Н.Пүрэвдорж: Нэг өдөрт 500-1000 жолооны үнэмлэх хэвлэж байна

1469150945579176e140be8

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн мөрдөж эхэлснээр жолооч нарт 2008 оноос өмнө олгож байсан, хуучин /шар/ үнэмлэхийг солих журам батлагдсан бөгөөд үнэмлэх солих ажлыг Лицензийн төв хариуцан ажиллаж буй юм.

Тиймээс бид тус төвийн мэдээлэл, технологийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Пүрэвдоржтой цөөн хором ярилцлаа.

-Багагүй хугацаанд жолооны үнэмлэхний бэлдэц байхгүй гээд үнэмлэх хэвлэхгүй байсан. Хэзээнээс хэвлэж эхэлсэн бэ?

-Жолооны үнэмлэх хэвлэлт өнгөрөгч даваа гаригаас эхэлсэн. Одоогоор манайд 40 орчим мянган жолооны үнэмлэх хэвлэлт хүлээж байгаа. Манайхан бүх бэлдцээ авсан учраас ажлын цагаа уртасган жолооны үнэмлэх хэвлэж байгаа. Нэг өдөрт л гэхэд 500-1000 жолооны үнэмлэх хэвлэж байна.

-Жолооны шар үнэмлэх солих ажил хэдэн хувьтай байна вэ?

-2008 оноос өмнө жолооны шар үнэмлэх авсан 200 мянган иргэн бий. Энэ 200 мянган иргэн үнэмлэхээ саарлаар солих үйл явц үргэлжилж байгаа. Одоогоор 40 гаруй хувьтай байна.

-Хэзээ хүртэл үргэлжлэх вэ?

-Шар үнэмлэхийг солих ажил он дуустал үргэлжилнэ.

-Жолооны үнэмлэхээ солиулах хүсэлтэй хүмүүс ямар ямар бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Иргэний үнэмлэхний хуулбар, жолооны шар үнэмлэхний хуулбар, шинэ үнэмлэхний мөнгө тушаасан баримт зэргийг Лицензийн төвд бүрдүүлж өгнө. Мөн эрүүл мэндийн хуудас, хүсэлтийг заавал гаргах шаардлагагүй болсон.

-Ер нь шар үнэмлэхийг заавал солих шаардлагатай юу?

-Заавал солих шаардлагатай. Шинэ загварын саарал үнэмлэхний хувьд манай улс төдийгүй, олон улсад тараагдчихсан учраас зайлшгүй солих шаардлагатай. Ерөнхийдөө жолооны үнэмлэхний олон улсын загвар батлагдаад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн учир хүчингүй болсон үнэмлэхийг дахин ашиглах боломжгүй. Замын хөдөлгөөний тухай хуулинд үнэмлэхийг 10 жилийн хугацаатай олгоно гээд заачихсан байгаа. Тэгээд ч хуучны жолооны үнэмлэх дээрх зураг, одоогийн дүр төрхөөс тэс ондоо болж өөрчлөгдөх тохиолдол их бий. Энэ нь эргээд жолооч, цагдаа хооронд маргаан үүсэх эх үүсвэр болж байна. Тиймээс л ашиглах хугацаа заагаагүй шар үнэмлэхийг шинэчилж буй юм.

-Үнэмлэхээ солиулаагүй жолоочид торгууль ногдуулах тухай яриа байна?

-Тухайн үнэмлэх хүчингүй учраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзнэ. Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авах ёстой ч замын цагдаагийн алба хаагчид шар үнэмлэхтэй жолоочид хэлж анхааруулж, арга хэмжээ авахгүй байгаа. Хуучин үнэмлэхтэй жолоочийг торгох эрх Замын цагдаагийн газарт байхгүй ч, торгохгүй гээд хуучин үнэмлэхтэйгээ яваад байж болохгүй.

Т.Гэрэл

zaluu.com

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …