаашид үлдсэн троллейбусны засвар үйлчилгээний ажлыг түргэн шуурхай зохион байгуулж үйлчилгээнд гаргахаар төлөвлөж байна.
  • Шилдэг бааз, шилдэг жолооч шалгаруулахаар болж аваар осолгүй хамт олон болох төлөвлөгөөг дэвшүүлэн ажиллаж байна.
  • Нэгтгэлийн захиргааны байрны урд болон бусад бүх баазуудад Төрийн далбаа, нийслэлийн туг, байгууллагын далбааг хүндэтгэн залж байршууллаа.
  • Баазын нэг давхрын засварын ажил, цайны газар засварчдын хувцас солих өрөө, халуун ус, угаалгын цех, жолооч нарын амралтын өрөө, гражийн хаалгыг шинээр сэргээн засварлах, аравдугаар дэд станцын засварын ажил, троллейбусны шугамын уулзварууд дээрх контактны огтлолцлуудыг шинээр хийв.
  • Гуравдугаар баазын засварын инженерийн өрөө,хөдөлгөөний удирдлагын төв, дулааны гадна гол шугам 210 м, цэвэр усны 420м шугамыг солив.
  • Гуравдугаар баазын 25 жилийн ойн хүрээнд гадна сүүдрэвч, ээлжийн инженерийн өрөөнд мэдээллийн урсдаг самбар, байгууллагын гадна хаяг, гадна байрлах мэдээллийн урсдаг самбарыг ажилчдын хандиваар шинээр хийв.
  • Ажилчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Чин сэтгэлийн аян” таван удаа зохион байгуулж, долоон ажилтанд нэг удаагийн 6.5 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүллээ.
  • Байгууллагын хүрээнд “Нүүрс”, “мах” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж ажилтнуудад хөнгөлөлттэй үнээр, мах, нүүрсийг олгож, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэв.
  • Ажилчдынхаа ажиллах нөхцөлийг хангах зорилгоор 24 цагийн үйл ажиллагаатай 94 дүгээр цэцэрлэгт 56 хүүхдийг хамрууллаа.
  • Ажилчдын хүсэлтээр харилцагч банкыг өөрчлөн  “Голомт банк”-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, нэгтгэлийн 500 гаруй ажилтанг 5. 7 тэрбум төгрөгийн зээлд хамрууллаа.
  • 2016 онд өндөр насны тэтгэвэрт гарсан 37 ажилтанд дотоод журмынхаа дагуу 77.9 сая төгрөгийн тэтгэмж олгожээ.
  • Ажилтан албан хаагчдын эрүүл мэнд, дархлаа, биеийн эсэргүүцлийг сайжруулах зорилгоор витаминжуулалтын аянд 1,200 ажилтныг хамруулсан байна.
  • “Цус бэлэглэж-Амьдрал хайрлая” аянд ажилтнуудаа идэвхтэй хамруулсан байна.
  • Гавьяаныхаа амралтаа эдэлж суугаа гурван баазын үе үеийн 747 ахмад тээвэрчидээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
  • Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Ш.Дашцэрэнг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
  • Нийт ажилчдын урам зориг, хийморь лундааг сэргээн, аваар осолгүй  ажиллах зорилгоор 2016 оны арванхоёрдугаар сард “Сайн номуун” “Тарвалин”, “Их хүрээ” хийдийн лам хуврагуудыг бааз тус бүр залан авчирч Алтан шар замын ерөөл айлтгуулжээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …