Ц.Элбэгдорж: Хууль бол Монгол Улсын хаан юм. Хууль сахиулагч бол манай нийгмийн хамгийн чухал алба юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 12 дугаар сарын 13-ны өдөр Хууль сахиулахын Их сургууль /ХСИС/-д зочилж хүндэтгэлийн лекц уншлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийг ХСИС-д хүрэлцэн ирэхэд тус сургуулийн бие бүрэлдэхүүн жагсаж, ХСИС-ийн захирал, тэргүүн комиссар С.Баатаржав угтан авав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид илтгэл өгсний дараа их сургуулийн туганд хүндэтгэл үзүүлэн, нийт бие бүрэлдэхүүнтэй мэндчилэв.

ХСИС-ийн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар алхасны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хичээлийн шинэ байранд зочлон буудлагын тийр, Бие хамгаалах бэлтгэлийн танхим, Гүйцэтгэх ажлын тэнхим, цахим номын сан, Цагдаагийн сургуулийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхим, Шүүхийн шинжилгээний тэнхим, Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, “Алдарын танхим”-тай танилцаж тус сургуулийн музейг үзсэн юм. Ерөнхийлөгчийн лекцийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ХСИС гэдэг нэр бол энэ сургуулийн үнэт зүйл юм

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж ХСИС-ийн нийт бие бүрэлдэхүүнд Хүндэтгэлийн лекц уншив.

Тэрээр лекцдээ “Энд хүрэлцэн ирсэн эрхэм генералууд, ХСИС-ийн удирдлага, албан хаагчид, багш нар, сонсогчдынхоо энэ өглөөний түмэн амгаланг айлтгаж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

Ерөнхийлөгчийн албыг аваад олон сургуулиар орж, яриа, таниулга хийж амжаагүй. Би албан ёсоор ШУТИС, Удирдлагын академид очиж лекц уншиж, ярилцаж байсан. Миний санаж байгаагаар 3 дахь сургууль маань ХСИС болж байна.

Өнөөдөр та бүхэнтэй уулзаж, санал бодлоо хуваалцах боломж гарсанд туйлын их баяртай байгаагаа илэрхийлье.

Сайн сургууль байхын тулд, сайн байгууллага байхын тулд тодорхой хэдэн чиглэл байдаг байх гэж би хувьдаа боддог юм.

Нэгдүгээрт, түүх. Энэ сургуулийн түүх 1934 оноос тоологддог. Одоо 82 жилтэйгээ золгож байгаа, ийм сургууль. Түүх байна гэдэг бол уламжлал байна гэсэн үг. Та бүхэнд сурч мэдэх, бахархах тийм сайхан зүйл байна гэсэн үг л дээ. Энэ түүхээ нандигнаж авч явах хэрэгтэй.

Хоёрт, нэг их чухал зүйл бол тогтвортой байх хэрэгтэй. Аливаа юм үнэтэй, хүнд үнэлэгддэг болохын тулд тогтвортой, урт удаан хугацаанд байж чадах юм бол хүндлэл бий болдог. Тэр хүндлэл урт удаан хугацаанд цагийн шалгуураар үлдэнэ гэж би боддог. Тогтвортой байхын тулд хамгийн чухал зүйл бол материаллаг бааз.

Монгол Улс сүүлийн жилүүдэд боловсролын салбарт, ялангуяа төрийн өмчийн их, дээд сургуулиудад дорвитой хөрөнгө оруулалт хийсэн тохиолдол их цөөхөн. ХСИС-д оруулсан энэ хөрөнгө оруулалт бол сүүлийн жилүүдэд төрийн өмчийн их, дээд сургуулиудад оруулсан хамгийн дорвитой, хамгийн чухал хөрөнгө оруулалт байх гэж би бодож байна.

Гурван мянган сонсогч зэрэг хичээллэх анги, танхимтай болно гэдэг бол их сургуулийн түвшинд хүрсэн нь харагдаж байгаа. Ийм болохын тулд маш их хүчин чармайлт төрөөс, командлалаас гаргасан гэдгийг энд хэлэх нь зөв байх.

Сонсогч гэдэг үгийг хэлэхэд надад их ойрхон байдаг. Би өөрөө сонсогч явсан. Цэргийн сургуулийн сонсогч явсан үе бий. ЗХУ-д сурч байсан. Тэр үед курсант гэж нэрлэдэг байсан. Таван жил сонсогчийн амьдрал дундуур, сонсогчийн форм өмсөж сурна гэдэг бол амьдралд их чухал нөлөө үзүүлсэн. Би өөрийн хүрсэн амжилтын тухай ярихдаа, ер нь өөрийнхөө нууцыг ярихдаа гурван зүйл надад хамгийн их хэрэг болсон гэж ярьдаг юм.

Нэгд, миний өссөн, төрсөн орчин.

Хоёрт, цэргийн хүмүүжил. Цэргийн боловсрол.

Цэргийн боловсрол надад маш их тус болсон.

Гуравт, олон түмний дунд ажиллаж байгаа, амьдралаас авч байгаа миний их сургууль. Энэ их том боломж. Хүн амьдралынхаа туршид сурч байх ёстой.

Өнөөдөр энд 500 хүн орох номын сантай болсон байна. Дотуур байр ашиглалтад орсон байна. 680 хүний хурлын заалтай болсон байна. Бид сая тийр, бие хамгаалах урлагийн тэнхим гээд та бүхний  хичээлийн анги, танхим, бусад зүйлтэй танилцлаа. Хоолны заалнаас авахуулаад жагсаалын талбай, энэ бүхэн их чухал зүйл. Хөдөө хээр дадлага хийхэд зориулагдсан дадлагын газар хүртэл бий болж байгаа юм байна. Ингээд цааш ахиад, материаллаг баазаа бэхжүүлээд явах ёстой. Үүнийгээ баяжуулаад, өргөжүүлээд явахад нэр хүндтэй сайн сургууль болох чиглэл рүү явах болно гэж бодож байна.

ХСИС гэдэг энэ үг, энэ нэр их чухал гэж би боддог. Дэлхийд маш  амархан ойлгогдохоор үг. Бид дэлхий дээр л амьдарч байна. Дэлхийн 7 тэрбум хүний нэг хэсэг нь бид. Law-enforcement буюу хууль сахиулах гэдэг энэ үг аль ч оронд хамгийн чухал, аль ч төрд хамгийн чухалд тооцогддог үг л дээ. Law-enforcement university гэдэг нэр их зөв оносон нэр юм даа гэж би боддог. Олон солиод байх хэрэггүй. Цагийн салхинд өөрчлөгддөг юм гэж байна. Өөрчлөгддөггүй юм гэж байна. Бид энэ нэрийг өөрчлөхгүй. Энэ бол манай сургуулийн үнэт зүйл гээд аваад цаашаа явах зүйл юм.

Дараагийн зүйл бол иж бүрдэл. Ер нь үнэхээр сайн нэр хүндтэй их сургууль болох энэ иж бүрдэл бүрджээ гэж бодож байна. Өмнө нь Цэргийн академи, бусад сургуульд бид гадагшаа явж боловсрол эзэмшдэг байсан. Одоо манай хууль сахиулахын дээд удирдлагууд эндээ, Хууль сахиулахын академидаа сураад, боловсроод, зохих шаардлагатай мэргэжлийг эзэмшээд явах боломж бүрдсэн байна.

Ахисан шатны сургууль, ахисан шатны боловсрол олгодог сургууль гэж байдаг. Мастер, доктор гэж ярьдаг. Энд сурдаг хүмүүсийг бакалаврын зэргээр гардаг байх гэж би бодож байгаа. Юунд сурч байгаагаа та нар эхлээд сайн ойлгох хэрэгтэй.

Бакалаврын зэрэг авна гэж юу гэсэн үг вэ? Бакалаврын шатанд хүн эрэл хайгуул хийдэг. Өөрийнхөө чиглэлийн мэргэжлийг эзэмших тэр эрэл хайгуулын шатанд явж байгаа юм. Мастер гэдэг бол эзэн гэсэн утга агуулгатай. Мастер хамгааллаа гэдэг бол мэргэжилдээ эзэн боллоо л гэсэн үг. Зүгээр нэг гаднын үг биш. Мастер гэдгийг спорт дээр аваад үз, бусад зүйл дээр аваад үз. Эзэн болно гэсэн үг. Хүн өөрийгөө үнэлэх асуудал юм. Бид бусдыг хараад, үнэлээд, янз бүрийн зүйл яриад байдаг. Өөрийнхөө агуулгыг тодорхойлж өөрийгөө үнэлэхдээ муу. Үүнийгээ болимоор байгаа юм.

Доктор хамгаална гэж байна. Доктор гэдэг бол аль ч их, дээд сургууль дээр аваад үзсэн юмны учир зүй, тодорхой чиглэл, тэр бүх л зүйлийн оргилд гарч байна гэсэн ойлголт. Ерөөсөө оргил гэж ойлгож болно. Тэр учир зүйг тайлна. Доктор хүнийг юугаар таньдаг вэ гэхээр шинэ нээлтээр танина. Доктор болж байгаа этгээд бол зүгээр хэдэн цаасан дээр юм бичээд очдог биш, тэр цолыг зүгээр нэг авахын тулд явж байгаа биш. Үүний цаана нээлт байх ёстой. Тэр нээлт рүү 20 жил явах, насан туршдаа явах ийм мэргэжил, чиглэлийг чи сонгож байна гэж ойлго. Ийм чиглэлийн сургуулиудтай болчихсон байна гэдэг бол их чухал.

ХСИС дээр Цагдаагийн сургууль, Хилийн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн сургууль, Онцгой байдал, Эрх зүй, нийгмийн ухааны, ахлагчийн гээд сургуулиуд байна. Эдгээрийг харахад манай улсад хэрэгтэй, хууль сахиулахад хэрэгтэй байгаа боловсон хүчнийг иж бүрэн, нийгмийн захиалгад нийцүүлээд, орчин үеийн хэрэгцээнд нийцүүлээд бэлтгэх боломж бүрдсэн сургууль юм.

Хамгийн гол нэг зүйл бол бүрэлдэхүүн. 3500 оюутан, сонсогч гэдэг бол байх боломжтой тоо гэж бодож байна. Бид тооны хойноос хөөцөлдөх биш, аймгуудаас, сургуулиудаас, хууль сахиулахын байгууллагуудаас захиалгаар авч байгаа гэж ойлгож байна. Маш нарийн шалгуураар орж байгаа гэж ойлгодог. Зүгээр нэг формтой хүн болох биш, эсвэл баталгаатай ажилтай хүн болох гэж биш. Ийм зорилготой хүн цөөхөн байгаа гэж бодож байна.

Нарийн шалгууруудыг давсан, өөрийн гэсэн зорилготой, би энэ чиглэлээр алба хаавал улс орондоо, өөрийнхөө амьдралд ийм хувь нэмэр оруулах чадвартай хүн болно гэсэн ухамсартай сонголт хийсэн байх гэж ойлгож байна. 500 гаруй багш, албан хаагч гэдэг бол энэ сургуулийг авч яваа үндсэн бүрэлдэхүүн. Энэ бол боломжийн бүрэлдэхүүн. Аливаа байгууллага, аливаа их сургуульд байх боломжтой ийм бүрэлдэхүүн. Нөгөө талаас материаллаг бааз, бүх зүйл нь бүрэлджээ.

Улсын аюулгүй байдлын гол илэрхийлэл нь нийтлэг эрх ашиг

Би энд өнөөдөр хэдэн чиглэлээр ярья гэж бодож байна.

Нэгд, аюулгүй байдал. Сая надад илтгэл өгч байхад чанга яригчаар уншиж байна лээ. ХСИС бол үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий, энэ зорилтыг хангах гол сургууль юм гэж. Аюулгүй байдал гэж юу гэсэн ойлголт вэ? Хэлэх хүн байна уу?

За, дэд хурандаа Мандах босоод надад хэл дээ.

Дэд хурандаа Мандах: -Аюулгүй байдлыг үндэсний хэмжээний, бүс нутгийн хэмжээний гэж үзнэ. Үндэстний тухайд бол тухайн улс үндэстний оршин тогтнох баталгаатай байдлаар илэрхийлэгдэнэ. Нөгөө талаар даяаршлын үед өөрийнхөө улс, үндсийг авч үлдэх соёл, уламжлалаа нандигнан хадгалах юм.

Ерөнхийлөгч: -За болно, суу. За тэр сонсогч.

Сонсогч: –Аюулгүй байдал, Монгол Улсын халдашгүй дархан байдал, түүхэн уламжлалаа хадгалах явдал юм.

Ерөнхийлөгч: -За, суу. Тэгэхээр саяын багш, сонсогчийн хариулт зөв гэж ойлгож байна. Юм ярина, хүнд хүргэнэ гэдэг бол тухайн ярьж байгаа зүйлийнхээ утга, агуулгыг эхлээд өөрөө зөв ойлгосон байх хэрэгтэй. Яавал сайхан ярих вэ, яавал хүнд хүргэх вэ гээд байдаг. Ярина гэдэг амаар гарах биш, тархиар ороод, боловсрогдоод гардаг зүйл. Бодож ярьдаг. Аюулгүй байдал гэж юу вэ, юугаар илэрхийлэгддэг юм.

Улсын аюулгүй байдлын гол илэрхийлэл нь нийтлэг эрх ашиг юм. Монгол Улсад байгаа хамгийн чухал зүйл гэж ойлгох хэрэгтэй. Монгол Улсын хамгийн чухал юм тэгвэл юу вэ?

Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдал. Дархан хилийн бүрэн бүтэн байдал. Нутаг дэвсгэрийн халдашгүй байдал. Хүн дээр аваад үзэх юм бол хүний эрх, эрх чөлөө. Төр дээр аваад үзэх юм бол төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа. Энэ зүйлийг эрх ашиг гэж байгаа юм.

Аюулгүй гэдэг үгийн цаана аюултай гэсэн үг байна. Яавал эрсдэл учирч болох вэ? Ард иргэдийн амгалан тайван амьдралд эрсдэл учирч байгаа бол аюулгүй байдлын чиглэлд ажиллаж байгаа үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууд, сургуулиуд үүнийг судалж байх хэрэгтэй.

Их сургууль гэдэг аль ч оронд ямар газар байдаг вэ гэхээр хамгийн дээд зэргийн оюун ухаан, нийгэмд тулгамдсан асуудлын шийдлийг хамгийн оновчтой гаргаж байгаа хүмүүс л байдаг.

Хууль сахиулах байгууллага бол улс орны аюулгүй байдалд тулгамдаж байгаа асуудлын хамгийн сайн шийдэл эндээс сонсогдож байх ёстой.

Хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцаж байгаа үүрэг, үйл ажиллагааг харж байхад энэ зүйл хязгаарлагдмал байгаа.  Аюулгүй байдлын маш тодорхой асуудал гараад ирэхэд энд багшилж байгаа багш нар телевиз дээр ирээд суучихсан, энд байгаа сонсогч очоод суучихсан, замын асуудал яригдаж байгаа бол замын асуудлаа ярья. Хилийн асуудал яригдаж байгаа бол хилийн асуудлаа ярья. Хууль бол хуулийн асуудлаа ярья гэсэн оролцоотой байх хэрэгтэй.Үүнийг та бүхнээс л нийгэм сонсож байх ёстой. Та бүхнээс л судалгаатай, хамгийн үндэслэлтэй мэдээллийг Монголын нийгэм авч байх ёстой. Түүнээс биш хэдэн улстөрч нэртэй хүмүүс юм уу,  аль эсвэл телевизээр гарч тодрох гэсэн тийм хүмүүс байх ёсгүй.  Тэд нар харин хол байх хэрэгтэй. Аливаа нэг асуудал дэвшүүлээд шийдэх гэж байгаа бол та бүхэн л оролцож байх ёстой.

Урилга хүлээгээд суугаад байх хэрэггүй. Хүн урих хэмжээнд та бүхэн хүндлэгдэх ёстой. Телевизээр гараад ярьж чаддаггүй, ээрч муурдаг, ярьж байгаа юмаа өөрөө ойлгодоггүй, тийм байх юм бол чамайг хэн ч урихгүй. Урихгүй байгаагийн шалтгаан энэ шүү дээ. Үнэлэгдэхгүй байна л гэсэн үг. Мэдрэгдэхгүй байна гэсэн үг. Хүний хэрэгцээг та бүхэн мэдрээгүй байна гэсэн үг.

Аюулгүй байдал гэдэг бол бидний хамгийн чухал эрх ашгаар тодорхойлогдоно. Монгол Улс аюулгүй байна гэвэл 80 настай эмээ санаа зовохгүй л байх ёстой. Ачийгаа сургуульд явахад түүний хойноос санаа зовоод байх зүйлгүй. 6,8 настай хүүхэд сургуульдаа явахад машинд өртөх вий, дайруулчих вий, ингэх вий, тэгэх вий гэж санаа зовох юмгүй байх ёстой. 80 настан санаа зовох юмгүй, 8 настан айж сандрах юмгүй, ийм байх юм бол Монгол аюулгүй байна гэж үзнэ.

Аюулгүй байдлынхаа асуудлыг төгс шийдсэн улс орон гэж хаана ч байхгүй. Өнөөдөр аюулгүй байдлын асуудал аливаа төрийн хамгийн чухал асуудал болж байна. Ийм чиг үүргийг хангах үүрэгтэй манай их сургуульд энэ тухай л яригдаж, мэтгэлцээн өрнөж байх учиртай. Үүнийг та бүхэн их сайн бодох хэрэгтэй. Юмыг агуулгаар нь бод.

Хууль гэж Монголын ард түмний хамгийн нэгдмэл эрх ашиг туссан зүйлийг хэлнэ

Хууль гэж юу гэсэн үг вэ? Хууль бол хууль юм. Галуу гэдэг бол галуу юм гэсэн шиг л юм бодоод явж байгаа. Хууль гэдэг бол ерөөсөө л энэ нийгмийн гэрээ. Монголын ард түмний хамгийн нэгдмэл эрх ашиг туссан зүйл. Нэгэнт гарсан бол тэр хууль хэрэгжих л ёстой. Та бүхний хамгийн энгийн ойлголтоор хууль бол тэгш хэрэгжих ёстой гэдгийг бүр ясандаа, цусандаа шингэтэл ойлгосон байх ёстой. Ямар ч хүнд хууль тэгш л байх ёстой. Тэгш байдлын цаана шударга байдал яригддаг. Манайхан шударга байдал гээд орилолдоод байдаг. Яг юуг яриад байгаагаа ойлгодоггүй.

Хууль, хууль хяналтын байгууллагыг би өмөөрч ярьдаг. Энэ нь та бүхэнд дутагдал байхгүй гэсэн үг биш. Дутагдал байгаа. Шүүмжлэл байна. Гэхдээ ихэнх нь энэ үндсэн чиг үүргээ сайн биелүүлэхийн төлөө санаа тавьж, хичээл зүтгэл гаргаж, ажиллаж байгаа гэж би ойлгодог.

Хуулийн байгууллагын ажилтан болно гэдэг амар зүйл биш ээ. Хүний өмнө илтгэл өгөөд, гүйцэтгэе гэж хэлээд гарна гэдэг амар зүйл биш. Өнөөдөр тайван байна. Маргааш янз бүрийн хүндрэл тохиоход эх орноо хамгаалах, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хамгаалах үйлсэд үүрэг хүлээн зогсож байгаа. Өдөр бүхэн энэ үүргээ гүйцэтгээд явж байгаа. Энэ амар ажил биш.

Монгол Улсынхаа төлөө  ажиллаж, өдөр бүхэн үүргээ гүйцэтгэж байгаа. Хууль сахиулахын энэ ажилтнууддаа хүн бүхэн хүндэтгэлтэй хандах ёстой. Хэцүү ажил. Цагдаа, хилийн байгууллага, онцгой байдлынхан, шүүхийн шийдвэр гүйцэтгэхийнхэнд баярлалаа гэж хэлж байх хэрэгтэй. Хууль сахиулахын чиглэлээр ажиллаж байгаа энэ улсуудаа Монгол орон, Монгол Улс хайрлаж явах учиртай.

Нөгөө талд нь тавих ёстой шаардлагаа тавих л ёстой. Та бүхэнд өгсөн тэр хайр хүндэтгэл тэр тавигдаж байгаа шаардлагад нийцэж ажиллах ёстой. Ингэж нийцэж байхын хамгийн гол үндэс суурь энд бүрэлдэнэ.

Хоёр дахь зүйл бол танай сургуулийн давуу тал юу вэ? За тэр эмэгтэй сонсогч хэлээрэй.

Сонсогч: –Ажлын байр, сургалтын орчин, нөхцөл.

Ерөнхийлөгч:-ХСИС юугаараа онцлог юм. Юугаараа сайхан юм. Ямар учраас чи сурч байгаа вэ гэж асуухад та нар түгдрэхгүй хэдэн янзаар хариулдаг л байх хэрэгтэй. Манайхан ийм тийм гээд юм шүүмжлэх, муу хэлэх дуртай улсууд. Тэгэхэд нь шууд босоод хариулдаг чадвартай байх хэрэгтэй.

ХСИС-ийн давуу тал, цэргийн сургуулийн  давуу тал бол дүрмээр амьдардаг

Миний ойлгож байгаагаар ХСИС-ийн давуу тал, цэргийн сургуулийн  давуу тал бол дүрмээр амьдардаг. Хаана ч очсон босохдоо ч дүрмээр, суухдаа ч дүрмээр, мэндлэхдээ ч дүрмээр, бид дүрмээр амьдардаг.

Ерөөсөө хүний нийгмийн олсон хамгийн том ололт бол гарсан дүрэм, хуульд захирагдахад л байгаа юм. Тийм хүнийг соёлтой хүн гэнэ. Дүрмээ, хуулиа хэрэгжүүлдэг хүнийг соёлтой хүн гэдэг. Зөв хүн гэнэ.

Энэ сургууль юугаараа ялгарч байх ёстой вэ? Дэлхий дээр хууль сахиулахын чиглэлийн ийм сургууль олон байгаа. Танай сургууль бусдаасаа юугаараа ялгарах вэ?

Та нар сахилга батаараа ялгарах ёстой. Зохион байгуулалтаараа ялгарах ёстой. Сахилга бат, зохион байгуулалт бол монгол хүний, монгол дайчны, монгол цэрэг хүний цусанд байгаа юм. Манай энхийг сахиулагчдад байгаа юм. Энхийг сахиулагчдын тухай мэдээ сонсч байхад монголчууд арай л өөр. Эр зоригтой. Буу дуугарахад бусад газрын зарим хүн ширээн доогуур орж байхад манай нөхөр бол буу руугаа л ухасхийж байдаг.

Тийм чадвартай байх хэрэгтэй. Тийм зоригтой байх хэрэгтэй. Өрөөнд буу дуугарахад, хутга мэстэй хүн ороод ирэхэд, наад зах нь чам руу довтлоход толгойгоо бариад зугтдаг биш, түүнийг зогсоож чаддаг л байх хэрэгтэй. Чамаас үүнийг л харж байгаа. Надад яагаад бие хамгаалалтын хичээл ороод байгаа юм бэ. Надад яагаад хуулийн тухай яриад байгаа юм.

Хүмүүс та нарыг нэг цагдаа явж байна. Тийм нэг хүн явж байна гэж харахгүй. Форм өмссөн, үүрэг гүйцэтгэх ёстой хүн явж байна л гэж харна. Тусгай бэлтгэлтэй хүн явж байна гэж харна. Хүн гүйж ирээд тусламж гуйхад тусламж үзүүлж чаддаг л байх ёстой. Ямар ч нөхцөлд тэр. Түүгээрээ чи ялгарч байх ёстой. Ингэвэл хүндлэл бий болно.

Цагдаагаа хүндлэх юм бол аливаа орон хөгжинө гэсэн үг. Хууль сахиулагчдаа хүндэлдэг нийгэм хөгжинө. Намайг хүндэлнэ гэж хүлээх хэрэггүй. Хамгийн гол нь чамаас өөрөөс чинь эхэлнэ. Чи л тэр нийгмийн хүндлэлийг нийгэмдээ бий болго. Ирээд шаардлага тавихад ямар ч асуудалгүй биелүүл. Энэ тухай л та нар ярьж байх хэрэгтэй. Нийгмийн хүндлэлийг бий болгох тухай хөтөлбөрт байхгүй бол шаардах хэрэгтэй, сургуулийнхаа удирдлагад хандаад ийм ном, ийм зүйл гаргаж өг гэх хэрэгтэй.

Бод. Хашаанаасаа гарч бод. Ангиасаа гарч бод. Формоосоо задарч бодох хэрэгтэй. Өглөө бослоо, явлаа, ирээд суудаг. Багш нар хичээл заалаа, хэдэн зүйл тэмдэглэж аваад гардаг. Тийм хэлбэртэй байх юм бол чи яаж Монголын хууль сахиулах ажилтан болох вэ?

Цэргийн албаар явсан хүмүүс итгэлтэй байдаг

Нэг онцлог байгаа юм. Цэргийн албаар явсан хүмүүс итгэлтэй байдаг. Хүний итгэл даадаг. Наад зах нь тэтгэвэрт гарахад нэг байгууллага манаач, жолооч авах гэж байгаа бол цэргийн хүн авч ажиллуулах дуртай байдаг. Цэргийн хүн гүйцэтгэл сайтай. Сахилгатай, зохион байгуулалттай, итгэлтэй байдаг. Манай сургуулиуд хүнийг итгэлтэй болгодог. Би ийм сургууль төгссөн. Та надад итгэж болно. Би хэзээ ч өчүүхэн жаахан юман дээр товойж гараад, хамт олноосоо илүү гарах гэж гүйхгүй. Гэхдээ би асуудал шаардагдсан үед хэрэгжүүлж чадна. Ийм итгэл байх ёстой. Цэргийнхний хамгийн гол зүйл бол итгэл байгаа юм. Тэгээд багаар ажиллаж чаддаг. Ямар учраас салаа гэж нэрлээд байгаа юм. Ямар учраас салбар гээд байгаа юм. Ямар учраас анги гэж нэрлээд байгаа юм.

Ерөөсөө ганцаараа явж байгаа этгээд хэзээ ч сайн сайханд хүрэхгүй. Ганцаараа орилж байгаа этгээд хэзээ ч улс орны төлөө орилж байгаа биш. Түүнд тийм үнэр ч байхгүй.

Хамт олноороо, миний хамт олон, миний салаа, байгууллагаараа амжилтад хүрч байгаа бол байгууллагаараа урагшаа нэг алхаж байгаа юм. Улсаараа амжилтад хүрье гэвэл улсаараа нэг ахиж байж л нэг алхам урагшилна.

Хамт олон дотор байж сурсан, наад зах нь жагсаалд зогсоод, нэг команд гүйцэтгээд сурчихсан байна гэдэг бол цэргийн хүмүүжил. Бүх л сургуульд багш байгаа, бүх л сургуульд ном байгаа. Тэгвэл та нарын давуу тал юу вэ? Ерөөсөө л энэ шүү дээ.

Би түрүүн хэлсэн. Надад юу хэрэг болсон бэ? Цэргийн боловсрол хэрэг болсон. Би хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн сургуульд сурсан. Тэр л надад хүмүүжил өгсөн. Тэр л надад боловсрол олгосон.

Бушуухан төгсөх юмсан. Бушуухан явах юмсан гэсэн бодолтой суугаад байх ерөөсөө хэрэггүй. Жаахан жавхаатай байх хэрэгтэй. Цэргийн хүн сандал дээр суухдаа хүртэл арай өөр сууна. Цэх сууна. Гуч хүрээд л нуруу нь мултарчихсан юм явж байвал хэрэггүй шүү дээ. Харахад л цэргийн хүн. Гэдэс гүзээ, хоол ундныхаа асуудлыг шийдэж чадахгүй юм бол ямар юмных нь эх орноо хамгаалах вэ. Ямар юмны чинь хууль сахиулах вэ. Хэн чамайг хүндэтгэх юм. Хүн орж ирээд өнгөнөөс чинь л мэднэ. Тэгээд ярьж сууж байгаад ухаанаар нь үнэлнэ гэдэг. Анхны сэтгэгдэл чухал.

Ажилдаа эзэн болж байгаа хүнд л би дуртай

Би их олон түвшинд ажиллаж байсан. Би ямар хүнийг ажилд авах дуртай вэ. Миний тавьдаг шаардлага бол ажилд тавилаа. Ажилдаа эзэн болж байгаа хүнд л би дуртай. Нэг ажилд орчихдог. Тэгээд эргэж утасдаад л “Би үхэх гэж байна яана аа. Би нэг ийм асуудалтай тулгамдлаа. Дарга аа, цэрэг ээ” гэсэн ийм юманд би хэзээ ч дургүй. Гялалзтал орж ирээд л ингэсэн, тэгсэн гээд бүх зүйлээ илтгээд явах ёстой.

Хоёрт, миний хамгийн их шаарддаг зүйл бол гүйцэтгэл. Хэлсэн бол чи гүйцэтгэх л ёстой. Цэргийн хүн ийм. Ажилдаа эзэн болох чадвар чухал. Ямар ч ажилд очсон тэндээс чи илүү л гарч байх ёстой. Би эндээс илүү гарна. Ийм чадвар чухал. Энгийн бусад сургууль төгссөн хүнээс чи гүйцэтгэлээрээ л ялгарч байх ёстой. Ингэх юм бол хэчнээн мундаг сургууль төгссөн хүнээс чамайг авъя гэнэ. Чамд итгэж болно.

Тэгэхээр энэ сургуулийн давуу тал гэдэг бол миний харж байгаагаар энэ байгаа юм.

Монголын эмгэнэл бол сэтгэлгээний бохирдол юм

Монголын эмгэнэл юу байна? Би сүүлийн үед бодоод байгаа юм. Монголын эмгэнэл бол сэтгэлгээний бохирдол байгаа юм. Дэлхийн тэргүүлэх сургууль Харвардын их сургуульд би очоод сурахад эхний өдрөө л бараг мэдэрч байсан.

Бидний асуудалд хандаж байгаа сэтгэлгээ ямар муухай бохир байдаг юм бэ? Нэг зүйл шийдэх гээд, нэг тулгамдсан асуудлын тухай ярихад л  л монгол хүн, энд амьдарч байгаа бид нар ерөөсөө буруу талаас нь л бодно.

Телевизээр нэг юм гарахад л “Ээ хөөрхий, наадах чинь худлаа ярьж байгаа юм “ гээд л дандаа л муу хэлдэг. Бие биеэ доош нь хийдэг, гүтгэдэг, гутаадаг. Монголчууд бие биеэ гутааж урагшлахгүй. Тэр хүнээс сахилга бат, зохион байгуулалт, эрдэм мэдлэг, чадвараараа илүү гарч чадахгүй байж гутааж суудаг. Ийм зүйл та нарын амьдралд зөндөө тохиолдож байгаа.

Янз бүрийн мэдээллийн хэрэгсэл бол хүн гутаадаг хэрэгсэл биш. Сайныг ярь, гутааж байгаа юман дотроос сайн юм олж хар. Хаданд хөө өдөр бүр түрхээд байхад цагийн салхиар  хөө алга болно. Цаанаас нь тэр хад, чулуу гарч ирдэг. Ийм юманд та нар явж сурах хэрэгтэй. Зарим нэг хүнийг харж байхад өчнөөн юм сонслоо, миний тухай ингэж ярилаа гээд ерөөсөө долоо хонолгүй буугаад өгчихсөн байдаг. Тэгэх тусам чи урагшаа явах хэрэгтэй. Өглөө эрт босох хэрэгтэй. Сайн ажиллах хэрэгтэй. Үүргээ сайн гүйцэтгэхийн төлөө бодох хэрэгтэй. Чиний ажил хийж байгааг хүмүүс мэдэрнэ.

Зарим нь чамд атаархаж байна. Нийгмийн янз бүрийн асуудлыг харахад цэвэр атаархал түүний цаана  байна. Түүнтэй холбогдсон гүтгэлэг явдаг. Яг аваад үзэхэд 99 хувь нь ямар ч ор үндэсгүй байдаг. Тиймээс чи мэдрэх хэрэгтэй. Чамаас болгоомжилж байна. Энэ хүн л миний замд гай болох юм байна гэж харж байна. Тиймээс чамайг муу хэлж байна. Тэгэхээр улам урагшлах хэрэгтэй. Улам тодрох хэрэгтэй.

Уулыг цас дарж болно. Хайлахаараа тэр уул өнгөөрөө гараад ирнэ. Өнөөдрөөр амьдрах гээд, өнөөдрөөр сайн хэлэгдэх гээд явбал чи юу ч шийдэхгүй. Ямар ч юманд хүрэхгүй. Чи наад зах нь хүүхэддээ сайн ээж, сайн аав байж чадах уу? 20 жилийн дараа манай аавыг тэгж ярьж байсан юм хөөрхий дөө, манай ээжийг тэгж сургаж байсан, хөөрхий дөө л гэнэ.

Хамгийн сайн боловсрол бол миний бодлоор амьдрах ухаан, амьдралын төлөөх сэтгэл

Хамгийн сайн боловсрол бол миний бодлоор амьдрах ухаан, амьдралын төлөө сэтгэл гэж би боддог. Хамгийн сайн боловсрол гэдэг бол сайн хүн болох учир утгаа мэдэх явдал гэж боддог. Чамд зааж байгаа бүх хичээл чамд хэрэгтэй. Энэ багшийн хичээл уйтгартай, тэр багшийнх тийм гээд хаях хэрэгггүй. Уйтгартай ч байсан сонсож чадаад гарна гэдэг бол чамд тэвчээр сууж байгаа юм.

Би тийм л сонсогч байсан. Багш ирээд юм ярьж байхад, нэг үг хэлэхэд ард нь би арван янзаар гаргалгааг нь бодоод, арван янзын санаа гаргадаг. Багшийн нэг санаа хэлэхэд гурав дөрвөн санаа төрөөд дэвтэр дээрээ бичдэг байсан.

Ер нь сайн юмнаас сайн санаа төрдөг. Та нарт тийм сэрэл байна уу? Багш бүтэн цагийн юм яриад, ямар ч сонирхолгүй юм ярихад түүн дотор гайхамшигтай ганцхан санаа байвал чи түүнийг авах хэрэгтэй.

Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой дээр хэлсэн миний үг байгаа. Та нар тэр үгийг уншаарай. Надад нэг хүн хэлж байсан. Та түүнийг яаж гайхамшигтай олж чадав гэж. Чингис хаан бол боолын, баривчлагдсан дайсны цэргийн үгэн дотор сум шиг ганц санаа байхад тэрийг шүүрч чаддаг байсан юм. Ийм л байсан. Та нар Нууц товчоог бүгдийг уншаарай. Тийм чадвар чамд байна уу?

Телевизээр хамгийн уйтгартай юм ярьж байхад түүнээс чи мөнгөн сум шиг санааг шүүрээд ав. Түүнийгээ амьдрал дээр мөрдлөг болгоод явах чадвар чамд байна уу? Үүнийг чи өөртөө суулга. Үүнийг сахилгаар, зохион байгуулалтаар суулга. Чи бүх юмыг сураагүй байж болно. Үүнээс сахилгатай, зохион байгуулалттай хүн болоод дүрэм биелүүлдэг хүн болоод гар. Үнэхээр энхийг сахиулах үйл ажиллагаанд 9 сар яваад ирсэн залуу миний нүдэн дээр өөрчлөгдөөд явж байгааг би амьдрал дээр мэднэ. Шал өөр болдог юм. Ийм сайхан мэдлэг, хүмүүжил, боловсролыг энэ сургууль олгодог юм. Тиймээс өнөөдөр та бүхэн үүнд бэлтгэх хэрэгтэй гэж бодож байна.

Эхлээд чи Монгол хүн байх хэрэгтэй

Орчин үеийн оюутан, сонсогч гэдэг хүн ямар байх ёстой вэ? Миний бодлоор бол эхлээд чи Монгол хүн байх хэрэгтэй. Би яах гэж 9 дүгээр сарын 1-ний өдөр болгон хичээл заасан бэ? Та бүхэн зарим нь сургуульд байхдаа миний лекцийг сонсож байсан байх. Би 8 жил хичээл заасан. Ааваасаа авахуулаад, Ерөнхийлөгчөөсөө эхлээд бид ирээдүй рүүгээ, хүүхэд рүүгээ хандаж, хэрэгтэй юмыг хүүхдийн оюун ухаанд суулгах хэрэгтэй.

Ямар учраас би сая Төрийн хамгийн дээд шагналыг хүүхдийн зохиолчид олгов. Та нар өөрсдөө бодох хэрэгтэй. Мэргэн болъё гэвэл их бодох хэрэггүй, яг амьдарл дээр аяндаа орж ирдэг. Би нэг өдөр хичээл заах явж байхдаа “За, энэ хүүхдүүдэд яг юу гэж хэлэх вэ, юуг хүргэх вэ” гэж бодоод байтал “Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ” гэсэн үг  ороод ирсэн. Үүнд хүрэхийн тулд магадгүй 20 жил бодсон байж магадгүй.

Сая танай сургуулийн нэг зүйл онцгой таалагдлаа. Их энгийн зүйл, зарим нь ажиглаагүй байж магадгүй. Ханан дээр хүмүүсийн зургийг тавиад хэлсэн үгийг нь бичсэн байна. Намайг сурч байхад Лениний хэлсэн үг, өөр гадны улсуудын  хэлсэн үг л байдаг байсан. Энэ сургуулийн багш нарын хамгийн сайн хэлж байгаа, оновчтой, амьдралаар шалгарсан тэр зүйлүүдийг бичиж тавьсан байна. Одоо Монгол сургууль болсон байна. Энэ бол маш зөв. Энэ салбарын хамгийн шилдгүүдийн үгийг бичиж тавьсан байна. /Алга ташив/

Ийм юмыг нүдний булангаар хараад мэдэрдэг чадвар чамд байх хэрэгтэй. Танай сургууль дээр олон хүн энэ үгийг хэлсэн байж магадгүй. Нэг ч хүн хэлээгүй байж бас магадгүй шүү. Нэрээ бичүүлсэн хүн аягүй бол “За, баярлалаа” гэсэн байх.

Монголчууд чинь ийм гайхамшигтай оюун ухаантай хүмүүс, би монгол улсын ирээдүй, хөгжилд үнэхээр итгэдэг. Сайн болно. Яагаад гэвэл Монгол хүн бол онцгой. Зарим оронд очоод ярихаар үүнийг арьсны үзэл, үндэсний үзэл гэж ярьдаг. Үгүй, үүн дээр бид ярьж байх хэрэгтэй. Наад зах нь Монголдоо ярьдаг байх хэрэгтэй. Чаддаг байх хэрэгтэй. Монгол хүн онцгой. Юугаараа онцгой вэ, монгол хүн?

Олон улсад батлагдсан. Үндэсний оюуны чадавхийн итгэлцүүр гэж байдаг. Олон улсад гаргадаг. Олон жилийн тэр итгэлцүүрийг хараад Монгол хүн болж төрсөндөө би маш их баярладаг. Тэр л надад Монголын ирээдүй, Монгол ард түмний ирээдүйд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.  Тэр үндсэн итгэлцүүрээр эхний таван байранд ямар орон байна гэж бодож байна. Сингапур, Өмнөд Солонгос, Япон, Итали, Монгол байгаа. Бод доо, та нар. Монголыг хөгжлөөрөө өндөр тэр Сингапур, Солонгос, Япон, Италитай харьцуул.

Энэ ямар учраас ийм гэж би бодсон. Үүний нууц нь хамгийн түрүүнд Монгол хүний цус, генд байна гэдгийг ойлгоод байгаа. Бидний тэр агуу түүх, дэлхийд гайхуулж явсан агуу түүхийн үнэр энэ дотор байгаа. /Алга ташив/

Би үүгээр бахархдаг. Би нэг газар хэлж байсан. Миний цусанд өөр ямар нэгэн газрын, өөр үндэстний цусны үнэр ч байхгүй шүү. Алтайн ууланд үе удмаараа дамжиж баатрууд амьдардаг газар. Би хэлж байсан. Баатрын соёлтой газар, өндөр ууланд би хөлд орсон хүн шүү. Миний өмнөх бүх үе тэнд хөлд орсон. Тэнд будааны соёлтой хүн байх аргагүй. Баатрын соёлтой хүн л байна. Захчин үндэстэн гэдэг Чингисийн үед хилээ манаад, улсынхаа тусгаар тогтнол, сайн сайхны төлөө үеийн үед зүтгэж явсан хүмүүс. Би тийм хүний үр сад. Би тийм хүний үргэлжлэл. Тийм монгол хүмүүсийн үргэлжлэл учраас би асар их бахархаж явдаг. Тэр үнэр миний цусанд байгаа учраас би бусдаас арай ялгаатай. Манай залуучууд, манай охидууд ч бусдаас арай ялгаатай байх.

Оюун ухаанаараа олон улсын уралдаанд оролцоход манайхан л түрүүлсэн явна. Түрүүлж байгаа хэд дотор манайхан л зогсож байгаа. Үндэсний оюуны чадавхийн шалгуур гаргаад ирэхэд эхний тавд орчихсон байна шүү дээ. Бид олон юмаараа ард, хойно, янз бүр  явж болно. Сайн муу нийлж сав дүүргэдэг юм. Өнөөдөр муу байгаа бол шийдэл байна гэсэн үг.

Тухайн үеийн өмнө шийдэж чадах асуудал гэж байдаг юм шүү. Тэр зүйлээ чи шийдсэн байх хэрэгтэй

Нийгэм чинь таалагдахгүй байна уу, үнэхээр утгагүй байна уу? Өнөөгийн байгаа байдал таалагдахгүй байна уу? Чамд ажил байна. Монголын хэдэн үе ажилтай байх боломж байна гэсэн үг. Монголын хэдэн үе энэ асуудлыг шийдэхийн төлөө, Монголынхоо төлөө тархиа, зүрхээ чилээх ийм боломж байгаа юм. Ингэж харах хэрэгтэй. Хүндрэлийн цаана боломж байдаг. Би ингэж хийнэ, би үүний цаана гарна. Хэзээ ч асуудлаа бүрэн шийдэж дуусна гэж байдаггүй юм. Би хэлдэг юм. Тухайн үеийн өмнө шийдэж чадах асуудал гэж байдаг юм шүү. Тэр зүйлээ чи шийдсэн байх хэрэгтэй. Тэр юмныхаа ард чи гарсан байх хэрэгтэй. Тэр асуудлыг шийдэхэд чи хувь нэмэр оруулсан л байх хэрэгтэй.

Тэгэхээр Монгол хүний олон зуунаар, олон үе дамжсан тэр ген, цус гэдэг бол агуу юм. Би бас нэг юм боддог. Өнөөдөр эрх мэдэл гээд байгаа. Эрх мэдэл, хүчийг бусад нь дуурайдаг. Бидний үед жинс өмсөөд, заримдаа үсээ ургуулаад, трафец гээд нэг их өргөн өмд өмсчихөөд явдаг л байсан. Гадаад дуу хөгжим сонсох гээд явдаг байсан.

Тэгвэл 13 дугаар зуунд Монголыг мэддэг бүхэн дууриаж байсан. Монгол цэргийн үсний засалтыг бусад үндэсний эрчүүд дууриаж байсан байгаа юм. Монгол цэргийн үс гэж нэг талаас нь хусчихсан, тэгээд ороогоод ард нь сур зангидсан.  Их хаан минь хүртэл ингээд сүлжчихсэн байсан.

Монгол цэргийн хувцас, монгол цэргийн зохион байгуулалт, монгол төрийн зохион байгуулалтыг дууриадаг. Монгол хүн шиг дуулах гэж, монгол хүн шиг хөгжимдөх гэж, монгол хүн шиг морин дээр давхих гэж дууриадаг. Тэр бүхэн тэр үед асар их ололт байжээ. Тийм цус бидэнд байгаа учраас оюун ухаан, сахилга бат, чадвараараа манай цэргүүд илүү харагдаад байгаа юм. Үүнийг бид нэмэх хэрэгтэй. Бидний үед бий болгох хэрэгтэй. Өнгөрснөө биш, өнөөдөр асуудлаа шийдээд, ирээдүйд хувь нэмэр оруулах хэрэгтэй. Тэгж бид амьдарч байгаа.

Тэгэхээр ийм оюутан байх хэрэгтэй, ийм сонсогч байх хэрэгтэй, ийм хүний үр байхгүй юу, та нар. Тэгэхээр миний хэлэх гэсэн юм бол Монгол амьтай байх хэрэгтэй. Монгол хүн байх хэрэгтэй. Монголоо хайрладаг байх хэрэгтэй. Хайр чиний зүрхэнд байгаа. Би хэлдэг юм, тангараг өргөсөн хүн өөр гэж. Надад  тэгж л мэдрэгддэг юм.

Тангараг өргөсөн цэрэг хүний зүрхэнд эх орон бүтнээрээ багтдаг юм

Тангараг өргөхөд энэ үндэсний өмнөөс би үхнэ. Тэмцэх шаардлагатай бол би тэмцэнэ. Үндэсний эрх ашгийн төлөө зогсож чадна гэж л хэлж байна гэж би ойлгодог. Асуудал тулгараад “Яв” гэхэд “Мэдлээ, гүйцэтгэе” гээд л явна. Тангараг өргөсөн цэрэг хүний зүрхэнд эх орон бүтнээрээ багтдаг юм. Үнэн. Ард түмэн бүтнээрээ багтдаг.

Ялгаа чинь тэр. Тиймээс чи зүрхэндээ эх орноо, ард түмнээ бүтнээр оруулсан цэргийн хүн шүү. Өөр бай л даа. Арай өөр эрмэлзэлтэй, нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, асуудалд хандаж байгаа хандлага нь арай өөр байх хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр энэ бүхнийг та бүхэнд хэлмээр байна.

Арчаагүй хүн гэдэг бол түрүүлж яваа нэгнээ, арчаатай байгаа нэгнээ мөлжиж амьдардаг юм. Ер нь ихэнх түвшинг хараад байхад иймэрхүү л байдаг. Танайханд нэг ийм хүн байж магадгүй л дээ. Гэр бүл дотор, айл, ах дүү нар дотор гэр бүлээ аваад явдаг нэг тийм хүн байдаг шүү дээ. Манай тэр хөөрхий минь, тэрний минь хаялгаар тэр маань арай л дээр явж байна гээд ярьж байдаг. Арчаатай нэгнийгээ сорж амьдардаг. Арчаагүй хүн ч адилхан, арчаагүй айл ч адилхан.  Арчаатай улс яадаг билээ. Тийм хүмүүсээ улам олон болго.

Арчаатай хүмүүс сод зүйл, баялгийг өөрөө бүтээж явдаг

Ерөөсөө арчаатай хүмүүс тэр сод зүйл, баялгийг өөрөө бүтээж явдаг. Тэгээд түүнийгээ бусадтай хуваалцдаг. Арчаатай хүмүүс өөр юм хийчихээд бусдад зардаг. Хөгжилтэй, хөгжилгүй орон гээд ярьдаг. Хөгжилтэй орон гээд бод доо, та бүхэн. Та нарын гэр оронд байгаа, худалдаад авчихсан юмнуудаа хар даа. Хэчнээн нь Монголд хийсэн юм, хэд нь гадаадад хийсэн юм байна. Сая намайг орж ирэхэд хамгийн их сонирхол татсан, хүндэтгэл хүлээсэн юм бол танай сургуулийн хийсэн зүйлүүд их сайн санагдлаа.

Монгол юугаараа сайхан орон бэ? Монгол бол хүн хөгжих боломжтой орон. Монголд маш олон сорилт, хүндрэл бэрхшээл байгаа. Гэхдээ энд хүн хөгжих боломжтой, шийдэх боломжтой, чи хувь нэмэр оруулах боломжтой орон юм. Монгол бол хүний хөгжилд нээлттэй орон. Үүгээрээ Монгол бол гайхамшигтай орон. Ийм учраас би явж байгаа зам, ард түмнийхээ сонголтод баярлаж явдаг. Бас арчаатай, амьдралаа авч явж байгаа олон айл өрх байгаа. Энэ нийгмийг чирээд явж байгаа олон мянган хүн байгаа. Тэр хүмүүсийн тоо, тэр айл өрхийн тоо улам л нэмэгдээд байгаа юм.

Хамгийн сайн боловсрол бол амьдралдаа эзэн болох гэж хэлж болно

Ерөөсөө хамгийн сайн боловсрол бол амьдралдаа эзэн болох гэж хэлж болно.  Чи хэнээс ч гуйлга гуйхгүйгээр өөрийн гэр оронтой, үр хүүхэд, хань ижилтэй, энэ нийгэмд амьдрах түвшиндээ амьдраад байдаг. Аав ээждээ дараа болохгүй, ах дүүдээ дараа болохгүй амьдарч чадаж байгаа бол энэ нь чиний оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Илүү гарах юм бол хуваалцаж чаддаг байх хэрэгтэй. Ингэж арчаатай тал руугаа явж байгаа юм. Үүнийг л нэг бодооч.

Энд олж авч байгаа боловсрол бол бүх юмны суурь болох ёстой, хөрвөх чадвартай болох ёстой. Монгол хүний хамгийн сайн чанар бол миний харж байгаагаар хөрвөх чадвар юм. Ямар ч оронд очоод ажил хийсэн долоо хоногийн дараа, 30 хоногийн дараа хэлийг нь нэлээд сурчихсан, нарийн мэргэжил шаарддаг юман дээр 30 хоног ажиллаад л манайхан бол хийчихсэн л байдаг.

Гурван жилийн өмнө шалыг нь зүлгээд л гүйж явсан хүн 10 жилийн дараа очиход нөгөө ажилд авч байсан нөхрөөрөө шалаа зүлгүүлчихсэн, өөрөө компанийн захирал болчихсон, аж ахуйн нэгж байгуулчихсан,  удирдчихсан зогсож байна. Ийм чадвар бусад бүх үндэстэнд байгаа. Бид бүр илүү гээд байх биш. Дэлхий даяар бүх үндэстний 7 тэрбум хүнтэй, тэр 7 тэрбум хүний хэд нь хууль сахиулах чиглэлээр сурч байгаа бол. Чи тэр хэдэн сая дотроос ялгарах л хэрэгтэй.


Монгол Улсад амьдарна гэдэг бол аз. Нээлттэй улс шүү дээ

Та бүхэн ямар азтай юм бэ? Энэ сургуульд орно гэдэг бол, энэ мэргэжлийг сонгоно гэдэг бол аз. Дээрээс нь яагаад ямар азтай вэ гэхээр энэ улсад амьдарна гэдэг бол аз. Ийм нээлттэй улс шүү дээ. Чи өнөөдөр ямар ч ном унших, ямар ч интернэт руу ороход хорио байхгүй. Монголд ямар ч интернэт рүү ороход хориг байхгүй, би ямар нэгэн хориг тавьдаггүй. Гэхдээ чи утсаа үргэлж маажаад сууж байх ямар ч хэрэггүй. Хорин хүн зэрэгцээд сууж байхад 18 хүн утсаа маажиж байна. Тэр бол сэтгэцийн эмгэг, тэр бол өвчин. Орчин үеийн хөгжилд байгаа нэг муу зүйл. Би хувьдаа ингэж боддог. Манай төрийн байгууллагууд, сургуулиуд дээр смарт утас ашиглахыг бүрэн хориглох хэрэгтэй.

Та нар харсан шүү дээ, сурагчид анги руугаа орохдоо утсаа тусгай саванд хийгээд тавьчихдаг. Ер нь төрийн байгууллага дээр фейсбүүк, твиттер рүү ордгийг хориглох хэрэгтэй. Чи ажлаа хийж байгаа бол ажлаа хий, ажлын бус цагаар гэртээ очоод, хагас бүтэн сайнд интернэт рүүгээ орж болно.

Зарим газар сургуулийн хүүхдэд зориулсан, ээж аав, ах дүү рүүгээ ярьдаг цөөн утас байдаг. Таван хүн рүү залгах боломжтой, тэр таван хүний утас л орж ирнэ.  Тэгээд боллоо, өөр юу хэрэгтэй юм. Утсан дахь мэдээлэл дотроос ороод олж авч байгаа юм чамд байхгүй. Тархи чинь мөлийгөөд алга болж байгаа шүү дээ. Хараал, хэрүүл, янз бүрийн юманд баясаад, ямар утгагүй юмаар энэ сайхан цагаа үрж байна аа.

Хүн 70 жил амьдрахдаа 7 жилийг бие засах газар өнгөрөөсөн байдаг гэсэн. Хүн 70 жил амьдрахдаа 18 жил, 20 жил зөвхөн хоол идэж өнгөрөөсөн байдаг гэсэн. Дээрээс нь утас маажиж, ийм юмаар оролдож хэрэггүй. Орчин үеийн технологийг ашиглахдаа авах ганц санааг шүүрээд өнгөрөх хэрэгтэй, шүүрч чаддаг байх хэрэгтэй. Гэтэл түүнийхээ боол болчихсон. Тэрнийхээ аддикт /addict/ болчихсон. Аддикт гэдэг бол өвчин болчихсон, ийм байвал чамайг хэн хүндэтгэх юм бэ? Ялангуяа төрийн байгууллагууд үүнийг больчих хэрэгтэй. Ажлаа хийх хэрэгтэй. Энэ сургуулиас сайн идэвх санаачилга гарч байх хэрэгтэй.

Танай сургуулийнхан нийгмийг өөрчлөх хуулиудын үзэл баримтлалыг бичээд төгсөх хэрэгтэй

Кибер аюулгүй байдлын хуулийг  УИХ-аар ярина гээд байгаа. Гэтэл кибер аюулгүй байдал гэдэг ийм юм байдаг. Энэ улсад ингэж шийдсэн байна, тэр улсад ингэж шийддэг. Монгол Улсад ийм ийм асуудлууд байна. Бид ийм улсуудын хойно явж байна гээд тэр хуулийн үзэл баримтлалыг танай ангийнхан бичээд төгсөх хэрэгтэй. Би тэгвэл та бүхнийг үнэлнэ.

Тэгэхгүй, чи хэдэн халтар цаас ширээний буланд хийгээд, сурсан гээд байвал хэзээ ч чамайг үнэлэхгүй. Арван хуулийн үзэл баримтлал биччихсэн, нийгмийг өөрчлөх 103 хуулийн үзэл баримтлалыг бичсэн төгсөх хэрэгтэй.  Нэг зүйлээр мэргэшээд төгсөх хэрэгтэй. Хүний гарын бүтэц гэдэг юм уу, хилийн хамгийн сайн зохион байгуулалтыг яаж хийх вэ  гэдэг юм уу.

Та нар шал арчдаг машин хийсэн байна. Маш зөв. Одоо дрон хийх хэрэгтэй. Яагаад та нар азтай вэ гэхээр тийм боломжтой байгаагаараа азтай. Энэ сургууль, ангиуд дрон хий л дээ. Хүн сонсдог биш, өөрөө гараараа барьж, тогонд цохиулж, ухаж залгаж, батарей, нисдэг зүйлийг нь тогтоож, газрын татах хүчийг эсэргүүцүүлж, босгож байж хамгийн шилдэг дроныг та нар хийх хэрэгтэй.  Нэг цэргийн газар радиогоо асаагаад нохойгоо тавьчихсан байна. Түүнийг дроноо нисгээд харчихдаг.

Сая тэр нурсан байшингуудын дор явуулахад 3 метрийн цаана байгаа юмыг олж мэддэг зүйл хийлээ гэж байна. Энэ бол эхлэл. Их сайн. Ийм юмнуудыг хий л дээ.

Их сургууль гэдэг бол мэдлэг түгээдэг газар. Мэдлэг нь үйлдвэрлэл болоод хүний хэрэгцээнд хэрэглэгдэх ёстой

Ямар сургуулийг хүн үнэлдэг юм. Их сургууль гэдэг бол мэдлэг түгээдэг газар. Мэдлэг нь үйлдвэрлэл болоод хүний хэрэгцээнд хэрэглэгдэх ёстой. Мянган дрон хий л дээ. Энэ дээр ажилла. Монгол залуугийн хийсэн дрон дэлхийн дроны уралдаанд түрүүлэг л дээ.

Та нарын утсан дээр зөндөө олон аппликейшн байгаа. Тэр аппликейшнийг та нар бич. Программыг бич. Бүрэн боломжтой шүү дээ. Хууль рүү ороход л, ХСИС гээд л нэг товч дарахад бүх юм байдаг. Тэр хуулийн тухай ойлголт бүтнээрээ байдаг. Хүүхэд харсан ч, бичиг үсэггүй хүн ч харахад зургаар ойлгогдохоор байх хэрэгтэй. Чи шүхрээ өнөөдөр аваад гар гэхэд л шүхрийн зураг байхад л ойлгомжтой шүү дээ. Өөр хэлтэй хүнд ч ойлгомжтой. Амьдралын бүх хэрэгцээнд зориулж хийгдэх хэрэгтэй.

Та бүхэн уул уурхай, мал хоёроо дагаад хөгжинө гэж бодоод байна. Хорь, гучин жилийн дараа бид дэлхийд юугаар өрсөлдөх вэ? Программ хангамж, мэдээллийн технологийн өсөлт хөгжилтөөр өрсөлдөнө. Тиймээс түүнийг энд хийж байх хэрэгтэй. Тийм уралдаанд ор. Та нарт үнэхээр сайн багш байгаа бол тэр чиглэлийн сэтгүүл дээр нэг сайхан мэдээ хэвлүүлэх хэрэгтэй.

Эхээс төрөхдөө тархитай, боломжтой төрсөн. Түүнийг хөгжүүлэх юм бол бусдаас ялгарах боломж чамд бий

Монголын өдөр тутмын сонин дээр чиний хамгийн сайн судалгааны нийтлэл  гарч байг. Миний эрдэм шинжилгээний нийтлэлийг хүн уншихгүй байх гэхгүй.  Хүн унштал нь, хүн араас чинь утасддаг болтол нь хий. Чамд ийм оюун ухаан, боломж бий. Эхээс төрөхдөө тархитай, боломжтой төрсөн. Түүнийг хөгжүүлэх юм бол арай илүү, бусдаас ялгарах боломж чамд байгаа, монгол хүнд байгаа.

Ийм ажлуудыг хийх хэрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гүйцэтгэх ажил, тусгай хяналт гээд  бүх юм байна. Тэнд шаардагдаж байгаа маш олон төрлийн юм дэлхийд байхгүй байж болно. Арав, таван жилийн дараа 3D-гээр байшин барих гэж байна, машин үйлдвэрлэх гэж байна. Гэртээ сууж байгаад компьютерт орууллаа. Унах машинаа үйлдвэрлээд унаад явчихна.  Чи тэгж байхад хаана явж байна?

Аавын чинь тархийг компьютерт буулгаад хадгалчихна. Аав чинь насан өөд боллоо. Чи 50-тай байг. Нэг кноп дарахад аав чинь гарч ирээд “Сайн уу, миний хүү. Ач хэдтэй байна” гээд, ийм болох гээд байна шүү дээ.  Оюун ухааны ийм чадавхи байна. Өөр гариг руу явахын тулд, 12 мянган жил ч юм уу, гэрлийн хурдаар нисэхийн тулд хүнийг “ичих” байдалд оруулна. “Ичих” гэдэг бол ичээний амьтан гэсэн үг. Ингэж судалж байна шүү дээ. Сая шинжлэх ухааны сувгаар тэгж ярьж байна. Та нар түүнийг үздэг үү?

Би улс төрд явж байна. Хоёр хөрштэй. Манай урд хөршийн дарга цэрэг их хурал дээрээ юу ярьж байгааг бүгдийг харж байдаг. Би хойд хөршийн дарга Дум дээр ямар үг хэлж байгааг харж байдаг. Америкийн Ерөнхийлөгч сонгогдоод, гарч ирээд, юу хэлж байгааг, бүх үгийг хараад сууж байдаг.

Дэлхий ямар болох гээд байгаа юм бэ? Энэ хүнийг дэлхийн орчин юу гэж харж байгаа юм. Үүнийг харж байдаг. Чи ийм түвшинд байх хэрэгтэй. Түүнийг ойлгодог, түүн дотроос юм авдаг байх хэрэгтэй. Би ийм хүн гэж онгироод байх хэрэггүй л дээ. Чи тийм түвшинд байж сая дэлхийд, бүс нутагт Монгол Улсыг таниулж, тэр улсын жин банг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй.

Тэгэхээр ийм хэмжээнд та бүхэн очих хэрэгтэй. Ийм зүйлийг яриулдаг байх хэрэгтэй. Би сая багш нар, дарга нараас асууж байсан. Нийгмийн янз бүрийн хүмүүстэй уулзалт хийж байгаа биз дээ гэж. Хүмүүстэй их уулзаж байх хэрэгтэй.

Үнэн үг сонсох хэрэгтэй. Хүнээс ганц үг тогтоогоод ав

Харвардыг, лекцийг нь харж байхад дэлхийн өнгө болсон, бодлого тодорхойлж байгаа тэр хүмүүсийг дуудаж ирээд оюутнуудынхаа өмнө яриа хийлгэдэг. Тэгэхэд энд сууж сууж, унтаж унтаж, үүргэвчээ үүрээд гарах ямар хэрэг байна аа. Хүний үгээс ганц үг тогтоогоод ав.

Энэ сургуулийн, энэ оюутнуудын түвшин миний хэлж байгаад очихгүй бол та бүхэн ичих хэрэгтэй. Ичнэ гэдэг бол хамгийн сайн мэдрэмж юм. Ер нь энэ бол та нарыг тайван байлгахгүй шүү. Ерөнхийлөгчийн шаардаж байгаа шаардлага, орчин үеийн дэлхий дээрх зүйлүүдийг ойлгоод, би ер нь хаана нь явна аа гэсэн жаахан ичих мэдрэмж төрсөн бол чи цаашаа хөгжинө. Чи ер нь цаашаа явна шүү.

Үнэн үг сонсох хэрэгтэй. Энэ сургуулийн удирдлага нэг зүйлээс дандаа зугтаж байх хэрэгтэй. Вакумд орчихдог юм байна. Вакумаа задалж гарах хэрэгтэй. Тэгж байж л явна. Ер нь комфорт гэж ярьдаг, энэ бол мөхөл.

Бүх асуудлаа шийдлээ, манайх ер нь боллоо доо. Авахыгаа авлаа, тэр нэг хүүхэнтэй суухаар болсон, авлаа. Бүх юмаа шийдлээ.  Ер нь болчихлоо доо, одоо хэвтээд л байна даа гэж болохгүй. Ингээд хэвтсээр байгаад  хэдэн жилийн дараа чи босож явж чадахаа болино. Тиймээс чи босоод гүйх хэрэгтэй. Наад зах нь булчин шөрмөс нь ажилладаг. Наад зах нь цэргийн хүн байсан шүү дээ чи. Далан настай байхдаа чи 50-тай хүн шиг харагддаг байх ёстой.

Мэдлэг бусад хүнд таалагдаж, бусад хүнд хүрч байж л баялаг болдог

Дараагийн миний нэг хэлэх гэсэн зүйл бол сургууль ямар байх ёстой вэ? Би түрүүн хэлсэн. Суралцана гэдэг бол мэдэхийн нэр, мэдлэг гэдэг бол баялаг юм. Мэдлэг хэзээ баялаг болдог вэ гэхээр бусад хүнд таалагдаж байж, бусад хүнд хүрч байж л баялаг болдог.

Чиний бүтээсэн юмыг хүн сонирхож байгаа бол, хүн мөнгөө төлөөд авч байгаа бол сайн. Хамгийн сайн чадвар бол чиний хийж бүтээсэн зүйлийн төлөө мөнгө төлж байгаа бол тэр бол хамгийн сайн. Энэ болжээ, миний хийсэн, бидний бүтээсэн, манай ангийнхны хийсэн, манай төгсөлтийнхний хийсэн зүйлийн төлөө хүн мөнгө төлж байгаа бол тэр сайн. Жишээлбэл, нэг программ хийсэн, нэг application хийсэн, түүнийгээ олон нийтэд гаргаж бүртгүүлж чадах юм бол та нарт үнэхээр баярлана.

Хэдэн жилийн дараа ирээд уулзахад “Та тэгж хэлж байсан шүү дээ. Одоо манай сургуулийн арван программ Монгол Улсын хэмжээнд хэрэглэгдэж байна. Өмнөд хөрш, Япон Улс манайхаас худалдаж авлаа. Тэгээд дэлхийн ийм ийм улсуудад зарагдаж байна. Манай оюутнууд интернэтээр ийм программ хийгээд, олон улсын зах зээлд гаргаад 300 ам.доллараар зарлаа” гээд олон нийтийн хүртээл болгох хэрэгтэй. Би тийм хүмүүсийг үнэлнэ, бас шүтнэ, тийм хүмүүс олон болох ёстой. Ингэж л Монгол Улс хөгжинө.

Дэлхий нийтэд хамгийн сайн сургуулийг төгссөн суралцагчийн ажил олголтын байдлаар дүгнэдэг

Дэлхий нийтэд хамгийн сайн сургуулийг юугаар дүгнэдэг вэ гэхээр төгссөн суралцагчийн ажил олголтын байдлаар дүгнэж байна. Жишээлбэл, Stanford-ийн их сургуулийг жилд дунджаар 5 мянга гаруй хүн төгсөж байна. Тэд өөрсдөө ажлын байртай болоод зогсохгүй өөрөөсөө гадна 5 хүнийг ажлын байраар хангаж, тэр сургууль жилд 30 орчим мянган хүнд ажил олгож байх жишээтэй. Компани удирдах чадвартай боловсон хүчин төрүүлж байна. Юм зардаг чадварлаг хүмүүсийг бэлтгэсэн байна. Ажлын байрыг хөдөлмөрийн биржээс  олохоос илүүтэй их сургууль бэлтгэж байна. Манайхан дийлэнх нь ойлгохдоо Хөдөлмөрийн яам ажил олгодог гэж боддог.

Чиний төлөө танай аав, ээж зөндөө мөнгө төллөө, маш их явлаа, улс та бүхний төлөө бас их зүтгэж байна. Энэ сургуулийн байр, сургалтын орчин, дулаан, цахилгаан, халуун гээд бүхнийг бий болгохын төлөө энэ олон мянган татвар төлөгчид, юм бүтээдэг хүмүүс,  татвар, өр зээлээр дарамтлагдсан гэгддэг олон олон ажил олгогчид, “Нарантуул” зах дээр юм зарж байгаа эмэгтэй, хоолны газар хоол хийгээд зогсож байгаа тогооч, зөөгч, гутал хувцас оёж байгаа аж ахуйн нэгжүүд төлж байгаа шүү дээ. Тийм болохоор сайн сурахгүй бол ичих хэрэгтэй шүү дээ.

Өмсөх гутлаа өөрөө хийж чадахгүй, өөр нэг монгол хүн хийгээд өгөхөд авч хэрэглэж чадахгүй байгаа бол ичих хэрэгтэй. Наад зах нь энэ үгийг өөртөө хэлж чадахгүй байгаа бол ичих хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үгийг хэлж байна гэдэг бол би ард түмэндээ энэ үгийг, энэ мессежийг хүргэж байгаа хэлбэр юм.

Монгол хүн чоно шиг байх хэрэгтэй

Хүн бүхэн энэ зүйл дээр нэгдэх хэрэгтэй. Байдал хэцүүдлээ гээд “Монгол яана” гээд орилолдоод байх хэрэггүй. Монгол хүн чоно шиг байх хэрэгтэй, түүхэндээ ч бичсэн байдаг Монгол хүн Бөртэ чоно, Гуа маралаас эхтэй. Энэ бол домгийн шинжтэй хэдий ч утга агуулгатай зүйл. Ерөнхийдөө Монгол хүний явах замыг хэлээд өгсөн юм шиг харагддаг. Эрэгтэй нь Бөртэ чоно лугаа адил эрэмгий, алсыг харсан холч ухаантай, эмэгтэй нь Гуа марал лугаа адил байгаль цаг уурт дасан зохицсон, цасанд шигдэхгүй, чононд баригдахгүй, үр хүүхэд, гэр бүлээ тэтгэн хүмүүжүүлдэг гээд гайхамшигтай агуулгатай.

Чоно агнахын тулд ямар их тэмцэл хийдэг вэ? Чоно бол бусдаас гуйдаггүй шүү дээ. “Машинаар хөөж байгаад уул руу гаргалаа” гээд гомдол тавьдаггүй. Чоно бол өөрөө амьдралаа зохицуулаад явчихдаг, өөрөө хоолоо олж иддэг. Монгол хүмүүс тийм л болох ёстой. Тэгж чадах юм бол Монголын тусгаар тогтнол, бие даасан байдал баталгаажина. Иргэдийнхээ төлөө үгээ хэлж чаддаг, босч чаддаг,  эрх ашгаа хамгаалж чаддаг байх ёстой.

Дэлхийн ямар ч улсын удирдагчтай уулзаад чамд юм тулгах гэж үзвэл хамгийн түрүүнд би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд  Монголын ард түмний эрх ашгийг илэрхийлнэ. Монголын ард түмний эрх ашиг энэ эрх ашигтай нийцэхгүй байна гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Энэ чадварыг чи энэ сургуулиас олж суралцах хэрэгтэй. Энэ чиглэлийн сургуулийн хамгийн шилдэг нь та нар болох хэрэгтэй.

Сая нэг сайн мэдээ сонсож байхад зарим нэг гадаадын сонсогч суралцъя гэж хүсэлт тавьж байгаа юм байна. Монголд очоод суралцахад өөрийнхөө оронд суралцахаас илүү зүйлийг олж авна гэсэн байна. Афганистанд Монголоос очсон энхийг сахиулагч дээр гаднын зарим нэг орны офицер, генералууд ирдэг юм байна. Монгол цэргүүдийг харъя гээд очиход нэг өлбийсөн хүн зогсож байж болохгүй. Тэд  чамайг үлгэрийн баатар шиг баатар эр зогсож байна гэж бодож очиж байгаа шүү дээ. Тэд Чингисийн баатар ирсэн байгаа гэж харах гэж очиж байгаа. Түүн дээр нь өөрсдийгөө харуулаад, Монголын нэрээ мандуулах боломж байгаа шүү дээ.

Өнөөдрийн төлбөрөөр тооцоод гаднын 300 оюутан элсүүлэхэд нэлээн мөнгө төсөвт оруулах боломжтой. Тэр гаднын 300 оюутантай өөр хэлээр харилцаад, суралцаад төгсөхөд та нар бүгдээрээ мэдлэгийн хувьд, хэлний хувьд, сэтгэлгээний хувьд, нөхөрлөлийн хувьд баян болно. Тэгвэл танай сургууль хамгийн шилдэг хөтөлбөртэй байж чадна. Ази, Номхонд далайн бүс нутагтаа энэ чиглэлийн сургуулиуд дунд нэр хүндтэй болж чадна. Танилцуулга дээрээ ингэж бичнэ гэдэг чинь алсын хараа зөв байна, боллоо шүү дээ, сайн байна.

Та бүхэн хараарай, сургуульд суралцаж төгсөөд, гараад, ажлын байран дээр очиход амьдрал шал өөр байдаг. Сургуульд сурч байх үед ширээний тавцан шиг хавтгай байгаа бол амьдрал дээр дэгэн догонтой, барзгар, гөлгөр гээд олон гүвээ даваатай.  Амьдрал олон янзын бартаатай.

Наад зах нь хамт олонтойгоо хэрхэн харилцах вэ? Наад зах нь ард түмэнтэй хэрхэн харилцах вэ гээд олон зүйл байгаа. “Манай гудамжинд тавтай морил” гэдэг шиг л болно. Дөрвөн жил хууль сахиулахын их сургуульд сонсогчоор дэврүүн сайхан яваад байсан. Төгсөөд нэг суманд хэсгийн төлөөлөгч болоод яваад очиход их өөр шүү.

Тэнд чи нусаа гоожуулахгүй байх ёстой. Тэнд чи хэсгийн хамгийн сайн төлөөлөгч байх ёстой. Тэнд чи хамгийн хүндтэй, хүнлэг хүн байх ёстой. Хэсгийн төлөөлөгчөө монголчууд бүгд хүндэлдэг болоход Монголын нэг том хөгжил ирнэ. Хэсгийн төлөөлөгчөө хүндэтгэдэг болсон цагт Монгол Улсад хууль хэрэгжинэ.

Цагдаагаа хүндэтгэж байгаа орон хууль сахиж байгаа улс болно

Хууль хаанаас хэрэгжиж эхэлдэг вэ? Замын дүрмээ ягштал хэрэгжүүлж байгаа орныг хууль хэрэгждэг орон гэж үзнэ. Цагдаагаа хүндэтгэж байгаа орон хууль сахиж байгаа улс болно. Тэр хүндлэл нь “Намайг хүндлээд өгөөч” гэж ханд гэж байгаа юм биш, өөрөө хүлээн зөвшөөрөгдөж хүндлэгдэх хэрэгтэй. Тэдний хүндлэлийг олох хамгийн чухал шүү. Хүндлэлийг яаж бий болгох вэ гэдэг дээр сайн ажиллах хэрэгтэй. Хүндлэлийг хэрэгжүүлэх чиглэл дээр хамгийн сайн хөтөлбөрийг хэрэгжүүлж, хамгийн сайн багшаар заалгах хэрэгтэй.

Багш хичээл заагаад, дараа нь үнэлгээний систем хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр үнэлгээний хуудсаар багшийг дүгнээд, хичээл бүрээ сайжруулаад явах нь хамгийн зөв зам, зөв үнэлгээний систем юм. Оюутны сонголтоор нэг семестрт МУИС-д суралцаад технологийн мэдлэг нэмэгдүүлэх бол ШУТИС-д суралцаад оноогоор кредит цуглуулаад явж бас болно.

Монголд хамгийн сайн хичээл заадаг сургууль, хамгийн сайн хичээл заадаг багш дээр үнэлгээ явуулаад ирэхээр тэнд 600 оюутан бүртгүүлээд багтахгүй болно. Тэр багтахгүй байгаа тоонд зохицуулалт хийгээд, багшийн цалинг нэмэгдүүлээд явах хэрэгтэй. Би их сургуулийн багш байгаад 10 сая төгрөгийн цалин авдаг бол баяртай л байх болно. Хажуу талд багшилж байгаа хүн цөөн тооны оюутанд заагаад, бага цалин авч байгаа бол түүний л асуудал. Ийм систем нэвтрүүлэх хэрэгтэй. Хамгийн шилдэг лаборатори байгуулах, хамгийн шилдэг стандарт хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн гаднын шилдэг эрдэмтэн багш нарыг урьж авч ирж хичээл заалгах хэрэгтэй.

Массачусеттын технологийн сургууль дээр уншиж байгаа багшийн лекцийг технологийн шийдэл ашиглан шууд сонсох хэрэгтэй. Хэлний хувьд та бүхэн сайн байгаа байх. Орос, англи хэлээр шууд ярилцаад явчих байх. Хэлийг дээд сургуулиас олж авч болно, мөн амьдралаас олж авах ч бүрэн боломж байгаа.

Утсаа маажиж суухын хажуугаар хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх түмэн боломж байгаа шүү дээ. Ийм гайхамшигтай орчинд чи төрсөн байна.

Монголын гурван сая ард түмэн гаднын гурван зуун сая хүнтэй адилхан л гэж би ойлгодог

Би боддог юм. Монголыг цөөхөн хүн амтай жижиг орон гэж зарим хүн ярьдаг, би хэзээ ч тэгж боддоггүй Монголын гурван сая ард түмэн гаднын гурван зуун сая хүнтэй адилхан л гэж ойлгодог. Гурван зуун сая хүнтэй яаж адилхан гэж боддог вэ гэхээр Монголын нэг хүн өөр улсын арван хүнтэй адилхан байх хэрэгтэй, өрсөлдөх чадвараараа, бүтээх чадвараараа, хүн чанараараа гээд олон зүйл байх хэрэгтэй.

Чи өөрийнхөө төрөлх хэлээс гадна наад зах нь хоёроос гурван хэлтэй байх хэрэгтэй. Ингэж байж чи хүндлэгдэнэ. Зарим хүмүүс зөндөө гадаад явдаг. Гаднын хүний хажууд юм хэлэх гээд хэлж чадахгүй харагддаг. Хэл мэддэг хүмүүс өмнөөс нь санаа зовох зүйл ч гардаг. Чи нэг мангар хүн шиг, чихгүй, хэлгүй хүн шиг суугаад байж болохгүй. Тэгээд буцаж ирэхдээ хэл сурна даа гэж бодоод, долоо хоноод буузтайгаа холиод мартдаг байж болохгүй. Энэ юуг харуулж байна гэхээр хэл сурах эхний долоо хоногийг давах хэрэгтэйг харуулж байгаа хэлбэр. Долоо хоног биш, долоон сар өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй. Хамгийн хэцүү юм шиг байж болно л доо.

Арван сар хичээж англи хэлийг суралцаад, дараа нь илтгэл бичээд, олон улсын түвшинд суралцах боломж нээгдэнэ. Арван сар хичээн суралцаж тэр түвшинд хүрнэ гэдэг бол хэцүү шүү. Надтай хамт суралцаж байсан урд хөршийн нэг залуу байсан. Тэр хэлэхдээ би зургаан сая хүнээс шигшигдэж тэнцэж орж ирлээ гэсэн. Тэр бол маш том тоо, тийм л байх хэрэгтэй.

Ази, Номхон далайн энэ бүс нутагтаа өрсөлдөж, тавигдаж буй стандартыг нь хангах хэрэгтэй, өрсөлдөх хэрэгтэй, гаднын багш нарын хичээлийг авах хэрэгтэй. Энэ чиглэлээр манлайлж байгаа хамгийн сайн сургуулийн хөтөлбөрийг татаж авах, ашиглах хэрэгтэй. Багш нартаа ийм боломжийг олгох хэрэгтэй, оюутнууддаа ийм боломжийг олгох хэрэгтэй. Тэгээд гадаадаас ирж буй оюутнуудаа жаахан жаахан урамшуулах хэрэгтэй. Тэгээд цаашаа явна шүү дээ. Оросоос, Халмигаас, Буриадаас, Өвөрмонголоос цагдаа болох залуучууд ирээд суралцвал маш сайн болно шүү.

Монголчууд дэлхийд том үндэстэн явсан улс. Хэд тасарсан ч гэсэн бид боловсролоор, соёлоор хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ сургуулийн гадаад харилцааг хариуцаж байгаа хүн бараг энд суух хэрэггүй. Олон газраар явж, хэд гурав хоног ярьж,  багш нартай нь уулзаж, гэрээ байгуулж, гадаад оюутнуудыг суралцуулж ажиллах хэрэгтэй. Наад зах нь гаднын хүмүүс ирэхэд өөр сэтгэлгээ, өөр түвшин бүрдэнэ.

Гаднын багш, оюутнууд ирэхэд би нэг зүйл хэлдэг юм. Та нар Монголд ирээч. Та бүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгч урьж байна, оюутнууд ЕТГ-т очиж дадлага хий. Монголд ирээд болсон үйл явдлын кейс бичих хэрэгтэй гэдэг. Цагдаагийн талаар, иргэний талаар гээд нэг хэрэг дээр анализ хийгээд, яг энэ мөчид яах байсан гэсэн шийдэл гаргаад, түүнийг баримт, нотолгоогоор бүрдүүлээд гаргаж ирэх хэрэгтэй.

Монголд ийм хэрэг гарлаа, нийгэмд ийм зүйл өрнөлөө гээд маш олон судлагдахуун байгаа. Энэ асуудлууд дээр учрыг нь олох шийдэл гаргах хэрэгтэй. Чи мөрдөн байцаагчийн хувьд оюутан ч гэсэн баг болж ажиллаад, судлаад гаргаад ирэх хэрэгтэй. Хэн нь зөв байсан, хэн нь буруу байсан гээд ажиллах хэрэгтэй. Нэг оролцогч тал ийм байна гээд хэлэхэд түүнийг арван янзаар нотлоод мэтгэлцэх хэрэгтэй. Би үүнийг Монголын төлөө хийсэн ажил гэж бодож байна. Ийм учраас энэ төр Монголын залуучуудад зориг өгч байгаа алхам гэж харж байна. Бид ийм болохын төлөө явна.

Эрдэнэтийн 49 хувийг маш том бүлэглэл авчээ гэж байна. Үүнд хүмүүс итгээд сууж байгаа. Монгол хүн тэгж сэтгэж чадна гэж үү. Дөрвөн литрийн багтаамжтай саванд 10 литр ус багтахгүй. Зарим хүн тэгж сэтгэж чадахгүй байгаа. Эрдэнэтийг олж ирж байгаа бол маргааш Рио Тионтогийн 66 хувийг олж ирнэ дээ гээд чи бизнес хүн бол явах  хэрэгтэй шүү дээ. Тийм Монгол залууг монголчууд урамшуулах хэрэгтэй. /Алга ташив/

Ийм зүйлийг case study гэдэг юм. Ийм зүйлийг болсон явдал гэдэг юм.  Ийм асуудлаар олон талаас нь судалж маргах, мэтгэлцэх, суралцах хэрэгтэй. Уг нь Элбэгдорж биш, та нар хууль эрхзүйн талаас нь маргаж байх хэрэгтэй шүү дээ. Хуулийн, мэргэжлийн талаас нь дүгнэлт гаргаад ирэх хэрэгтэй.

Багш нараас ганц хоёр зүйл сонсоод толгой дохино, маргааш чи амьдрал дээр бөхийнө. Монгол хүн бөхийж болохгүй

Чамаас сэтгүүлч асуугаад салахаа больтол нь, чиний тэр хуулийн тайлбар, дүгнэлтийг гаргалгаатай нь нэвтрүүлэхэд тэр телевизийн үзэгчдийн тоо нь нэмэгдээд, тийм дээд түвшинд хүрсэн байх хэрэгтэй. Багш нараас ганц хоёр зүйл сонсоод, тэгээд толгой дохино, маргааш чи бөхийнө. Монгол хүн бөхийж болохгүй.

Би ийм зүйлийг хийгээсэй, ийм юм гараасай, ийм гоё байгаасай гэж бодож байна. Одоо бодит амьдралаас  сэдэвлэсэн 100 ийм жишээтэй болчих хэрэгтэй.

Хашаанаасаа гарч сэтгэ

Монголын утаа гээд бүгд орилолдож байна. Энэ утаанаас яаж ангижрах бэ? Чи энэ нийгмийн хүн шүү дээ.  Би цагдаа болох гэж байгаа учир утаа надад хамаагүй гэх юм уу? Чи гараад л утаа амьсгалж байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг яаж шийдэх вэ гээд чи 100 төрлийн шийдэлтэй болох хэрэгтэй.

Танай сургууль дээр амьдралд шууд хэрэгжүүлэх боломжтой тийм 10 төрлийн санаа гарсан байх хэрэгтэй. Зарим ийм утаатай хотуудад утаа сордог зүйл хийсэн байна. Тэгээд утаа нь орж ирээд гарахдаа шууд цахилгаан болоод гарч байна.  Ингэж хийсэн байна. Үүнийг чи яагаад хийхгүй байгаа юм. Чи тэр лаборатори, тэр сургууль, үүнийг шийдсэн байгаа улсуудыг урих хэрэгтэй. Та нар хамтраад ажиллаач. Үүнийг чи шийдээч.

Сүхбаатарын талбайг таллаад бороо орсон байсан гэдэг шиг Баянзүрх дүүрэг нэг харсан чинь ерөөсөө утаагүй байж байвал ямар вэ? Яасан гэсэн чинь “Манай Хууль сахиулахын их сургуулийнхан үүнийг шийдсэн юм аа” гэвэл нийгмээрээ алга ташина. Үүгээр та нарыг мэддэг болно. Чи яагаад үүнийг хийхгүй байгаа юм.

Зөвхөн тэр утааг оруулаад гаргахад эрчим хүч болгох шийдэл гарсан байна. Зөндөө олон химийн бүтээгдэхүүн гаргасан байна. Зөвхөн энэ сургуулийн замыг өөрчлөхөд, зөвхөн тэр замаасаа цахилгаанаа авдаг тийм сургуулиуд байж байдаг. Тийм байгууллагууд дэлхийд гарсан байна. Танайх яагаад замаасаа цахилгаан авч болдоггүй юм бэ? Чи, танай сургууль түүн дээр яагаад ажиллахгүй байгаа юм бэ? Ингэж ажиллаж байж, энэ асуудлыг шийдэж байж урагшилна. Хашаанаасаа гарч сэтгэх хэрэгтэй, байгаа зүйлээсээ гарч сэтгэх хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа маань энэ юм. Тэгэхээр ийм зүйлийг та бүхэн бодоорой.

Хүний амьдрал хугацаатай. Би хугацаатай амьдарлынхаа нэгэн хэсгийг танай сургууль дээр зарцуулж байгаа юм. Тэр хугацаагаа ер нь учир утгатай зарцуулмаар байна. Ийм учраас би та нарт энэ үгийг хэлж байгаа юм. Би та нарт хайртай учраас хэлж байгаа юм. Би Монголын залуу үед хайртай учраас энэ үгийг хэлж байгаа юм. Би та нарт итгэж байгаа учраас хэлж байгаа. Түүнээс биш би заавал ийм юм яриад, хийх ажил багадсандаа хэлж байгаа юм биш.

Монгол Улс хийж бүтээх эрх чөлөөтэй орон, асар их олон асуудал шийдэгдэнэ

Монгол Улсын тухай, Монгол Улсын ирээдүй, энэ бүхнийг би юу гэж боддог бэ гэхээр түрүүчийнхээ хэлсэн үгийг давтан хэлье.  Монгол Улс хийж бүтээх эрх чөлөөтэй орон, асар их олон асуудал шийдэгдэнэ. Ер нь Монгол  бол өөрөө байрлалын хувьд өвөрмөц байршилтай улс.

Би хөрш хоёр орны удирдагчидтай уулзаад хэлж байсан юм. Гурвуулаа нэг уулзъя. Монгол энэ хоёр орны дунд бүтнээрээ оршдог цорын ганц улс. Яагаад гурван улсын Ерөнхийлөгч суугаад ярьж болдоггүй юм бэ гэж. Тийм санааг анх намайг дэвшүүлж байхад манай Гадаад хэргийн яамны зарим нөхдүүд “Энэ хэзээ ч бүтэхгүй л болов уу. Хэн ч хүлээж авахгүй” гэсэн. “Хүлээж авна даа. Ярина даа” гээд яриад энэ уулзалтыг би 3 удаа хийж байгаа юм. Ийм байх хэрэгтэй.  Ажилдаа эзэн болох хэрэгтэй. Би энэ ард түмний итгэлийг хүлээсэн тийм түвшинд ажиллах хэрэгтэй.

Одоо тэр хүмүүс  хамт суугаад ярьдаг. Асуудал гурвуулангийнх нь эрх ашигт нийцэж байгаа тэр цаг үед нь санхүү, татвар түрээс, бусад юмаа ярьж чаддаг, тийм түвшинд бид хүрэх хэрэгтэй. Монгол өөрөө өвөрмөц байршилтай, Монгол өөрөө  маш хүндрэлтэй, асуудал шийдэхэд хэцүү шүү.

Монголын хууль сахиулах ажилтан байна гэдэг тийм амар зүйл биш

Монголын цагдаа байна гэдэг, Монголын хууль сахиулах ажилтан байна гэдэг тийм амар зүйл биш. Энэ нийгэмд өнөөдөр маш олон асуудал байгаа. Хүндрэл бий. Хүндрэл байна гэдэг бол чамайг цаашаа чадавхижуулах ийм нэг сорилт байна гэж бодох хэрэгтэй. Тэгэхдээ өнөөдөр бидний өмнө тулгамдаж байгаа асуудлаа шийдэхийн төлөө явах хэрэгтэй.

Би Монголын хөгжлийн философийг өөрөөр хардаг юм. Бид уудам газар нутагтай, бид бол далайд гарцгүй орон. Бидэнд олон зүйл дутуу байна. Яаж бид үүнийг нөхөх вэ. Тэгэхээр би хүнээрээ нөхнө гэж боддог. Монгол Улс давуу байдлаараа нөхнө гэж боддог. Монгол хүндээ бид итгэх хэрэгтэй. Монгол хүнээрээ дамжиж л Монгол Улс хөгжинө. Монгол хүнээрээ дамжиж л Монголын тусгаар тогтнол баталгаажина. Би тэгж боддог. Тийм учраас би хүний эрх чөлөөнд хайртай байдаг юм.

Монголд ганцхан Ерөнхийлөгч нь эрхтэй байдаг биш, Монгол хүн бүхэн эрхтэй байх ёстой гэж  бодож тэр эрхийн төлөө  явсан юм. Тийм эрхийг олгох гэж би явсан.

Монголд ард түмэн хүчтэй байх хэрэгтэй

Том оронд, олон янзын үндэстэн, олон янзын холбооны үндэстэн, олон янзын онцлогтой  улсад магадгүй Ерөнхийлөгч нь, зөв удирдлага маш хүчтэй байх хэрэгтэй. Монголд бол ард түмэн хүчтэй байх хэрэгтэй. Ард түмэн хийх чадвартай. Ард түмэн бүтээдэг чадвартай. Ард түмэн эрхтэй байх чадвартай.

Би ямар учраас хүмүүсийн гүтгэлгэд хариу өгдөггүй юм бэ, ямар учраас чи намайг гүтгээд бичсэн байхад би цагдаад өгөхгүй байгаа юм бэ? Би шүүр шанага болтлоо 27 жил буудуулж явахдаа нэг ч хүний өөдөөс гомдол гаргаж үзээгүй. Би ийм тэвчээртэй. Би ямар учраас тэгдэг вэ гэхээр үгээ хэлдэг иргэний зоригийг нь мохоочих  болов уу гэж боддог. Тэр иргэн намайг хардах эрхтэй, тэр иргэн миний талаар буруу бодох эрхтэй. Түүнийгээ бүр илэрхийлэх эрхтэй.

Ерөнхийлөгчийн асуудлаар бичсэн хүний үгийг нь, үзэл бодлыг нь, фэйсбүүкийг нь хаалгаад, жиргээг нь хаалгаад  бусад оронд байдаг шиг явах юм бол надад хамгийн амархан. Би үүнийг одоо очоод хийлгэж чадна. Гэхдээ би хэзээ ч ийм юм хийлгэхгүй, яах юм бэ. Зоригтой байг, чадалтай байг. Ерөнхийлөгчөө хүртэл муу хэлж чадаж байгаа тийм эрх чөлөөг би боож яах юм бэ. Хэн нэгэн хүний зүрхийг тэр хүнийг доош нь дарж яах юм. Тэр хүнийг мохоож болохгүй.

Тэр Монголын төлөө задарч яваа, Монголын төлөө гэж бодож яваа, Монголын төлөө юм хийхгүй байна гэж бодож яваа тэр иргэдийнхээ бүтээлч шүүмжлэлийг  нь би сонсох ёстой. Тэр надад урам, чадал өгдөг.

Чиний нөхөр хамгийн сайн байж болно. Гэтэл бас өрсөлдөгч чинь, хамгийн муу хүн чинь чамайг хурцалдаг.

Амьдралын хамгийн хэцүү шорвог зүйл л чамайг ирлэнэ

Манай хуулийнхан хэцүү ажилтай улс. Хүмүүс авилгатай тэмцэх хэрэгтэй гэж бүгд орилолддог. “Хуулиа биелүүлмээр байна. Шударга ёс тогтоомоор байна” гэдэг. Яг шударга ёс тогтоох гээд зүтгээд авилгач дарга нар руу ороод ирэхээр олон нийт тэр авилгачдын зохион байгуулалттай тарааж буй цуу үгэнд автаад эхэлдэг. Шударга ёс тогтоохыг шаардаж байсан олон нийт  анхныхаа байр суурин дээрээ байж чаддаггүй. Хийсэн хэрэг нь илрээд ирэхээр  жүжиг тавиад яваа  тэр хүнд автагддаг. Эргүүлээд шударга ёс тогтоохын төлөө явж байгаа хүнийг хараадаг. Тэр хуульчийг, тэр мөрдөн байцаагчийг, тэр прокурорыг, харааж эхэлдэг. Явж явж ард түмний  эрх ашгийн эсрэг байгаа авилгач этгээдийг өрөвддөг.

Нэг аймшигтай гэмт хэрэг илрүүлэх гээд манай хуулийнхан бүгд яваад илрүүлээд аваад ирэхээр юу гэдэг билээ. Бас нэг дутуу юм байна. Үүний цаана ийм юм, тийм байж болзошгүй гээд, ер нь тэр хэрэг илрэхгүй байх ёстой юм шиг загнадаг. Энэ бол мэдээж амьдралын хамгийн хэцүү шорвог зүйл. Гэхдээ энэ л чамайг ирлэнэ. Энэ л чамайг урагшаа явуулна. Ер нь дандаа чиний хийсэнд алга ташина, чамайг тойрч бүжиглэнэ гэж хэзээ ч хүлээх хэрэггүй.

Магадгүй өнөөдө чамайг 10 хүн тойроод бүжиглэж байж мэднэ. Чи яг тэр асуудалтай улаан нүүрээрээ тулаад, асуудлыг  шийдэхэд ес нь хаяад явсан байдаг. Үнэндээ чи тэр  10 хүний төлөө хийгээгүй шүү дээ. Энэ  3 сая монголчуудын төлөө, энэ том эрх ашгийн төлөө хийж байгаа ажил гэж л ойлгох хэрэгтэй.

Тэгэхээр хууль сахиулах байгууллагын ажилтан гэдэг бол тийм амар, тийм хялбар биш. Хэцүү шүү. Хүнд байдаг зовлон, хүнд байдаг аз жаргал ч ажилтай, мэргэжилтэй чинь холбоотойгоор тохиолдох байх. Олон хүндрэл бий шүү, түүнийг  давж гарах хэрэгтэй. Тэгж байж Монгол Улсын хөгжилд, Монголын ард түмний хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй.

Далайн од гэж таван хошуу шиг юм байдаг, мэдэх үү? Далайн одон дээр туршилт хийсэн байсан. Нэг  тэмтрүүлийг нь тасалсан байхад  хэдэн сарын дараа эргээд тэмтрүүл нь  нөхөж  ургасан байсан гэсэн. Гэтэл  аалз ч юм уу, нохой явж  байхад  толгойг нь тас цавчихад тэр дороо үхнэ шүү дээ. Гэтэл далайн одыг цавчихад амьдраад  л байна. Энэ юуг харуулж байна? Тэр бол далайн од төвлөрсөн нервийн системгүй амьтан болохыг харуулж байна.

Үүгээр би юу хэлэх гэсэн бэ гэхээр, Монгол Улсын Ерөнхийлөгч үнэнээсээ муу, арчаагүй байх юм бол  Монголын ард түмэн тэр чигээрээ, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал тэр чигтээ аюулд ордог, хохирдог байж болохгүй. Ерөнхийлөгч өнөөдөр үг хэлэхгүй байлаа гэхэд  манай хууль сахиулахын байгууллагууд хуулиа сахиулаад явж байх хэрэгтэй. Сахиул гэсэн ч сахиулна. Битгий сахиул гэсэн ч сахиулна. Үүргээ тангаргийнхаа дагуу чи биелүүлээд л явж байх хэрэгтэй.

Тийм болгох гэж  чамд тэр эрх чөлөөг өгч байгаа юм. Тийм болгох гэж чамд чөлөөтэй сэтгэх тийм боломж олгож байгаа юм. Чамайг хүн шиг эрхтэй болгож байгаа юм. Өөр юм байхгүй. Чиний өмнөөс асуудал шийдвэрлэх юм уу, үгүй шүү дээ.

Та нар ардчилал гэж ярьж байгаа. Миний амьдрал муу байна гэдэг. Ерөөсөө чиний амьдралыг чиний өмнөөс шийддэг зүйл огтхон ч биш. Гэхдээ чиний миний тухай муу юм бодохыг, миний тухай муу юм бичихийг, намайг гүтгэж ярих тэр эрх чөлөөг чинь хадгалах гэж би     энэ ардчиллыг авч ирэлцсэн юм. /Алга ташив/

Чи өөрөөр боддог байх чадвартай. Хүн шиг байх ёстой. Чамайг 7 тэрбум хүнтэй харьцуулахад 7 тэрбум хүн янз янз. Чи түүний нэг нь шүү дээ. Чи тийм учраас агуу, хүн шиг үзэл бодлоо илэрхийлдэг, хүн шиг амьдрах боломжийг илэрхийлдэг болох ёстой. Монголын гурван сая хүн энэ боломжоор хангагдах хэрэгтэй. Түүнээс биш аалз шиг толгойг нь тас цохиход унаад өгдөг тийм орон байж болохгүй.

Хууль бол Монгол Улсын хаан юм. Хууль сахиулагч бол манай нийгмийн хамгийн чухал алба юм

Их Хурал муу ажиллаж байна. Засгийн газар муу байна гэж шүүмжилж болно. Түүнээс болоод бүгдээрээ муу ажиллаж болохгүй. Тийм биз дээ. Нэг хэсэг нь ард түмнээ авч явдаг, үүргээ биелүүлдэг. Саарал ордонд муу үйл ажиллагаа болж байхад  тэнд байгаа сумын дарга гялалзтал  ажиллаж, сумаа өөд нь татах ёстой. Тийм биз дээ.

Тэр суманд амьдарч байгаа хүмүүс чинь гялалзтал хурлаа хийгээд, цас зуднаасаа гараад, бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, тэр сум, тэр аймаг эдийн засгийн хувьд босоод ирэх хэрэгтэй. Ингэж чадвал Монгол босно. Энэ эрх чөлөөг чамд өгч байгаа юм.  Үүнийг л бүтээх эрх чөлөө гэж нэрлээд байгаа юм. Үүнийг л та нар Монгол хүн болж төрснөөрөө азтай шүү гэж хэлээд байгаа.

Чи ингэж чадах юм бол үүний чинь төлөө  чамайг шийтгэхгүй, үүний чинь төлөө чамайг цагдаа дээр дуудахгүй байя, шүүхээр оруулахгүй байя. Одоо ойлгож байна уу?

Ийм сонголтыг хийснээрээ Монголын ард түмэн гавьяатай. Тэгэхээр бид нар ард түмэндээ баярлаж явах хэрэгтэй. Ийм учраас Монгол бол заавал нэг тархитай байх биш, Монголын ард түмэн бүгдээрээ өөрийн толгойтой. Өөрийн эрх чөлөөтэй. Би хэлсэн шүү дээ. Чи наад зах нь 10 хүнтэй тэнцэж амьдар. Чи болж өгвөл 100 хүнтэй тэнцэж амьдар, чи илүү байх хэрэгтэй. Чи ганцаараа биш, ингэж чадвал Монгол хөгжинө. Энэ үгийг бид нар хойч үедээ хэлж үлдээж байх ёстой.

Би өглөө хоёр үг бодсон юм. Хууль бол Монгол Улсын хаан юм. Хууль сахиулагч бол манай нийгмийн хамгийн чухал алба юм. /Алга ташив/

Монголыг хүн даргалдаг биш хууль даргалдаг болох ёстой

Монголыг хүн даргалдаг биш хууль даргалдаг болох ёстой. Монголын дэг журам аюулгүй байдлыг хууль сахиулагчид хангадаг болно. Тэгэхээр хууль гэдэг бол Монгол Улсын хаан юм. Хуулийн засаглал гэдэг түүнийг хэлж байгаа юм.  Ерөнхийлөгчөө шүтэх биш ээ. Хуулиа шүт. Хуулиа биелүүл. Чи ямар хууль гарсан байна, түүнийг л биелүүл. Хууль хэлсэн л бол биелүүл. Өөдөөс нь тачигнаад, хууль сахиулагчийн өөдөөс, хуулийн байгууллагынхны өмнөөс янз бүрийн үйлдэл үзүүлээд хэрэггүй.

Би хэлдэг шүү дээ. Хуулийнхан дуудсан л бол чи яваад оч гэж. Тэр нь буруу байж ч болно. Зөв ч байж болно.  Муу хууль байж болно, муу дарга байж болно, муу цагдаа сууж байж болно. Ямар ч хүн байж болно. Муу шүүгч байж болно. Тэгэхдээ хууль бол бидний хаан. Ерөнхийлөгчийн ч хаан, чиний ч хаан.

Хууль сахиулагч бол ямар ажил байх нь вэ? Монгол Улсад байгаа хамгийн чухал ажил бол хууль сахиулагчийн ажил. Тийм учраас би та бүхэнтэйгээ цаг гаргаж уулзая гэж ирсэн юм.

Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уншсан Хүндэтгэлийн лекц үүгээр өндөрлөж оролцогчдын асуултад хариуллаа.

Асуулт: –Би 2012 онд “Шилдэг залуу эмэгтэй” өргөмжлөл авч байсан. Ингэхдээ би энэ өргөмжлөлөөсөө ташуур авч байсан. Өөрөөр хэлбэл, 2013 онд би доктор хамгаалсан. Өнөөдөр таны уншсан лекц бидэнд урам зориг өгөхөөс гадна бас ташуур болж өглөө. Тэгээд судлаачийнхаа хувьд нэг зүйл тодруулж асуух гэсэн юм.

Аюулгүй байдлын асуудал, төрт ёсны уламжлал нь ялангуяа төрийн залгамж чанартай их холбогддог. Таны хувьд Монгол төрийн залгамж чанар сонгуулийн 4 жилийн хугацаанд хэр сайн байгаа вэ? Төрийн ой санамжийн асуудлыг та юу гэж ойлгож байгаа вэ?

Монголд маш олон өөрчлөх шаардлагатай хууль, тогтоомж байгаа гэж боддог. Түүн дотор Үндсэн хуулийн тухай ч асуудал яригддаг

Ерөнхийлөгч: – Төрийн албан хаагчид, хууль сахиулах байгууллагынхны хувьд “Миний ажил болохгүй байна. Бидний ажил явахгүй байна. Энэ хууль буруу байна, муу байна” гэсэн зүйл  ерөөсөө байж болохгүй.

Судлаач хүний хувьд энэ хууль дээр ийм заалт байна. Үүнийг ингэж сайжруулах боломжтой. Ийм асуудал байна. Ингэж шийдэх боломжтой гэж асуудал дэвшүүлж байх нь хамгийн чухал зүйл. Хууль л гарсан бол манай хууль сахиулагчдын нэг зарчим байгаа шүү дээ. Ерөөсөө хууль гарсан л бол биелүүл. Биелүүлж чадахгүй бол чи ажлаа өг. Чи энэ албанд тэнцэхгүй байна. Амьдралд болохгүй байна. Засварлах шаардлагатай зүйл байна гэвэл засварлаад явах хэрэгтэй.

Би хувьдаа Монгол оронд маш олон өөрчлөх шаардлагатай хууль, тогтоомж байгаа гэж боддог. Түүн дотор Үндсэн хуулийн тухай ч асуудал яригддаг. Гаднын нэг судлаач Монголд ирээд хэлсэн юм гэнэ лээ. Нэг ийм үг байдаг. Манайхан суугаад Үндсэн хуульд ийм ч юм засмаар байна. Тийм ч юм засмаар байна гээд байж. Тэгээд тэр судлаачаас “Та юу гэж бодож байна” гэж асуухад “Пөөх, танайх чинь маш сайн Үндсэн хуультай орон байна шүү дээ.

Хуулийнхаа тийм ч юм болохгүй байна, ийм ч юм болохгүй байна гэдгийг мэдэж байгаа орон бол эрх чөлөөтэй байдаг. Сэтгэж байна, чадаж байна. Танайх бол сайн Үндсэн хуультай орон байна” гэжээ. Шүүмжлэл хүлээнэ. Засах юм байна гэдэг бол дандаа муу гэсэн ойлголт ерөөсөө биш. Цаг хугацааны хувьд, харилцааны хувьд яаж засварлах вэ гэдэг л зүйл байгаа юм.

Үнэхээр миний нэг бодож байгаа зүйл бол Монголд сахилга, зохион байгуулалт, хариуцлага, итгэл гэж сая би ярилаа. Энэ бүхнийг дээрээсээ авахуулаад бий болгох ёстой. Энэ бүхнийг манай гүйцэтгэх засаглал дээр бий болгох хэрэгтэй. Гүйцэтгэх засаглал дээр үүнийг бий болгохгүй бол Монголын хөгжилд одоо маш том хүндрэл учруулж болохоор болчихоод байна. Та нар л хэлж байх ёстой шүү дээ.

Бусад оронд Ерөнхий сайд нь томилогдлоо. Зарим газарт Ерөнхий сайдыг томилоход бүр Их Хурлаараа ч оруулдаггүй шүү дээ. Зарим газарт Ерөнхий сайд гээд олонхиос гараад ирэхэд Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн нь шууд батламжлаад явуулдаг. Ерөнхий сайд гарч ирээд хамгийн сайн хүмүүсээрээ Засгийн газраа бүрдүүлдэг. Хамгийн гайхамшигтай, хамгийн сайн мэргэжилтнээрээ бүрдүүлдэг. Тэгээд хариуцлагаа хүлээсэн шиг хүлээгээд, шийдвэрээ гаргасан шиг гаргаад явах хэрэгтэй.

Өнөөдөр манайд ийм засаг байх ямар ч боломж алга. Та нар Монголын хөгжил сул байна. Хөрөнгө алга байна. Хөрөнгө оруулалт зогсчихлоо гээд байна. Энэ юунаас болоод байна вэ?

Гүйцэтгэх засаглалыг итгэлтэй, чадвартай үнэхээр гүйцэтгэх засаглал болгомоор байна

Бид хуулиа шинэчиллээ, сонгуулиа хийлээ, засгаа солилоо. Байхгүй л байна шүү дээ. Юунаас болоод байна? Манай тогтолцоо ийм. “Тэдний засаг, төр итгэхийн аргагүй шүү дээ. Тэдний Засгийн газрын гишүүд гэдэг бол тодорхой сонирхол, тодорхой фракц, нам дотроо байгаа хэдэн хүний л төлөөлөл. Тэд бол ард түмнийг бүрэн утгаараа төлөөлөөд, хамгаалаад, шийдвэр гаргаад явчихаж чадахгүй шүү дээ” гэж гадныхан хэлдэг шүү дээ.

Бид  гүйцэтгэх засаглалдаа үнэхээр чадвартай, үнэхээр хариуцлагатай, үнэхээр итгэл хүлээхүйц системийг бий болгож өгөх хэрэгтэй. Бид энэ талдаа жаахан алдсан байх. Би хувьдаа ингэж боддог юм. Юмаар оролдохдоо бүхлээр нь оролдох шаардлагагүй. Нэг удаа засахдаа нэг л харилцаагаа сайжруулъя. Ингээд цаашаа явна. Монголчууд хийж чадна.

Гүйцэтгэх засаглалыг итгэлтэй, чадвартай үнэхээр гүйцэтгэх засаглал болгомоор байна. Зарим газар, Монголд ч гэсэн тийм болох хэрэгтэй юм. УИХ дээр бүх зүйл бүрэн шийддэг гээд бүх хүн ойлгочихсон. Монгол Улсын Их хурал бол Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага гэдэг.  Тэр томъёолол нь буруу гэж үздэг судлаачид байдаг шүү дээ. Монгол Улсын Их хурал бол Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага. Хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг газар. Бүхнийг  авч ирж шийддэг, тэнд болж байгаа хэрүүл бүхнийг зөөж авчирдаг тийм газар биш.

УИХ дээр ярилаа. Тэгээд цаашаа хэнд хариуцлага тооцох юм. Та нар нэг юм бод доо.Хариуцлага гэдэг нэртэй, эзэнтэй, хүнтэй байх ёстой. УИХ хэзээ ч хариуцлага хүлээдэггүй шүү дээ. Тэгэхээр УИХ-аар өдөр тутмынхаа шийдвэрийг гаргуулж болохгүй. УИХ хуулиа л тогтоо. Тэгээд боллоо.

УИХ бол хамтын хариуцлага. Хамтын хариуцлага гэдэг бол хариуцлагагүй байна гэсэн үг. Тэр тусмаа УИХ-ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэдэнтэй яаж хариуцлага тооцох юм бэ?

Тооцдог газар нь Засгийн газар. Шийдвэр гаргалаа. Буруу болбол өөрчилж байдаг. Сайдыг өөрчилж байдаг. Тэр агентлагийн даргыг сольж байдаг. Тэр чадвар өнөөдөр манай Гүйцэтгэх засаглад алга болчихоод байна. Байхгүй байна. Үүгээрээ Монгол Улс асар их итгэл алдаж байна. Ард түмнийхээ итгэлийг алдаж байна. Асар их ажил хийх боломжоо алдаж байна.

Ерөнхий сайд оруулаад, төсвийг түүний дагуу баталж өгөхгүй л бол тэр УИХ-ыг хөөгөөд тараадаг эрх бусад оронд байдаг юм. Ээлжит бус сонгууль зарлачихдаг. УИХ-ын гишүүд, улс төрийнхөн сонгуулиас их айдаг.  Ээлжит бус сонгууль зарлана аа. Улс эх орны төлөө том асуудал шийдэх гээд явахгүй бол Ерөнхий сайд шууд ээлжит бус сонгууль зарлачихдаг. Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчид оруулж ирээд л, Ерөнхийлөгч нь зарлиг гаргаад зарлачихдаг. Ийм л юм.

Заавал Ерөнхийлөгчийг Элбэгдорж гэж битгий хар. Хугацаатай юм сайхан шүү дээ. Хэдэн сарын дараа би ажлаа өгнө. Гэхдээ Монголын төрд зөв тогтолцоо үлдэх ёстой.

Үнэхээр гүйцэтгэх засаглалыг чадвартай, итгэл хүлээхүйц, цагийн ая даадаг болгоё. Манайхан муу л юм бол засгаа огцруулъя. Муу л юм бол тэр сайдыг огцруулъя гээд гүйлдэж байдаг.

Засгийн газар тогтвортой байх хэрэгтэй

Хамгийн гол нь Засгийн газар тогтвортой байх хэрэгтэй. УИХ-ын  ээлжит бус сонгуулийг 4 жилд 2 ч удаа хийсэн болно шүү дээ. Бусад газар бол парламент нь тогтворгүй, тараад явж байдаг. Шийдвэр бүхэнд ард түмэн алга ташиж байх албагүй. Хүмүүс тэр татвар нэмэх асуудлыг эсэргүүцэж байж магадгүй. Гэхдээ үнэхээр шаардлагатай бол нэмэхээс өөр аргагүй шийдвэрийг гаргах ёстой.

Чи хэцүү шийдвэр гаргах гэж УИХ руу, улс төр рүү ордог юм гэдгийг хэлэх гээд байна шүү дээ. Чи түүнийг хийж чадахгүй бол яв. Дахиад өөр бүрэлдэхүүн оруулаад ирье. Засаг нь байж байдаг. Ерөөсөө энэ чиглэлийн зохицуулалтыг хийх хэрэгтэй. Үүнийг хийхгүй бол байдал тийм амар биш байна. Үүнийг хийхгүй бол хүн итгэхгүй.

Монгол Улсыг гүйцэтгэх засаглал төлөөлдөг юм шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсыг төлөөлдөг. Монгол Улсын Ерөнхийлөгч төлөөлнө гээд биччихсэн байгаа. Гэхдээ яг үнэндээ бол гүйцэтгэх засаглал нь төлөөлнө. Зарим нь толгой сэгсэрч л сууна. Чи надтай санал нийлэхгүй байж болно. Заавал нийлж байх албагүй. Монгол Улсыг УИХ-ын гишүүн юм уу, УИХ төлөөлдөггүй.

Монгол Улсын нүүр царай, Монгол Улсын бодлогын уламжлалт чанар нь гүйцэтгэх засаглал юм

Тэгэхээр Монгол Улсын нүүр царай, Монгол Улсын бодлогын уламжлалт чанар нь гүйцэтгэх засаглал юм. Түүнийг авч явдаг хууль тогтоомжийг бий болго. Тэгэх юм итгэл сэргэнэ. Тэгэх юм бол явна. Тэр чиглэлд бид бодох хэрэгтэй. Энэ дундуур бид явна аа.

Хамгийн нэгд улстөрийнхны нэг хүндрэл байдаг юм. Сургамж нь хойноо ирдэг. Чи алдаатай шийдвэр гаргаж болно. Гэхдээ би хууль сахиулахынханд бас нэг юм хэлье.

Хуулийн байгууллагын хувьд улстөрчдийн хэл аманд өртөөд буруу тал руу явах магадлал байдаг. Нэг юмыг ялгаад сурчих хэрэгтэй. Үүнийг хичээлд оруулмаар байна.

Юуг гэмт хэрэг гэж үзэх вэ? Юуг бодлогын алдаа гэж үзэх вэ? УИХ шийдвэр гаргаж байгаа бол тэр бодлогын алдаа. Түүнээс биш УИХ гэмт хэрэг үйлджээ гээд 76-ууланг нь чи мөрдөн байцааж чадахгүй. Бонд гаргана гээд УИХ шийдэж байгаа бол тэд зөв байна уу, буруу байна уу, хамаагүй. Буруу болсон бол тэр бодлогын алдаа. Зөв байсан бол бодлогын ололт, зөв бодлого байж. Бондын мөнгөнөөс 160 сая төгрөгийг чи албан тушаалаараа дамжуулаад завшчихсан байгаа бол тэр бол гэмт хэрэг. Одоо ойлгож байна уу?

Ингэж ялгаж хардаг чадвар байх хэрэгтэй. Бодлогын алдааг ард түмэн шүүдэг юм. Цаг хугацаа шүүдэг юм. Бодлогын алдааг бодлогоор залруулдаг юм. Чи залруулдаг юм биш. Та нар ийм юм руу давхиж очив.

Энэ яг хувь хүний гэмт үйлдэл мөн үү, албан тушаалтны гэмт үйлдэл мөн үү? Аль эсвэл албан тушаалтны бодлогын алдаа юу гэдгийг үргэлж харж байх хэрэгтэй. Тэгэхээр ийм нарийн байдаг.

Гэтэл манай хууль сахиулахынхан бодлогын алдааг “Чи шийдээд ир, хууль зөрчсөн гэж гаргаад ир” гээд тулгадаг, ийм үйл ажиллагаанд орвол яана. Чамд үүнийг харж чаддаг билгийн нүд байх хэрэгтэй. Зөвхөн хуулийн зүйл, заалт цээжилснээрээ биш. Би ингээд ярих юм бол зөндөө олон зүйл ярьж болно. Тэгэхээр иймэрхүү иймэрхүү зүйл дээр их анхаараарай. За их баярлалаа. Дахин уулзахын сайхан ерөөл тавья” гэлээ.

Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ХСИС-д зочилж, Хүндэтгэлийн лекц уншсан үйл ажиллагаа өндөрлөв.

 

 

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

 


Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …