“Харцага – Ургац” багууд хэн нь илүү сэтгэл зүйтэй нь финалд шалгарна

“Альянс Тех Харцага” болон Төв аймагийн “Төв Ургац” багуудын 2-р шатны бяцхан аналист. Та бүхэн халуун дулаанаар уншихыг хүсье. Энэ 2 багийн хувьд энэ тэнцүү өрсөлдөж 2:2 харьцаатай болоод байгаа билээ. 

d5c1433d332b6f47b63cc84da29004b5

377– Энэ бол Харцагуудын энэ цувралд нийт авсан оноо, нэг тоглолтонд дунджаар 94.5 оноо
398– Энэ бол Ургацуудын энэ цувралд авсан нийт оноо, нэг тоглолтонд дунджаар 99.5 оноо
+100– Харцагууд 100 буюу түүнээс дээш оноо авсан бүх тоглолтондоо ялалт байгуулсан, довтолгоонд сайн тоглосон тоглолтонд ялалт тэдний талд
-85 – Ургацууд эсрэг багаа 85 ба түүнээс доош оноонд барьсан бүх тоглолтондоо ялалт байгуулсан, хамгаалалт сайтай тоглолтондоо тэд ялалт байгуулдаг
28– Энэ бол Крис Жонесын энэ цувралд дунджилж буй оноо, бүх тоглолгчдыг тэргүүлж байгаа
19.7– Карл Блэйрийн энэ цувралд дунжилж буй оноо. Дундаж оноо авалтаар Харцагуудыг тэргүүлж байгаа хэдий ч тэрбээр нийт 24 бөмбөг алдалт буюу нэг тоглолтонд 6 бөмбөг алдалт дунджилж байгаа гэсэн сөрөг үзүүлэлтийг дагуулж байна.
191– Харцагууд дөрвөн тоглолтонд багаараа ийм хэмжээний самбараас бөмбөг авалт хийсэн, нэг тоглолтонд дунджаар 47. Нэг ёсондоо энэ цувралд ч энэ улиралд ч Харцагуудыг самбарт илүүрхэх баг гарч ирээгүй, цаашдаа ч гарахгүй болов уу . Тэд ҮСЛ-т тоглож буй хамгийн шилдэг самбарын тоглогчидтой баг
158 – Ургац багийхан энэ цувралд эсрэг багаасаа 33 самбараас бөмбөг авалт дутуу аваад байна, тэднийг самбараас бөмбөг авалтаар Рэжжис, Дэлгэрням нар бус багийн холбон тоглогч Крис Жонес нийт 40 самбараас бөмбөг авалт гүйцэтгэснээр тэргүүлж байна. Цувралд дунджаар 10 самбараас бөмбөг авалт. Нэг ёсондоо багийн самбарын тоглогчид бөмбөггүй хашилт буюу бокс аут сайн гүйцэтгэж байна гэж дүгнэж болно.
                              Ургац багийн хувьд цуврал тоглолтын түлхүүр хүчин зүйлс
Нэгдүгээрт : Крис Жонесын амралтын асуудал
Цувралын эхний тоглолтонд Харцагуудын урдаас шахсан хамгаалалт Ургац багийханд нилээд төвөг учруулж байсныг мартаагүй биз. Бөмбөг гаргаж буй тоглогч болон эхний дамжуулалтыг авах тоглогчид асар их ачаалал ирж байсан нь гарцаагүй. Энэ нь улирлын МВП Крис Жонесд ч нөлөөлж байсан нь түүний тоглолтоос харагдсан. Ялангуяа цувралын 3 дахь тоглолтонд оноогоор бариулж тоглолтын туршид амралт багатай байсан Крис шийдвэрлэх мөчид хэд хэдэн довтолгоогоо амжилтгүй болгож үндсэн цагт хожих боломжоо алдаж улмаар нэмэлт цагт ялагдал хүлээсэн. Харин ялалт байгуулсан тоглолтуудад улирлын шилдэг дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв , Крисын талбайд өнгөрүүлэх хугацааг тун сайн хувиарласан гэж миний зүгээс харлаа. Зөв эсвэл буруу харсныг минь мэргэжлийн хүмүүс дүгнэх бизээ.
Хоёрдугаарт : Лакүэнтин Майлс болон Монгол шидэгчид
Түүний хувьд NCAA-д 23 оноо дунджилж байсан гайхам үзүүлэлттэй нэгэн. Майлсын тоглолт энэ цувралын хамгийн чухал асуудал байх учиртай. Ургацуудад Крисээс өөр эсрэг багийн хамгаалалтыг задлах өндөр чадвартай тоглогч хомс. Нэг ёсондоо эсрэг багийн будагтай талбайд нэвтрэн орж Харцагуудын хамгаалалтыг эвдэн Ургац багийн шилдэтийн машинууд болох Ганболд, Мөнхтөр , Доржсүрэн нарыг асаах үүрэгтэй юм. Дэлгэрням ч мөн энэ цувралд маш өндөр хувьтай шидэж буйг дурьдах нь зүйтэй. Нэг өгүүлбэрээр дүгнээд хэлэхэд Майлсын сэлгээнээс авах оноо авалт, эсрэг багийн хамгаалалтыг задалсан үр ашигтай тоглолтууд багийн бусад тоглогчдынхоо тоглолтыг хурцалж, дунд холын зайн шидэлт гүйцэтгэх тэр орон зайг гаргана. Крис энэ бүхнийг хийхэд мэдээж ганцаардна, энэ нь хожигдсон тоглолтуудаас ч хангалттай харагдсан.
Гуравдугаарт: Сэлгээний тоглогчид, тоглогчдын минутын зохицуулалт , амралт
Энэ бол плэй оффын тоглолт . Цаасан дээр бол Ургацууд сэлгээний тоглогчдоороо Харцага багийн хэмжээнд хүрэхгүй.Магадгүй улирлын тоглолтонд Крис, Рэжис, Мөнхтөр, Ганболд, Дэк гэсэн тоглогчдоо түлхүү ашиглаад ялалт байгуулаx Ургацуудын хувьд асуудалгүй байсан.
Харин одоо бол Плэй офф тийм ч учраас багийн бүхий л нөөц боломж бололцоог ашиглан тоглох нь хамгийн зөв нүүдлүүдийн нэг. Үүнийг ч Ургац багийн дасгалжуулагч сайн хэрэгжүүлж байгаа. Тоглолт болгонд 10-12 тоглогч ашиглан тоглож багийн түлхүүр тоглогчдынхоо амралтыг сайн зохицуулж байгаа нь цувралын хоёрдахь тоглолтоос хойш ажиглагдаж байна. Улиралд төдий л талбайд харагдаагүй сэлгээний холбон тоглогчид болох Чинбаатар, Чинзоригт энэ цувралд хэсэгхэн хугацаанд талбайд гараад хэд хэдэн довтолгооны алдаа aвч бас бус ашигтай үйлдлүүдийг гаргаж байлаа. Энэ нь тухайн тоглолтынхоо үр дүнд бага ч гэсэн нөлөөлж байсан нь гарцаагүй. Талбайд гараад олон оноо авахгүй ч багтаа ашигтай моментуудыг үүсгэх нь сэлгээний тоглогчдын гол үүрэг гэлтэй.
                                                            Харцага багийн хувьд 
Нэгдүгээрт: Цуврал тоглолт сунжрах тусам Харцагуудад ашигтай
Долоон тоглолт гарвал аль багт ашигтай вэ? Мэдээж солилцоо сайтай, олон жигд тоглогчидтой Харцагуудад давуу талыг өгмөөр байна. Тоглогчидод ирэх ачаалал ч Төв Ургац багтай харьцуулахад харьцангуй бага байх юм. Мөн тэдэнд дээд лигт тоглосон цагаасаа эхлэн плэй оффыг өнжиж үзээгүй хур их туршлагатай тоглогчид олон байна. Магадгүй та бүхэн 2 жилийн өмнөх Харцага- Гарьд багуудын хийсэн цуврал тоглолтыг санаж байгаа байх. Тухайн тоглолтыг эргээд үзвэл Харцага багийн ноёр нуруу болсон тоглогчдын сэтгэл зүй, туршлага ямар хэмжээнд болохыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй ойлгоно биз ээ. Хоёр багийн оноо ойрхон тоглосон тоглолтуудад(108-100; 104-101) Харцага ялалт байгуулсан. Нэг ёсондоо тэд тоглолтын төгсгөлийг илүү хийдэг нь миний дээр дурдсан тоглогчдын туршлага , сэтгэл зүйтэй шууд хамааралтай байж болох юм. Цувралын 3 дахь тоглолтонд хийсэн эргэн ирэлт бусад зүйлсээс харахад Харцагууд төгсгөлийг илүү хийж байна гэж дүгнэхээр байна.
Хоёрдугаарт: Харцага багийн самбарын тоглогчид, тэдний үүрэг
Болортулга, Одбаяр,Дорждамба, Акол… ҮСЛ-ийн аль ч багт байхгүй самбарын тоглогчид Харцагийн бүрэлдхүүнд байна. Энэ ч утгаараа тэд нэг тоглолтонд багаараа дунджаар 47 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж байгаа нь эсрэг багаасаа дариу 10-аар илүү байна.
Ялангуяа самбарын тоглогчдын давуу тал эсрэг багийн Рэжжисийг сэлгээний сандалд шилжсэн үед бүр илүү гарч байгаа нь цувралын тоглолтуудаас харагдсан. Ургац багийн самбарын гол ноён нуруу болсон Режжис ч талбайд ачаалалтай тоглож байгаагаас гадна ҮСЛ-ийн дүрмийн дагуу Майлс, Крис нартай талбайд зэрэг байх боломжгүй г.м шалтгаануудас үндэслэн түүний талбайд өнгөрөөх минут энэ цувралд улирлын үзүүлэлттэй харьцуулахад бага байгаа бөгөөд Улиралд 16 оноо 15 самбараас бөмбөг авалт 3 хаалт дунджилж байсан Мангас, Харцагуудын эсрэг цувралд 15 оноо 8.2 самбараас бөмбөг авалт дунджилж байна.
Гэсэн хэдий ч Харцагууд цувралын сүүлийн тоглолтонд Рэжжисийг сэлгээний сандалд суусан үеэр самбарын давуу талаа ашиглаж чадаагүйгээр зогсохгүй сэлгээгээр орж ирсэн Майлс будагтай талбайд тэднийг илүүрхэж багаа ялалтанд хөтөлсөн юм. Цувралын туршид Рэжжисийг эзгүй үед Акол тэргүүтэй Харцагийн самбарын тоглогчид будагтай талбайд түлхүү тоглох хэрэгтэй болов уу
Гуравдугаарт: Сэлгээний болон гарааны 2 холбон тоглогчдын бөмбөг алдалт
Харцага багийн холбон тоглогчид болох ОУХМ Г.Баттөр(3.7 бөмбөг алдалт) болон К.Блэйр(6 бөмбөг алдалт) нар цувралд оноо авалтаараа багтаа сайн тус хүргэж байгаа хэдий ч нэг тоглолтонд дунджаар нийтдээ 9.7 бөмбөг алдалтыг дунджилж байна. Цувралын 4 тоглолтонд дээрх холбон тоглогчид нийлээд 39 удаа бөмбөгөө алдсан гэсэн сөрөг үзүүлэлт байна.
Мөн холбон тоглогчдын бөмбөг алдалтаас гадна хэрэггүй үед гаргасан санаатай алдаа , талбай дээр гаргасан хэрэгцээгүй шийдвэрүүд эсрэг багтаа чөлөөт шидэлтээр сул оноо авах, сэтгэл зүйн давуу байдлыг олж авах зэргээр нөлөөлж байгаа харагдсан.

Эцэст нь өөрийн дүгнэлтээ хийхэд цувралд аль баг хожихыг тооцоолж хэлэхэд тун бэрх юм. Гэхдээ нөгөөдөр болох 5 дахь тоглолтонд ялалт байгуулсан баг цувралын 70%-ийг гартаа авлаа гэж ойлгож болох юм. Цувралын тоглолт бүр чухал хэдий ч хожим гарах үр дүн, тамирчдын сэтгэл зүйд нөлөөлөх хамгийн чухал тоглолт бол 5 дахь тоглолт юм.
(Энд зөвхөн өөрийн тоглолт үзсэн өнцөг, бодлынхоо дагуу, статистик үзүүлэлтүүдэд тулгуурлан цувралын талаар бичсэн болно. Аль нэгэн багийг талд орж дэмжиж хэн нэгний нэр төрд халдах гэсэн оролдлого биш гэдгийг ойлгож ,уншихыг хүсье!)

Г.Мижгээ

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …