Хориодхон хоногийн дараа охид, эмэгтэйчүүд айдасгүй болно

 “Аав архи уучихсан бол яана аа”, “Аав аа намайг бас ээжийг минь битгий зодооч”, “Аав аа та дахиж архи уухгүй тийм ээ” гэх зэргээр бяцхан хүүхдүүд аавыгаа аргадаж, учирлан гуйх нь өрөвдөлтэй. Энэ бол хаалттай хаалганы цаана өрнөдөг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн туйлын хүсэл. Энгийнээр тайлбарлавал эхнэр нөхрийн зодоон цохион. Гэр бүлийн хүчирхийллийн гол хохирогч нь өөрийгөө хамгаалж чадахгүй бяцхан хүүхдүүд болон эмэгтэйчүүд байдаг. Эрчүүд ихэвчлэн архи уусан үедээ гэр бүлийнхэндээ ямар нэгэн байдлаар хөлчүүрхэн улмаар хэн нэгнийхээ амь насанд хүрч байж зарим нь сая нэг ухаардаг. Харин зарим нь гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа үйлдэж, сүүлдээ түүнийгээ зуршил болгодог гэхэд буруудахгүй. Эчрүүд дарвиж хэн нэгэнтэй архи ууж ирчихээд жижигхэн асуудлыг дэвэргэж, эхнэр хүүхэддээ бяраа үзүүлэх нь сүүлийн үед энгийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Тэдний ийм үйлдлийг хөрш айлынхан нь мэдсэн атлаа “эр эмийн хооронд илжиг бүү жороол” гээд дуугүй орхидог. Гэтэл тэнд л гэр бүлийн хүчирхийлэл жинхэнэ утгаараа үйлдэгдэж, эцэст нь хэн нэгний алтан аминд хүрч байгааг бид дуугүй харсаар суух уу. Эсвэл…?

Хэн нэгэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгааг харчихаад холбогдох байгууллага, цагдаагийнханд хандаж тухайн үйлдлийг таслан зогсоосноор сүүлд нь би өөрөө буруутан болж, заналхийлэлд өртөхвий гэсэн болгоомжлол, айдас иргэдэд байдаг учир дуугүй өнгөрдөг нь олонтаа. Хөршийнхөн болон хөндлөнгийн хэн нэгэн ийм л хандлагатай явдгаас болж хаалттай хаалганы цаана өрнөх гэр бүлийн хүчирхийлэл өнөөдрийг хүртэл бидний дунд оршсоор байна. Сүүлийн үед энэ төрлийн хэрэг аль нэгэн айл өрхөд байнга шахам хэрнээ нууцхан үйлдэгддэг болсон. Өнгөрсөн зургаан жилийн байдлаар 5100 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, гэмтэл бэртэл авч, 90 гаруй нь нас барсан байна. Тэр дундаас олны анхааралд хүрч, нийгмийг нийтээр нь цочроосон аймшигтай бас харамсалтай хэргүүдийг товчхон эргэн санацгаая. Тухайлбал, одоогоос хоёр жилийн өмнө нэгэн охин төрсөн эцэг, хойд ээжийнхээ гарын “шүүс” болж шархаа даалгүй амиа алдсан харамсалтай хэрэг олныг цочирдуулж байв. Тухайн үед хойд ээж нь жирэмсэн байсан. Хэвлийдээ тээж яваа үртэйгээ адилхан дөрөвхөн настай бяцхан охиныг бурхны оронд очтол зодсоныг нь бодохоор үнэхээр жигшмээр. Энэ бол жинхэнэ харгислал. Мөн 2014 онд арван сартай болон таван настай хоёр хүүхдээ автомашинд түгжин, бензин цацан онц харгис, хэрцгий аргаар хүүхдүүдээ галдан шатааж амь насыг нь хохироож байсан. Бас л хүний санаанд багтамгүй хэрцгий үйлдэл. Оны өмнөхөн Дорнод аймагт энэ төрлийн нэгэн хэрэг гарч, нийгмийг сэртхийлгэсэн. Тодруулбал, бусдын адил сурч боловсрон, тоглож наадаж явах долоохон настай хүүгийн амь насыг аавтай нь хувийн харилцаатай байсан эмэгтэй нэгэн этгээдэд 200 мянган төгрөг өгч захиалгаар хөнөөлгөсөн байдаг. Мөн л ялгаагүй эх хүний санаанаас гармаагүй, зүрхэлж хиймээргүй үйлдэл. Хүүгийн амь насыг хөнөөлгөх болсон гол шалтгаан нь өөрийг нь хайрлаагүй байдал гэдэг. Зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө бусдын алтан амь насыг хэдхэн төгрөгөөр үнэлж, захиалгаар хөнөөлгөж буй нь бас л жигшүүртэй. Түүнчлэн он солигдох мөчид буюу өнгөрсөн сарын 31- нд дөрөвхөн настай хүүг ээжийнх нь хамтран амьдрагч хятад иргэн заазуурдаж, амь насыг нь хөнөөсөн билээ.

Энэ мэтчилэн хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, бие махбодь, сэтгэл санаагаараа хохирч, цаашлаад юугаар ч үнэлж баршгүй алтан амиа алдсан тохиолдол олон бий. Дээр дурдсан нь гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй хэргүүдийн наад захын хэдхэн жишээ. Үүний цаана хэчнээн хүүхэд, эмэгтэйчүүд хэн нэгний гарын “шүүс”, амны “бай” болж байгаа бол. Учир нь, ихэнх тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл олны дунд тэр бүр ил болдоггүй. Хүчирхийлэгчид “Энэ талаар хэн нэгэнд хэлвэл дахиж….” гэснээс болж нуун дарагдаж, хүүхэд, эмэгтэйчүүд үргэлж тэдний дарамтад амьдрах болдог. Товчхондоо, гэр бүлийн хүчирхийлэл нь бидний мэддэг хэрнээ ил гаргадаггүй ертөнц. Энэхүү харгис, хэрцгий, жигшүүртэй ертөнц яагаад өнөөдрийг хүртэл бидний дунд, хажууханд минь байсаар байна вэ. Энэ төрлийн хэргийг нэг бүрчлэн, эцэслэн зохицуулах хууль байхгүй нь үүний гол шалтгаан юм. Хэрэв хуулийн хатуу хариуцлага дор гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж байсан бол өнгөрснөөс өнөөдрийг хүртэл нийгмийг цочирдуулсан, олон нийтийг бухимдуулсан, жигшүүлсэн, харгис хэрцгий хэрэг шил дараалан гарахгүй байсан байж магад.

Одоо харин энэ төрлийн хэрэгт таслал биш цэг тавих цаг нь ирсэн. Тодруулбал, 20 хүрэхгүй хоногийн дараа буюу ирэх сарын 1-нээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхлэх юм. Ингэснээр өдөр бүр, цаг, минут тутамд анхлан болон давтан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч, хүчирхийлэл болж буйг харсан, сонссон атлаа мэдээгүй юм шиг өнгөрөөсөн хүмүүс хуулийн хариуцлагын гадна үлдэх ёсгүйг хууль санаачлагчид онцолж буй. Хуулийн онцлох зүйл заалтаас дурдвал, гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа үйлдсэн тохиолдолд тухайн этгээдийг хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх эсвэл зургаан сар хүртэлх хугацаагаар баривчлахаар тусгажээ. Харин энэ төрлийн хүчирхийллийг анх удаа үйлдсэн бол 7-30 хоног баривчилж, шүүх, прокурор мөрдөн байцаагч тодорхой нутаг дэвсгэрийг хорихоор заажээ. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэл үйлдэгч хохирогчид ойртох нутаг дэвсгэрийг зааж, албадлагын арга хэмжээ авах зохицуулалт хийсэн байна. Товчхондоо, давтан үйлдэл бүрт нь хуулийн хариуцлага чангахан ногдуулахаар хуульд зохицуулалт хийсэн учир хэн нэгэн дахин дахин хүчирхийлэл үйлдээд байхыг хүсэхгүй биз. Өөрөөр хэлбэл, хаалттай хаалганы цаана өрхийн хүчирхийллийн тоо буурна гэсэн үг. Мөн Сум, багийн Засаг дарга, цагдаагийн байгууллага албан хаагч, нийгэм, эрүүл мэндийн ажилтны хүлээх үүргийг хуульчилж өгчээ. Түүнчлэн тус хуулиар зөвхөн эхнэр нөхөр, үр хүүхэд хоорондын харилцааг зохицуулах төдий бус хамтран амьдрагчид болон салсан гэр бүлийн асуудлыг ч хөндөж хуулиар зохицуулсан байна. Монголчууд бид “Эр эмийн хооронд илжиг бүү жороол”, “Бусдын хэрэг бидэнд хамаагүй” гээд гэр бүлийн маргаанд оролцдоггүй талтай. Гэр бүлийн хүчирхийллийн эх үүсвэр нь маргаан байдаг. Тиймээс хуулиар аль нэгэн гэр бүлийн маргаанд орж байна гэж харахаас илүүтэй тэдний амь нас, бие махбод, эрх чөлөөнд халдах явдлыг таслан зогсоож буй талаас хандах нь зүйтэй юм. Тэр дундаас хүүхдийн эрхийг нэн тэргүүнд хамгаалахад хуулийн агуулга чиглэсэнд олон хүн олзуурхууштай хандаж байна.

Түүнчлэн хуулиар бас нэгэн зохицуулах асуудал бол гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг түр хамгаалах байр юм. Тиймээс энэхүү асуудлыг болон нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хамтарсан баг хэрхэн ажиллах зэрэг бүх зохицуулалтыг хуулиар тодорхой болгож өгчээ. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах байр Монгол Улсын хэмжээнд найм байдаг. Үүгээр өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар 1122 хүн үйлчлүүлсний найм нь эрэгтэй, 749 нь хүүхэд, үлдсэн нь эмэгтэйчүүд байж. Энэ нь дээр дурдсанчлан гэр бүлийн хүчирхийллийн гол хохирогч нь хүүхэд болон эмэгтэйчүүд байдгийг харуулж байна. Айл гэрийн дотоод асуудал хэмээн тодорхойлж, хөндлөнгөөс харахаас цаашгүй байсан гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх уг хуулийн онцлох заалтуудыг танилцуулж байна.

-Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцно

Гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог болж байгаа нь энэ хуулийн хамгийн гол өөрчлөлт. Үүнээс өмнө гэр бүл дэх хүчирхийллийг ахуйн хүрээний маргаан хэмээн үзэж, захиргааны хариуцлага тооцдог байсан. Ингэхдээ хоёр ба түүнээс дээш удаа давтан үйлдсэн бол хоёр жил хүртэлх хугацаагаар хорьж, давтан үйлдээгүй тохиолдолд захиргааны зөрчил гэж үзэн баривчилна. Баривчлах хугацаандаа зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулахаар зохицуулжээ.

-Зодохоос гадна хамтран амьдрагчийнхаа сэтгэл санаа, эдийн засагт дарамт учруулсан бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Хуульд зааснаар хамтран амьдрагчийнхаа бие махбодиос гадна сэтгэл санаа, эдийн засагт дарамт учруулвал гэр бүлийн хүчирхийлэл хэмээн үзэж хуулийн хариуцлага хүлээлгэхээр тусгажээ. Тодруулбал, нэгнийхээ хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийж эдийн засгийн хараат байдалд оруулсан бол гэр бүлийн хүчирхийлэл хэмээн үзэж 7-30 хоногийн хугацаагаар баривчлахаас эхлээд шийтгэл ногдуулах юм байна.

-Хүчирхийлэгчтэй эвлэрсэн ч хэргийг хянан шийдэх ажиллагааг зогсоохгүй

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гомдлоосоо татгалзсан буюу хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, нөхөртөө зодуулсан эхнэр гомдлоо буцаасан ч хэргийг үргэлжлүүлэн шалгаж хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага тооцох юм байна. -Хамтран амьдрагч хүчирхийлэл үйлдсэн бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ Албан ёсоор хуримаа хийж гэрлэлтээ баталгаажуулаагүй ч сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодид дарамт учруулж, хүчирхийлэл үйлдсэн бол хуулийн хариуцлага хүлээлгэх аж.

-Хүүхдийн хүчирхийллийг мэдээлээгүй бол торгоно

Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байхад хувь хүн, хуулийн этгээд мэдээлээгүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгохоор хуульд тусгажээ. Насанд хүрсэн хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байвал мэдээллэх эрхтэй. Мэдээлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхгүй.

-Хүүхэд эцэг, эхийнхээ хүчирхийлэлд өртсөн бол тэдний саналыг харгалзахгүйгээр хүүхдийг хамгаална

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдсэн дуудлагыг цагдаагийн байгууллага авсан даруйдаа хамгийн түрүүнд очиж хүчирхийллийг зогсоох зорилгоор шууд нэвтрэн орох эрхтэй бөгөөд аюулын зэрэг өндөртэй эсвэл хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол зөвшөөрлийг үл харгалзан хамгаална. Нэг үгээр хэлбэл, хүүхэд эцэг, эхийнхээ хүчирхийлэлд өртсөн бол тэдний саналыг харгалзахгүйгээр хүүхдийг хамгаалахаар зохицуулжээ.

-Хүчирхийлэлд өртөгчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээ ажиллуулна

 24 цагийн турш нэг цэгээс үзүүлэх чиг үүрэг бүхий нэгж эмнэлэг, төрийн, төрийн бус байгууллага ажиллаж, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх юм байна.

С.Юмсүрэн

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн …