Н.Лүндэндорж: Харамч хүн хоёр дахин төлдөг

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржтой шүүгчдийнцалинг тойрсон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

31tgvg6gn5nsto7kkh1erp9joj

-Эдийн засаг хямарлаа гээд хүмүүсийн цалин, тэр дотроо шүүгчийн цалин хасдагийг зөв алхам биш гэж үзэж байна.

Гэтэл дахиад л шүүгчийн цалингийн асуудал босоод ирлээ?

-Харин тэглээ. АН-ын засаг замыг засч, хамгаалсан хуулийг нь хүчингүй болгосон. Өнгөрсөн гурван  жилийн турш шүүгчийн цалинтай ноцолдсон гэж хэлж болно. Тэдний замаар МАН-ын засаг явж байна. Би МАН-д бус, АН-д харамсаж байна. Ухаан, бодлого дутуу байхын үйл лай ийм уршигтай юм. Шүүгчийн цалинг хамгаалсан хуулийн заалт байсан бол бас ч ийм байдалд орохгүй байсан юм бил үү гэж бодож сууна.

Нөгөө талаас шүүгчид маань их үйлтэй хүмүүс. Нэг бол элдэв бусаар хэлүүлнэ. Хүнд хүчир ажилд өдөр, шөнөгүй зүтгэнэ. Хангамж хамгаалал муутай. Арай гэж нэг аюулгүй байдлыг нь хамгаалдаг Тахартай болтол тараагаад хаячихлаа.

Шүүгчийн цалинг эдийн засгийн утгаар дэлхий харахаа болиод удаж байна. Монгол үүнийг мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байна. Шүүгчийн цалингаар ямар ч улс хохирч байгаагүй, харин шүүгчээс  мөнгө харамласан улс орон шударга ёс, хуулийн ноёрхолоо өөр зүйлд алдсаар байдаг. Энэ бол нотолгоо шаардахаа больсон аксиом юм. Үүнийг Монголын эрх баригчид хэзээ ойлгохыг хэлж мэдэхгүй. Харамч хүн хоёр дахин төлдөг гэдэг нэг муухай үг бий. Тэр л болох нь. Гэхдээ энэ алхмыг буруу гэж үзэж байгаа гишүүд УИХ дотор олон байгаа юм билээ. Тэдний эрүүл саруул оюун ухаанд найдах л үлдлээ.

-Шүүгчдийн цалинг багасгах үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 28.4-ийг зөрчижижил ажил албан тушаалд адил цалин хөлс тогтоох зарчимд нийцээгүй учраас гэжЗасгийн газар тайлбарласан байна лээ?

-Түүнийг харсан. Үндэслэл нь буруу байна лээ. Шүүгчтэй адилхан албан тушаал Монголд өөр байхгүй. Албан тушаал чинь хийдэг ажил, эрх хэмжээгээр ялгарч байдаг. Монгол Улсад шүүгчээс өөр хэн Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байна. Шүүгчээс өөр хэн эцсийн шийдвэр гаргаж байна. Байхгүй л дээ. Хоёрдугаарт, шүүгчдийг хууль сахиулагчид  болон процессийн оролцогчидтой адилтгах ёсгүй. Манай улс хагас ардчилалтай, цагдаажсан маягийн төр учраас ийм зүйл зарим хүмүүсийн толгойд яваад байдаг. Зарим улсад шүүгчийг төрийн албан хаагч биш гэж үздэг. Төрийн албан хаагч бол төрийг сонсдог. Үүрэг даалгавар биелүүлдэг. Шүүгч тийм байх ёсгүй гэдэг.  Тэгээд шүүгч хэн юм гэж би нэг удаа асуухад “Шүүгч бол шүүгч. Өөр зүйл хэрэггүй” гэж хэлж билээ. Дэлхий дахин ингэж л сэтгэдэг, ажилладаг болсон байна.

-Шүүгчийн цалинг нэмэгдүүлээд гурван жил болсон байна. Тэгээд таны хэлээд байгаа 

тэр шударга ёс, хуулийн ноёрхол чинь тогтсон юм уу?  

-Чи их зөв асуулт асуулаа.  Ихэнх хүн эдгээр нь байхгүй байна, тэгээд хасах нь зөв юм байна гэж сэтгэж магад. Шударга ёс, хуулийн ноёрхолыг гурван  жилд тогтоодог хялбар зүйл гэж бодож болохгүй. Тогтоох эхлэлийг тавьж, үргэлж хамгаалж бэхжүүлж байхгүй бол тэр чинь хэзээ ч тогтохгүй. Одоо  тогтоочихлоо гээд орхидог зүйл биш. Хэн эртхэн олж харж, түүнийг хамгаална тэр л хождог жамтай. Шүүгчийн цалин нэмснээр мөнгөөр хэмжих аргагүй олон чухал ололтыг авчирсан юм. Нэгдүгээрт, шүүгч нарт сайн ажиллая гэсэн хичээл зүтгэл сэтгэл зүрхэнд нь жинхэнэ ёсоор бий болсон. Үүнийг л хариуцлага гэдэг. Сэтгэл зүрхэнд ийм гэрэл гэгээг тангараг, уриа лоозон, үзэл суртал  асаадаггүй. Харин коммунист нийгэмд өөр байж болно. Тэр нийгэмд чинь янз бүрийн фанатизмд орох явдал байдаг юм. Хоёрдугаарт, шүүн таслах ажлын чанарт өөрчлөлт гарсан. Энэ бол шүүгч бүрийн мэрийлтийн үр дүн юм. Гуравдугаарт, Шүүхийн хүний нөөц шинэчлэгдэх чухал хүчин зүйл болсон. Шүүгчийн цалин нэмэгдсэнээр хуульчдын дунд өрсөлдөөн бий болж, олон сайн хуульч шүүх рүү орж ирсэн. Цаашид орох үүд хаалга нээгдсэн. Ингэснээр шүүгчийн хүүхэд, ахан дүүс , ойр дотно хүмүүс шүүгч болдог гэсэн хардлага бас зарим талаар ортой зүйл өрсөлдөөнд байр сууриа тавьж өгсөн. Дөрөвдүгээрт, авлига хээл хахууль буурсан гэдэг нь нуух аргагүй үнэн. Манайхан мушгиж, бага цалинтай бол авлига авна гэж байна гэх мэтээр мохоож асуудлыг далдлахыг оролддог. Энэ бас л сэтгэлгээний хоцрогдол.  Ер нь нэг нийтлэг үнэн бий. Хаана шүүгчийн хараат бус байдлыг хангаагүй, цалин хангамж муу байна, тэнд тэр хэмжээгээр авлига өндөр байдаг. ХБНГУ-ын экспертүүд шүүгчийн цалинг Монгол Улс олон улсын түвшинд дүйхгүй ч гэсэн  дотооддоо боломжийн хэмжээнд нэмсэн нь  танай улсын шүүхийн шинэтгэлийн нэг чухал ололт, энэ чинь жижиг, дунд авлигыг алга болгож чадсан байна гэж ажил хэргийн ярианы явцад хэлсэн шүү.

-ХБНГУ-ын экспертүүд гэж та сая хэллээ. Энэ экспертүүд юунд үнэлгээ өгсөн юм?

-ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг гэж том байгууллага байдаг. Дэлхийн 140 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг. Тэр байгууллагаас манай улсын шүүхийн үйл ажиллагаанд иж бүрэн үнэлгээ хийсэн юм. Үнэлгээний нэрийг Judicial Integrity Scan  гэдэг. Үнэлгээний тайланг  Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд гээд бүх хүнд бид илгээсэн байгаа.

-Энэ үнэлгээг тэр байгууллага сайн дураар хийдэг юм уу. Мөнгө төлөх  үү?

-Мөнгө төлөхгүй. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг ийм төсөл хэрэгжүүлдэг юм билээ. Үнэлгээ хийгээд зөвлөмж өгдөг. Эрх зүйн туслалцааны нэг хэлбэр гэж ойлгож болно. Сайн дураар хийхгүй. Тухайн улсад ийм төсөл хэрэгжүүлдэг гэдэг мэдээллээ өгдөг. Хийлгэх эсэхээ тухайн улс шийднэ. Бидэнд  санал тавьсан, бид хийлгэе гэсэн, хийсэн. Их гайгүй үр дүн гарсан.

-Монголын шүүхэд яг ямар үнэлгээ өгсөн бэ?

-Нэгдүгээрт, Монгол Улсын шүүхийн шинэтгэл ижил гарааны нөхцөлтэй байсан орнуудтай харьцуулахад ихээхэн түрүүлж байна гэж дүгнэсэн. Хоёрдугаарт, шүүхийн хараат бус байдлын олон улсын стандартуудын ихэнхийг үндэсний хууль тогтоомжид тусган хэрэгжүүлж байна гэж үнэлсэн. Шүүгчдийн цалингийн тухайд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.1 -д “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна” гэж заасныг  онцолж, шүүгч зохих хэмжээнд амьдрахад хангалттай болсон байна гэж  дүгнэсэн юм. Гэтэл одоо Засгийн газрын төслөөр уг хуулийн заалтыг хуулиас хасах төсөл УИХ-д орж ирсэн байгаа. Олон улс үнэлээд, сайшаагаад байдаг, бид хүчингүй болгох гээд сууж байдаг. Бидний өнгө төрх нэг иймэрхүү. Хэлэх үг ч олдохгүй юм. УИХ-ыг засах болов уу гэж найдах л үлдэж байна.

-Шүүгчийн цалинг хасахыг олон нийт дэмжиж байгаа гэсэн мэдээлэл их явах юм.

 Энэ нь олон нийтийн ойлголт дутуу байна уу. Олон нийтэд сайн ойлгуулах ажил

 их хиймээр юм  биш үү?

-Санал нэг байна. Бид их л хичээж байна. Уг нь  ард түмэндээ ойлгуулах, дагуулах ёстой л доо. Мэдээлэл муутай ард түмнээ ашиглаж болохгүй. Ард түмний энэ байдлыг ашиглаж л пролетарийн диктатурыг тогтоодог гэж үздэг. Бас Богдын лүндэнд “ард” гэдэг үгийг ашиглаж ард түмнийг зовоох цаг ирнэ гэж хуучин нийгмийг урьдчилан хэлж байсныг би хүүхэд байхдаа уншиж байсан санагдана. Гэхдээ ард түмэнд зөв мэдээлэл өгвөл ойлгоно. Ард түмэн ухаантай. “Муу ард түмэн гэж байдаггүй, муу удирдагч гэж байдаг” гэсэн үнэн үг бий. Шүүгчид бага цалин өгвөл хуулийн ноёрхол тогтохгүй, харин эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний ноёрхол тогтож, ард түмэн гор хорыг амсдаг нь бас л үнэн юм. Үүнийг ард түмэн ойлгосоор байгаа гэдэгт итгэлтэй байна.

Одоо шүүгчдийн 98 хувь нь ямар нэг төрлийн, ихэнх нь давхар зээлтэй байна. Нийт зээлийн хэмжээ 24 орчим тэрбум төгрөг. Үүний бараг 80 орчим хувь  нь орон сууцны зээл байна. Сард төлдөг зээлийн төлбөр нь өндөр. Цалин хасагдвал шүүгчдийн эдийн засгийн хараат бус байдал алдагдаж, банкны барьцааны хүн болох, улмаар мөнгөтэй хүмүүсээс хамааралтай болох аюултай. Тийм учраас шүүгчийн цалин бол тэр хүний амьжиргааны эх үүсвэр гэхээс илүү улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хуулийн засаглалын хувь заяаны асуудал болдог. Үүнийг ард түмнээс мандат авсан хэн ч байсан бодох ёстой юм даа.

-Бас нэг асуудал нь Шүүхийн ерөнхий зөвлөл данхгар бүтэцтэй гэх яриа гарч байна.

Зарим нь бараг татан буулгах бодолтой юм биш үү?

-Миний зарим  шавь тийм юм ярьсан байна лээ. Энэ байгууллага байх ёстой гэдгийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан. Үндсэн хуулийн байгууллага. Олон жил байгуулалгүй явж ирээд Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийсэн нэг гол шинэтгэл. Энэ байгууллагыг бие даан байгуулсан нь нэгдүгээрт, Үндсэн хуулийг хэрэгжүүлсэн хэрэг. Хоёдугаарт, шүүн таслах ажлаас шүүхийн захиргааг салгасан нь шүүгчийн хараат бус байдлыг хангасан чухал ололт. Шүүх, захиргаа хоёр хамт байхаар шүүх дотор босоо удирдлага үүсч, ямар зовлон бий болдогийг бид амссан, туулсан, давтаж үл болох сургамж. Шүүхийн захиргааг гүйцэтгэх эрх мэдэлд өгч бас үзсэн. Шүүх гүйцэтгэх эрх мэдлээс хамаарч, хараат бус байдал, эрх мэдэл хоорондын баланс алдагдаж, Үндсэн хуулийн зөрчлийн хэмжээнд хүрээд бас л өөрчилсөн түүхтэй.

Ерөнхий зөвлөлийг олон орон тоотой гэж гурван жил бас ярьсан. Тийм юм байхгүй.Энэ бол хэтрүүлэг. Ихэнх яам 100 гаруй хүнтэй байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба 60 орчим хүнтэй. Багц хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлд олон чиг үүрэг ногдуулсан. Түүнийг хэрэгжүүлэхэд хүн хүч хэрэгтэй. Ихэнх нь хуулиар байгуулахаар заасан орон тоо. Жишээ нь, Ёс зүйн хорооны ажлын алба, Мэргэшлийн хорооны ажлын алба  гэх мэт. Хэргийн хөдөлгөөнийг иж бүрэн цогц програ­маар дамжуулан удирд­даг. Түүний техникийн бааз, аюулгүй ажиллагаа, байнгын засвар үйлчилгээ, өргөтгөл, шинэт­гэл гээд бүхэл бүтэн мэргэжлийн баг хийх чиг үүрэг. Монголын шүүх эрчимтэй цахимжиж байна. Үүнийг мөн хүн л хийнэ. Шүүхийн авто гараж гэж байдаггүй. Монгол Улсын шүүхийн хэмжээнд байгаа  машин тэрэг, хангамж үйлчилгээ энд байгаа хэдхэн хүн өдөр шөнөгүй ажиллаж байж, засвар үйлчилгээг зохицуулж, гал алдуулалгүй амжуулж байна. Шүүх чинь нэг яам биш. Засгийн газрын нэг агентлаг биш. Бүхэл бүтэн эрх мэдлийн нэг салааны захиргаа гэхэд харин ч  бага хүчээр их зүйл хийж байгаа. Ийм яриа хэл гаргаж байгаа нь шүүх эрх мэдлийн бие даасан байдалд халдах гэсэн оролдлого гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй.

-Шүүгчийн цалин, эдийн засгийн баталгааг хамгаалсан хуулийн заалт байдаггүй юм уу.

Яг ямар хэмжээгээр бууруулах гээд байгаа юм?

-Байгаа. Үндсэн хуулийн 48.3-д “Шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр  хангана” гэж заасан. Шүүхийн тухай хуульд шүүх шүүгчдээс бүрдэх тухай заалт бий. Дээрх заалт дахь  “баталгаа” гэдгийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар  бусдаас эдийн засгийн хувьд хараат бус байх, амьдралд нь хүрэлцээтэй, баталгаатай гэж тайлбарлаж задалсан нь тэр. Мөн энд “төр хангана” гэж императив хэм хэмжээ тогтоож төрд үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл, төрд өөр сонголт олгоогүй гэсэн үг. Эдийн засаг хямарвал, эсвэл улс мөнгөгүй болвол гэх мэт.

Цалин тогтоох процесс Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзалгүйгээр явсан нь Үндсэн хуулийн үүднээс хууль дээдлэх зарчим, Шүүхийн тухай хуулийн холбогдох заалт зөрчигдөж байгаа. Ер нь  төрийн албан хаагчийн цалинг хасч байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 38.2-ийн “Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ төрийн албан хаагчдын цалинг бууруулах үндэслэл болохгүй” гэсэн заалтыг мөн зөрчиж байгаа. Шүүгчдийн цалинг 61-63 хувиар бууруулахаар төлөвлөж байгаа нь эрх зүйн байдлыг нь хэт дордуулж,  “цөлд уснаас салгаж болохгүй”  гэсэн эрх зүйн зарчимтай үл нийцнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 64.6-д  зааснаар төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулахдаа нэг удаа гаргуулах төлбөрийн хэмжээ цалингийн 50 хувиас хэтэрч болохгүй  гэж заасан нь гэм буруутай хүнээс ч  мөнгө гаргуулахдаа тэр хүнийг амьжиргааны эх сурвалжаас салгаж болохгүй гэсэн санаа­наас шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа нь их л харамсалтай юм.

-Цаг зав гаргаж, ярилцсан танд баярлалаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …