“Чингис хаан” одонг Дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан жилдээ нэг иргэнд олгодог Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт хүртээлээ.
Энэхүү эрхэм дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлсэн юм.
Тэрээр хэлэхдээ, “Өнөөдөр Монголын ард түмний бахархлын өдөр. Монголчууд бахархлыг бүтээж, эзэн нь болж ирсэн. Бидний “Хаан” бахархал бол монголын сайхан эх орон, ард түмэн, тусгаар тогтнол, эрх чөлөө юм. Бахархлыг хүн бүтээдэг. Монголын бахархлыг Монгол хүн та бүтээдэг. Монголчуудын бахархалт хүмүүсийн оройн дээд хүн бол эзэн Чингис хаан юм. Иймээс их эзэн хааныхаа мэлмий гийсэн учир билэгт энэ сайхан өдөр Монгол түмний бахархлын өдөр хэмээн тогтон тэмдэглэж ирлээ. Бахархалтай үндэстэн оршиж, урагшилдаг. Үндэстнийхээ бахархлыг бүтээж яваа олон монгол хүн бидний дунд бий. Хүнийг хөдөлмөр бүтээсэн тухай бидний өвөг дээдэс сургадаг байсан. Зорилготой, тууштай, хөдөлмөрч хүн л бахархлыг бүтээнэ. Энэ үнэнтэй маргах аргагүй юм. Монголын төрийн дээд хүндэтгэл Чингис хаан одонг бахархалт хүндээ жилд нэг удаа олгож байхаар хуульчилсан юм. Чингис хаан одонгоор манай улсын бахархал болсон нэр хүндтэй эрхмүүд шагнагдаж ирсэн. Өнөөдөр Монгол Төр нэгэн авъяаслаг уран бүтээлчид олгохоор шийдвэрлэсэн. Хүн төрөлхтөний соёлын үнэт төв сонгодог урлагт амжилт гаргах нь амаргүй даваа. Олон зуун, үе дамжиж түүний оргил өөд мацсан мэргэжлийн домогт уран бүтээлчдээс шалгарч тэргүүнд зогсоно гэдэг бол хосгүй. Эгэл борог амьдралтай малчны гэрт төрж өссөн Монгол хүү дээд амжилтад хүрсэн нь яах аргагүй манай үндэсний бахархал. Энэ бахархлын эзэн бол Ганбаатарын Ариунбаатар юм. Г.Ариунбаатар бол 10 хүүхэдтэй айлын  хүү, жирийн монгол залуу. Гэхдээ энэ залуу Дэлхийн сонгодог урлагийн Маринский театрын гоцлол дуучин, М.И Глинкийн олон улсын дуу дуулаачдын түрүү, П.И. Чайковскийн нэрэмжит наадмын дуу дуулаачдын Гран При шагналын эзэн юм. Бөмбөрцгийн олимп болох П.И. Чайковскийн нэрэмжит наадам дэлхийн сонгодог урлагын тэргүүн шүүгчид шүүж үнэлгээ өгдөг гэдгийг энд онцолмоор байна. Сонгодог урлагийн их замд нэртэй 30 орны итгэмжлэгдсэн шүүгчид уг наадамд оролцогчдын үзүүлбэрийг нутаг нутагтаа тольдон хянаж, үнэлгээ өгдөг. Энэ бүх давааг давж тэргүүн дээд шагналыг хүртсэн Монгол малчны хүү  Г.Ариунбаатар авсан нь гайхамшиг юм. Түүний гаргасан амжилт өнө удаан жил Монголын бахархал байсаар байна” гэлээ.
 Ерөнхийлөгч үг хэлсний дараа “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт гардуулсан юм.
Ганбаатарын Ариунбаатар хэлэхдээ,”Нийт Монголчууддаа Эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өлзийтэй өдрийн амрыг айлтгая. Энэ бахархалт өдөр Монгол Төрийн эрхэм дээд шагнал болох “Чингис хаан” одонгоор мялааж буйд туйлын баяртай байна. Эрдэнэт биеийг минь төрүүлж өсгөсөн эгэл малчин ижий аав, эрдмийн аянд хөтөлж өдий зэрэгт хүргэсэн билэг авъяаст багш нар, бодол огшоож сэтгэл дүүргэсэн түмэн олон, ухаан тэлж хүч хайрласан эх нутагтаа талархаад талархаад баршгүй. Энэ сайхан нутагт төрсөн би их азтай хүн. Дуучин болох хүслийн галыг бадрааж, дэлхийн их урлагийн амтыг надад мэдрүүлсэн сайн сургууль, сайн багш нарынхаа гавъяаг магтаад баршгүй. Алдар суутнуудтай зэрэгцэн нэг тайзан дээр дуу хоолойгоо өргөж яваа маань монголын ард түмэн, аав ээж, багш нарын минь ач гавъяа” хэмээн онцолсон юм.
Эх сурвалж: montsame.mn

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …