Б.Чинбат:Хээрийн салхи горхины чимээ хүртэл хөгжим

89_ufnzszs

-Хамгийн сүүлийн үеийн сонин сайхан юу байна. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна бэ?

-“Никитон”-той хамтраад шинэ цомог гаргах гэж байна. Би эргээд “Никитон” хамтлагтаа орсон. Цомгийнхоо ажилд бид их ач холбогдол өгч байгаа. Энэ хамтлагийг дахин өөр түвшинд харуулна, арай өөр өнгө аясаар бүтээлээ гаргана. Мөн хятадуудтай хамтарч “Жангар”-аар бүжгийн жүжиг хийсэн. Үүний нээлт Шинжаан Уйгурт болно. Хятадын хотуудаар аялан тоглолт хийж байгаа жүжиг. Миний хувьд энэ жүжгийн хөгжмийг бичсэн. Мөн түүнчлэн Хятадын “СС” телевизтэй хамтраад кино хийсэн. Саяхан ОХУ-д болсон наадмаас “Ромео Жультта”-гийн шилдэг хөгжмийн зохиолч шагнал хүртлээ. Уран бүтээлийн ургац арвин сайхан байна.

-Сайн бүтээл төрүүлсэн, амжилт олсон, шагнал хүртэж байх үедээ та хамгийн түрүүнд ямар зүйлийг боддог вэ?

– Би ОХУ-д очиж амжаагүй учраас “Ромео Жульетта” жүжгийн шилдэг хөгжмийн зохиолчийн шагнал хүртсэнийг найруулагч Наранбаатараас гардаж авсан. Шагналаа авч байхдаа за болсон байна, гайгүй юм биччихэж, дараагийн түвшинд яаж ажиллах вэ, илүү сайн юм хийчих юмсан гэж бодож байлаа. Ямарч уран бүтээлч хүн шагнал авч байхдаа уран бүтээлээ боддог. Уран бүтээлчдийн хүсэл үргэлж л оргилж буцалж, сэтгэл өөдрөг байдаг. Мөн эх орондоо би юу хийж, бүтээж чадах вэ гэж бодож байх ёстой.

-Уран бүтээлчдэд хямрал хэр нөлөөлж байна?

-Бие даасан, чөлөөт уран бүтээлч хүний хувьд хямрал нөлөөлөлгүй яахав. Манай нийгэм их бухимдалтай байна. Агаарын бохирдол, гэр хорооллын утаа, замын түгжрэл зэрэг төвөгтэй асуудлуудад нийслэлчүүд маань живж байна шүү дээ. Үүнээс арай өөр өнцгөөр эх орноо харуулах, гоё сайхнаар сурталчлах, сайн, сайхан гайхамшигтай бүтээлүүдийг гаргаж хийе гэсэн бодол бий. Манайхан бүгдээрээ эв нэгдэлтэй, нэг санаатай байвал амжилтад хүрцгээнэ шүү дээ. Солонгосчууд айхтар хүмүүс юм. Тэдний бие биенээ гэх сэтгэл, сэтгэлгээ гайхамшигтай. Тэд 18,19 жилийн дотор дэлхийн анхаарлын төвд хүртлээ хөгжиж чадлаа. Манайхан яагаад чадахгүй байгаа юм. Бид салбар, салбартаа л үр бүтээлтэй, сэтгэлтэй ажиллаж байвал болох ёстой юм ш дээ.

-Та Америкт маш амжилттай ажиллаж амьдарч байсан. Тэндээ амжилтаа бататгаад, санаа амар амьдарч болох байх. Харин нутагтаа ирэхэд тань их өөр нийгэм угтсан, одоо ч ийм байна. Буцаад явчихмаар санагдах үе байдаг уу?

-Америкийн хэмжээнд хөгжимчин хүний байх ёстой хамгийн дээд оргилд би хүрчихсэн. Гэсэн ч тэндээ удалгүй Монголдоо ирсэн юм. Эх орон хүнийг дуудаг юм байна. Төрсөн, заяасан нутгийнхаа урлагийн салбарыг хөгжүүлье гэсэн чин зорилготой ирсэн юм. Намайг явсны дараа хамтарч ажиллаж байсан продесорууд маань их гайхсан. Тэд ийм өндөрлөгт хүрчихээд, эндээс явчихдаг Б.Чинбат мэдрэл муутай хүн юм уу гэж ярьцгааж байсан. Хүний хувь заяаг хөтлөх эрчим хүч байдаг гэж би боддог. Цаашид олон сайхан уран бүтээл туурвина. Манай урлаг дэлхийд үнэлэгдэхүйц хэмжээнд хүрчихсэн. Тиймдээ ч эх орныхоо өв соёлыг дэлхийд таниулах, илүү сурталчлах, эх орноо өөр өнцгөөс харуулахын төлөө уран бүтээлчдийн зам, гүүр болох ажил хийж эхэлж байна.

-Залуучуудыг урлагаар дамжуулж хүмүүжүүлэх боломж бий. Тухайлбал хэрхэн, ямар чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй байна?

-Би төрийн дууллаа дуулмаар санагдаж байсан. Бид дуулсан. Түүнээс хойш цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл хичээлдээ орохдоо зүрхэн дээрээ алгаа тавиад төрийн дууллаа дуулдаг болсон байна. Ийм уран бүтээл хийсэндээ огшиж явдаг. Энэ мэт уран бүтээлээр дамжуулж хийх ажил олон.

-Өндөр хөгжилтэй гадны улс орнууд урлагийн салбараа ямар бодлогоор, яаж хөгжүүлж байна вэ?

-Солонгосын рок, поп урлаг нь төрөөсөө хамааралтай. Ганнам стайл дуулаад дэлхийд хит болгосон шүү дээ. Энэ чинь төрийнх нь бодлого. Тэд ингэж эх орноо сурталчилж чадлаа. Тэр дуу дэлхийд хит болсноор дэлхийн бараг бүх хүн Солонгост очиж үзэхийг хүсч байна. Солонгосоор аялах дуртай, тэндхийн урлагийг үзэж сонирхох хүсэлтэй болсон байна. Дуу хөгжим гэдэг энэ тэнгэрийн үйл чинь ийм л далайцтай юм шүү дээ.

-Солонгос кино хүртэл хувцас, бараа, гоо сайхны бүтээгдэхүүнээ сурталчилж, улсынхаа эдийн засагт асар их хөрөнгө оруулж байх шиг байна?

-Яг тэгж байна. Би солонгос кино ерөөсөө үздэггүй л дээ. Харин Солонгост байхдаа нэг удаа “Жангум” гэж киног үзэхэд их аятайхан санагдаад, Солонгос хоолны газарт орж хоол идмээр санагддаг болсон. Тэд киногоор дамжуулаад, хоолны ёс заншил гэдэг зүйлийг дэлхийд таниулчихлаа шүү дээ. Энэ кино гарснаас хойш Монголд маш их солонгос хоолны газар бий болсон. Манайд “Тэ Жангум” гэдэг нэртэй хоолны газар хүтэл нээгдчихсэн байсан. Тэд ийм хэмжээнд хүртэл сурталчилж чадаж байна.

-Та чөлөөт цагаараа юу хийдэг, ямар хоббитой вэ?

-Монголын үнэртэй салхи гайхамшигтай. Яг Монголын үнэртэй салхи байдаг байхгүй юу. Миний Монгол үнэхээр гайхамшигтай, би чөлөөт цагаараа хөдөө гарч морь унана. Хөдөөгийн талд тоглож болох спортуудаар хичээллэдэг. Теннис тоглоно. Нэг хэсэг билльярд тоглодог байлаа. Би чинь уг нь 1996 оны Монголын рок попын билльярдын аварга байгаа юм. Одоо ч тоглож чадахгүй болчихсон байна лээ.

-Ямар хүн сайн хөгжмийн зохиолч болдог юм бэ?

-Сайн хөгжмийн зохиолч цаанаасаа төрдөг байх гэж би боддог. Мөн сургуульд нь сурч боловсорч хөгжиж байж сайн болно. Гэхдээ л төрдөг юм шиг байгаа юм.

-Урлаг танд юу өгсөн бэ.

-Урлаг надад гайхамшигтай олон зүйлийг өгсөн. Урлагийн буянаар би байгаль дэлхий, өвөг дээдэс, ээж аав, гэр бүл, найз нөхөд, эх орон гээд олон зүйлийн гайхамшгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Монгол хүн болж төрсөндөө их баярлаж, өөрийгөө хэмжээлшгүй азтайд тооцдог. Тиймдээ ч сүүлийн үед гарч байгаа уран бүтээлүүд маань язгуур урлаг тал руу чиглэж байгаа, цаашид ч ийм байна.

-Та ямар төрөл жанрын дуу сонсож, урлагийн аль салбарт илүү хайртай байдаг вэ?

-Бүх төрөл, жанрын дуунд дуртай. Заримдаа Монголын сайхан эх орон гэдэг дуу сонсмоор санагдана. Хааяа хүнд рок, үхлийн рок хөгжим сонсоно. Миний сэтгэл зүрх монголынхоо язгуур урлагт юм хийгээч гээд түлхээд байгаа юм шиг санагддаг. Тиймээс сүүлийн үед үндэсний хэв шинж агуулсан бүтээл хийж, хийхийг хүсч байна. Манай уртын дуу зүйрлэшгүй гайхамшигтай, үнэ цэнэтэй аялгуу юм шүү дээ.

-Монгол хүн болж төрснөөрөө баярлаж, бахархдаг гэж ярилаа, гэтэл зарим залуус гадны орныг шүтэх, гадаад явж амьдрах хүсэлтэй байдаг. Үүнийг та юу гэж боддог вэ. Монгол хүн болж төрсөндөө яагаад баярлах ёстой юм гэдгийн учир шалтгааныг залууст хэлж өгөөч?

-Би хэзээ ч эх орноо голох тухай бодож байгаагүй. Хүн ээж аав, эх орноо сонгоод төрчихдөггүй шүү дээ. Тэгэхээр би монгол хүн болж төрснөө маш том хувь заяа, би өөрийгөө аавынхаа, эцэг өвөг дээдсийнхээ үргэлжлэл гэж боддог. Өнөөдөр улс орны амьдрал хэцүү байна гээд зарим залуус гадаадад амьдарцгааж байна. Амьдрал, эдийн засгаа бодоод, яахав ингэж болно. Ер нь болж өгвөл гадагшаа гарч, юм үзэж, нүд тайлж бусад улс орны хөгжилтэй танилцаж, олон зүйлийг мэдрэх хэрэгтэй. Явах боломж байвал явах хэрэгтэй. Үнэхээр гадагшаа гарчихсан хүмүүс эх орноо хаячихдаг гэж би бодохгүй байна. Тэд эх орноосоо гарчихаад, магадгүй хоёр гурван сарын дараа өөрийн эрхгүй Монгол минь гэдэг. Урлагийн буянаар их олон улс орноор явахдаа, тэнд амьдарч байгаа монголчуудтай уулзаад явж байхад бүгд л эх орноо гэсэн асар их сэтгэлтэй байдаг. Залуус гадны улсаас сайныг сураад, эх орондоо ирж, өөр, өөрийн чадах мэдэх салбарыг хөгжүүлж, хувь нэмрээ оруулах хэрэгтэй.

-Ажил бүтэхгүй байх, стресстэй үеийг та хэрхэн даван туулдаг бэ?

-Хүн болгонд стресс их байна. Гараад машин бариад л стресст өртдөг. Миний духны хооронд байгаа үрчлээс Монголд ирэхээр нэмэгдчихээд байгаа шүү. Наргиан болгож хэлэхэд гадны орнуудаар яваад байхаар бараг үрчлээ маань арилаад, нүүр толийх шинжтэй байна. Бид өглөө гэрээсээ гараад л асар их стресс рүү орчихоод байх шиг байна. Гэхдээ Америкт амьдарч байгаад зургаан жилийн өмнө ирэхэд үүнээс ч илүү байсан шүү. Тэр үетэй харьцуулахад нийслэл маань хөгжиж байна. Одоо нийслэлийг удирдах дарга нар цаашид улам их анхаарах байлгүй дээ. Их юм хийгээсэй гэж горьдох л юм. Уг нь манай нийслэл хөгжиж байна. Гэтэл стресс их. Тиймээс би байгальд гарах дуртай. Байгаль тэр чигээрээ хөгжим, салхи, горхины чимээ хүртэл хөгжим. Чи 15 минут бясалгаад, голын чимээг сонсоорой, голын шоржигнох чимээ янз бүрийн өнгийг, үгийг хэлж байдаг юм шүү дээ.

-“Sweetymotion” хамтлагийн дуучин Сарнай та хоёр гэр бүл болоод олон жил өнгөрсөн байна. Танай охин том болж байна уу. Удам дагаад, урлагийн хүн болох шинж ажиглагдах юм уу?

-Манай охин таван настай. Урлагийн хүн болох байх. Дуулна, бүжиглэнэ. Заримдаа удирдана. Яг би л харагдаад байгаа юм. Би бага байхдаа оркестр удирддаг байсан. Миний охин бас л өнөөдөр телевизийн өмнө зогсоод, удирдаач болж тоглож байх жишээний. Дотроо бол 200,300 хүн суулгачихсан удирдаад байна гэж төсөөлж байгаа байх. Монголд хүүхдээ хөгжүүлэх боломж, сайн багш нар олон байна. Би хүүхдээ сайн монгол хүн байгаасай л гэж бодож байгаа юм. Монгол хэл бичиг, ёс заншлыг илүүтэй зааж байна. Гэхдээ охин маань Америкт очихоороо англиар яриад явчихдаг юм. Хүүхдийг багаас нь монгол хүн болгож төлөвшүүлэх их чухал. Уран зургийн зэрэг олон дугуйланд хичээлүүлж байгаа.

-Гэр бүл болоод амьдрахад жаргал, зовлон ээлжилж байдаг. Хамгийн гол нь яаж ойлголцож, ямар зүйлийг ухаарч, ийм үлгэр жишээ үнэ цэнэтэй гэр бүл болдог юм бэ?

-Сарнай бид хоёр 20 жил болчихсон байна. 20 жилийн дотор амьдралын уналт, өгсөлт олон байсан. Бид хоёрт мөнгөгүй үе ч байсан мөнгөтэй үе ч байсан. Бидний эрхэлж өссөн ээж, аав маань нэг нэгээрээ орхиод явсан. Ийм үед хань гэдэг чинь түшиг болж байдаг, хайрламаар хүн. Зовлон жаргал бүрт хань минь хажууд байсан. Хөгжимд дурлах, хөгжмийг хайрлах гэдэг чинь хүн байх, хүнийг хайрлах сэтгэлтэй болгодог юм байна. Бид хоёр нэг зүйлийг нэг багшаар заалгасан, хоёулаа хөгжимд дурласан, бие биедээ хайртай. Бүх л зүйлд хамтдаа байгаад 20 жил болж байна. Сар жил ямар хурдан өнгөрч байна вэ. Хүн болж төрснийх үр хүүхдэдээ, эх орондоо юу үлдээх вэ гэдэг их чухал. Хүмүүс энэ тухай бодож байх хэрэгтэй.

-Яаж ойлголцдог вэ, амьдралд ярилцах чухал уу?

-Их ярилцдаг. Хүн бие, биедээ хайртай байх, хүндлэхийн үндэс нь ярилцах, ойлголцох. Аль болох ярилцаж ойлголцож байх хэрэгтэй. Хайр гэдэг асар том агуу зүйл, бие биенээ хайрлана гэдэг их нандин.

-Байгальд гарах, байгалийн чимээг сонсох нь таны уран бүтээлийн өгөгдөл болдог уу?

-Хүн байгаль эжийгээс төрсөн. Яагаад монголчууд хайрхнаа хүндэлдэг, ус голоо хайрладаг байсан бэ гэхээр тэр болгон амьтай байхгүй юу. Энэ сайхан эх оронд хүн болж төрсөн учраас бид эх орноо, байгалиа хайрлан шүтэх ёстой.

-Хүүхдийг сайн монгол хүн болгон хүмүүжүүлэхийн тулд дуу, хөгжим сонсгох, байгальд ойрхон байлгах хэрэгтэй гэж ярьдаг. Хөгжим хүүхдийн хүмүүжилд их нөлөөтэй юу?

-Асар их нөлөөтэй. Бүүвэйн дуу сонсож өссөн хүүхэд хэзээ ч муу хүн болдоггүй, бүүвэйн дуунд асар их ид шид, эрчим хүч байдаг. Тиймээс эрчүүд эмэгтэй хүнийг хайрлах хэрэгтэй, бүхэл бүтэн хүн төрүүлж, хөхнөөсөө сүү асгаруулж, хүүхдээ өсгөхийн тулд асар их ухаан зарж байна. Тиймээс эмэгтэй хүнийг маш ихээр хайрлах л ёстой. Бүүвэй, бүүвэй гэдэг дууг том хүн хүртэл сонсоод тайвширдаг байхгүй юу. Тиймээс тал нутгийн тэр гайхамшигтай, хүчирхэг уртын дуу бол гайхамшиг шүү дээ.

-Эмэгтэй хүнийг хайрлах тусам цэцэг шиг дэлгэрдэг гэдэг?

-Адгийн тэнэг эхнэрээ магтана гэдгийг би ойлгодоггүй, яагаад хүн ханилсан ханиа магтаж чаддаггүй юм. Эмэгтэй хүнийг хайрлах тусам цэцэг шиг дэлгэрдэг гэдэг үнэн.

-Тэгвэл монгол эр хүн, хүний хань ямар байх ёстой юм бол?

-Монгол эрчүүд өрхийн тэргүүн. Монгол эр хүнийг би уртын дуутай зүйрлүүлнэ. Уртын дуу хэнд ч баригдахгүй, хэнд ч захирагдахгүйгээр тал нутгийг бүрхэн цуурайтдаг. Тиймээс манай эрчүүд дор бүрнээ л нэгийг сэтгэж, хоёрыг бодож, зүрх сэтгэлээ чангалж хөдөлмөрлөх хэрэгтэй. Хүн бүр би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж бодох хэрэгтэй. Болох зүйлийг нь барьж авч хий л дээ. Огт болохгүй зүйл гэж бас байдаг. Бүгдээрээ маш богино хугацаанд асар хүчтэй, ажиллаж хөдөлмөрлөж, эх орноо хөгжүүлмээр байна. Солонгосчууд шиг шоргоолж мэт ажиллаж босох хэрэгтэй.Яагаад бид болдоггүй юм, болно шүү дээ. Биднийг эв нэгдэл л ийм хүчтэй болгоно.

Н.Ганчимэг

dnn.mn

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …