Хоёр дахь дууны үг…

392943055151033055eb21

Өмнөх өгүүлэлдээ намуудын асуудалд гүн гүнзгий оролгүй улсын асуудлыг голлосон. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх амь дүйсэн тулааныг шууд бичсэнгүй. Тиймээс асуудлыг улам нарийвчлан үзэх шаардлагатай учраас хоёр дахь дууны үг нэртэй өгүүллээ бичлээ…

Юуны өмнө “МАНАН” бүлэглэл ба олигархууд гэж хэнийг хэлэх вэ? гэдгийг улам тодруулах хэрэгтэй болох нь.МАНАН бол Засгийн газрын баталгаагаар манай улсын нийт өрийн гуравны нэгтэй тэнцэх “гадаад” зээл авсан тэр компаниуд болох нь тодорхой болсон. Илүү тодруулбал энэ зээл үндсэндээ хоёрхон банкаар дамжиж “орж ирсэн” нь алдарт ХХБ, “Голомт” хоёр юм. ХХБ хамгийн сүүлд 1 тэрбум ам.долларын бонд гадаад зах зээлд арилжсан бөгөөд түүний хагасаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан байдаг.Энэ хоёр банк аль эртнээс улстөрчдийн мөнгөний луйврын “голомт” байсаар ирсэн. Н.Энхбаяр “Жеральд металлз”-ын үеэс эхтэй ХХБ-ны луйвар өнөөг хүртэл үргэлжилсээр л байгаа. Энэ банкны хувьцааны дийлэнхийг сахал Эрдэнэбилэг Женко Баттулгаас худалдаж авсан нь 2012 оны сонгуулийн өмнөх явдал. Тэр цагаас ХХБ Монголын гадаад гүйлгээний 40 хувийг дангаар хянадаг болсон.
“Голомт” бол анх байгуулагдахдаа Ц.Элбэгдоржийн ЗГ-ын үед, Баабарыг сангийн сайд байхад тэр үеийн “Ард”, “Сэргээн босголт”, “ХОТШ”-ыг сүйрүүлэхэд Ардын банкны суурин дээр байгуулагдсан бөгөөд луйврын бэлтгэлийг бүр эрт эхэлсэн нь “Голомт” банкны гүйцэтгэх захирал байсан П.Цагааныг М.Энхсайханы Сангийн сайд болгосон үеэс эхтэйг мэддэг хүн олон ч хэлдэг хүн цөөрч байна. Энэ банк гадаадаас Монгол руу орж ирж байгаа мөнгөн урсгалыг хянадаг. Монголын валютын урсгалын орц гарц хоёрыг хянаж байхад их юм зохицуулж болно оо доо.
АН Засгийн эрх барьж байсан өнгөрсөн дөрвөн жилд Монголын хамгийн хүчирхэг банк бол ХХБ байсан юм. Дотоод активууд нь багассан ч гадна талдаа зүйрлэшгүй хүчирхэгжсэн, дээр нь ХХБ өөрийн гүйцэтгэх захирлыг Төвбанкны Ерөнхийлөгчийн сэнтийд залсан байв. Энэ хоёрын утасны үзүүр нэг гарт тодорхой хэлбэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарт атгагдаж байсан юм. Энэ нууцыг Ерөнхий сайд болоод Н.Алтанхуяг мэдсэн ч яаж ч чадахгүй байсаар унасан билээ. Үнэндээ Н.Алтанхуягийн унасан, Х.Тэмүүжингийн түүнтэй сүжирсэн шалтгаан нь ХХБ-ны нэг тэрбум ам.долларын бондод Засгийн газраас баталгаа гаргахгүй гэж их зан гаргасантай холбоотой юм.
Одоо бол “Голомт” өрийн асуудлаас болоод сүйрлийн байдалд орсон бол ХХБ сэргэн мандаж байна. Гэхдээ “Голомт” М.Энхболдыг байхад алзахгүй, ХХБ ч М.Энхболдыг байхад алзахгүй. Сахал Эрдэнэбилэг бол Т.Бадамжунайн хүргэн бөгөөд “Улаанбаатар банк”, “Улаанбаатар даатгал”-ыг босгоод өөрийн болгосон. Харин М.Энхболдын “Голомт”-той холбоотой нь аль эртний газрын наймааны эхтэй.
“Голомт”-ын гол эзэд нь хөөгдсөн Лу.Болдоос гадна Баабар, Батж.Батбаяр, Э.Бат-Үүл, Р.Бадамдамдин, Ц.Элбэгдорж, П.Цагаан нар юм. Харин ХХБ бол Эрдэнэбилэгийнх. ХХБ одоо “Хөтөл”-ийн цементийн үйлдвэр, “Эрдэнэт” УБҮ-ийн 49 хувийг эзэгнэсэн том картель болж өргөжсөн ба хамтрагчид нь өнөөх “Голомт” банкны далд эзэд, улстөрийн дээд хүрээнийхэн тодорхой хэлбэл Ц.Элбэгдорж, П.Цагаан, Э.Бат-Үүл нар юм. Чухам ийм учраас Т.Бадамжунайг “Эрдэнэт”-ийн захирлаар очиж болзошгүй гэх таамаг удтал явсан боловч өөрийн юманд өөрөө очоод ч яах юм билээ? Хүргэнийхээ боол болж болохгүй байлгүй дээ. Баабар муу Су-гийн бэлгийн сулралыг мэдэж, түүгээрээ дарамталж байгаа нь хүртэл хотын эзэн хэн бэ? гэдгээ нотлох гэсэн тэвчээргүй зангийнх нь илрэл юм.
Одоо эдний зорилго бол Ерөнхийлөгчийн суудалд өөрийн хүнийг залахад оршиж байна. Одоо тэд дотоод задралдаа идэгдэж, Э.Бат-Үүл жийгдэж байна. Харин Э.Бат-Үүлийн саяхны нийтлэлд тун болгоомжтой хандах хэрэгтэй. Нэг талаас Ц.Элбэгдоржийг Н.Алтанхуягтай нэг тал мэт харагдуулж байгаа ч нөгөө талаар сонгуулийн системийг буруу сонгож намаа унагасан ялнаас Ц.Элбэгдоржийг мултлахыг оролдож, хариуд нь Тагнуул, прокурорыг атгасан Ерөнхийлөгчөөс ивээл эрсэн л хэрэг. Өөр юу ч биш…_
МАН-ын тэнгэрт утаа манараад…
МАН-ын дотоод зөрчил учрыг нь олоход бэрх сүлжээнд орчихоод байгаа ч удаан ажиглаж баримт цуглуулсан хүнд бол төвөггүй харагдана. Толгой нь М.Энхболд. Дотроо С.Баяр-Н.Багабандийн, У.Хүрэлсүхийн “Зүүний хүчний холбоо ба америкт төгссөн залуучуудын”, Сү.Батболдын гэсэн фракцуудтай.
Одоохондоо М.Энхболд МАН-д хаан шиг загнаж байгаа нь нууц биш. Түүний суудал ганхашгүй, гэвч Ерөнхийлөгчид дэвших гэж байгаа хүн ямагт суудлаасаа “хөөрсөн” байдаг. Тэр суудлыг авах гэж алаан болж байгаа байхгүй юу.

Тэр хэд хэдэн амлалтаа биелүүлэх ёстой. МАН-ын залуучуудын байгууллагын дотоод зөрчил гудамжинд байсан МАН-ыг золтой л хуваачихаагүй саяхны явдлын дараа М.Энхболд, У.Хүрэлсүх нар одоо ЗГХЭГ-ийн дарга байгаа Ө.Мөнхбат, түүний намын албыг авсан, МАН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Амарбаясгалан нарын санаачилснаар уулзаж хэдэн шил юм суллаад нэг тохироонд хүрч гар барьсан юм. Энэ нь МАН сонгуульд ялбал М.Энхболд УИХ-ын дарга болж улмаар Ерөнхийлөгчид дэвших, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж М.Энхболдыг ялбал намын даргыг Медведев лугаа адил залгамжлах, үүний тулд хазахаас бусдыг хийж М.Энхболдыг ялуулах тангараг байсан юм.
Сонгуульд МАН гялалзсан ялалт байгуулав. У.Хүрэлсүх цээж тэнэгэр мишээл цацруулсаар цагаан ордонд очтол Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болчихсон сууж байдаг байгаа. Ингээд хэрэг мандаж, хэнгэрэг пижигнэжээ. “Хэн унгав хэлж өг” гэж асуух болтол С.Баяр хумсаа нуугаад сууж байдаг хэрэг шүү дээ.
У.Хүрэлсүхэд шадар сайд оногджээ. Д.Оюунхоролын БОЯ-ыг эс тооцвол “Зүүний хүчний холбоо” фракц нь юу ч үгүй хоцорчээ. С.Баяраар ивээн тэтгүүлж Австралид сурсныхаа хариуг ганц сайн хүртсэн хэрэг. С.Баяр Ерөнхий сайдыг мэдэлдээ аваад бусдыг нь М.Энхболдод найр тавьжээ. Алба хуваах цагт С.Баяр М.Энхболдын дэргэдээс салаагүй, хэлдэг үг нь “Дарга Та л мэднэ шүү дээ” гэх тал засалт. Үүний цаана түүний сэтгэл ханамжийн баталгаа байсан хэрэг.
У.Хүрэлсүх Засгийн газрыг унагахгүй бол олон жил өлөн хоосон үнэнч зүтгэсэн дагагчиддаа бариулах, эсбөгөөс тэднийгээ алдах нь ойлгомжтой. Ингээд Засгийн газарт хоёр фракц тулжээ. У.Хүрэлсүхийг тайвшруулахын тулд “хаан” хэлжээ: “Чи жаахан тэвчиж үз л дээ, намайг Ерөнхийлөгч болсны дараа угаасаа намын Их Хурал хуралдана. Хурлаар чи л дарга болно. Тэгээд Засгийн газраа авчих!”.
М.Энхболд Ерөнхий сайдыг өгсөн ч бүх сайдуудаа өөрөө гардан томилжээ. С.Баяр “маш их томоотой” байж, ганц хоёр агентлаг л шүүрэв. Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн мөнгөө босгожээ. Өмнөх 60 тэрбум яах вэ ? Ирээдүйд мөнгө хэрэгтэй. Ялахын тулд, өлөн хоосон гуйлгачингуудын саналыг худалдан авах “Мөнгө, мөнгө бас дахин мөнгө” л хэрэгтэй. Багцаа нь яг УИХ-ын сонгуулийнх. 60 тэрбум төгрөг.
Ж.Эрдэнэбат энэ удаад яг М.Энхсайханы түүхийг давтах шахав. М.Энхсайхан 1996 оны АХЭ-ийн ялалтыг ингэж луйвардаж Ерөнхий сайдыг аваад үнэ чөлөөлөх эдийн засгийн шинэтгэл гэгчээ эхлүүлж намаа орон нутгийн сонгуульд, дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулсан. Тэгэхэд “тэнэг бага дарга” гэж доромжлуулсныхаа хариуд Ц.Элбэгдорж түүнийг түлхэн унагасан. Энэ удаад бас нэг “хурандаа” Ж.Эрдэнэбатыг унагах нь ойлгомжтой болчихлоо. Гэвч Ерөнхий сайд бол Ерөнхий сайд. Ж.Эрдэнэбатыг тойрон хүрээлсэн шинэ фракц үүсэж, У.Хүрэлсүхийнхнийг хавчин шахаж эхэлжээ.
Улстөрийн тавцан дахь ганц ялгаа нь П.Очирбат тэр үед АН-ын эсрэг МА(X)Н-тай нэгдээгүй, харин энэ удаад нөгөө бага дарга чинь хурандаатай эвсчихсэн. Ц.Элбэгдорж 56 хоног тэссэн бол У.Хүрэлсүх дараа нь хэд хоног тэсэх бол? Үнэндээ Ж.Эрдэнэбат МАН-ын рейтингийг хангалттай хагаслаж өглөө, энэ байдлаараа бол Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялагдана. Тэгээд М.Энхболд намаасаа салахгүй, даргаа өгөхгүй гээд гэдийвэл У.Хүрэлсүх яана аа?
МАН 60 тэрбумаар яаж ялав ?
МАН-ын санаанд оромгүй ялалтын шалтгаан нь мөнгө байсан юм. Харин үнэмлэхүй ялалтын учир нь сонгуулийг жижигсгэсэн мажоритар системээр явуулах АН-ын харалган шийдвэр байсан билээ.
Сонгуулийн системийг тогтоох АН-ын бүлгийн 25 гишүүн, дээр нь Э.Бат-Үүлийн оролцсон хаалттай хурлын бичлэг саяхан гарав аа. Сонгуулийг жижигсгэсэн мажоритар системээр явуулах санал хураалтад 14 гишүүн эсрэг, 20 гишүүн дэмжсэн санал өгсөн юм. Н.Алтанхуяг, Р.Гончигдорж хоёр уурлаад санал хураалтад оролцолгүй хаяж гарсан. Нэг зөрөөд байна гэж үү? Тэр нь МҮАН-аас орж ирсэн Д.Батцогт.
Н.Алтанхуяг “нэг хүн” МАН-тай хамтарч манай намыг “алах” тоглоом явуулж байхад тэр урхинд нь орж болохгүй гэж хашгирсаар аргаа барсан. Хар машинд багтдаг “Жижиг хүний, жижиг тойргийг” дэмжихэд хамгийн гол үгийг Э.Бат-Үүл хэлсэн. “Манай намын гишүүд, дэмжигчид сахилга батгүй учраас хуваагдаж өгнө, МАН-ынхан багцлагдаж өгнө. Тиймээс жижигсгээд тулгах хэрэгтэй.” Тэр ингэж хэлсний учир нь Ц.Элбэгдоржийн захиас байсан юм. Ц.Элбэгдорж Э.Бат-Үүлд: “Парламентад гудамжныхныг бүү оруул, халз тулаад МАН, АН хоёр л үлдэх хэрэгтэй, тэгвэл ахиад МАНАН, ялсан ч ялагдсан ч асуудалгүй”. АН-ын саналыг гудамжныхан л хуваана…” гэжээ.
Үнэндээ Н.Алтанхуяг, Р.Гончигдорж хоёрынхоор явсан бол АН ялах байсан. АН-ынхан тэр “нэг хүн”-д тахиа базуулсны гай. АН жагсаалтыг устгаад, өөрт ашигтай хотын тойргуудын мандатыг нэмээд зогсохгүй тойргийг өөрийнхөөрөө зурсан байсан. Ингээд л зогсох ёстой атал өвчин нь хөдлөж шуналтаад хуугаараа годройтжээ. З.Энхболд тэгэхэд хамгийн увайгүй загнаж, МАН-ынхныг нулимж дэвсэлж байсан. Гэхдээ инженер хүн алддаг, алдахдаа “таслал алддаг”. 3,14-ийг 2,92-р үржихдээ нэг л таслал алдвал тэр чигээр нь алдаж байгаа юм. Харин Н.Алтанхуяг нарийвчлалгүй ойролцоогоор (3X3=9) гэж тооцдогт чадвар нь бий. Ер нь бол АН-д Н.Алтанхуяг шиг менежер одоохондоо байхгүй.
Нөгөө талаас З.Энхболд бэртэгчин үзэлдээ баригдаж ганцхан өөрийгөө бодсон юм. Зарим хүн сэжиглэдэг нь З.Энхболд “Америкийн тавал” буюу “Пента-Америкаас” огт салаагүй, зүгээр л дүр үзүүлж байгаад тэднийхээ захиалгыг биелүүлсэн гэж. Учир нь тэр “Сонгуулийн хууль” хийхдээ нэг цоорхой орхисон нь ухуулагч нарын тоог заалгүй орхисон байв. “Пента Америк” нь Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Оюунгэрэл, З.Энхболд тав. Гэхдээ З.Энхболд Элбэгээ нь өөрийг нь годройтуулна чинээ санаагүй байх. Ер нь бүгдийнх нь хугацаа дуусаж байгааг сонгуулийн дараа л мэдсэн. Энэ нь МАН-д олз болжээ. Олз болох юу байх вэ? Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар АН-ыг ойрхон ялагдуулбал З.Энхболдыг зайлуулаад Э.Бат-Үүлийг дэвшүүлэх байв. Тиймээс жижиг мажоритар систем рүү түлхээд “Зи жоомыг” холдуулчихна гэж болтол гэрээ шатаагаад хаячихдаг байгаа?
“Э.Бат-Үүл: Нам ялагдвал хариуцлагаа хүлээх хүн нь би” гэж агсарч байсан. Нээрээ одоо хариуцлагаа хүлээх нь байна. Хөөрхий хэдэн партизануудаас өөр түүнийг өмөөрч байгаа хүн алга. Э.Бат-Үүл нар ядаж хотын сонгуулийг салгаж одоо явуулсан бол өдийд “С.Зоригийг хөнөөсөн” хэрэгт дуудагдах нь байтугай хотын дарга хэвээрээ, бас АН цөөнгүй аймагт эрх мэдлээ хадгалж үлдэх байсныг ч бодохоос гол харлам. Магадгүй тэр ногоон гэрлээр АН-ын дарга болоод Ерөнхийлөгчид дэвшээд явчих байв.
Э.Бат-Үүл АН-д ямагт ингэж гай болж ирсэн. Энэ удаад гурав дахь нь. Өмнөх хоёрыг нь олон хүн санаж л байгаа. Бурхан гурвын тоонд дуртай гэдэг. Одоо ч өнгөрөө бололтой…
Нөгөө талаас АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Жон Керри айлчлахдаа тэрбумийг (америк мөнгөөр шүү) “бэлэглээд” явсан байв. Үүгээр сонгогчдын саналыг худалдаж ав гэж. “Сэм авга бидэнд хайртай хэвээр байгаа юм байна” гэж тэд бодож.
Гэтэл МАН-ын сонгуулийн штабт Америк зөвлөхүүд жилийн өмнө ирж судалгаа зөвлөгөөгөө харамгүй өгч байжээ. Сонгууль эхэлмэгц мөнгөний уралдаан эхлэв. АН иргэн бүрт 300 мянгыг тарааж эхэлжээ. Гэтэл гацаа үүсэв. Хэдийгээр Монголчууд хулгайч зантай, люмпен цувааныхан олон боловч нэлээд олон хүн “Эх орноо зарахгүй” гэж мөнгийг авахаас татгалзсан. Ядаж байхад тараасан мөнгөөрөө “Таван толгойн хувьцааг” эзнээс нь худалдаж авсан нь иргэдийн дургүйг хүргэжээ. Засгийн газар нь иргэдээсээ хувьцааг нь гадаадын зээлээр худалдаж авдаг нь одоо юу ч гэмээр юм бэ ? Зуучлагч юм уу хаашаа юм. Засгийн газрын баталгаагаар газар нутгийг нь зарж байна гэсэн үг шүү дээ.
Энэ төлөвлөгөө бүтэлгүйтмэгц АН сандарч МАН-ын 60 тэрбумын асуудлыг гаргаж тавив. МАН 60 тэрбумаа гамтай зарцуулжээ. Тойрогт бүрт хүн амын тоотой нь харьцуулж мөнгө хуваарилав. Ингэхдээ ухуулагчийн тоо заагаагүй учраас 500 хүртэл ухуулагчийг тус бүр 250-500 мянган төгрөгөөр цалинжуулах, ухуулагчид нь айлын нохойтой хэрэлдэж хоосон чалчиж явахын оронд найдвартай 10 хүн элсүүлж, тус бүрт нь 50 мянган төгрөг олгох сүлжээ байгуулахыг үүрэгджээ. Мөн өртөг ихтэй телевизийн балай шоу, ярилцлагад оролцохгүй байх, том марзан плакат өлгөхгүй байх, комикс аятай сэтгүүл тараахгүй байх зэргээр бүх мөнгөө гагцхүү сонгогчдыг хахуульдахад зарцуулахыг зөвлөсөн байна. Сонгуулийн дүн гарахад МАН-ын нэр дэвшигчид жигд 5100-5300 орчим санал авч ялцгаав. Бусад санал нь АН болоод бие даагчид, жижиг намуудад хуваагдаад сарнижээ. Тэр ч байтугай энэ системийн дүнд МАХН МАН-ын биш АН-ын хуваагч болж хувирав.
Авилгыг ингэж авч, ингэж өгдөг байхгүй юу. Монголчууд хэн нь хэнийгээ гэлтгүй бүгдээрээ хазаар гүйлгэгчдийн удам. Хулгайн мөнгө идэхээрээ бүтэн нойртой хонодог юм. АН-ын малнууд аа! Одоо “гадаад” нөхдөд АН-ын “пентаамерик”-чууд хэрэггүй. Эргүү малнууд бүгд чөтгөр шулам руугаа тонилбол таарч. Удахгүй Ц.Элбэгдорж нь ч суудлаасаа арчигдаад өгнө. АН 60 тэрбумыг гаргаж тавьсан нь олны шуналыг хөдөлгөснөөс биш зэвүүцлийг төрүүлээгүй. Ингээд “65:9”-өөр арчуулж байгаа чинь тэр. Хохь нь. Яах гэж жижиг мажоритарийг сонго гэсэн юм. Өөрсдөө л сонгосон, бэлэн дүүжлүүрт толгойгоо угладаг малнууд гэж байх уу ?!
Сонгуулийг “Рио”-гийн олимп залгав. Ядаж байхад Монголд хөрөнгө оруулагч “Рио”-той адилхан нэртэй бурхдын хотод. Луйвар булхай, авилга гэж юу болохыг бурхан Монголчуудад өөрсдөд нь хангалттай харуулав. Тэр ч байтугай луйврыг эсэргүүцэн стриптиз үзүүлсэн шүүгч нарыг нь шүүгч биш болгож бахаа хангав.
-Бурхан минь одоо болих болоогүй юу?…
-Эхлээд Та нар өөрсдөө боль, за юу?
Хариуд нь МАН-ынхан шүлэг уншиж байна.
-“Бурхаан, Чамд би ганцхан зөвлөгөө өгье, чи битгий хуц аа”…
-Өө, зө зө…
АН-ын тэнгэрт утаа манараад…
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын төгсгөл үед мөнгөгүйдсэн АН-ынхан АНУ-аас мөнгө зээлэх тухай асуудал их яригдаж байсныг одоо хэдэн хүн санаж байгаа бол ?!
АНУ-аас тэрбум ам.доллар ирсний талыг “Эрдэнэт”-д талыг нь, “Таван толгой”-н хувьцаанд зарцуулсан байна.
Оны өмнөхөн буюу 2015 оны төгсгөлөөр Монголын талаас “Эрдэнэт”-д зэс боловсруулах үйлдвэр байгуулах саналаа Оросын талд тавьжээ. Харин цаадуул нь зөвлөгөө өгдөг агентлагт хандтал “Ёстой өгч болохгүй шүү, сонгуульдаа зарцуулах гэж байгаа юм. Тэгээд үйлдвэр ч үгүй, мөнгө ч үгүй болно, олж авах ч ёстой гонж” гэж зөвлөжээ. Оросууд азаар хагас тэрбумаа хэмнээд зогсохгүй бүр өөрийн эзэмшлийн 49 хувиа зарж 500 саяыг нэмж олсон байна.
Эрдэнэт жилийн бүтээгдэхүүнийхээ 40 хувьтай тэнцэх 511 тэрбум ам.долларын өртэй. “Монголчууддаа буцаад ирмэгц” зээлдэгчид өрөө нэхэж эхэллээ. За ингээд “Эрдэнэт” даший шоо болов оо, хөөрхий. С.Баяр ИБУИНВУ-д элчингээр суух сураг гарав. Тэр яг “Балхаш”-аас хувьдаа ашиг унагасан шигийг олох байх даа.
Үүнтэй зэрэгцээд АН-ын даргын төлөөх зодоон эхэллээ. Ц.Элбэгдорж өөрийн үнэнч хамтрагч П.Цагааныг илгээв. Түүнийг явуулснаар оронд нь ЕТГ-ын даргаар МҮДН-ээс тавьжээ. АН-ын “шинэчлэл” нэртэй дотоод зодоон эхлэв.
Энэ удаад Ц.Элбэгдорж намынхаа эрх мэдлийг авахын тулд яахаас ч сийхгүйгээ харууллаа. Хэрэв тэр намдаа тэсч үлдэхгүй бол “пента-америк” бүлэглэл сүйрнэ. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар сонгууль дуусмагц АНУ-руугаа гүйсэн боловч тэднийг яг Михаэл Саакашвили шиг буцаагаад хөөчихөв. Хэрэв намдаа нөлөөгүй бол та нараар яах юм? С.Баярцогт “Улсаа гадаадад хэрхэн зарах вэ?” сэдвээр ч байж магадгүй доктор хамгаалахаар үлдэв. Харин Ч.Сайханбилэг төрийн хамгаалалтанд байгаа учраас салгалаад ирж. Хамгаалаад байна уу? Хянаад байна уу?
Одоо тэдний амь тэмцэж байна. Наад зах нь “Эрдэнэт”-ийн асуудал сөхөгдвөл сүйрнэ. Тиймээс АН-ын эрхийг авч байж намын нэрээр хамгаалалт авах ёстой, эсбөгөөс ахиж зугтаж чадахгүй, буцаад хөөгдөхөөс цааш. Харин Н.Золжаргал сэргэлэн учраас Австрид буюу төвийг сахисан оронд иргэншил авсан байх юм. Тэгээд эртхэн ажлаа өгөөд жилийжээ. 2000 онд Н.Энхбаяр өршөөсөн, өршөөлийнхөө хариуг хангалттай идэж байна. Харин М.Энхболд өршөөх үү ? Эсвэл тэднээр туг тахиад Дашэнхүүгийн данжаад шиг Монголыг гартаа атгах уу?
АН-ын “пента”-ын МАН-ын хувилбар У.Хүрэлсүхийн “пента” Засгийн эрхийг авч чадалгүй дэвхэцсээр байна. Тэднээс илүү хүчирхэг гадаад дэмжлэгтэй бүлэглэл энэ улсад бас байдаг юм л даа.
Одоо улсаа зарсан, Америкчуудад юу байгаагаа өгсөн, тэгээд буцах нүүргүй болсон этгээдүүдийн хоргодох сүүлийн орон зай нь АН-ын даргын суудал. Ялагдсан боловч бас ч үгүй шинэ нийгмийг авчралцсан 160 гаруй мянган гишүүнтэй намын хамгаалалтыг яаж ийгээд авах хэрэгтэй. Түүнд гай болох ганцхан хүн бий.
Тэр нь Н.Алтанхуяг. Үнэндээ “пентаамерик”-чуудын тоглоом бололгүй, АН-ыг хэзээ ч байгаагүй өндөрлөгт хүргэж гурван сонгуульд дараалан ялуулаад МАН-ын түрэлтийг зогсоож, “Шударга ёс” эвслээр түрээ барьж АН-ын хязгааргүй засаглалыг тогтоож чадсан ганц хүн нь тэр. Н.Алтанхуягт гурван “дутагдал” бий. Нэг нь “Увс хүн”, нөгөө нь дотоодын дээд сургууль төгссөн. Гуравдахь нь Алтангадасынх.
Саяын сонгуулиар Н. Алтанхуяг “Увсхүнбиш” гэдэг нь тодорхой болов. Увсынхан Ю.Цэдэнбалаас хойш “төрсөн” Ерөнхий сайдаа 50 мянгаар худалдчихав. “Увсхүн” болохын тулд эхлээд МА(Х)Н-ын гишүүн байх ёстой юмсанж. Харин дотоодын сургууль төгссөн тухайд бол яг өнөөдөр АН-ын америкчлагдаж, Пэйнтэрлүүлсэн сэндвичүүдээс өөрийн нь хэлдгээр “монгол боорцог” хавьгүй дээр байгаа юм.
Н.Алтанхуягийн алдаа нь пентаамерикчуудын үгэнд орж, “Оюу толгойн” гэрээг явуулахын оронд хянах гэж шалгалт оруулж, 130 сая ам.долларын зөрчил илрүүлсэнд байгаа юм. “Саус гоби сэндс”-ийг шалгаж ял өгсөн, бас Р.Пэйнтэрт 7,6 тэрбумыг өгөлгүй унжсан, дээрээс нь ХХБ-ны тэрбумын бондод ЗГ-аас баталгаа гаргаж өгөлгүй их зан гаргасанд бий. Чухам үүнээс болж Ц.Элбэгдоржтой тэрсэлдсэн бөгөөд тэр өсөрхөл одоо ч тасраагүй байна. Н.Энхбаярын хаанчлалын эхэн үед Ц.Элбэгдоржийн явуулгаар М.Энхсайханыг унагахын тулд зовж байгуулсан “Алтан гадас” ТББ-ыг МАН-аас салгаж, АН-ын дагнасан фракц болгосноороо Ц.Элбэгдорж, С.Баяр нарын 7 сарын 1-ны цуст суурин дээр байгуулагдсан МАНАН фракцын хорхойтой араанд зуугдсан байна.
Хэрэв Н.Алтанхуяг намын даргаар үлдвэл АН-ын эрх баригчид ялангуяа өнгөрсөн сонгуульд далаар нь тавиулсан “нэгхүн” ба түүний нөхөд ямар ч хамгаалалтгүй үлдэж, АН гурав дахь хөршөөсөө салах юм.
Ц.Элбэгдорж нам дахь нөлөөгөө хадгалж үлдэхийн тулд өөрөөсөө хойшхи бүх намын дарга нарыг их хурлаар батлуулаагүй, өөрөөр хэлбэл ҮЗХ-ээр ёсчлуулж явж ирсэн бөгөөд ийм даргыг ч, Ерөнхий сайдыг, УИХ-ын даргыг ч ҮЗХ-ээр амархан унагачихаж болдог. Ялангуяа сонгуульд ялагдсаны дараа. Харин энэ удаад дүрмээ өөрчилж “Их хурлаар” намын даргыг томилуулах ёстой гэж зүтгэж байна. Саявтархан П.Цагааны санал болгосон “…жил бүр их хуралдай зарлаж намын даргаа сольдог байх” санал нь ирэх жилийн сонгуулийн дараа Ц.Элбэгдоржийг АН-ын даргаар тавина гэснээс огт ялгаагүй сонсогдож байна л даа.
Өмнө нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь унагахдаа цаадах нь хэдий ҮЗХ-д хүчтэй боловч Ч.Сайханбилэг, С.Баярцогт нараар “хөдөөгийн түр фракц” зохиолгоод хөнтөрчихсөн билээ. Өнөөдөр Н.Алтанхуяг үндсэндээ ганцаардсан байдалд байна.
Учир нь АН-ын бусад фракцууд Н.Алтанхуягийн эсрэг нэгдсэн, гэхдээ намыг хэн унагасныг бүгдээрээ мэдэж байгаа боловч бэртэгчин үзэл нь давамгайлчихаад байгаа юм. Жишээ нь”Шонхор” фракцын удирдлага УИХ-д тэсч үлдсэн С.Эрдэнийн удирдлагад шилжсэн ба С.Эрдэнэ МАН ба Ерөнхийлөгчөөс ирэх заналхийлэл дор тэвдэж яваа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авна гэдэг зөвхөн үйлдвэр авч байгаа хэрэг биш, түүнийг дагасан үй олон баримт бичгүүд, луйвар булхайн баримтуудыг гартаа оруулж авсан гэсэн үг. Яг “Хадгаламж” банкыг Оросууд авмагцаа 14,5 тэрбумын баримтыг гаргаж хаясан шиг.
Жишээ нь З.Энхболдын дүүгийн олон жил дамнуулан эрхэлсэн “Эрдэнэтийн үйлдвэрийн автоматжуулсан удирдлагын системийг сайжруулах” хэдэн арван тэрбумын төслийг илрүүлсэн шиг. Уг нь дүү нь биш ах нь инженер шиг санагдах юм. Ийм нөхцөлд арьсаа хамгаалсан эрх мэдэлтнүүд өөрийн эрх ашгаа л бодохоос биш намынхаа эрх ашгийг бодохгүй. Тэр нь ч одоо ажиглагдаж эхлэлээ.
АН-ыг задлаж тоглох нь
Хэдийгээр саналаа худалдсан, АН мунхаглаж жижиг мажоритар систем сонгосон зэрэг нь АН-ын ялагдалд нөлөөлсөн ч олон нийт, хамгийн гол нь ухамсартай сонголт хийдэг олон хүн гадагшаа асгаж цутган урсаж байгаа мөнгийг хямгадах гэж МАН-д саналаа өгсөн. Тэр ч байтугай АН-ын олон мянган гишүүд дэмжигчид МАН-д саналаа өгсөн. Ил далд бузар булай наймаа, зах замбараагүй авилга, оффшор дансны будлиан, гэдсэндээ хөлөө хийлцсэн балиар заваан зодоон нүдээн, тоо томшгүй өр, хязгааргүй хийрхэл зэрэгт цэг тавихыг хүссэн. Тэгэхдээ эрлийз ч гэсэн нэг толгойтой байж өр бөөснөөсөө салахыг хүссэн.
Гэтэл итгэж найдсан МАН нь АН-аас ялгаагүй ялзран завхарснаа нотлон нурж байна. Гэтэл улсаа нурааж, намаа завхруулсан этгээдүүдийг улстөрийн тавцангаас арчиж хаях олон нийтийн “шинэчлэлийн” захиалгыг АН хэрэгжүүлэхгүй, эсрэгээр даргын суудлын төлөө ужиг тулаанд удлаа. Харин ч буцаад намаараа тэднийхээ буулганд орж байгааг харж ой нь гутаж, бөөлжис нь цутгаж байна. Эцэстээ намаа задлаж тоглох схем санаачилж эхэлсэн байна.
Н.Алтанхуяг нам дотроо хүчирхэг авч АН задарвал “Алтан гадас” хамгийн сул фракц болж таарна. Тэд МСДН-ын сууринд очно. МҮДН бас л жижиг нам болно. Гуйвж дайвдаг залуусынх нь клубүүд аль нэгийг нь дагаад сарнина. Эцэстээ АН-ын үзэл санааны цөм төвлөрдөг “МоАХ” л АН-ыг залгамжлах эрхтэй үлдэнэ. Ц.Элбэгдорж энэ фракцыг Х.Баттулгын мэдлээс салгаж өөрийн болгосноор АН-ын манлайлагч болон тодорно. Эргээд МоАХ-ын суурин дээр АН-ыг дахин нэгтгэхэд бусад нь дагаар орогч болно уу гэхээс одоогийнх шиг эрх нөлөөгүй үлдэнэ. Ямар хувилбар байна?
Сонгуулийн систем, худалдагдсан сонгогчдийг шүүмжилмээр байвч Монголын олон нийт АН-ыг үзэн ядаагүй, гагцхүү намын нэрээр улсаа сүйдэлсэн хулгайч луйварчдаас нь л салахын тулд сонгуульд эсрэг санал өгсөн. Намыг нь унагахгүй бол тэд салахгүй нь гэж бодсон. Хэрэв тэд буцаад АН-ын толгойд зайдагнаад гоё сайхан үгээ донгодоод эхэлбэл 2020 онд ч АН-ыг ахиж сонгохгүй. Зөвхөн намаа бодсондоо муу хүн сонгодог хатуу электораль суурь ч задарна. Аргаа барахдаа либерал үзэлтэй учраас дэмждэг гэж худлаа цэцэрхэж байсан хүмүүст нь ч хэлэх үг үлдээгүй. Өнөөдөр адгийн шааруудын хоргодох эцсийн орон зай либерализм болчихлоо.
Үнэндээ сонгогчид АН-ыг унагаснаараа намд нь боломж олгосон. Өөрийгөө шинэчил, луйварчдаасаа сал, нам чинь сайн, хүн чинь муу байна, тэднээсээ салаад эргээд ирвэл тосоод авъя гэсэн. Гэвч тэднээсээ салахгүй буцаад ирвэл АН-ыг ахин шийтгээд, тэр адгийн шааруудтай нь хамтад нь түүхийн тавцангаас арчин хаях сонголтыг хийж чадна. Үнэндээ АН-ын шинэчлэл маш энгийн. Энэ адгийн шааруудаас л салчих. Тэгээд л болоо. 2020 онд тэд л дэвшихгүй бол МАН-тай тооцоо хийх цагийг эхлүүлэх болно.
Хэрэв АН ингэж чадахгүй бол 1990 оны ололтын алдрыг АН-аас булаан аваад нийгмийн тогтолцоогоо өөрчлөх их салхи нижигнэн хөдлөх болно. Энэ бол гарцаагүй…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 09 дүгээр сарын 28.

Санал болгох мэдээ

ЭМГЭНЭЛ I Даваажавын Баадайжав

ЭМГЭНЭЛ ДАВААЖАВЫН БААДАЙЖАВ Монгол Улсын Ардын жүжигчин, Монголын анхны “Кармен”, “Алтан меццо” хэмээн алдаршсан, Дуурийн …