З.Ойдов: Одооны тамирчид 200 метр газар шогших, алхахын хооронд бэлтгэлээ хангадаг болж дээ

0924c8_65b25aaf19bd175original_x974

Ганцхан сарын дараа хүн төрөлхтний спортын их наадам Олимп болох гэж байна.“Рио-2016” наадам хаалга тогшсон энэ өдрүүдэд Олимпийн торгон дэвжээнд эх орныхоо нэрийг гаргаж явсан манай ахмад үеийн тамирчин, Олимпийн мөнгөн медальт, Зууны манлай тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдовтой дөрвөн жилийн өмнө хийсэн дурсамж ярилцлагыг хүргэж байна. 

-Монголын анхны Олимпийн аварга Бээжинд бус, Монреальд төрөх байсан гэж олон хүн ярих юм билээ?

-Тийм ээ.

-Яг юу болсон юм бэ?

-Тэмцээний эхний тойрогт би АНУ-ын бөх Ж.Дэвистэй барилдсан юм. Ж.Дэвист би оноогоор ялагдсан. Хамгийн гол нь тэр хүнийг медальд хүргэх гэсэн шүүгчдийн яриа, зорилго байсан юм билээ.

-Шүүгчдийн яриа, зорилго байгааг та яаж мэдсэн юм бэ?

-Ерөөсөө шүүгчдийн гаргаж байгаа шийдвэр нь тийм байсан. Эхний тойрогт шүгэл дуугараад удаагүй байтал би сугадаж мушгиад, хоёр оноо авсан. Тэгээд босоод иртэл намайг торгочихсон. Дахиад суйлж гуядаад, хоёр оноо аваад босоод иртэл бас л торгочихсон. Ингэж л мэдсэн.

-Тэмцээн цааш яаж үргэлжилсэн бэ?

-Нийтдээ нэг минут гучаад секунд барилдахад л би дөрвөн оноо авчихаад хоёр торгуулчихсан байгаа юм. Ж.Дэвистэй би хоёр минут хүрэхгүй хугацаанд л барилдсан. Урьд нь би Унгарын Петров гэдэг бөхийг цэвэр хожсон.

Сүүлийн тойрогт Солонгосын бөх Ян Жу Мотой барилдаад бас л давчихсан байлаа. Тэмцээний эцсийн дүн гарахад Солонгосын бөх торгуулийн гурван оноотой, би торгуулийн дөрвөн оноотой, АНУ-ын бөх торгуулийн таван оноотой болж, Ян Жу Мо алт, би мөнгө, Ж.Дэвис хүрэл медаль авч байсан юм.

-Ингэхэд та Олимпод анх хэдэн онд оролцож байв аа?

-1972 оны Олимпод анх оролцож байсан. Тухайн үед хоёр ялагдаад нэг их амжилт үзүүлээгүй ээ. Харин дархан аварга Х.Баянмөнх чөлөөт бөхийн 100 кг-ийн жинд барилдаад, мөнгөн медаль авч ирж байсныг монголчууд мэдэх байх.

-Та 1976 оны Монреалийн Олимпод оролцохдоо өмнө нь нэг Олимпийн наадмыг үзчихсэн, ДАШТ-д хоёр ч удаа түрүүлчихсэн, нэлээд туршлагатай тамирчин байжээ дээ?

-Тэгэлгүй яах вэ, тамирчин хүн бүрийн хүсэл Олимп болон дэлхийн аварга болох байдаг. Миний хувьд ч гэсэн тийм л хүсэл, зорилготой байсан. Монреалийн Олимпод оролцохоосоо өмнө би 1974, 1975 оны Дэлхийн аваргад түрүүлчихсэн байлаа.

Тиймээс Монголын ард түмэн намайг Олимпийн аварга болно гэж үзэж, дэмжиж байсан. Тэр ч бүү хэл гадаадын хэвлэлд “1976 оны Олимпод Монголын тамирчин З.Ойдов түрүүлэх нь тодорхой” гэж бичиж байлаа шүү дээ.

-Гэтэл та Олимпоос мөнгөн медальтай эх орондоо ирсэн. Тухайн үед төр засаг таныг яаж хүлээн авч байсан нь сонин байна?

-Мэдээж сайхан хүлээж авсан. Тамирчдаа яаж хүлээж авдаг, яг л тэр заншлаараа угтсан. Сүүлд хүнээс сонсоход манай дарга нар жаахан дурамжхан угтсан юм билээ.

-Монреалийн Олимпийн аварга болсонгүй гэж тэр үү?

-Хэн мэдэх вэ дээ, тийм л юм байлгүй. Нэг шагналд тодорхойлох байсан ч тодорхойлоогүй. Харин оронд нь 6,000 төгрөг өгч байсан.

-Олимп, дэлхийн том том тэмцээнд амжилт үзүүлэхэд бэлтгэл их чухал шүү дээ?

-Тийм ээ, үнэхээр чухал. Бидний үе одоогийн залуучуудтай адилхан байгаагүй л дээ.

-Одоогийн залуус ямар гэж?

-Бэлтгэл хийсэн болоод л өнгөрдөг болж. Муухан хэлэхэд гадаа гараад нэг суниачихдаг, тэгснээ 200 метр газар шогших, алхахын хооронд бэлтгэлээ хангадаг болж дээ.

-Тэгвэл таны үед яг яаж бэлтгэлээ хийдэг байсан юм бэ?

-Наад зах нь 40 минутаас нэг цаг 20 минутын хооронд дээд зэргийн, өндөр ачаалал өгөх хэмжээнд өглөөний гимнастик хийнэ. Бэлтгэл хийсний дараа футболкоо мушгихад ганц нэг дусал хөлс гарч байх жишээтэй.

Бэлтгэл хийсний дараа футболкоо мушгихад ганц нэг дусал хөлс гарч байх жишээтэй.

Боксынхон бол мушгихад л ус асгардаг байлаа шүү дээ. Ийм хэмжээний хүнд бэлтгэл хийдэг байсан. Ингэснээрээ бидний үеийн тамирчдын амжилт сайн байсан гэж бодож байна.

-Тэгэхээр одоогийн тамирчид бэлтгэл дутуугаас болж амжилт үзүүлэх нь багассан гэж ойлгож болох уу?

-Яг ч тэгж ойлгож болохгүй л дээ.

-Тамирчин хүнд олон кг жин хасахад хүч, тэвчээр шаарддаг төдийгүй эрүүл мэндээрээ хохирдог. Харин та энэ том эрсдэлийг давж, Дэлхийн хошой аварга, Олимпийн мөнгөн медаль хүртсэн нь үнэхээр том амжилт, маш их тэвчээр хатуужил шүү?

-Энэ бол аргагүй том амжилт. Тухайлбал, хурдан морийг уяа, сойлго, тарга хүчийг нь тааруулаад ид хурдан давхих торгон үед нь наадамд уралдуулдаг. 

Гэтэл тамирчин хүнийг 3-4 кг хасаад л оруулах ёстой атал түүнээс дээш жин хасахаар туйлдана, ухаан алдана биз дээ. Өөрөө босч чадахгүй болтлоо турж туйлдсан хүний тамир тэнхээ сульдах нь мэдээж шүү дээ. “Хүн зовлон даадаг” гэдэг утгаараа л зарим тамирчид амжилт гаргасан байдаг. Тухайн үедээ амжилт гаргасан боловч түүнээс олон жил амжилт гаргах байсан боломжоо алдаж байгаа юм.

-Яагаад тэр вэ?

-Учир нь, биеийнх нь эрүүл мэндийн дархлааг доройтуулдаг, зориг зүрхийг нь мохооно, өөрөө дахиад идэж уухаараа төлжиж чадахгүй, насан туршид нь эрдэс давсны дутагдалтай болгох гээд олон эрсдэл дагуулдаг. Ийм учраас л тамирчин хүний жинг их хасах нь түүнээс гарах ёстой амжилтыг бууруулах төдийгүй бие эрүүл мэндээр нь хохироодог.

-Гэхдээ л та 62 кг-ийн жинд барилдсан биз дээ?

-Тийм. Энэ, тэр асуудлыг эртнээс бодсон учраас тухайн үедээ багш нартаа 68 кг-ийн жинд барилдах санал тавиад зөвшөөрөөгүй. Зунжингаа хэлж гүйсний эцэст тэд дарга нар зөвшөөрөхгүй байна гэсэн хариуг надад өгсөн.

 “Хүн зовлон даадаг” гэдэг утгаараа л зарим тамирчид амжилт гаргасан байдаг. 

Тэгээд би Ц.Нацагдорж дээр очсон юм. Ц.Нацагдорж миний дээд жинд барилддаг, надаас жин болоод нуруугаар бага хүн байлаа. Уулзаад “Хоёулаа жингээ сольж барилдъя, би 68 кг, та 62 кг-д барилдчих” гэж хэлсэн. Гэтэл мань хүн зөвшөөрөөгүй, тэгэх шалтгаан ч байсан.

-Ямар?

Ц.Нацагдорж 1974 оны ДАШТ-ээс хүрэл, 1975 онд мөнгөн медаль авчихсан, ЗХУ-ын бөхчүүдийн дараа ордог нэр хүндтэй бөх болчихсон байсан юм. Ер нь барилдаад нэг, хоёр онооны зөрүүтэй л ялагддаг тамирчин байсан даа.

Энэ бүгдийг бодохоор түүнд зөвшөөрөхгүй байх шалтгаан байсан байгаа биз. Гэвч өөрийнхөө жингийн бөхчүүдэд дүгнэлт хийсэн бол 62 кг-д барилдаад амжилт үзүүлэх боломж түүнд байсан л даа.

-Та тэгээд зөвшөөрүүлж чадаагүй биз дээ?

-Тийм ээ, хэл амаа олж чадахгүй болохоороо “Энэ жил манай жингээс таван залуу дээд жинд орж барилдана. Та хэнтэй нь ч барилдаад дийлэхгүй, азаар зургаад л орно” гэж хэлээд уурыг нь хүргэж байсан удаатай.

-Үнэхээр Ц.Нацагдорж гуай зургаадугаар байрт орсон шүү дээ?

-Миний хэлснээр яг зургаад л орсон. Учир нь дээд жинд орж барилдсан манай таван залуугаас хоёр нь урдуур орчихсон юм. Энэ бүгдээс миний юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа биз дээ.

-Та чөлөөт бөхийн амжилт буурсныг тамирчдын бэлтгэл сулаас гадна дасгалжуулагчид аливаа тэм¬цээнийг урьдчилан харах чадваргүй болсонтой холбож тайлбарлах гээд байна аа даа?

-Тийм ээ, дээр нь багш шавийн хоорондын уялдаа гэж нэг юм байна. Тиймээс уналтаас гаръя гэвэл хуучны сайхан зүйлүүдийг сэргээх л хэрэгтэй дээ.

-Манай уншигчид таныг хаана, юу хийж амьдарч байгаа бол гэж их сонирхож байгаа байх. Яажшуухан амьдарч байна вэ? 

-Ерөнхийдөө амьдрал бол дажгүй, сайхан амьдарч байна. Байгаа амьдралдаа би сэтгэл хангалуун явдаг. Одоогоор гэртээ ач, зээ нараа хардаг. Сургууль, цэцэрлэгийн хүүхдээ өгч, авдаг хариуцлагатай албанд томилогдчихоод л явж байна даа.

-Хань тань ямар ажил эрхэлдэг билээ?

-Би гурван охин, ганц хүүтэй. Хань минь Төмөр замын дээд сургуульд 30 гаруй жил багшилж байна. Техникийн шинжлэх ухааны доктор цолтой, П.Баясгалан гэж хүн байдаг.

Миний хань намайг ид барилдаж байх үед ар талын бүх л ажлыг амжуулдаг байж дээ. Тухайн үед хүүхдүүд минь ч жаахан байлаа. Хүүхдүүдээ болон хоёр талын аав ээжийг асарч тойлно, бас намайг халамжилна. Одоо ч мөн адил тэр их ажлыг үүрээд л явж байна. Ханьдаа талархаж, бахархаж явдаг хүн дээ, би чинь.

-Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж:Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …