Судсан дотуур хийдэг мэс заслыг монгол эмч нар нутагшуулж чаджээ

П.Н.Шастины нэрэмжит 41 төв эмнэлгийн Зүрх судас, мэс засал, эрчимт эмчилгээ гээд олон тасгаар орж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Аль ч тасгаар орсон орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, эмч сувилагчдын харилцаа хандлага сайжирсан, сэтгэлд нийцтэй орчин угтаж байв.

П.Н.Шастины нэрэмжит III төв эмнэлэг хот, хөдөөгийнхөнд харьяалал харгалзахгүй үйлчилдэг.Нийт 700 гаруй эмч, ажилчидтай. Жилдээ 18 мянган хүнд амбулаторийн үйлчилгээ үзүүлдэг, том эмнэлэг. Тиймээс тус эмнэлгийнхэн иргэдийнхээ тав тухтай байдлыг бүрдүүлэх үүднээс өнгө төрх болоод эмчилгээ үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг нэлээд сайжруулжээ.

Хот, хөдөөнөөс, холын аймгуудаас ирж хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн сэтгэгдлийг сонсвол ам сайтай байна. “П.Н.Шастины нэрэмжит III төв эмнэлэгт тархины харвалтын бүлэн хайлуулах эмчилгээ, судсан дотуурх зүрхний төрөлхийн гажгийн мэс засал, судсан дотуурх тархины хавдрын судас бөглөх мэс засал, тархины судасны эмгэгийн мэс заслын эмчилгээ, гадаадад өндөр өртгөөр хийгддэг зүрх, тархины мэс заслуудыг монгол эмч нар хямд өртгөөр, чадварлаг хийж, өвдсөн зовсон хүмүүст амьдрал бэлэглэж байгаад талархаж байна” гэж байв.

МОНГОЛД ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНҮҮД ЦӨӨРЧЭЭ

П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт зүрхний хэм алдалтын аблаци эмчилгээ, судасны эмгэгүүдийн үеийн мэс засал, тархи мэдрэлийн мэс заслууд, тархины судсан дотуурх оношилгоо чих, хамар хоолойн мэс засал, нүдний болор, торлог шилэнцрийн мэс засал гээд нарийн мэргэжлийн ихэнх мэс заслуудыг амжилттай хийж байгаа ажээ.

Энэ тухай Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Л.Аваажигмэд хэлэхдээ “Монголчуудын дунд цус харвах өвчний тохиолдол бусад орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй, залуужих хандлагатай байна. Энэ өвчнөөр ид хөдөлмөрийн насны хүмүүс их өвчилж байна. Манай эмнэлэг дээр 25,35 насны залуус хүртэл цус харвалт болоод ирж эмчлүүлж байна. 

Хагалгаанд орж байгаа хүмүүсийн хувьд 25-55 насныхан дийлэнх байна. Монголд эмчлэх боломжгүй гадаад оронд явуулж эмчлүүлдэг долоон төрлийн өвчнөөс хоёрыг нь дотооддоо эмчилдэг болсон. Энэ бүх нарийн хүнд хагалгаануудыг монгол эмч нар өөрсдөө бие даан хийж байгаа” гэв.

Тэр ч бүү хэл, Монгол Улсад хүний гавлын ясыг нээхгүйгээр, унтуулахгүйгээр судсан дотроос нь хагалгаа хийж. эмчилдэг болоод жил гаруйн нүүрийг үзэж байгаа ажээ. Энэ төрлийн хагалгаа нь дэлхий дахинд харьцангуй сүүлд хөгжиж эхэлсэн залуу салбар гэгддэг ч манай эмч нар энэ төрлийн хагалгааг цаг алдалгүй хийж эхэлсэнд монгол эмч нараараа бахархах сэтгэл төрөв.

ЗҮРХ, ТАРХИ, МЭДРЭЛИЙН ГАРАЛТАЙ ӨВЧИН ЗАЛУУЖИЖ БАЙНА

Тасгуудаар явж байхад Монголд зүрх, судасны өвчлөл, тархины хавдар зэрэг өвчлөл залуужиж байгааг хараад сэтгэл зовнив. Зүрхний мэс заслын тасагт төрөлхийн зүрхний гажигтай бага насны хүүхэд, тэр дундаа 1-2 насны хүүхдүүд хагалгаанд орсон байна. Гол төлөв судсан дотуур хийгддэг энэ хагалгааг зургаан сараас дээш настай хүүхдэд хийдэг ажээ.

Энэ тухай зүрхний мэс заслын тасгийн эмч нар хэлэхдээ “ Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүд жил ирэх тусам нэмэгдэж байна. Уг нь хүүхдийн зүрхний цоорхой төрснийхөө дараа аяндаа битүүрэх ёстой. Битүүрэхгүй удах л юм бол яаралтай хагалгаанд оруулах зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ цоорхой жижигхэн байсан ч гэсэн хүүхдийг аль болох бага байхад нь хагалгаа хийх хэрэгтэй.

Цаг хугацаа алдвал амь насанд нь аюултай” гэж байсан. Мөн сүүлийн жилүүдэд зүрхний хэм алдагдах өвчин нэмэгдэх хандлагатай байгаа аж. Харин азаар монгол эмч нар маань энэ өвчнийг эрт оношилдог, эмчилж чаддаг болсон гэж байв. Монгол хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй зүрхний хэм алдагдах өвчин буюу аблаци эмчилгээ нь дэлхий дахинд өртөг зардал өндөртэй эмчилгээнд ордог.

Тухайлбал, зүрхний хэм алдагдлын электрофизиологийн оношилгоо, аблаци эмчилгээний зардалд монгол иргэд Азийн орнуудад 8,000-30,000 ам доллар, АНУ, Европын орнуудад 20,000-50,000 ам долларыг зөвхөн аблаци эмчилгээнд зарцуулдаг аж.

ЭМЯ

Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд …