Гар утас хязгаарласнаар сурлагын чанарт эерэг нөлөөлнө гэв

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд энэ сарын 16-нд А/43 тоот тушаал гарган сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний тухай зарим зохицуулалт хийсэн. Үүнтэй холбогдуулан БСШУСЯ-наас  мэдээлэл хийлээ.
Хүүхдүүд гэмт хэрэг, хүчирхийллийн хохирогч болох зэрэг тохиолдол гарч байгаа учраас сургуулийн орчинд гар утасны зохистой хэрэглээг бий болгохыг хүссэн иргэд, олон нийтийн хүсэлтийг үндэслэн дээрх тушаалыг гаргажээ. Харин завсарлага, хичээлийн бус цагаар хэрэглэх нь нээлттэй байх юм.
Манай улсад сонин, сэтгүүл, телевиз, радио, цахим хуудас зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гар утас хэрэглэгчдийн тоо, хүчин чадал хурдацтай нэмэгдэж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны тайланд интернэт хэрэглэгчдийн тоо 2014 оны байдлаар 1.962.000 болсноор 2013 оныхоос 28 хувиар өсч, 2015 оны байдлаар 1.881.783 хүн ухаалаг гар утас хэрэглэж байгаа нь өмнөх оноос 56.4 хувиар нэмэгджээ.
Фэйсбүүк, ухаалаг утаснаас үүдэлтэй гэмт хэрэг, дарамт, цахим тоглоомоос шалтгаалан сэтгэц, зан төлөвийн өөрчлөлтөд орсон, сурах чадвараа алдсан хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд өсч, эдгэршгүй өвчин болж байна. Эдгээр тулгамдсан асуудлын шалтгаан нь цахим хэвлэл, мэдээллийн талаарх иргэд, өсвөр үеийнхний мэдлэг, чадварын хангалтгүй байдал, интернэтийн хязгаарлалтгүй орчин дахь замбараагүй хэрэглээ, эрхзүйн хяналт, зохицуулалтын дутмаг байдлаас болж байгааг албаныхан хэлж байна.
БСШУС-ын сайд Ж.Батсуурь хэлэхдээ, “ЕБС-ийн багш, сурагчдад хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг хориглосон тушаал нь бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад онцгой ач холбогдолтой.
Мөн сургалтын чанарт эерэг нөлөөлнө гэж үзэж байна. Хичээллэх цаг гэдэг бол багш, сурагчдын анхаарлаа хандуулах хугацаа. Гэтэл сүүлийн үед сурагчид гар утсыг түгээмэл хэрэглэдэг болсноор хичээлийн дундуур утас нь дуугарч, бусдынхаа анхаарлыг сарниулах, хичээлийн цагаар утсаараа цахим орчинд нэвтэрч байна.
Хичээлийн цагийг зөвхөн хичээлдээ зарцуулах ёстой. Харин хичээлийн цагаар гар утсыг хязгаарласнаар сурагчид зөвхөн сурч боловсрохдоо зарцуулах болно. Цаашид сургалтын чанарт сөргөөр нөлөөлж буй шалтгааныг бууруулж, бүх шатны сургалтын чанарыг сайжруулахын төлөө ажиллана” гэв.
Энэхүү тушаалын хэрэгжилтийг сургуулийн удирдлага, багш ажилчид хянах аж.
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …