Ц.Нямдоржоор дэмжүүлсэн С.Мөнхбатын санаархал

b7fa4d4cdacb4f76258d819220e14f1cХэнд илүү мөнгө, илүү эрх ашиг байна тэр л улс төр рүү ордог нь жам болж. Нэг хэсэг бизнесийнхэн улс төрд орж, төрийг удирдах хэрэгт ханцуй шамддаг байлаа. Гэвч төрийг “төрийн хүн л удирдах ёстой” гэсэн шийдвэрийг саяхан болж өнгөрсөн сонгуулиар иргэд гаргасан юм. Гэхдээ л мөнгийг төрд оруулахгүй байж үнэхээр хүчрэхгүй нь бололтой.

Эрх баригчид уг нь сайн улс төрчид, сайн менежерүүдтэй. Гэвч тэднийгээ бус харин хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг л албан тушаалд томилоод байх шинжтэй.  Ямар сайндаа л уяачид, барилгын компанийн захирлууд, капиталын эзэд сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын сэнтийд санаархаж байх вий дээ. За тэр амраг садан, анд найз, ах дүүс бол дүүрч. Хэн ч дарга болсон өөрийнхөө хүрээллийг дэмжих нь ойлгомжтой.

Гэхдээ л бүр арай ч дээ гэмээр томилгоонууд яригдаад байх юм. Энэ цаг үед хамгийн мөнгөтэйд тооцогдох бөхчүүд улс төрд шунаж эхэллээ. Гишүүн болчихоод байгааг нь хэлээгүй шүү. Харин одоо томилгооны үеэр Төрийн өмчийн компаниудыг удирдахаар сэтгэл шулуудчихсан яваа хүмүүсийг хараад гайхах, эргэлзэх сэтгэл маш ихээр төрж байна.

Тухайлбал, Монгол Улсын аварга С.Мөнхбатыг “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн дэд захирал болгохоор УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “хөөцөлдөж” яваа гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тэд нэг нутаг. Бас үгүй сайн харилцаатай биз. Гэвч шударга гэгдэх Ц.Нямдорж гуай хүртэл ийм зүйл хийгээд явааг сонсоход МАН-ынхан алдагдлаа нөхөх гэж дэндүү улайрч байна уу л гэж дүгнэхээс аргагүйд хүргэх юм.

С.Мөнхбат БНХАУ-д нүүрс нийлүүлдэг бизнес эрхэлдэг гэж эх сурвалжууд мэдээлж байна. Тэгвэл ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг Монгол Улсын сан хөмрөгөөр тоглуулахаар зүтгэж байгаа бол эртхэн шиг санаархалаа, савраа тат л гэж хэлмээр байна.

Мөн С.Мөнхбатад хандаж сайхан барилдаад яв л даа. Ард түмэн чинь бөхчүүддээ хайртай. Уг хайрыг дагаж, эд хөрөнгө эрх мэдэл ханашгүй ихээр явдаг юм шүү гэж хэлмээр санагдав. За тэгээд томилж, дэвшүүлж болноо. Гол нь “хотыг минь харлуулж, голомтыг минь самарчихгүй л байгаарай” даа МАН-ынхан минь. Эргээд уулзах уулзаатай шүү.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …