Зуданд өртсөн малчдад НҮБ-аас тусламж илгээжээ

1460362581570b5d55753d6

Монгол дах Нэгдсэн Үндэстний Байгууллага “Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын нэгдсэн сан /CERF/”-гаас 2.4 сая ам.доллар босгож, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан хүнс, хоол тэжээл, ариун цэвэр эрүүл ахуйн багц зэргийг багтаасан тусламжийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр хүлээлгэн өгөв.Өнгөрсөн 12 сараас хойш улсын хэмжээнд нийт малчин өрхийн 41 хувь нь зуданд өртөж, өвлийг зутруухан давсан билээ. Үүнээс 100-аас доош тооны малтай 11 800 өрхийн байдал хүнд хэвээр байна. Тиймээс хаваржилт хүндэрсэн Увс, Баянхонгор, Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн 45 суманд амьдарч байгаа 1800 гаруй хүүхэд, 900 гаруй жирэмсэн болон хөхүүл эхэд НҮБ-ын дээрх тусламжийг хүргэх юм.

НҮБ-ын Хүүхдийн сангаас Эрүүл мэнд, спортын яам, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран хаваржилт хүндэрсэн дээрх сумдад байгаа 6-59 сартай хүүхдүүд болон жирэмсэн, хөхүүл эхэд зориулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг хүргүүлж байгаа юм. Энэхүү бэлдмэл нь 10 төрлийн амин дэм, 5 төрлийн эрдэс бодис агуулсан байдаг бөгөөд хоол тэжээлийн дуталд орохоос урьдчилан сэргийлнэ. Түүнчлэн дээрх сумдын өрхүүдэд хоол тэжээлийн хурц дутал илрүүлэх үзлэг явуулж, 2-оос доош настай хүүхэдтэй эцэг эх болох жирэмсэн, хөхүүл эхтэй айл өрхүүдэд хоол тэжээлийн зөвлөгөө өгөх юм.

НҮБ-ын Хүн амын сангаас дээрх сумдад байгаа эмэгтэйчүүд, охидод зориулан 7962 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг (нэг өрхөд дунджаар 2 багц) хүргүүлж байгаа юм. Уг багцанд ариун цэврийн хэрэглэл, дотуур хувцас, оймс, хувцас, гар нүүрийн саван, нүүр гарын алчуур зэргээс гадна шүгэл, зайтай гар чийдэн зэрэг хамгаалах хэрэгслүүд багтаж байгаа юм. Энэхүү багц нь гамшгийн үед охид, эмэгтэйчүүдийн онцгой хэрэгцээг харгалзан үзэж, тэдний ариун цэвэр, эрүүл ахуй болон аюулгүй байдлыг хангах, өөртөө итгэлтэй байлгах зорилготой. Мөн хаваржилт хүндэрсэн сумдад байгаа 500 орчим жирэмсэн болон төрсөн эхчүүдэд төрөхийн өмнөх болон бусад нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ хүргэхэд нь сумын эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэг үзүүлж ажиллана. “Аливаа онцгой байдлын үед хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн эмзэг байдаг.

Ялангуяа хоол, хүнсний нэр төрөл цөөрсний улмаас бие махбодын хэвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай аминдэм, эрдэс бодисийн дутлын эрсдэл улам даамжирдаг. Цаг уурын хэт хүйтрэл нь хүүхэд амьсгалын замын цочмог халдвар, уушгины хатгалгаа болон бусад халдварт өвчин (улаан бурхан, салхин цэцэг) тусах нь нэмэгддэг. Хоол тэжээлийн дуталтай хүүхдийн дархлаа сул байдаг тул өвчлөх, эндэх эрсдэл нь илүү өндөр. Тиймээс бидний хүргүүлж байгаа олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл нь хаваржилт хүнд байгаа нутгийн хүүхэд, эхчүүдийн дундах өвчлөл, цаашлаад эндэгдлийг бууруулахад онцгой чухал юм” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнес хэлэв. “Эмэгтэйчүүд бол Монголын нийгмийн нэг тулгуур багана. Тиймээс зудын үеэр эмэгтэйчүүдийнхээ аюулгүй байдал, онцлог хэрэгцээг хангах нь нэн чухал.

Монгол Улсын Засгийн газартай хамтран зуданд өртсөн охид, эмэгтэйүүдэд ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүргэж байгаа нийт малчдын эрүүл мэндийг дээшлүүлэхэд тустай” гэж НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара онцлов. “Монгол Улсын Засгийн газраас зуданд өртсөн аймаг, сумдад дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах арга хэмжээнд анхаарч ажиллаж байгаа. НҮБ-аас энэ ажил дээр нь дэм болгож, зуданд өртсөн 4390 малчин өрхийн нэн тэргүүний хэрэгцээг нь хангах, амьжиргаанд нь туслах зорилгоор хүмүүнлигийн тусламж үзүүлж байна” гэж Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкман онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалж: zaluu.com
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.