Оошааризм /фельетон/

1464230077_ooshaar

Оффшоризм буюу оффшордох үзэл санааг энгийнээр тайлбарлах гээд оролдьё /Энэхүү фельетоныг бичихэд Б.Цэнддоо гуайн “Лаларист” нийтлэлээс санаа авсан болно/.

С.Баярцогтын тээр жил мартчихсан дансыг олж ирүүлсэн асуудал бас л тээр жил. Тэгсэн гэнэт л сүүлийн үед бүгд оффшордох боллоо. Цэцэрлэгийн жаалууд хүртэл оффшорт хадгалсан мөнгөө /гахайнд хийсэн 10, 20, 50, 100 төгрөг/ ээж ааваас нэхэж, оюутнууд дөрвөн улиралд цуглуулсан 70-аа оффшорт хийж эцэг, эхээсээ нуухыг хичээх болж.

Айлын нөхөр цалин буумагц урамшууллын хэдээ машиныхаа шалавчин дор нууж байгаад эхнэртээ гардуулаад юун С.Баярцогт түүнээс “аймар юм” болж байна цаана чинь. Ингэж л улс орноороо оффшордож байгаад хэд, хэдэн шинэ нэршилийг бий болгочихлоо.

Ерөнхийдөө оффшорын Монгол нэршил нь “Оо шаар” гэж орчуулагдаж хэрэглэгдэх болсон байна. Эндээс улбаалан оо шаар судлал, оо шаарын тухай тайлбар толь, Оо шаардах гээд л шинэ шинэ үг, хэллэг, нэршилүүд гарч эхэлсэн юм. Тайлбар тольд“Оошаардах” гэдэг үгийг “нууж байсан зүйл гэнэт ил болох, баригдсан тохиолдолд амнаас гарах дуу авиа” гэж тайлбарласан байна.

Оошааризм – Эд хөрөнгөө нуух ухаан

Оо шаарзүй – Хөрөнгөө нуусан хүмүүнийг судлах ухаан /энд олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн баг, улс орны сэтгүүлчид, бас бус нэг хүнд хөөгч судлаачид багтана/

Оошаарист – нуусан хөрөнгөө туушдаа хамгаалж, үгүйсгэгч, заримдаа иргэний үнэмлэх дээрх нэрээ өөрчилж, эсвэл үндэсний харьяаллаа солих тохиолдол ч бий /Даваа овогтой Кёкүшюзанбатбаяр, БНХАУ-ын иргэн С.Баярцогт … гэх мэт/

Оошаарчин – оо шаар хэмээн нүүрээ алгадаж буй, баригдсан хүмүүн

Оошаарк – баригдсандаа гутарч буй хүмүүнийг дэмжигч, магтан сайшаагч нэгэн

Оошаармаа – Эд хөрөнгөө нуусан хүмүүний хөрөнгөөс хувь хүртэж байсан хоёрдогч этгээд /гэр бүлийн гишүүд /

Оошаархан – Эд хөрөнгөө нуусан хүмүүний хөрөнгөөс хувь хүртэж байсан гуравдагч этгээд /ихэвчлэн ну-а энд багтана/

Оошааржин – нууц хөрөнгөтэй, нуусан зүйлтэй хүнийг бусдад матаж, өөрөө албан тушаалд горилогч нэгэн

Оошааруулагч – хөрөнгө нь ил болж, бухимдаж суугаа нэгний нэрийг ашиглаж, өөрийн нэр хүнийг өсгөхөөр хор хутгаж яваа нэгэн

Оошааруулах – өөрийн нуусан хөрөнгө ил болмогц хамт явсан нөхдөө чирэгч,

Оошааругж – хөрөнгөө маш сайн нууж, баригдахгүй олон жил явж чадсан хүнд олгох шагнал

Оошаардах уу, эс оошаардах уу – Нуусан хөрөнгө ил болсоны дараа нүүрээ шаах уу, эсвэл намын нөхөдтэйгөө нийлж байгаад хууль баталж, амь гарах уу л гэсэн санаа

Оошаарзиндаа – Энэ нь нуусан хөрөнгө нь илэрсэн хүмүүсийн нийгэмд эзлэх зэрэг зиндаа

Оошаарлаг – нуусан хөрөнгө нь илэрч, шинээр оо шаар гэж хэлж байгаа ерөнхийдөө шинэковууд

Оошааруст – нууц хөрөнгө нь хамгийн анх илэрсэн хүн буюу оошаарчингууд дундаа баатарлаг, эрэлхэг нэгэн /С.Баярцогт/

Оошааршилт – Нууц хөрөнгө нь илэрсэн асуудал улсаасаа хальж, дэлхий даяар зарлагдах /Исландын Ерөнхий сайд, Путины туслахууд, БНХАУ-ын дарга Си Зиньпиний гэр бүлийн данс гэх мэтчилэн/

Хавтгай оошаар – нуусан хөрөнгө нь илэрсэн хүмүүсийн цугларах газар

Анти-Оошаар – Оошааруудыг нийгэмд танигдуулахгүйгээр мэдээ мэдээллийг устгах үйл ажиллагаа

Интероошаар – цахим орчинд хамаг булхай нь илэрсэн оошаарчин гэх мэтчилэнгээр цааш нь задалж бичвэл бичээд л байх. Тиймээс ингэсгээд дуусгая. Харин үргэлжүүлэх эрхийг уншигч танд олгож байна.

Эх сурвалж:Үндэстэн.mn

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …