Б.Навчаа: Намайг эрчүүд үзэн ядах вий гэхээс айсан

ugluunuu_sonin_logo “Ларьдма” кино дэлгэцэнд гарснаас хойш тус киноны уран бүтээлчид магтаал, сайшаалын “цэцгэнд” дарагдаад байна. Нүднээс далд хэрнээ нийгэмд аль хэдийнэ танил болсон гэр бүлийн хүчирхийллийг Ларьдма гэх эмэгтэйн дүрээр сүрхий илэрхийлж чадсан эл бүтээлийг үзэхээр зоригсод кино театрууд руу цуварсаар. Жүжигчин, найруулагч СТА Б.Навчаагийн хар зургийг нь гаргасан “Ларьдма”-г зохиолч Д.Төрмөнх амьдруулан үзэгчдийн хүртээл болгосон. Бүтээсэн дүртэйгээ төстэй амьдралаар амьдарч байснаа хэнээс ч нуудаггүй жүжигчин Б.Навчаатай тус бүтээлийн талаар ярилцлаа.

-“Ларьдма” кино үзэгчдэд юу өгөхийг зорьсон бэ?

nabchaa_zps28687c33 -Энэ кинонд би тоглосон гэхээс илүү яагаад ийм бүтээл хийж, продюсерлэх болсон бэ гэдгээ ярих ёстой болов уу. Учир нь энэ миний бүтээл. Нийгэмд гарч буй чанаргүй бүтээлүүдийг ард түмэн үзсээр аль хэдийнэ залхсан байна. Тиймээс чанартай уран бүтээл үзүүлэх хэрэгтэй гэж зорьсон. Үзэгчдийн толгой хогийн сав биш. Чанартай уран бүтээл гэдэгт төрөл хамаардаггүй. Ямар ч жанраар юу ч хийж болно. Гэхдээ тэр нь бүтээл байх ёстой. Мэдээж гарч байгаа бүх кино муу болоогүй. Гэвч мэр сэр кинонууд ар араасаа нээлтээ хийж байна. Тиймдээ ч ард түмэнд сайн уран бүтээл хүлээсэн хүлээлт байсан болов уу. Ард түмний дунд ийм амьдрал бий. Иймэрхүү хар дарсан зүүд шиг амьдрал иргэдийн дунд байдаг гэдгийг урлагийн хүмүүс л хэлж өгөх ёстой. Өөр хэн ч биш.

-Уран бүтээлчид чанартай кино туурвиж чадаж байгаа юу?

-Урлаг гэдэг соён гэгээрүүлэх ухаан. Энэ бол дээд зэрэглэлийн мэргэжил. Үүнийг мөнгөтэй хэтэрхий хольж хутгаж, хэт цаасны кино хийхийн эсрэг байдаг. -“Ларьдма” киноны зохиолын та­лаар дэлгэрэнгүй яриач. Таны зохиол гэж сонссон? -Миний зохиол биш. Яахав үнд­сэн санааг нь гаргасан. Зохиолч Д.Төрмөнхөд ийм утга санаатай, гэр бү­лийн хүчирхийллийг харуулсан кино хий­­мээр байна гэж санал тавьсан. Сүүлд зохиолыг Ж.Сэнгэдорж нэмж най­руулаад “Ларьдма” төрсөн. Амьдрал дээр “Ларьдма” киноны гол дүрийн хоёр эмэгтэйд тохиолдсон шиг зүйл байсан уу гэвэл үгүй байх. Энэ бол зүгээр нэг зохиомол түүх. Уран сайхны киноны 50 хувь нь худал байдаг. Гэхдээ тэр чигтээ зохиомол байна гэж үгүй. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл гэдэг хаана ч байдаг зүйл. Түүнийг л уран бүтээл байдлаар хөндөж гаргая гэж бодсон.

-Зураг авалтын дийлэнх хэсэг нь эмэг­тэйчүүдийн засан хүмүүжүүлэх га­зар өрнөдөг. Тэнд ямар орчин хүлээж авсан бэ?

-Мэдээж ямар л олигтой зүйл байх вэ. Тэднийг өрөвдөх нь бас өрөөсгөл ойлголт. Бүх зүйл хууль дүрмээрээ л үйлчилдэг шүү дээ. Гэвч энэ дунд мөн гэр бүлийн хүчирхийлэл, дарамт шахалтын улмаас байж суух аргагүйдээд өөрийгөө чө­лөө­лөхийг хүссэндээ гэмт хэргийн золиос болсон эмэгтэйчүүд маш олон байна.

-Шоронгийн орчинд дасах, хар­гал­загчийн дүрд хувирах хэр хүнд байв?

-Хэцүү юм билээ. Гэхдээ одоо үед шүүхийн шийдвэр гүйцэтгэж буй бай­гууллага ялтнуудтай эв зүйгээр харьцах, нэг талаас тэдний эрхийг нэлээд хүндэлдэг болсон байсан. Яг шоронд ял эдэлж буй хүнтэй жинхэнэ утгаар харь­цах ямар байдгийг сайн мэдэхгүй. Жү­жигчдэд тодорхой хэмжээний ойлголт өгсөн. Гэхдээ хамгийн чухал нь шорон бол гэгээрлийн ордон гэсэн мессежийг нийгэмд тараах нь маш буруу. Тэгвэл хүн бүр хэрэг хийх сэдэл төрж, шорон бол аюулгүй газар гэсэн ухагдахуун төрүүлнэ. Шорон бол яг л шорон чигээрээ байдаг гэдгийг нэг талаас харуулахыг зорьсон.

-“Ларьдма” кино үзэгчдээс маш их талархал, сайшаал хүлээн авсан. Тэгвэл тус кинонд та өөрийн зүгээс ямар дүгнэлт өгөх вэ?

-Олон хүнээс талархлын үг сонсч байна. Кино нээлтээ хийхээс өмнө би нэг зүйлээс айж, эмзэглэж байлаа. Юу гэвэл эрчүүд намайг үзэн ядах вий гэсэн бодол. Гэхдээ эсрэгээрээ залуус маш их дэмжиж, баяр хүргэсэн. Хэсэг залуучууд “Хэрэв нэг л буруу алхам хийвэл танай кинон дээр гардаг эрэгтэй дүр шиг харгис болох юм байна гэдгийг анхааруулж, ухаарууллаа” гэж хэлж байсан. Үүний хажуугаар олон эмэгтэйчүүд амьдралаа ярьж, уйлж байсан. “Ларьдма”-гаас ч хэцүү, зүүдэнд ор­моор­гүй хүнд амьдрал туулж яваа нэг бүсгүй надад зовлонгоо ярьж өгсөн. Түүнийг сонсоод үнэхээр шоконд орсон. Миний бодлоор ийм зовлонд унасан эмэгтэйчүүдийг цагдаа нар “Гэр бүлийн асуудал” гэх шалтгаанаар тоодоггүй юм байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төвд хандсан ч олигтой үр дүнд хүрээгүй яваа юм билээ.

-Маш эмгэнэлтэй төгсдөг. “Ларьдма” киноны хоёрдугаар анги гарах уу?

-Хоёрдугаар ангийг хийгээч гэж хүмүүс маш их санал хэлж байна. Миний бүтээсэн дүр шоронд ороод дуусдаг тул дараачийн ангиа аз жаргалтай төгсгөх хэрэгтэй гэж хүмүүс бодсон байх. Одоогийн байдлаар иймэрхүү санал 200 гаруй цугларсан байна. Гэхдээ би үгүй гэж хэлнэ. Аливаа зүйл нэгээрээ л үлдэх ёстой. Миний дүр шоронд орж буйгаар өндөрлөхөөс өөр төгс шийдэл байхгүй. Киноны гол дүрийн хоёр эмэгтэй хоёулаа гэр бүлийн харгис хүчирхийллээс ангижирсан. Мөн хүүхэд шоронжсон амьдралаас салж байна гэсэн бас нэг утга юм. Хүний сэтгэлийн утсыг хөндөж, яах бол гэсэн асуулт үлдээж чадсан л бол энэ уран бүтээл мөн.

-Жүжигчин Б.Навчаагийн амьд­ралаас “Ларьдма”-г сэдэвлэсэн гэж ярьж байна?

-Үгүй дээ. Миний амьдралд тийм зүйл огт тохиолдоогүй. Би яахаараа хүнд дурлаад л хаягдаад явав гэж дээ. Харин би хүн хаяна уу гэхээс хаягддаг хүн биш. (Инээв) Гэхдээ “Ларьдма” кинонд өгүүлсэн гэр бүлийн хүчирхийлэл гэх зүйл надад тохиолдож байсан. Түүнийг нууж хаагаад байх юм алга. Түүнээс би шоронгийн ээлжийн ахлагч хийж явсангүй. Шоронд ял эдэлж байсан эмэгтэй биш. “Ларьдма” кино бол уран сайхны хэвшмэл төрх.

-Киноны хөгжим маш сайн болсон гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Таны хувьд ямар үнэлэлт өгөх вэ?

-Би Г.Онон гэдэг хүнийг шүтэж амьдардаг. Тэр хүнд авьяас билэг яаж заяадаг юм гэмээр гайхалтай чадвар бий. Кинон дээр эгшиглэх хөгжим бүр “Ларьдма”-д зориулж бичсэн. Гаднаас өөр хүний нэг ч бүтээл хуулбарлаагүй.

-Та “Ларьдма”-д гол дүр бүтээсэн жүжигчин Д.Пүрэвсүрэнтэй нэлээд уран бүтээлд хамтарч ажиллалаа. Түүнийг дүгнэж хэлбэл?

-Жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн өнгийг би маш сайн мэддэг. Бусад хүмүүс түүнийг цэнхэр, ягаан, улаан гээд л өөр, өөр өнгөөр хардаг. Хүмүүс ихэнхдээ топ модель гэдгээр нь дүгнээд байдаг. Миний бодлоор Пүүжээг жүжигчин гэдэг үүднээс хараасай. Тэр жүжигчний хувиар залуусыг араасаа дагуулахгүй. Ямар ч дүрийг гайхалтай бүтээдэг.

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …