Барилгын салбарынхан Г.Өнөрболорыг эсэргүүцэж, Төрийн өндөрлөгүүдэд санал хүргүүллээ

IMG_3197

Барилга, хот байгуулалтын сайдад “Сөүл” группын ерөнхийлөгч Г.Өнөрболорыг нэр дэвшүүлсэн нь олон нийтийн, МАН-ынхны төдийгүй тус салбарынхны дургүйцлийг төрүүлжээ.

Монголын барилгын инженер, архитекторуудаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нарт санал хүргүүлсэн байна.

Тэд уг саналдаа:

 “Бид МАН-ын “Мэргэжлийн засгийн газар байгуулах” мөрийн хөтөлбөрийг талархан хүлээн авч, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаа тухайгаа барилгын салбарын төрийн бус байгууллагуудаар дамжуулан илэрхийлсэн билээ.

Гэвч Ерөнхий сайдын зүгээс Барилга Хот Байгуулалтын сайдад мэдлэг туршлага, мэргэшлийн хувьд тус салбарын бодлогыг тодорхойлж тулгамдсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх мэргэжлийн мэдлэггүй хүнийг нэр дэвшүүлсэн явдал нь өмнөх Засгийн газруудын алдааг давтаж, салбарыг бүхэлд нь бус зөвхөн нэг өнцгөөс харж байна гэж ойлгогдож байгаа тул дараах тайлбар болон саналуудыг хүргүүлж байна” гэсэн байна.

Мөн дээрх саналд мэргэжлийн бус, салбарын бус сайд томилогдох үед үүсдэг асуудлуудыг тоочсон байна. Эдгээр нь: 

1.Салбарыг дутуу ойлгох

Томилогдсон сайдууд зарим нэг төрийн бус байгууллага, хувь хүмүүстэй уулзаж салбартай танилцахаас ажлаа эхэлдэг боловч энэ нь салбарыг бүрэн ойлгоход хангалтгүй, зөвхөн тухайн уулзсан этгээдүүдийн асуудал дээр төвлөрдөг.

2. Хугацаа алдсанаас ажил саатах

Салбартай танилцахын тулд хугацаа их зарцуулснаас тогтоол шийдвэр, дүрэм журмуудын биелэлт саатаж салбарын ажлыг зогсонги байдалд оруулсан. Зарим нэг хэрэгжүүлэгч агентлагууд өмнөх болон шинэчлэгдсэн хууль дүрэмтэй бүрэн танилцаагүй, шинэчилсэн найруулгад яг ямар өөрчлөлт орсон, юу хийх шаардлагатайгаа бүрэн ойлгоогүй байсаар хугацаа их алдсан. Жишээ нь: Барилгын тухай хуулийг хэрэгжүүлэх дүрэм журам, даргын тушаал гараагүй гэсэн шалтгаанаар олон төслүүдийн зураг төсөл баталгаажуулах ажил гацаанд орсон.

3. Үндэсний зөвлөх инженеринг, төслийн удирдлага, мэргэжилтэй боловсон хүчнийг тасралтгүй хөгжүүлэх, сертификатжуулах бодлого хангалтгүй.

Монголын барилгын салбарт гадаад дотоодод мэргэжил эзэмшсэн чадварлаг боловсон хүчин олон байгаа боловч төрийн бодлого муугаас тэдгээрийн ажиллах боломж бүрдээгүй, дотоод нөөц бололцоогоо бүрэн судлаагүй.

4. Үндэсний стандарт, норм дүрмийн шинэчлэл, хөгжлийн асуудлыг орхигдуулсан.

Хувийн хэвшлүүдийн зүгээс зах зээлд нэвтрүүлж буй гадаадын технологийг өөрийн орны онцлогт тохируулан баталгаажуулах тогтолцоо, бааз суурийг хөгжүүлэх асуудал орхигдсоноос шинэ сайн технологи баталгааждаггүй, мөн эсрэгээрээ Монгол орны онцлогт тохирохгүй технологоор алдаатай барилгууд баригдаж хэрэглэгчдийг хохироох явдал ихээр гарч байна.

 5. Хот төлөвлөлтийн бодлого алдагдсан 

6. Чанарын хяналт, чанарын баталгааны бодлого алдагдсан.

Барилга угсралтын компаниудыг зэрэглэл, ур чадварын шалгуур үзүүлэлтийн хэмжүүргүй, тусгай зөвшөөрлийг олноор олгосноор чадваргүй компаниуд үүсгэн байгуулагдаж стандарт бус барилгууд баригдаж барилгын салбарын нэр хүндийг нийтээр нь унагааж байна” гэжээ.

Тиймээс тус салбарт ажиллаж байсан туршлагатай, төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн эс бол эдийн засаг, хуулийн боловсролтой хүнийг томилохыг хичээнгүйлэн хүсч гээд тус салбарын 20 хүн гарын үсгээ зуржээ.

Ийнхүү барилгын салбарынхан Г.Өнөрболорыг эсэргүүцлээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …