Аварга малчин Бадамцэрэн гуайн хашир ухаан

dsc01779
Аварга малчин Бадамцэрэн энэ жилийн улаан ганд хонио яаж онд оруулав?

    Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Гахил сумын Эрээнбулаг багийн малчин Бадамцэрэн гэгч хошуу аймаг төдийгүй улс оронд алдартай аварга малчин. Өмнөх зууны ерээд онд хонио 5000-аар тоолуулж явсан тэрээр нутаг бэлчээр, хөдөлмөр хүч зэрэг олон шалтгаанаас болж хонио цөөтгөсөн боловч мөн 1000 гаруй хонь маллаж жилдээ 1000 төл тосдог байлаа. Зуны адаг, намрын эхээр тэднийд хүрэхэд Бадамцэрэн гуай оторт явж таарав.

– Энэ жилийн ган сүрхий. Манай нутагт 8 дугаар сарын 24-ны өдөр сая энэ жилийн анхны бороо орсон шүү. Ийм их ганг сая л хараж байна, ингэж гандвал өвс тэжээлийн зардал ч их болно доо хэмээн ярьсан түүнээс мал сүргийн тарга хүч, өвс хадлангийн тухай асуухад:

– Ингэж гандвал мөн хэцүү, өнөө жил бэлчээрийн ургац муу болохоор илүү хэдэн мал зарж, мөнгөөр нь өвс тэжээл нөөцлөөд үлдсэн малаа онд оруулна гэж ярьсан юм.

Дараа нь Бадамцэрэн гуайтай утсаар ярихад:

– 800 гаруй хурга зарсан, удахгүй 200 гаруй хөгшин зараад 1000 орчим хонь үлдээнэ гэж байв.

Энэ жил тэднийх ийнхүү бараг 500 мянган юаний орлого олж, дахиад дээр нь үрийн мал түрээслүүлсэн орлогоо нэмбэл хониноос орсон орлого нь 600 мянган юань орчим болно. Гэхдээ үлдсэн хониндоо бэлтгэх өвс тэжээлийн зардал ч бага бус билээ. “Өвөлжүүлэх хонин сүрэгтээ 35 кг-ын боодолтой өвс 2000 ширхэг бэлтгэнэ. Эрдэнэ шишийн тэжээлийг бас гурван сарын хэмжээтэй авна гэж ярьсан түүний ярианаас бодвол өвөлдөө тэднийх мөн 100-аад юаний зардалтай юм байна. Дээр нь мөн хоньчинд гэж 144-өөд мянган юань зарцуулах бөгөөд бэлчээрийн түрээс зэргээ нэмбэл орлого зарлага нь бараг л эн тэнцэж байлаа.

Бадамцэрэн гуай Үзэмчин хонины сүргээ өсгөж явахдаа үүлдэр сайжруулах ажлыг чухалчлан үзэж, шилдэг үүлдрийн үрийн мал сонгон бойжуулж, гадагш түрээслүүлэхээр дамжин ашиг орлого үүддэг байна. Энэ зун малчин Бадамцэрэнгийнд хүрсэн хүмүүс хургыг нь хараад “Ямар том биетэй вэ?” гэж гайхаж байсан юм. Энэ их гантай жил тэдний хурга дунджаар 414 юаньд хүрсэн нь мөн үүлдэр сайн байгаа гэдгийг харуулж байгаа юм. Эртнээс Үзэмчин хонины үүлдрийг сайжруулах, шилдэг үрийн мал сонгон бойжуулах зэрэг арга хэмжээ авч хонин сүргийн ашиг орлогоо нэмэгдүүлсэн нь Бадамцэрэн гуайн хашир ухаан ажээ.

Эх сурвалж: Шилийнгол сонин

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …