“Эрдэнэт” үйлдвэрээс 100 тэрбумын гэрээтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ

73261905772420fb301f51

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ сарын 17-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй таван жилийн урт хугацааны гэрээ байгуулан, гэрээний урьдчилгаа төлбөрийн нийт дүн болох 100 гаруй тэрбум төгрөгийг гэрээнд гарын үсэг зурснаас ажлын тав хоногийн дотор “Эрдэнэт үйлдвэр”-ээс шилжүүлсэн хэмээн мэдэгдсэн.
Энэ асуудалд Эрдэнэт үйлдвэрээс албан ёсоор хариу тайлбар хийсэн байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Олон нийттэй харилцах албанаас гаргасан уг тайлбарт:
“УИХ-ын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.1.3-д “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийх худалдан авалтад дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд хамруулах тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх” гэж заасны дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК нь улсын болон орон нутгийн аж ахуйн нэгж, үндэсний олон үйлдвэрүүдтэй хамтран ажиллах, дэмжих бодлого баримтлан ажилладаг.
Эрдэнэт үйлдвэр ХХК нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй олон жилийн бизнесийн хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн бөгөөд энэхүү олон жилийн найдвартай хамтын ажиллагаа болон туршлагатай үйлдвэрлэгчээс чанартай түүхий эд нийлүүлэх, худалдан авах хэрэгцээ шаардлаганд тулгуурлаж, бизнесийн уян хатан түншлэлийн хүрээнд энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр дээрх үйлдвэрүүдтэй 2017-2021 оныг хүртэл түүхий эд нийлүүлэх талаар хамтран ажиллах гэрээг байгуулсан болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1011-д “Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглоно” гэж, 101.2-д “Энэ хуулийн 1011-д заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг Засгийн газар батална” гэж, мөн тус заалттай холбоотойгоор Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар баталсан дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтын 8.3-д “Шохой” , 9.1-д “Стандарт болон стандарт бус ган хийц”-ийг тус тус оруулсан байх тул Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудтай байгуулсан дээрхи гэрээнүүдийг хуулийн дагуу байгуулагдсан гэж үзэж байгаа болно.
Дээрх гэрээнд заасны дагуу бидний хамтын ажиллагаа хуулийн дагуу цаашид үргэлжлэх бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс уг гэрээтэй холбоотой ямар нэг урьдчилгаа төлбөр өнөөдрийг хүртэл хийгдээгүй болохыг та бүхэнд үүгээр уламжилья.
Иймд УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн мэдээлэлд дурьдсанчлан Дарханы хар төмөрлөгийн болон Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрт 100 гаруй тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн гэх мэдээлэл нь ор үндэсгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …