С.Хишигжаргал:Өөрийнхөө энергиэр, дотоод сэтгэлээр гоё байх л гоо сайхан

152c9668c3beb987bb022d42de72792277d2ede4_0x360

Залуу дуучин С.Хишигжаргалтай ярилцлаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна?

-Өнгөрсөн зургадугаар сард “Гэрлийн жил” гэж шинэ клип гаргасан. Манжуур хотод болсон “Олон улсын фестиваль”-д амжилттай оролцоод ирлээ. Одоо киноныхоо нээлтийг л хүлээж байна.

-Өнгөрсөн хугацаанд эротик кинонд хүртэл тоглоод амжсан. Энэ удаа ямар кинонд ямар дүр бүтээв?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард хийгдсэн “Plus mo­tion picture”-ийн бүтээл “Нэг өдрийн дайсан” кинонд гол дүрд тоглолоо. Инээдмийн энэ киногоор баян, ядуу хүмүүсийн хоорондын амьдралд гардаг зөрчлийг нэг өдрийн дотор багтааж, харуулсан. Гол дүрийн баян залуугийн дүрд жүжигчин Билэгжаргал, түүний найз бүсгүйд би тоглосон. Миний бүтээсэн дүр эсрэг. Гэхдээ солонгос кинон дээр гардаг шиг “Хоролмаа” дүр биш. Амьдралаа аваад үлдчихье, гайгүй хүнтэй гэрлээд сайхан амьдаръя гэсэн эмэгтэйг харуулсан. Мөнгөнд дуртай эмэгтэйн дүр байгаа. Кино маань энэ баасан гаригт нээлтээ хийнэ.

-Мэргэжлийн биш хүн кинонд тоглоход хэцүү байдаг уу. Дахиж эротик кинонд тоглох бодол бий юу?

-Мэргэжлийн жүжигчин биш ч энэ мэргэжилд их хайртай. Жүжигчин болохыг мөрөөддөг байсан ч мэргэжлийг нь эзэмшиж чадаагүй. Гэхдээ санаж явбал бүтнэ гэдэг шиг авьяаслаг найруулагч, авьяаслаг мэргэжлийн жүжигчин хүмүүсийн дэмжлэгээр кинонд тоглож, зах зухаас нь суралцаж байна. Өөртөө тохирсон, өөрийнхөө онцлогт таарсан дүрүүдийг боломжийн гаргахыг хичээж байна. “Хоёулаа унтах уу” бол секс, эротик кино. Гэхдээ бодит биш, тэр бол кино. Тоглоход хэцүү байсан. Үүнээс хойш эротик кинонд тоглох санал нэлээд ирсэн ч би тоглоогүй. Цаашдаа ч эротик кинонд тоглохгүй. Яагаад гэвэл манай Монголын кино урлаг нэлээд хөгжиж байгаа ч эротик төрлийн нарийн хөдөлгөөн, эмэгтэй хүний мэдрэмж, гоо сайхан зэргийг ойлгож, дэлгэцийн хальсанд буулгах хэмжээнд хүртлээ хөгжөөгүй санагдсан. Яахав би үзээд алдсан. Үзэгчдээс хүртэл шууд доромжлол ирдэг юм билээ. Уг нь бусдыг шүүмжлэхээсээ өмнө чи өөрөө энэ хүний оронд байсан бол хийж чадах уу гэж бодож үзэх хэрэгтэй байх.

-“Universe best songs” наадамд оролцож байсан дурсамжаасаа хуваалцаач?

-2010 онд аялал жуулчлалын мэргэжлээр сургуулиа төгсөөд, мэргэжлээрээ нэг жил ажиллаж байгаад 2011 онд “Universe best songs”-т орсон. Тухайн үед өрсөлдөөн ихтэй байсан. Би шилдэг 25-д орвол болно гээд өөрөө бодчихсон. Тэгээд л шилдэгт орсон. Уг нь би гранпри авна гээд зүтгэсэн бол авах боломж надад байсан юм байна гэж дараа нь бодсон. Гэхдээ тухайн үед амьдралдаа орж үзсэн хамгийн анхны тэмцээн байсан учраас надад сайн гараа болж өгсөн. Их зүйлийг сурсан, ойлгосон. Гараа сайн бол бариа сайн гэдэг болохоор аль болох эрчээ алдахгүй байхыг хичээдэг.

-Архангай аймгийнх юм билээ. Хаана дунд сургуулиа төгссөн бэ?

-Би Архангай аймгийн Хангай суманд төрсөн. Ээж маань намайг гэдсэнд байхад амралтаараа нутагтаа явж байсан юм билээ. Тэгээд би ээжийнхээ нутагт төрсөн юм. Миний төрсөн газар бол Тэрхийн голын хөвөө.

Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхнүүд гэдэг. Ээжийн маань аавынх тэнд байсан болохоор хүүхэд байхад зуны амралтаараа өвөөгийндөө очдог байсан. Хурдны морь хүртэл унаж байсан удаатай. Гэхдээ нийслэлийн 48 дугаар дунд сургуулийг төгссөн. Манайхан намайг эрдэм номын мөр хөөлгөнө л гэдэг байлаа. Урлагтай холбогдоод, одоо бол урлагийг орхиж чадахааргүй болсон. Урлаг гэдэг хэн нэгний зав чөлөөгөөрөө хийдэг ажил биш. Зав чөлөөгүй, хичээл зүтгэл, хамтын хөдөлмөр, хөрөнгө мөнгөөр босдог.

-Урлаг хэцүү, хатуу гэдэг. Болимоор, шантармаар үе байдаг уу?

-Болохгүй байна, би яаж болгох вэ гэж боддог. Түүнээс биш болохгүй юм байна, больё гэж бодож байсангүй. Урлагт л амжилттай байхгүй бол өөр хийх зүйл надад байхгүй шүү дээ гэж боддог. Маш их зүйлийг эрэлхийлж, өөрийгөө боловсруулж, бусдаас онцгой, чанартай сайн бүтээл гаргахын төлөө хичээж байна.

-Гэр бүлээ танилцуулаач. Ямар гэр бүлд, ямар хүмүүжлээр өссөн бэ?

-Айлын том охин. Доороо нэг эмэгтэй дүүтэй. Ээж маань цэцэрлэгийн багш. Аав инженер гэхдээ тусдаа байдаг. Ээж маань намайг хайрлаж эрхлүүлж өсгөсөн. Хүнийг хайрлахыг ээжээсээ сурсан даа. Эмэгтэй хүүхэд хайранд өсөх ёстой гэж боддог. Хэрвээ намайг загнаж өсгөсөн бол би хүн загнах дуртай байх байсан. Одоо бол хамтарч ажиллаж байгаа ойр дотнын бүх л хүнийг хайрлахыг хичээдэг. Ээж минь намайг гадаадад сургуульд явуулж чадаагүй ч зөв хүн байх, бусдыг хайрлахад сургасан.

-Ая зохиогч, продюсер Б.Ангирмаа таны багш юм билээ. Энэ хүний шавь байх ямар санагддаг вэ?

-Манай багш их соёлтой хүн. Анхны уран бүтээл болох “Зуны дурлал” дуун дээр ажиллаж байхад Ангирмаа багш над руу залгаж, Анжел дуун дээр хамтран ажиллаж, багш шавь болцгоосон. Нийтдээ миний есөн дуун дээр багш маань ажиллаж, анхны цомгийг минь гаргаж өгсөн.

-Танай багшийг хатуу шаардлагатай гэдэг. Шавь бүсгүйчүүдээ хүүхэд гаргахгүй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг гэдэг?

-Ажил дээрээ хатуу, ажлын шаардлага өндөртэй, зарчимч. Хувь хүн талаасаа гайхалтай. Миний мэдэх хамгийн мэдрэмтгий, мэдрэмжтэй хүн. Багш бид хоёр гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулсан тохиолдолд ажил учраас хүүхэд гаргах эсэх зүйл заавал яригдах ёстой. Тухайн дуучны ард маш олон хүн ажилладаг болохоор тэдэн жил би та бүхэнтэй ажиллана, уран бүтээлийн ажлаа цалгардуулахгүй гээд гэрээнд тусгадаг. Түүнээс биш цагдаад, хориод, дарамтлаад байдаг зүйл байхгүй.

-Одоо найз залуутай юу?

-Найз залуутай гэж хэлэхээр яахыг мэдэхгүй байна. Найз залуугүй гэж хэлэхээр хүмүүсийн хандлага хэцүү болж эхэлдэг юм билээ. Найз залуугүй гээд зарлаад яваад байхыг хүсдэггүй.

-Эмэгтэй хүн хэрхэн гоо сайхан байх ёстой гэж боддог вэ?

-Төлөвшил хүмүүжил, өөртөө олж авсан мэдлэг, мэдрэмж нь эмэгтэй хүнийг гоо сайхан харагдуулдаг. Түүнээс биш ямар нэгэн гоо сайхны мэс засалд ороод л эмчийн бүтээсэн гоо сайхнаар гоё харагдана гэж байхгүй. Гоо сайхны мэс засал хийлгэсэн бүх хүнийг үгүйсгэж байгаа юм биш шүү. Би сайхан эмэгтэйчүүдийг хараад, энэ эмэгтэйг яг юу нь сайхан харагдуулаад байна гэж үргэлж бодож үздэг.

-Та эрч хүчтэй, өөдрөг хүн шиг санагдлаа. Сэтгэлээр унах, гуних үе байдаг уу. Хэрхэн даван туулдаг вэ?

-Шалтгаангүйгээр уйлах өдөр хүртэл байна. Гэхдээ би 5-10 минутаас илүү гуниглаж чаддаггүй. Асуудлаа хүнд ярьж тайвширдаггүй. Өөрийнхөө асуудлыг өөрөө давж гарчихаад өнгөрсний дараа зовлонгоо хальт ярьдаг. Өөрөө л даваад, туулаад гарах хэрэгтэй. Зовлонгоос зугтаж болохгүй. Ялагдаж болохгүй. Чиний тархи чинь гүй гэдэг команд өгвөл чиний хөл хэзээд ч гүйхэд бэлэн байдаг гэж үг уншлаа. Дотроосоо хүчтэй байх ёстой. Шаардлагагүй тохиолдолд би ямар ч гоо сайхангүй харагдаж бас чаддаг. Тухайлбал, шөнийн клубт зохисгүй газар гоо сайхан харагдаж, хүмүүсийн нүдний олз болж, ярианы сэдэв байхыг хүсдэггүй. Харин хүссэн газраа хүн бүхнээс илүү гоо үзэсгэлэнтэй харагдах юмсан гэж боддог. Гоо сайхан гэдэг бол хувцасны сайхан, гоё будалт биш. Өөрийнхөө энергиэр, дотоод сэтгэлээр гоё байх л гоо сайхан.

-Гадаад гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ. Зөв хооллодог уу?

-Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй, гоо сайхны массажинд ч ордоггүй, усаа сайн ууна. Зөв хооллож зөв амьдралын хэмнэлийг дагадаг. Хоолоо сайн иддэг. Гэхдээ өөрийнхөө биед яг хэрэгтэй юмыг иднэ. Жаахан таргалаад ирвэл өдөрт нэг хоол иддэг, бусад үед өдөрт хоёр удаа хооллодог. Элдэв шоколад, газтай ундаа, чипс, зайрмаг зэргийг огт хэрэглэдэггүй. Махан хоол, жимсэнд дуртай. Ус их уудаг. Хүнсний ногоонд дуртай биш ч шаардлагатай үед иддэг.

-Хүмүүс хамт олон дотор ажиллаж, олон хүнтэй баг болж явахдаа өөр өөрийн зан аашийг гаргадаг. Аливаад өөр, өөрийнхөө онцлогоор ханддаг. Та олон дотор ямар байхыг эрхэмлэдэг вэ?

-Урлаг хамтын бүтээл учраас бусадтайгаа нийлээд урсгал дотроо орж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ бусдыгаа дагуулж, манлайлж явах ёстой. Мөн бусдыг зөв зүйлд уриалан дуудаж, өөртөө дүгнэлт хийгээд өөрийнхөө шийдвэрээр өөрийнхөө ажилд хандвал дээр.

-Гоё сайхан харагдаж байгаа бүсгүйчүүдийг их мөнгөөр ийм болоод байна гэх ойлголт байдаг. Та ямар хувцас хэрэглэлд хамгийн их мөнгө зардаг вэ?

-Өөрөө л брэнд бай. Өөртөө зохих, чанартай сонголтоо хийж, маш мэдрэмжтэй байх хэрэгтэй. Чанартай гэдэг нь үнэтэй гэсэн үг биш. Үүнийг би хэдий хэр хугацаанд өмсөх вэ, ямар материалтай байна гэдгийг барьж үзээд мэддэг байх ёстой юм. Хувцас сонгохдоо өөртөө хамгийн гоё зохидог өнгийг сонго. Хэт гоё чамин зүйлсээс аль болох татгалзвал зүгээр байдаг. Миний мэдэх нэг мундаг эмэгтэй байдаг. Тэр эмэгтэй нэг гутлаа дөрвөн жил өмсөж байгаа. Гэхдээ түүний гутал үргэлж цэвэр, тоосгүй байдаг. Мөн маш амжилттай явдаг. Тэгэхээр тэр эмэгтэй маш тууштай, өөртөө байгаа юмыг хайрлаж чаддаг хүн гэж ойлгогдож байна. Би эр хүн байсан бол ийм эмэгтэйг эхнэрээ болгоно гэж бодож байлаа. Би тоглолтын хувцсаа оруулахгүйгээр тооцвол сүүлийн хоёр жилд нэг ч хувцас аваагүй, шоппинг хийгээгүй. Шилэн тиркогоо хүртэл урахгүй өмсөж сурсан. Хуучин даашинзаа дахин, дахин өмсдөг. Хүмүүс Хишгээ нөгөө даашинзтайгаа ирж байна. Гэхдээ гоё харагдаж байна гэж харахад л боллоо. Хувцас авалгүй мөнгө хэмнэснээрээ би шинэ цомгоо гаргаж чадлаа. Хувцсанд их мөнгө үрэх хэрэггүй. Боломжтой, мөнгөтэй болсон үед 10 минутын дотор гоё гоё хувцас аваад өмсчихнө. Би бол мөнгөө хамгийн түрүүнд хадгалдаг. Зүгээр л хөөрхөн охид байдаг шүү дээ. Уг нь үнэт чанараараа хүндлэгдэж байвал гоё.

-Хотод стресс их байна гэдэг. Стрессээ хэрхэн тайлдаг вэ?

-Тийм их стресстэхгүй л байна. Хотын замд түгжирч байхдаа ч гэсэн гоё дуу сонсоод л, гоё юм бодоод явах хэрэгтэй. Хүмүүс муухай аашилбал энэ хүн ууртай байгаа юм байна гээд л тоохгүй өнгөрөөчих хэрэгтэй. Үргэлж муухай ааштай байдаг хүн гэж байхгүй шүү дээ.

Н.Ганчимэг

dnn.mn

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …