Нийгмийн даатгалын ажилтнуудыг ял завшихад хуулийнхан “нөлөөлжээ”

144659940956395af18d21e

-Ажил мэргэжил, албан тушаалаа ашиглаж, хэдэн тэрбумаар нь тоологдох хэмжээний мөнгө завшсан нийгмийн даатгалын ажилтнууд ялгүй үлдлээ. Улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг нь тогтоосон атал прокурорын шатанд хавтаст хэргийг хаасан нь тэднийг уснаас хуурай гарахад нь түлхэц болов-

Өнгөрсөн онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид нийгмийн даатгалын ажилтнууд ажил мэргэжил, албан тушаалаа ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг нь илрүүлж, тухайн үедээ л шуугиан тарьж байв. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын ажилтнууд банкуудтай хуйвалдаж, нас барсан ахмад настнуудын нэр дээр тэтгэврийн зээл авч, улсад зургаан тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.

Хэрэв уншигчид санаж байгаа бол нас барсан хүнийг “амилуулж”, их хэмжээний мөнгө завшсан нь ил болсон дээрх гэмт хэргийн талаар хууль, хяналтын байгууллагаас “Бид эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Одоогоор хэд, хэдэн арга барилаар ахмад настан, нас барсан иргэдийн тэтгэврийн мөнгийг хувьдаа ашиглаж байсан нь тогтоогдсон. Олон хүнээс тайлбар, мэдүүлэг авч байна. Нэлээн томоохон хэмжээний хэрэг, шалгалт гэж ойлгож болно” гэх тайлбарыг тухайн үед өгч байсан билээ.

Харамсалтай нь, нийгмийн даатгалын ажилтнууд цаашлаад банкуудтай холбогдох эл хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож, хавтаст хэргийг хаажээ. Тэд хавтаст хэргийг хааж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шалтгаанаа “Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан” гэв.

Энэ талаар нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор Г.Бясманаас тодруулахад “Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа. Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл, мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаасан” гэх хариултыг өгсөн юм.

Үнэндээ улсад олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан энэхүү эрүүгийн гэмт хэрэгт ганц аймаг, ганц дүүргийн нийгмийн даатгалын ажилчин холбогдоогүй. Хөдөө, орон нутаг болон нийслэлээс олон хүн холбогдон шалгагдаж байгаа талаар эх сурвалж өгүүлж байсан удаатай. Түүгээр ч зогсохгүй, дээрх хэрэгт банкууд ч холбогдсон болохыг нь хэлж, түүнийг нь хуулийнхан ч өөрсдөө баталж байв. Тухайн үедээ хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр дээрх хэргийн талаар мэдээлж байсан хууль, хяналтынхан нэг л өглөө хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд өгөхөөс татгалзсан байдаг. Зөвхөн “Хэргийг шалгаж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбарыг л өгч байсан гэхэд болно.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө прокурорын байгууллагаас дээрх мэдээлэл, тайлбарыг өгөв. Тэгээд бүр нийгмийн даатгалын ажилтнуудыг үгсэн хуйвалдаж улсад онц их хэмжээний хохирол учруулсныг нь хуулийнхан нь тогтоочихоод байхад шүү. Ажил мэргэжил, албан тушаалаа ашиглаж, хэдэн тэрбумаар нь тоологдох хэмжээний мөнгө завшсан нийгмийн даатгалын ажилтнууд ялгүй үлдлээ. Улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг нь тогтоосон атал прокурорын шатанд хавтаст хэргийг хаасан нь тэднийг уснаас хуурай гарахад нь түлхэц болсон нь илт.

Гэхдээ “Мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан” гэх тайлбарыг өгч суугаа прокурорын үгийг хүлээж авахад хэцүү юм. Энэ мэтээр хуулийнхан өөрсдөө гэмт хэрэгтнүүдийг “өөгшүүлээд” байгаа юм биш биз гэх ойлголтыг олон нийтэд өгч байна. Нөгөөтэйгүүр манай хууль, эрх зүйн орчин учир дутагдалтай, түүнийг сахин биелүүлж хэрэгжүүлдэг хууль, хяналтынхан ч “но”-той нь дээрх үйлдлээс харагдаж байгааг үгүйсгэхгүй.

Эх сурвалж: Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …