Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өнөөдрөөс эхлээд дандаа баас ярина гэнэ

munkhbayasgalan

Бид  туйлшрах дуртай ард түмэн.  Гэхдээ өөртөө шууд хамааралтай сэдвээр биш “агаарын” юм ярьцгааж дэлхийн энэтэй сэтгэх нь энүүхэнд.  Агаарын бохирдлоос болж эхийн хэвлий дэх ураг эндэж, дөнгөж төрсөн нярай үрс  чинь хорт хавдартай ангир уургаар амлаж байна гэвэл  “Аан тийм үү” хэмээн сулхан дуугарах ч Шейвцарийн банкинд байгаа С.Баярцогтын дансанд  санаа зовон дуу нь өндөрсөх.  Улаанбаатар хотод  хөрсний бохирдол тартагтаа тулж халдварт өвчин газар авлаа гэхэд жишим ч үгүй атлаа, Эрдэнэтийн 49 хувийг Эрдэнэбилэг авчихлаа гэвэл сортосхийх. Өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж чадахгүй байж хаа холын Анжелина Жолигийн бие муудахад санаа зовох. Энэ л монголчууд  бидний араншин.

Ийм л болохоор эгэл  монгол хүн таны араншинг зайдалсан нэгэн аюул  эрүүл мэндийг тань хохироосоор удлаа. Харин яг яаж хохироож, эргэн тойронд чинь юу болоод байгааг би та бүхэнд хэлж өгье. Бид бүгд  хоол иддэг. Хэн ч хоол ундгүй удаан тэсэхгүй.  Идсэн хоол ялгадас болж гадагшилдаг.  Үүнийг бүгдээрээ мэднэ.  Энэ бол ичмээр зүйл биш.  Харин хүний биенээс гардаг тэр ялгадас газрын  хөрсөнд нэг дор  их хэмжээгээр  хуримтлагдахаараа аюултай хорт бодис болон хувирдаг гэнэ. Өндөр хөгжилтэй орны  “ялгадас”, боловсон жорлонгоос   бохирын сувгаар  дамжин “гүйж” боловсруулах байгууламжид очоод   бордоо болон хувирдаг байна. Харин манай улсад байдал тэс өөр. Нийслэл хотод маань 376 мянган өрх амь зуудаг. Үүнээс дөнгөж 157 мянга нь л боловсон жорлонтой  орон сууцанд,  үлдсэн 200 гаруй мянга нь  гэр хороололд аж төрж байгаа. Үүн дээр уулын хэдэн ам дүүрсэн   зуслан нэмэгдэнэ.  Гэр хорооллын,  зуслангийн жорлон  ямар байдаг вэ гэдгийг энэ дэлхий дээр цор ганцхан  монголчууд бид л мэднэ. Одоогоор манай нийслэлд  100 гаруй мянган нүхэн жорлон байна гэнэ.   Энэ  л олон нүхэн жорлонд хэдэн арван жилээр “архив”-лагдсан  ялгадаснаас болж Улаанбаатар хотын хөрсний бохирдол дээд цэгтээ тулжээ. Хөрс бохирдохоор  ундны ус хордоно.  Ундны уснаасаа  болж есөн жорын халдварт өвчнөөр өвчилж, эрүүл мэнд,  бүр амь насаараа хохирдог болсоор нилээд уджээ.
Нийслэлчүүд  бид өдөр бүр ойролцоогоор нэг сая тонн ялгадас “үйлдвэрлэн” нийслэлийнхээ хөрс рүү цутгаж байна.  Тэр хэмжээгээр  хөрс бохирдож байна гэсэн үг. Зарим хүн итгэхгүй.  “Хүний ялгадас бордоо болдог гэсэн, Мөнхбаясгалан худлаа ярьж байна”  гэх байх.  Хэрэв та хөдөө хээр  ил задгай “юу яасан ” бол  байгальдаа  салхи, шороо, бороо цасанд, нохой шувууны  хоол болоод   алга болно. Харин айлын хашаан дахь нүхэн жорлонд “үлдэгсэд” нь   хорт бодисоо агаарт ч ялгаруулан хөрсөнд ч нэвчүүлсээр л өнө мөнхөд орших нь.   Харин  дахин боловсруулах  үйлдвэрт оруулбал хүнсний ногоо, ургамал цэцэг навчисын тэжээл болон хувирдаг гэнэ. Ийм үйлдвэрийг Улаанбаатарт байгуулах гэж  байна. Тэгвэл та жорлон дахь баасаа тэдэнд хэд гурван төгрөгөөр өгчихөөд  догь суух нь.  Гэхдээ таны ухсан нүхэн жорлонгийн ялгадсыг авах боломжгүй юм байна.  Жорлон чинь заавал доторлогоотой байх ёстой.  Ингээд л баасаа зараад  сууж байхад юу нь болохгүй гэж, тийм үү.

Гэвч бас адармаатай нөхдүүд нэг бус  байгааг би гадарлаж байгаа.  “Өөрийнхөө баасыг зарна уу, хадгална уу  хэнд хамаатай юм гэж” хэмээн  ардчилал  эрх чөлөөгөө эдлэх гэж байна уу. Тэгвэл таны үр хүүхэд халдварт өвчнөөр өвдөнө үү, бүр үхнэ үү сэхнэ үү бас л хүний эрх үү гэж би асууя.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 18 хан хувь нь эрүүл цэвэр байгааг мэргэжлийн байгууллага шинжлэн  тогтоожээ.   Үлдсэн 82 хувь нь гэдэсний халдвар үүсгэгч нянгаар  бохирлогдсон байна.  Хотын зүрхэн дундуур  урсдаг Туул гол ч авах юмгүй  бохирдож  загаснууд нь хордож үхсээр удаж байна. Үүнээс болж жил бүр суулгалт, цусан суулга, вируст хипатит өвчнөөр өвдөгсөд 300-500 гаар нэмэгдсээр байгаа аж. Энэ бүхэн гэр хорооллын хашаа бүхэнд байх   нүхэн жорлон, угаадасны нүх хоёроос шууд хамааралтай.  “Манайх орон сууцанд амьдардаг юм чинь маньд хамаагүй”  гэж бас болохгүй нь. Хөрсний бохирдол газар доогуур нэвчин танай манайгүй хордсон гэнэ. Өвөл хөлдсөн ялгадас хавар шар усны үерээр дамжин  “нүүдэллэж” та бидний ундны усан сан руу нэвтэрчээ.  Хүний  нүдэнд ил харагдахгүй, аюул заналыг нь бид мэдэхгүй, ухаж ойлгохгүй байгаагаас энэ аймшигт өвчний   “нүүдэл”  агаарын бохирдлоос илүү аюул дагуулж байна.   Бид бүгдэд хамааралтай энэ аюулаас мултрахын тулд өнөөдрөөс эхлээд бүгд нүхэн жорлонг халахын төлөө, ядаж доторлогоотой болгохын тулд  таньдаг мэддэг найзууддаа, ах дүү амраг садандаа, ажлын газрын нөхөртөө хэлж, сануулж, зөвлөж, хэнэггүй нэгэндээ  “эрүүний шөл” уулгасан ч яадаг юм бэ, тийм үү. Мэдээлэл өгье, арга замыг нь заая.  Хороо хорины дарга, эрүүл мэндийн байцаагчдаа ханд гэж хэлцгээе. Нүхэн жорлонгоос болж  амь насаа алдахгүйн тулд  энэ нийтлэлийг шейрлэх нь шейрлэж,  аман зохиол мэт, ам дамжуулан  ярьцгаая. Хамаагүй бүр “Ажелина Жоли  тэгжээнэ”, “Нүхэн жорлонгоо доторлочихвол Эрдэнэтийн 49 хувь эргэж ирнэ ” гэнээ гэсэн ч яахав.  Эрүүл амьдарцгаахын  төлөө энэ мэтээр шуугиж, туйлшрах нь зөв шүү. Өнөөдрөөс эхлээд би дандаа баас ярина аа, яадгийм.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …