Ч.Алтантүлхүүр:Би соёлын тэргүүнээ ч, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнаа ч хамгаалж чадна

sss.

“Малчин түмэн”-ий тодотголт МУСТА, дуучин Ч.Алтантүлхүүртэй ярилцлаа.

-“Малчин түмний дууч” хэмээх тодотголын эзэн болсон. Анх яагаад энэ сэдвээр дуулах болсон бэ?

-Манай улс хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн орон. Энэ сэдвээр олон сайхан дуу өнгөрсөн зуунд туурвигдаж байснаас зориглон авч сэргээн дуулж эхэлсэн. Миний хувьд үр хүүхэд, ирээдүй хойч үе маань монгол улс таван хошуу малтай салшгүй холбоотой гэдгийг мэдэхгүй өнгөрчих вий гэсэн үүднээс дуугаар дамжуулж энэ бүхнийг сурталчлан таниулахыг зорьдог. Энэ хүнд хүчир хөдөлмөрийг эрхэлж байгаа, Монголын энгүй уудам нутгийн жинхэнэ эзэд нь болж амьдарч яваа хүмүүс бол малчид. Монголчуудыг дэлхий дахинаа дуурсгаж байгаа нүүдэлчин соёл ахуйг ч тэр чигээр нь хадгалж, авч яваа хүмүүс мөн л малчид. Тийм учраас энэ хүмүүсийг хэн нэг нь магтан дуулах зайлшгүй шаардлагатай гэж бодсон. Энэ хүмүүст урам зориг өгч, малчин мэргэжлээрээ, өөрөөрөө бахархаж, Монголын эдийн засгийг авч яваа том салбарын нэг хэсэг гэдгийг нь мэдрүүлэх нь зүйтэй гэж бодсон.Энэ сэдвээ ингэж өргөн хэмжээнд яригдаж, ийм том хэмжээнд намайг үнэлүүлнэ гэж тухайн үедээ бодоогүй, бас л зориг муутай эхэлж байсан.

– Ямар уран бүтээлээр эхлүүлж байв?

-Хамгийн анх Д.Лувсаншаравын хөгжим, Д.Тарва зохиолчийн шүлэг “Талын бэлчээрт” дууг сэргээн дуулж эхэлж байлаа.

-Нийтийн дуучдаас ялгарах таны онцлог юу вэ?

– Миний хувьд гурван хүүгээ төрүүлэх гэж багагүй цаг хугацаа алдсан. Үеийнхнээсээ нилээн сүүлдэж бие даан уран бүтээл хийж эхэлсэн. Тухайн үед өөр өөрийн гэсэн онцлог, өнгө аястай олон сайхан эмэгтэй дуучин аль хэдийн олонд танигдчихсан байлаа. Дуучин хүн дуулж л хоолоо олж иддэг нь нуух юмгүй зах зээлийн дүрэм. Тийм учраас шинэлэг зүйл хийж бусдаас ялгарах ёстой гэж бодсон. Мөн зохиолын дууг ардын маневраар дуулж олны хүртээл болгож явна. Ээж хүний хувьд ирээдүйн монгол орныг хамгаалж зогсох гурван эр хүнийг бэлдэж байгаагийн хувьд Монголын үнэртэй уран бүтээл туурвихыг зорьсон. Даяаршиж буй өнөөгийн нийгэмд үр хүүхдүүдээ монгол ахуй соёлтой ойрхон байлгаж, эх орноороо бахархаж, Монголдоо хайртай байгаасай гэж хүсдэг.

-Таны урын санд малчин түмний сэдэвт маш олон уран бүтээл байдаг. Гэхдээ ихэнх нь сэргээн дуулсан хувилбар. Таны дуулснаар анх олны хүртээл болсон шинэ уран бүтээл бий юу?

-Байлгүй яахав. Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж байхдаа 2012 онд 15 дуунаас бүрдсэн “Хайр” анхны цомгоо гаргаж байлаа. Энэ цомогт багтсан “Хатад дамжсан бүүвэй” дууны аяыг СГЗ Б.Бямбабаяр, шүлгийг Д.Лүндээжанцан нар зохиож бас л нэг чухал сэдвийг хөндсөн уран бүтээл туурвисан Өнөө цагт бүүвэйн дуугаар хүүхдээ бүүвэйлдэг ээж хэд болсон билээ. Манай хүүхдүүд бол яг энэ бүүвэйн дуунд бүүвэйлэгдэж өссөн. Хоёр бага хүү маань нэг жилийн зайтай төрсөн болохоор хоёуланг нь бүүвэйлээд унтуулчихдаг байсан. Надад энэ сайхан дууг дуулах аз тохиож, 2011 оны “Морин хуур” наадамд энэ дуугаараа оролцож дэд байрт шалгарсан. Энэ дуундаа маш их хайртай. Мөн малчин ахуйн сэдэвтэй “Мянгат малчин”, “Алтан төлийн эзэн”, “Талын Монгол” гэх мэт шинэ уран бүтээлүүдийг амилуулсан. Ардын уран зохиолч П.Бадарчийн шүлэг, УГЗ Б.Бадарчийн ая “Дархан бэрийн дуу” уран бүтээлийг надад болон монголын бүх дархан бэрүүдэд зориулан зохиосон. Тэр дууг дуулж олны хүртээл болгосон. Ер нь олдсон дуу болгоныг дуулаад байдаггүй, аль болох хүмүүст нэгийг бодуулсан, сэрээсэн уран бүтээл хийхийг зорьдог.

-Та дууны шүлэг зохиодог уу. “Ямар их хайр вэ?” дууны шүлгийг Ч.Алтантүлхүүр гэж харагдсан?

– Энэ бас нэг эндүүрэл болсон. “Ямар их хайр вэ” уран бүтээлийн үгийг Чулуунбатын Алтантүлхүүр, аяыг Ш.Өлзийбаяр бичсэн. Гэр бүлдээ зориулж, гурван хүү нөхрөөрөө бахархах дуртай учраас гэр бүлдээ зориулсан сайхан уран бүтээл хийж өгөөч гэж хүссэний дагуу Ч.Алтантүлхүүр ах шүлгийг нь зохиож өгсөн юм. Бид хоёрыг хүмүүс их андуурдаг. “Ямар их хайр вэ” дууныхаа шүлгийг Ч.Алтантүлхүүр өөрөө бичсэн гэнэ. “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна” дууны шүлгийг бас намайг зохиочихлоо гээд миний ойр дотны хүмүүс хүртэл над руу залгаад “хаана, хэний сэрлийг хөдөлгөж байхдаа зохиочих воо” гэсэн удаа ч бий. Уг нь дуучин, яруу найрагч гэдгээрээ ялгагдахаар байтал хүмүүс ялгадаггүй. Бид хоёр овгоо Ча, Чу болгох уу ч гэж ярьж байсан удаатай. Ахтайгаа хамтарч бүтээсэн олон ч уран бүтээл бий. Тун удахгүй ээжийн тухай сайхан дуу маань олны хүртээл болох гэж байна.

-Гэр бүлийн хүнтэйгээ хэрхэн танилцаж байсан бэ?

– Бид хоёр анх урлагийн үйл ажиллагааны үеэр танилцаж байсан. Анхны харцаар бие биендээ дурладаг гэдэгт би итгэдэг. Яагаад гэхээр бид хоёр хоёулаа анх бие биенийгээ хараад дурласан. Тэр үед би цоглог, жаахан охин байлаа. Миний хань надаас хэд ах. Нөхрийгөө хараад даруухан, дөлгөөхөн, буурьтай суурьтай тэр байдалд нь татагдсан. Бүх л хосууд тэгээс эхэлдгийн адилаар бид хоёр ч тэгж эхэлсэн. Арав гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд маш олон зүйлийг үзсэн. Гэр бүл болгонд байдаг маргаантай асуудал, таарч тохирохгүй, ойлголцохгүй үе биднийг тойроогүй. Тэр бүгдийг даваад өдийг хүртэл явж байна. Бидний хувьд одоо анхны харцаар бие биендээ дурлаж байсан хүмүүс биш, гурван хүүхдийн аав ээж, айл гэрийн түшиг тулгуур, хоёр багана болсон тул тэр бүр жижиг сажиг зүйл дээр нурж унаад байхааргүй бат бөх гэр бүл болсон гэж боддог.

-Тэр үед нөхөр тань дууны найруулагч байсан уу. Ямар ажил эрхэлдэг байсан бэ?

– Намайг хүмүүс их айхтар хүүхэн юм гэж боддог, ярьдаг байх л даа. Дуучин хүүхэн, дууны найруулагч, студитэй залуутай суучихдаг, энэ их бодолтой хүүхэн гэж. Үгүй ш дээ. Тэр үед миний хань Эрдэнэт хотын 14 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш байсан. Хотод ирээд миний нөхөр Их засаг их сургуульд багшилж эхэлсэн. Манай хүн “Перфект” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг. “Asian shop” хамтлагийн гишүүн байсан. Поп, эстрад талдаа дуулах сонирхолтой. МУИС-ийг Урлаг судлаач мэргэжлээр төгссөн. Авьяас сонирхол, хичээл зүтгэлийнхээ ачаар дууны найруулагч гэх энэ сайхан мэргэжлийг эзэмшсэн. Тэр үеийн багшийн цалин хэцүү байлаа. Би ажилгүй, оюутан. Хоёулаа байр хөлслөх болдог. Хүүхэд маань төрж эхлээд бүх зүйл нуруун дээр ирсэн учраас яах уу гэж ярилцаж байгаад “Color music” дуу бичлэгийн студиэ ажиллуулж эхэлсэн. “Анир” дуу бичлэгийн студийн Алтанхуягийн анхны гарын шавь. Миний хань урлагийн салбарт өөрийн хүчээр өөрийнхөө орон зайг бий болгож чадсан арын албаны чадварлаг хүмүүсийн нэг.

-“Академи авардс 2016”-гаас П.Сүхдамба найруулагч “Атганд үлдсэн эрдэнэ” киноны дууны найруулгаар шагнал авсан. Энэ талаар?

-“Атганд үлдсэн эрдэнэ” киноны синхрон авалт, бүх натур дээр манай хүн дууны найруулагчаар ажилласан. Эцсийн вариантад MIX мастеринг дээр нь хамтарч ажилласан Михиа Рикардо гэдэг уран бүтээлчийг хүндэтгэж, тэр хүнд шагнал нь хадгалагдаж байгаа. Бидний хувьд ааваараа, ханиараа бахархаж, “Академи авардс”-аас шагнал авсан гэж гэр бүлийнхээ хэмжээнд тэмдэглэсэн. Манай хүн үүнээс өмнө “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөх толбот хүмүүс”, “Тооцоогүй тоглоом”, “Үл таних эмэгтэй”, “Ээж” зэрэг нилээн олон даацтай уран бүтээл дээр дууны найруулагчаар ажилласан. Урлагийн хоёр хүний хүүхдүүд болоод ч тэр үү хүүхдүүд маань их авьяастай. Зүүдэнд ч оромгүй явдал кинон дээр хоёр бага маань ихэр хүүхдүүдийн дүрд тоглосон. Том хүү маань “Хөх толбот хүмүүс” киноны хүүхдийн дүрд дуу оруулагч хийсэн. Дараа нь “Тооцоогүй тоглоом” кинонд Дэмбэрэлсамбуу гэдэг хүүхдийн дүрд тоглосон. Том хүү маань энэ жил хөгжим бүжигт элсэн орсон.

-Дуучин Ч.Алтантүлхүүр алдарт эхийн болзол хангалаа гэх мэдээлэл байна?

-(инээв) Мэдээж охинтой болох төлөвлөгөө бидэнд байгаа. Гэхдээ энэ удаад эндүүрэл болсон. “Хүү төрлөө” Монголын үндэсний өлгий дээл хувцасны брэндийн сурталчилгаанд тоглож өгнө үү гэсэн хүсэлт ирсэн юм. Гурван хүүтэйгээ ямархуу байдлаар авахуулмаар байна гэхэд бид ярилцаж байгаад бэлгэдлээ бодоод охин дүүтэй болж байгаа гэсэн утгатай рекламанд тоглосон. Намайг охинтой боллоо гээд маш олон хүмүүс баяр хүргэсэн. Тэр болгонд би “баярлалаа, тэр ерөөл бат оршиг ээ” гэж хүлээж авсан. Тэр зураг авалт дээр манай хүүхдүүдийн нүд харц нь их үнэмшилтэй харагддаг учраас хүмүүсийн өхөөрдлийг их төрүүлдэг. Зураг авалтын өмнө би хүүхдүүддээ “Миний хүүхдүүдийн дүү гэж бодоод дүүгээ хайрлах юм бол ээж нь охин дүү гаргаж өгнө шүү” гэж хэлж авахуулсан зураг байгаа юм.

-Гурван хүү нь Монголын үндэсний телевизээс зарласан “Алтанзул” дууны уралдаанд оролцсон. Хэрхэн оролцсон бэ?

-Хүүхдийн дууны “Алтанзул” уралдаанд манай хоёр бага хүү Б.Бямбабаярын үг, ая “Зурагтаар хурдан үзэх юмсан” гэдэг дууг, Б.Бямбабаяр ахын хоёр охинтой дуулсан. Энэ дууны утга санаа нь бид монгол хүүхдүүд шүү гэдгийг үеийнхээ хүүхдүүдэд, бусад хүмүүст ойлгуулах сэдвийг хөндсөн дуу байсан. Энэ дууг олон хүүхэд сурч, шийдвэр гаргах түвшний хүмүүст сонсгоосой гэж боддог. Хүүхдүүдээ уралдаан тэмцээнд сойход их гоё мэдрэмж төрж, хуучны сайхан дурсамж эрхгүй санагдсан. Том хүү С.Чингүн “Гэгээн зүгт” гэдэг дуугаар оролцсон. Гурван хүү минь гурвуулаа хоёрдугаар шатанд шалгарсан. Манай хүүхдүүдийн хувьд улсын хэмжээний уралдааны хоёрдугаар шатанд өөрсдийн хүчээр шалгарсан нь том зүйл. Бас л гэр бүлээрээ тэмдэглэсэн.

-Таны удам сударт дуулдаг хүн бий юу. Эцэг эхээс хэдүүл вэ?

-Би Дорноговь аймгийн уугуул. Монгол хүн бүр дуучин гэж боддог. Энэ талаар нэг яриа байдаг. Гадаадын нэг хүн “Манайхан гурван цаг дуулахад хоолой нь цуцдаггүй” гэж ярьсан чинь манай монгол хүн “Манай монголчууд гурван өдөр, гурван шөнө найрлаад, дуулаад суухад хоолой нь цуцдаггүй” гэж хариулсан гэдэг. Миний аавын талд “Баянмонгол” чуулгын Рэнцэнханд гэж түрүү үеийн эстрадын дуучин бий. Аав ээжийн маань талынхан цангисан сайхан хоолойтой хүмүүс байдаг.

-ДБЭТ-т зургаан жил ажилласан. Яагаад бие даасан уран бүтээл хийх болсон бэ?

-Би 2007 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Энэ мэргэжлээр суралцаж төгссөнийхөө шимийг гаргах гэж 2008 оноос ДБЭТ-ийн найрал дууны ангид зургаан жил ажилласан. Энэ хугацаанд гол болон туслах дүрүүдийг бүтээж, эндээс тайзны соёл, хувцаслалт, нүүр будалт, биеэ авч явах байдал, хамт олонтой харьцаж сурах гэх мэт олон зүйл сурсан.Тийм учраас ДБЭТ-таа элэгтэй байдаг. Тодорхой хэмжээнд уран бүтээл хийхийг хүссэн боловч албан ажил, гэрийн эзэгтэйн их ажлын хажуугаар уран бүтээл хийж амжихгүй байсан. Гэр бүлийн хүнтэйгээ ярилцаж байгаад 2014 оноос уран бүтээлийн ажилдаа орж, 2015 онд “Таван эрдэнийн эх орон” анхны бие даасан тоглолтоо хийсэн.

-Дуучин Ч.Алтантүлхүүр Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан болчихлоо гэж нэг хэсэг шүүмжилж, шуугисан. Энэ талаар тайлбар өгвөл?

-Яг тэр үедээ надад жаахан эмзэг туссан. Хүн болгоны аливаа зүйлийг хүлээж авах өнцөг өөр. Тийм учраас зарим хүмүүс шүүмжилж, зарим нь магтан сайшааж байсан. Заавал үнээний дэлэн шувтарсан, мал малласан хүмүүс тэр шагналыг авах ёстой гэсэн ойлголттой хүмүүс байна. Би бол тэр хүмүүст урам зориг өгч, тэр хүмүүсийг магтан дуулж, тэр хүмүүсийн амьдрал дунд орж, хотонд нь очиж дуулж өгсөн. Тэдэнд цаг зав, сэтгэл зүрхээ зориулсан. Өөрийн чадах зүйлээрээ энэ хоёр салбарт зүтгэж байгаа хүний хувьд Хөдөө аж ахуйн тэргүүн гэдэг шагналаараа бахархдаг. Хийж бүтээсэн ажлынхаа үр шимээр энэ шагналыг хүртсэн учраас би шагналаасаа хэзээ ч ичдэггүй. Хөдөө аж ахуйн тэргүүнээ ч, Соёлын тэргүүний ажилтан цолоо ч аль алиныг нь би хамгаалж чадна.

– Итгэлийн Алтантүлхүүр сан, “Таван эрдэнийн эх орон” төслийнхөө талаар яриач. Сүүлийн үеийн ямар шинэ мэдээлэл байна вэ?

-Би анх энэ сэдвээр дуулж эхлэхдээ үүнийгээ төсөл болно гэж бодоогүй. “Таван эрдэнийн эх орон” төсөл маань хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Маш олон уран бүтээлч, энгийн ард, тэр дундаа энэ сэдвийн эзэд болсон малчид ам сайтай сайхан төсөл болсон. Эхний жил төсөлд маань алдаа, дутагдалтай зүйл байсныг үгүйсгэхгүй. Энэ жил энэхүү төслийг маань дэмжиж хамтран ажиллахыг хүссэн олон байгууллага хувь хүмүүстэй хамтран төслөө илүү сайжруулж, өргөн хүрээтэй үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Засгийн газар холбогдох салбарынхан ч мөн оролцох байх. “Таван эрдэнийн эх орон” төслийг хэрэгжүүлж, энэ төрлийн уран бүтээл хийж байгаагийн бас нэгэн том шагнал болж хэдхэн хоногийн өмнө надад нэг том бэлэг ирсэн. Юу гэвэл, Лувсандоржийн шүлэг, Батсүхийн аялгуу “Таван эрдэнэ” уран бүтээлийг бүрэн эзэмших эрхийг Лувсандорж гуайн хүү Дуурсах гуай надад шилжүүлсэн. “Чи ирээдүй хойч үедээ энэ дууг хүргэж өгөх гүүр нь болж өгөөч” гэсэн. Үүнээс гадна Монголын үндэсний радио телевизийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн эхлэл 37 жилийн турш Тунгалаг гавьяатын дуулсанаар эгшиглэдэг байсан бол 38 дахь жилээсээ МУСТА Ч.Алтантүлхүүр миний дуулснаар эхэлдэг болсон. Үүнийг маш их хувьтай, ерөөлтэй зүйл гэж бэлгэшээж байгаа. Энэ хүмүүсийн итгэлийг дааж төслөө илүү сайн хэрэгжүүлж, Хөдөө аж ахуйн тэргүүн гэсэн шагналд маань эргэлзэж байгаа хүмүүст энэ эргэлзээг нь гартал ажиллана гэж бодож байна. Энэ төслөө илүү өргөн хүрээтэй, олон хүнд хүргэхийн тулд итгэлийн Алтантүлхүүр санг ажиллуулдаг. Сангийнхаа үйл ажиллагааны шугамаар түрүү жил зүүн гурван аймагт гарсан түймэрт өртсөн иргэд, малчин айлуудад тодорхой хэмжээний мөнгө, эд зүйлийг цуглуулж тусласан.Төслийнхөө хүрээнд малчдад зориулсан уран бүтээлийг сэргээж дуулах, ахуй соёлыг клип дүрсэнд шингээж өгөх зэрэг бодитой ажлуудыг хийдэг. “Таван эрдэнийн эх орон” цомгоо 1000 ширхэг хэвлүүлж, малчны хотонд очиж тоглохдоо бэлэглэсэн. Энэ цомгийн хамт “Малчин заяат бүсгүй” хоёр дахь цомгоо хэвлэлтэнд явуулаад байна.

Б.Наранчимэг

dnn.mn

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …