ОБЕГ-аас их хүйтэн өвөл болж магадгүйг анхаарууллаа

????????????????????????????????????

Онцгой Байдлын Ерөнхий Газраас үер, усны осол, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян “Энэ жил долоодугаар сарын 14-нөөс хойш ихэнх нутгаар хэт халсныг эс тооцвол зуны туршид нийт нутгаар тогтмол хүчтэй аадар бороотой байлаа. Борооны улмаас Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотод болсон 17 удаагийн үер тохиолдсон байна. Үерт өртөж гурван хүүхэд, нэг том хүн амь насаа алдсан байгаа.

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд наймдугаар сарын 3-ны өдөр осолдсон нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна. Мөн Булган аймгийн Хангал суманд тавдугаар сарын 29-ний өдөр осолдсон нэг иргэнийг үргэлжлүүлэн эрэн хайх ажлыг гэр бүлийнхнийх нь хүсэлтийн дагуу хийж байна. Тухайн үед эрэн хайх, аврах ажиллагаа 29 хоног үргэлжилсэн ч олдоогүй.

2015 онд үерийн улмаас нэг хүн нас барж 55 айл өрх орон гэргүй болж байсан бол энэ тоо 2016 он гарсаар гурав дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна” гэлээ.

“93 ХҮН УСАНД ОСОЛДЖЭЭ”

Хөдөө орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг дагууд бууж суурьшсанаас үерийн усанд автах тохиолдол их байгаа ажээ.

2016 он гарсаар иргэдийн болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 24 аймгийн 47 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 78 удаагийн тохиолдлоор 93 хүн /хүүхэд-31, насанд хүрэгсэд-62/ амь насаа алджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлт юм.

Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, найз нөхөд, хамт олноороо аялал, амралт зугаалгаар явахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, сэрүүцэх зорилгоор усанд орох, үертэй голыг морь болон автомашинтай гатлах гэж ордог зэрэг шалтгаанаас болж олон хүн амь насаа алджээ.

Мөн “намар болж, жимс боловсорч гүйцэж байгаа улирал тул орон нутгийн иргэд самар, жимс түүхээр явах нь ихэсч байна. Гэтэл цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдруүдэд дуу цахилгаантай бороо орох тухай мэдээг ирүүлж байгаа. Иймд нутгийн захиргааны байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлд анхаарлаа хандуулж дорвитой арга хэмжээг зохион байгуулахгүй бол иргэд аюулт үзэгдэп, осолд өртөх явдал нэмэгдэж байгааг”ОБЕГ-аас анхааруулж байгаа юм.

 “ЦАС ИХ УНАЖ, ИХ ХҮЙТРЭЛТ БОЛЖ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТ ХҮНДЭРЧ БОЛЗОШГҮЙ”

ОБЕГ-ын олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэн2016-2017 оны өвөл цас их унаж, их хүйтрэлт болж өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй талаар холбогдох мэргэжлийн байгууллага анхааруулсаар байна.

Энэ жил нийт нутгийн 80 гаруй хувьд зуншлага сайн байгаа ч хадлангийн газар усанд автсан, тухайн газарт элс, шороо ихээр хуримтлагдсан байх эрсдэлтэйг харгалзан үзэж, өвөлжилтийн бэлтгэл ажилд тайвширч хандаж болохгүйг сануулж байна” гэлээ.

2016-2017 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа учраас иргэд, малчдад өөрсдийн хүн хүч, бэлчээрийн даацад тохирсон малыг өвөлжүүлж, хаваржуулах, дулаан хувцас, тэжээллэг хоол хүнсний зохицуулалтыг эртнээс хийж, бэлтгэх тал дээр анхаарах шаардлагатайг анхаарууллаа.
Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Anonymous says

    Tsag uuriin alba gej bhaa bolichihson yumuu

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.