Мөнгөө ухаалгаар үрэх нь

3qleum0mcbpt1ksofiq3rubcnq_bБолдог бол яг одооноос л дансандаа сар бүр тогтмол орлого хийгээд, ирэх жил гэхэд хүслээ биелүүлчихмээр л байгаа байх. Гэхдээ хуримтлал үүсгэж эхлэхээс ч өмнө сурах зүйл бол, эхлээд өөртөө байгаа мөнгөө хэрхэн зөв захиран зарцуулах юм. Зарим хүн цалин багатай хирнээ тов хийтэл амьдардаг байхад, зарим нь мөнгөө орж ирснийх нь зоргоор хэрэгцээгүй зүйлд урсгаад дуусгачихдаг. Мөнгө чамайг өөртэй нь яаж харьцаасай гэж хүсдэг вэ?

Мөнгөө ухаалгаар үрэх нь

1. Бөөнөөр орж ирсэн орлогыг 7 хоногийн дотор юунд үрэгдсэн нь мэдэгдэхгүй дуусгах тохиолдол зөндөө л байсан биз дээ. Тэнд очиж найзуудтайгаа кино үзээд л, энд ирж кофедож, караокедсоор чухал хэрэгцээгүй зарлага чинь чиний мэдлээс даваад явчихдаг. За ямар байнга ингэх биш гэж бодоод л аль амттай, үнэтэйг нь захиалаад л. Өөрт хэрэгцээтэй зүйлээ авахгүй гар татах хэрнээ, шөнийн клуб, паб орох болохоор найзуудаа дагаж мөнгөө харамгүй цацаад маргааш нь харамсдаг хүмүүс олон байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд өөртөө хязгаар тогтоох хэрэгтэй. 7 хоногтоо нэг л удаа найзуудтайгаа уулзана, тэр үедээ аль болох тэдэн төгрөгөөс илүүг зарцуулахгүй байх гэх мэт.

2. Өөрийн тогтмол төлдөг бүх төлбөрийг нэг сарын турш тэмдэглээд үз. Жижиг том гэлтгүй бүгдийг нь тэмдэглэ. Дараа нь түүндээ дүгнэлт хийж хэрэгцээгүйг нь хасах нь өөрийн чинь зарлагыг ямар их хэмнэхийг хараарай. Интернэт, кабелийн төлбөр, утасны төлбөр гээд л. Өнөө үед интернэтэд мөнгө төлөх нь бага болсон. Ухаалаг гар утас, таблет төхөөрөмж эсвэл зөөврийн компьютрээрээ хаана ч гэсэн утасгүй интернэт ашиглан орох боломжтой болчихсон. Эсвэл ажил дээр интернэт байхад заавал гэртээ ахиж байлгах шаардлага бий гэж үү? Нэг их зурагт үздэггүй мөртлөө үнэтэй кабелийн телевизүүдэд мөнгө төлөөд байгаа юм биш биз. Бүгдийг тэмдэглээд хэрэгцээгүйг нь хасаад явбал мөнгөтэйгөө ухаалаг харьцахад чинь туслах болно.

3. Хэрэгцээгүй жижиг худалдан авалтуудаас зайлсхийгээрэй. Ажилдаа ирэхдээ чихэр, шоколад авах шаардлага бий гэж үү? Бидний хөл “удирдлагагүй”-гээр гэрийн хажуугийн дэлгүүр лүү өөрөө орчихдог. Харин нэгэнт орчихсон юм чинь гээд идье гэж бодоогүй байсан юмаа авах нь бидний зуршил. Энэ бол мөнгөний дайсан. Ялангуяа өлссөн үедээ супермаркет орж сарынхаа хэрэгцээг цуглуулах нь бүр дэмий. Дуртай зүйлээ битгий ав гэж байгаа юм биш. Зүгээр л тэвчээртэй бай. Өдрийн хоолоо идчихсэн бол заавал амттангаар даруулах шаардлагагүй. Мөнгөтэйгөө ухаалаг харьцаж суръя гэж үнэхээр бодож байгаа бол иймэрхүү жижиг зүйлст өөртөө тэвчээртэй хандаж сураарай. Зарим хүмүүс зүгээр л бусад хүмүүст мөнгөтэй болж харагдах гэж байнга идэх, уух юм худалдаж аваад л барьж явдаг.

4. Нүд унасан зүйлээ яаран авахаасаа өмнө “Энэ надад байхгүй л бол болохгүй зүйл мөн үү?”, “Надад одоо үүнийг авсан ч цаана нь санаа зовохооргүй хангалттай мөнгө байна уу?” гэж өөрөөсөө асуугаарай. Хэрвээ хоёуланд нь тийм гэж хариулсан бол зогсоод яахав, ав ав. Харин аль нэгэнд нь л үгүй гэж хариулсан бол авах хэрэггүй л болов уу. Эсвэл эргэлзээгээ тайлахын тулд авалгүйгээр нэг хоног азнах ч бас сайн арга шүү. Маргааш өглөө нь сэрэхэд ч түүнийг авахыг хүсэх мэдрэмж чинь хэвээрээ байвал тэр дэлгүүртээ эргэж очиход буруудах зүйлгүй.

5. Сардаа нэг удаа мөнгөө үржүүлэх зүйлд мөнгөө үр. Мөнгөөр мөнгө хийдэг. Ажлаа илүү хурдан үр дүнтэй явуулахад туслах шинэ компьютер, ухаалаг гар утас, эсвэл өрөөний самбар ч авсан болно. Өөрийнхөө тогтмол орлогыг нэмэгдүүлэх ямар нэг зүйлд мөнгөө үрэх нь сарын төгсгөлд чамд ямар ч байсан нэг хэрэгтэй юмандаа хөрөнгө оруулсан гэдгийг чинь сануулах болно. Бахархмаар мэдрэмж шүү.

Заавал их орлого хүлээж цаг алдалгүй, мөнгөө ухаалгаар үрж сурвал яг хэрэгцээтэй зүйлээ авч чадахгүйн зовлонгүй болно. Аль нь чухал, аль нь чухал биш гэдгийг ялгаж салгаж, цалингийнхаа үр шимийг тултал нь амсая. Амжилт хүсье бүсгүйчүүдээ.

everyday.mn

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.