38 кг хор уушгилахад бэлэн үү

73beea15bf72d43big

Улаанбаатарын утаа энэ өвөл дорвитой бууруулж чадахгүй гэж Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх хэлсэн. Өлмий харагдахгүй шахам болдог өтгөн утаа суунаглаад эхэлчихлээ. Харин бид байдаг л үзэгдэл мэтээр хүлээж авсаар дасчээ. Өвөл эхлэхээр гэнэт утаатай тэмцэж байгаа дүр эсгэж, зун болохоор салан баавгайн үлгэр шиг мартсаар байтал хотынхны уушги хар нүүрс болж мэдэх нь.

Учир нь утааг бууруулахад тууштай арга хэмжээ авахгүй бол 20 жилийн дараа эрүүл уушгитай хүн олдохгүй гэж мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Өнгөрсөн жилүүдэд утаатай тэмцэх ажилд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч дорвитой үр дүн гарсангүй.

“Зуух” хөтөлбөр, “Утаагүй түлш” төсөл гэсэн ор нэр төдий зүйл хийсэн хүмүүст урамшуулал өгсөөр байгаад нэг мэдэхэд өчнөөн тэрбумаар хэмжигдэх мөнгийг үргүй зарцуулсандаа мэргэжилтнүүд өдгөө халаглаж сууна билээ.

Арай дөнгүүр хэрэгжсэн төсөл нь Японы ЖАЙКА-ийн хийсэн ажлууд аж. Тодруулбал, агаарын чанарыг хэмжих суурин харуулын 11 станц байрлуулсан.

Нийтийн тээврийн автобусанд тортогжилтийг шүүх шүүлтүүр суурилуулсан юм байна. ЖАЙКА-гийн хийсэн судалгаагаар нэг тонн нүүрсийг шатаахад 45 килограмм нүүрс-хүчлийн хий, 12 килограмм хүхэрлэг хий ялгардаг болохыг тогтоожээ.

Мөн нэг тонн нүүрснээс азотын исэл тав, том ширхэглэлт тоосонцор (РМ) зургаан килограмм ялгардаг аж. Үндсэндээ ганцхан тонн нүүрс шатаахад агаарт 68 килограмм хорт утаа дэгддэг ажээ.

20 жилийн дараа эрүүл уушгитай хүн олдохгүй гэж мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

 

Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн Н.Баярынх өвлийн гурван сард дунджаар 3-5 тонн нүүрс түлдэг гэж ярилаа. Тэгэхээр нэг өрх өвлийн улиралд таван тонн нүүрс хэрэглэдэг гэж үзвэл 225 килограмм нүүрсхүчлийн хий, 60 килограмм хүхэрлэг хий ялгаруулдаг гэсэн үг. Улаанбаатар хотод барагцаагаар 180 мянган айл гэр хороололд амьдардаг гэсэн тооцоо гаргасан.

Тэгвэл ийм тооны өрх утаа үйлдвэрлэж байгаа юм. Эдгээр өрх ихдээ 900 мянган тонн нүүрс хэрэглэдэг гэж тооцвол хүйтний улиралд хотын агаарт 61,200 тонн буюу 61 сая 200 мянган килограмм хорт утаа ялгаруулдаг болж таарах нь.

Энэ үзүүлэлт хотын нэг иргэн ойролцоогоор 38 кг хорт утаагаар амьсгалж буйг харуулж байна. Нүүрснээс гадна автомашинаас ялгарах хорт утаа үүн дээр нэмэгдэнэ. Ингээд бодохоор бидний уушги хэр хэмжээний хорт утаагаар амьсгалдаг нь тодорхой харагдах биз ээ.
Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга М.Дэлгэрэх Өнгөрсөн жилүүдэд утааны эсрэг тэмцсэн ажилд маш муу гэсэн үнэлгээ тавьсан.

Ямар ч тооцоо судалгаагүй явж ирсэн байна. Ердөө эдийн засгийн үргүй зардал гаргаад л дууссан. Бид ийм байдлаар ажиллахгүй. Ажил хүлээж аваад cap ч болоогүй байна. Одоохондоо өмнө нь хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж байгаа.

Цаашид утаагүй зуух гэх мэтийн зүйлд мөнгө зарцуулахгүй. Харин утаагүй түлш хэрэглэж сургахад анхаарна. ЖАЙКА-ийнхан Японы эрдэмтдээр ямар арга хэмжээ авбал Улаанбаатарын утааг хурдан бууруулах вэ гэдэг талаар судалгаа хийлгэсэн юм билээ. Судалгаагаар энгийн бөгөөд зардал багатай шалгарсан арга нь утаагүй түлш хэрэглүүлэх гэж үзсэн. Тиймээс утаагүй түлшний үйлдвэрлэлийг дэмжинэ гэж төлөвлөж байна” гэлээ.

ТУРШИЛТ БА БҮТЭЛГҮЙТЭЛ-1

 

Уул нүхэлж, утааг бууруулах талаар манай эрдэмтэд нэг биш удаа ярьсан. Энэ ажлыг “Хотын салхи” төрийн бус байгуул-лагынхан туршиж үзжээ.

Тус байгууллагынхан гидродинамик загвар ашиглан орон зайн нарийвчлалтайгаар нэг километрийн өргөнтэй, 18.5 километр урт уулыг сэтэлнэ. Ийн агаарын урсгалд нөлөөлж, бохирдлыг багасгах боломжтой, эсэхийг тогтоох туршилт хийжээ.

Туршилтын үеэр салхины орны вектор ялгаврыг цаг тутам тооцоолж үзэхэд хурдны өөрчлөлт нь зөвхөн сэтэлсэн хэсэгт ажиглагдаж, бусад газарт төдийлөн нөлөө үзүүлээгүй байна. Уул сэтэлсэн хэсэгт агаарын бохирдол багасаж байсан ч бусад хэсэгтээ нэмэгдэж буй дүр зураг ажиглагджээ.

Эл туршилтыг хийх явцдаа агаарын чанарын дөрвөн харуулын бохирдлын хэмжилтийг ажиглахад буурсан дүн маш бага гарсан байна. Тиймээс уул сэтлэх үр дүнгүй гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа аж.

ТУРШИЛТ БА БҮТЭЛГҮЙТЭЛ-2

 

Утаатай тэмцэх хүрээнд хэрэгжүүлсэн ажлын нэг нь үртсэн болон хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэсэн явдал. Аргалын утаанаас нүүрсний утаатай танилцсан монголчуудын хувьд энэ нь сүүлийн үеийн шинэ дэвшил. Нэг ёсондоо шинэ туршилт юм.

Утаагүй, сайжруулсан түлш төслийн хүрээнд Орхон аймгийн Хялганатад үйлдвэр барина гэж яриад ажил хэрэг болоогүй. Үүнээс гадна “Дулааны цахилгаан станц 2” ТӨК-ийг түшиглэн 20 тэрбум шахам төгрөг зарцуулан байж хойд хөршийн компанитай хамтран коксжсон шахмал түлшний үйлдвэр байгуулсан.

Харин өнөөдөр мөнөөх үйлдвэрээ ашиглалтад оруулж амжилгүй байсаар балгас болгочихоод байна. Агаарын бохирдлыг бууруулах газрынхан очиж үзээд балгас болсон шинэ үйлдвэрийн барилгыг харж, толгой сэгсрээд буцсан тухайгаа ярьж байсан.

Уг нь энэ үйлдвэрийг ашиглалтад оруулсан бол жилд 250 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэнэ гэж тооцоолсон юм билээ. Гэтэл зуухны горимын галлагаа нь таараагүй гэх шалтгаанаар ашиглалтаас гарах болчихлоо.

Хагас коксжсон утаагүй шахмал түлш нь түүхий нүүрс шатаасантай харьцуулахад утааны хорт бодисыг 85-95 хувь бууруулдаг гэдэг судалгаа бий. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахын тулд хагас коксжсон утаагүй түлшний үйлдвэр байгуулахаар болж, бүтэлгүйтсэн нь энэ.

Орхон аймгийн Хялганатад байгуулсан үйлдвэр ч өнөөдөр ашиглагдаж буй эсэх нь тодорхойгүй. Тэндээс Улаан-баатар руу түлш зөөхөөс эхлээд тээврийн зардал нь ярвигтай гэсэн асуудал сөхөгдөж байсан ч чимээ тасраад удав. Мөн Багануур дүүрэгт “Хөх чоно” компани үртсэн шахмал түлшний үйлдвэр байгуулсан.

Цагт 10 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Дархан-Уул аймагт “Шарын гол энерго” компани мөн л 10 тоннын хүчин чадалтай үйлдвэр байгуулсан. Гэвч цахилгаан, төмөр замгүй, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг бага, байсхийгээд л ямар нэг хүндрэл тулгардаг гээд шалтаг мундсангүй.

ТУРШИЛТ БА БҮТЭЛГҮЙТЭЛ-3

 

“Цэвэр агаар” төслөөс хэрэгжүүлсэн нэгэн томоохон ажил нь “Зуух” хөтөлбөр байв. Утаагүй зуух үйлдвэрлэх ажил өрнөж, үүний ачаар айлууд орчин үеийн загвар сайтай зуухаар “гоёх” болсон. Гэвч энэ нь агаарын бохирдлыг ердөө 20 хувь бууруулсан юм билээ. Гадаад, дотоодын 10 компанийн 15 зуухыг туршиж үзэн, дөрвөн загварыг нь туршилтад нэвтрүүлсэн.

Мянганы сорилын сан, Цэвэр агаар сангаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 120 гаруй мянган айлын зуухыг сольжээ. Цаана нь 45 мянган өрх зуухаа солих захиалга өгсөн ч хөтөлбөрт хамрагдаж чадаагүй үлдсэн байна. Гэхдээ зуухаа сольсон гээд мөнөөх түүхий нүүрсээ түлсээр байвал утаа багасахгүй гэж эрдэмтэд сануулдаг.

Иймээс зуух, сайжруулсан түлшийг хамт хэрэглэж байж л тодорхой хэмжээний үр дүн харагдах учиртай. Харин гэр хорооллынхон зуухаа сольчихоод түүхий нүүрсээ түлчихдэг болохоор утаа буурсан үр дүн харагддаггүй байна.

2017 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зуух хөтөлбөр үндсэндээ зогсож мэдэхээр боллоо. Учир нь Агаарын бохирдлыг бууруулах газрын шинэ дарга зуух гэх мэт үргүй зардалд мөнгө төсөвлөхгүй гэсэн хатуу байр суурьтай байна. Харин сайжруулсан түлш үйлдвэрлэх ажлыг тууштай дэмжинэ гэдгээ хэлж байв. Тиймээс л сайжруулсан зуухны туршилт хязгаарлагдаж магадгүй болчихлоо.

АМНЫ ХААЛТНААС ӨӨР СОНГОЛТ АЛГА

 

Сүүлийн жилүүдэд уушгины хорт хавдрын өвчлөл байнга нэмэгдэж байгаа. Хавдар судлалын үндэсний төвийн гаргасан статистик мэдээллээс харахад уушгины хорт хавдар гуравдугаарт бичигдэх болсон байна.

Харин халдварт бус өвчний тэргүүлэх зэрэгт амьсгалын тогтолцооны өвчин бичигдэж буйгийн буруутан нь утаа байж ч болзошгүй аж. Гаднын нэгэн эмч “Танай улсад уушгины эмнэлэг байгуулбал хэдэн жилийн дараа овоо ашиг олж болохоор юм байна” гэж хэлсэн удаа ч бий.

Түүнчлэн өвлийн улиралд өсөлтгүй жирэмслэлт элбэг тохиолдох болсон. Үр хөндөлт нэмэгдэж буйг эмч нар утаатай холбон тайлбарлаж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр л утаатай тэмцэхгүй бол хожим дагуулах хор уршиг хэмжээлшгүй их мөнгөөр хэмжигдэж мэдэхээр байна. Гэхдээ утааг багасгах олон туршилтаас үр дүнтэй хэрэгжсэн нь ховор.

Тиймээс цаашид ямар гарц байна вэ. Энэ асуултын хариултыг хотын удирдлагууд, эрдэмтэн мэргэд ч хайсаар удлаа. Магадгүй хамгийн энгийн, эдийн засагт хэмнэлттэй арга амны хаалт хэрэглэж занших явдал байж мэдэх юм.

Утаатай тэмцэх ажлын үр дүн тааруу байгаа өнөө цагт иргэд ядаж амны хаалт хэрэглэвэл, хожим эрүүл мэндэд учрах эрсдэлээс өөрийгөө бага ч болов хамгаална.

Ердөө cap гаруй хугацааны дараа их бохирдлын улаан гэрэл асна. Тэр үед Улаанбаатарынханд амны хаалтнаас өөр сонголт байхгүйг сануулчихъя.

Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …