”Бидний цөөхөн Монголчууд” төсөл Налайх дүүргээс эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан М.Зоригтын санаачлагаар “Бидний цөөхөн Монголчууд” төслийг эхлүүллээ. Уг төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа М.Зоригтын төрсөн нутаг Нийслэлийн Налайх дүүргийн Соёлын төв ордонд өчигдөр /2017.01.18/ болов.
Төслийн нээлтийн ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Монгол Улсын шатрын их мастер н.Энхтуул нар оролцлоо.

Төслийг санаачлагч “Мөнхчулуун сан”-гийн тэргүүн, УИХ-ын гишүүн, Зам тээврийн яамны сайд асан М.Зоригт арга хэмжээг нээж, “Миний аав, ээжийн хөдөлмөрийн гараагаа эхэлсэн, аавын минь нэрээр овоглосон сан энэ төслийг хэрэгжүүлж байгаа, наран ургах зүгт байрлах Налайх хотоос эхлэх ёстой гэж үзээд эх орноо нар зөв тойрох гараагаа эхэллээ” гэж хэлэв.

Төслийн баг 12 хүний бүрэлдэхүүнтэй, туулах чадвар сайтай гурван автомашинтайгаар Монгол орны 21 аймаг, 400 гаруй сум, сууринд нэг бүрчлэн хүрч, нутаг нутгийн зан заншил аж байдлыг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан баримтжуулж, мэргэжлийн өндөр түвшний цогц архив буй болгохоор төлөвлөжээ. Тэд Монгол орныхоо нэг ч аймаг, сум, сууринг үлдээлгүй тойрон аялах аж.

Тэдний гол зорилго нь XXI зууны Монголчууд хэрхэн аж төрж байсан хийгээд өнөөгийн Монголчуудын ахуй амьдрал, онгон дагшин байгаль хоорондын шүтэлцээ, уламжлалт ёс, зан заншил зэргийг түүхэнд тэмдэглэн үлдээхэд оршиж буй юм байна.

Төслийн багт гэрэл зурагчид багтсанаас гадна МҮОНТ-ийн уран бүтээлчид ч багтсан аж. Учир нь тойрон аяллын хүрээнд 400 гаруй цуврал нэвтрүүлгийг олон нийтэд хүргэх юм байна. Мөн Монгол орны 245 мянган км замыг гурван жилийн хугацаанд туулж, бүрэн хэмжээний кино, 10 баримтат кино, 20 ном товхимол бичиж үлдээхээр төслийн багийнхан зориг шулууджээ.

Төслийн нээлтэд Налайх дүүргийн алдарт суутнууд, ахмад настан, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд амьсгалын аппарат 2 ширхэгийг гардуулан өгсөн юм.
Энэ үеэр шатрын их мастер Энхтуул Налайхын хүүхэд залуусын шатрын хөгжилд өөрийн чадах бүхнээрээ хувь нэмрээ оруулахад нээлттэй гэдгийг онцолсон юм.

Мөн Налайх дүүргийн гэрэл зурагчин Сүхбаатар төслийн удирдагч М.Зоригтод тус дүүргийн “Майхан” хайрханы гэрэл зургийг гардуулж, аялалд нь ерөөл өргөн, аяны дөрөө мялаав. Түүнийг төслийн баг хэдий нь бүрдсэн ч багтаа авч хамтран ажиллах болсноо М.Зоригт мэдэгдлээ.

Сонирхуулахад төслийн багийнхан очсон газар нутаг бүртээ “Шүүдэр дундуур” уран сайхны киног олон нийтийн хүртээл болгох бөгөөд Налайх дүүргийн ард иргэдэд үнэ төлбөргүй үзүүллээ. Ийнхүү Наран ургах зүгийн нутаг Налайх дүүргээс “Бидний цөөхөн Монголчууд” төслийн нээлт албан ёсоор эхэллээ.

Энэ өдрүүдэд кино, нэвтрүүлгийн зургийн багийнхан Налайх дүүрэгт ажиллаж, зураг авалтаа хийх юм.
Төслийн ач холбогдол, үр дүн нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийд гайхагдсан соёлын үнэт өв болно гэдэгт итгэж байна. Алтан шар зам өлзийтэй байж, аяны богц дүүрэн байг ээ.

 

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …