П.Ганхуяг: Хөгжил, хөрөнгө оруулалт гэхээсээ илүү хүн, хүнээ хайрлах сэтгэлгээг хөргөхгүй байх нь чухал

 Дорноговь аймгийн Засаг дарга Пантийн Ганхуягтай ярилцлаа.

9d61264f3f9f757c385bacb7fb7c73421f990910Япон улсын Засгийн газар хүнд үед тусалсаныг мартаж болохгүй

  • Та Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаад найман жил болжээ. Аймгийн Засаг даргын хувьд олон ажлыг эхлүүлсэн байх. Өнгөрсөн хугацаанд таны эхлүүлсэн ямар ажил хамгийн их  үр дүнд хүрсэн бэ?
  • Засаг дарга гэдэг бол тухайн орон нутгаа удирдахаас гадна том хариуцлагыг хамтад нь авч явж хийсэн ажил нь иргэдэд шууд хүрэх учиртай юм. Өнөөдөр Засаг даргаар ажиллах бололцоотой, мэдлэг боловсролтой олон залуус төрийн албанд бий. Миний хувьд бага залуу наснаасаа төрийн захиргааны төв байгууллагуудад бодлогын газруудыг хариуцан олон жил ажиллаж ирлээ.  1990 ээд оны зах зээлийн шилжилтийн хүнд цаг үед Япон улсад суугаа Монгол улсынхаа Элчин сайдын яаманд эдийн засгийн атташе, эдийн засгийн зөвлөхөөр найман жил ажилласан. Энэ хугацаанд олон зүйлийн мэдлэг боловсрол олж авснаас гадна  эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулъя гэсэн чин хүсэл эрмэлзэлээр зүтгэсэн. Эхний үед гадаадын донор орнуудтай ярилцаж шилжилтийн үеийн хүндрэлийг давахад нэн шаардлагатай зүйлээ ойлгуулж шийдүүлэхээр зээл, тусламж олгодог олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажилласан. Түүний үр дүнд ихээхэн хэмжээний зээл тусламжийг Монгол Улс руугаа хандуулж чандсандаа. Тухайн үед манай эдийн засаг хүнд, иргэд хэцүү амьдарч байсан үе. Ийм хүнд үед Монгол улсыг хамгийн их анхаарч донор орнуудыг уриалан донорын зөвлөлгөөнүүдийг зохион байгуулж тусламжийн ихэнхийг гаргаж байсан Япон улсын дэм тусыг бид мартах ёсгүй гэж боддог.
  • Та Япон Улсын Засгийн газраас анхны зээл тусламжийг авчрахад багагүй хувь нэмэр оруулжээ одоо аймаг руугаа тэр тусламж дэмжлэгийг татах харилцаа хөгжүүлэхэд юуг чухалчилж байна.  
  • 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд олон чухал асуудал яригдсан л даа. Монгол, Япон хоёр улс Засаг төрийн дээд хэмжээнд харилцаа сайн явж, харилцан айлчилж олон улсын төвшинд идэвхитэй хамтран ажиллаж байна. Харин иргэд хоорондын харилцааг улам ойртуулах, орон нутгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх цаг ирснийг хөндөж тэр айлчлалын үеэр Япон улсын Шизүока мужтай манай аймаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Шизүока муж нь манай Дорноговь аймагтай олон талаараа төсөөтэй зүйлтэй. Алдарт Фүжи уул тэнд байдаг бол манайд хүслийг биелүүлэгч Хан Буянзүрх хайрхан байна. Мөн Фижү уулын орчим нь аялал жуулчлалын бүрэн цогцолбор төв болж хөгжсөн.  Манай Хамрын хийд энергийн төв, үлэг гүрвэлийн үлдэц гээд аялал жуулчлалын бүтээгдэхүүн ихтэй. Тус мужийн захирагчтай гэрээ байгуулах талаараа уулзаж ярилцаад нэг л зүйл дээр тохиролцсон. Энэ нь хөрөнгө оруулалт  техник технологи шилжүүлэлт гэхээсээ өмнө хүнээ хөгжүүлэх тал дээр хамтран ажиллая ерөнхий боловсролын 1000 хүүхэд Шизүокад аялуулая Японоос бас хүүхдүүд хүлээн авч монголын сайхан хөдөө нутаг нүүдлийн соёл иргэншлийг харуулая гэж л тохиролцсон. Улс орны хөгжил бол хүний хөгжилөөр тодорхойлогдоно. Үүнийг л ажил болгоё, хөрсөн дээр буулгая гэж тохиролцсон.
  • Яаж тохиролцсон гэж… ?
  • Өндөр хөгжилтэй орнуудын хувьд мөн л хүүхдүүдийн асуудал толгойний өвчин нь байдаг. Хэт хөгжсөн оронд хүүхдүүд шинээр сэтгэх шаарлагагүй зөвхөн хэрэглэгч байхад болно гэсэн ойлголттой болж сурч мэдэх шинээр эрэл хайгуул хийх идэвхи нь муу болж өөрөөр хэлбэл тийм вакумжилт бий болсон байдаг. Япон хүүхэд бол гайгүй сургууль төгсөөд нэг ажил олоод орчвол насан туршдаа түүнийгээ хийгээд амьдарна гэсэн бодолтой. Харин манай улсын хувьд эрс өөр. Хүүхдүүд маань задгай сэтгэдэг, хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэл их манайд тийм ч орон зай боломж байна. Харин ирээдүй болсон хүүхдүүдээ өнөөгийн манай нийгмийн таагүй орчиноос гаргаж төлөвшсөн харьцангуй асуудлаа шийдчихсэн хажуугийн хүний эрх чөлөөгөөр миний эрх чөлөө хязгаарлагддаг байх учрыг харуулахад энэ японд аялуулах хөтөлбөр их тустай гэж үзсэн. Ингээд Япон улс руу 1000 хүүхдийг долоо хоногийн хугацаатай аялуулахаар тохиролцсон юм. Мөн Япон хүүхдүүд Монголд ирээд хонь, ямаа хариулаад үзэг. Тэд монгол ахуй амьдралтай танилцаад үзвэл вакум орчноос гарч чадна. Магадгүй тэр хүүхэд өөрийх нь хийж бүтээх зүйл маш их байгааг олж харна. Харилцан хүүхдүүд найз нөхөд болж гэр оронд нь амьдарч мартагдашгүй дурсамжаар дүүрэн аялаж байгаа нь и
    рээдүйн энх тайванд ч ач тустай болж байгаа гэж боддог. Одоогоор манайхаас 200 гаруй хүүхэд Японд, японоос70 гаруй хүүхэд манайд аялаад байна.
  • Тэнд очсон хүүхдүүд тэндэхийн хөгжлийг илүүд үзэж байна уу, эсвэл ахуй амьдралыг нь сонирхож байна уу?
  • Хүүхдүүд маш гярхай тэр богино хугацаанд ямар их зүйлийг мэдэж ирж байгааг хэмжих аргагүй. Юугаар ч үнэлэхээргүй капиталтай болж ирдэг гэж боддог.

Улс эх орны хөгжлийг ярихын тулд дөрвөн жилийн төлөвлөгөө боловсруулаад түүнийхээ араас яваад байдаг өнөөгийн өрөөсгөл ойлголтоос юуны түрүү салах хэрэгтэй. Дөрвөн жилийн хугацаанд олон зүйл бас тулхтай юм бүтээж амжихгүй. Нөгөө талаас манайхан хөрөнгө оруулалт, мөнгө гээд улайраад байдаг. Энэ их буруу тогтолцоо. Хөгжлийн тухай ярих бол эхлээд хүнийхээ тухай л ярь. Хүнийхээ тухай ярихгэж байгаа бол хүүхдүүдийнхээ тухай л ярь. Манай хүүхдүүд тэнд очоод олон зүйлийг сураад мэдээд ирдэг. Наад зах нь  гудамжинд шүлсээ хаяж болохгүй, гэрлэн дохиогоор гарахгүй бол осолд өртөнө гэсэн мэдээллийг шууд очоод авдаг. Тийм учраас эхлээд хүүхэд залуучуудынхаа  боловсрол мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарах нь чухал.  Японд зөвхөн хүүхдүүд  яваагүй 12 багш  260 гаруй залуучууд бас аялаад туршлага судлаад ирсэн. Тэр багт яваад ирсэн манай нэг залуу энд баар ажиллуулдаг байсан юм. Ирээд баараа шууд өөрчлөөд аялал жуулчлал  чиг хандлагад тохируулан япон маягийн тохижилттой  үйлчилгээ сайтай зочид буудал ресторан нээсэн байгаа.

  • Хөгжлийг хүнээсээ эхэлнэ гэдэг мэдээж сайн зүйл. Гэхдээ манайхан юм хийхийн тулд заавал хөрөнгө оруулалтыг л чухалчлаад байдаг?
  • Монгол Улсын эдийн засаг жижиг л дээ. Оюутолгой, Тавантолгой гэсэн томоохон уул уурхай ашиглалтад орвол эдийн засаг нилээд тэлэх болно.  Иймээс эдийн засгийн хөгжлийг амжилтанд хүргэхийн тулд мөнгөний асуудлыг эхэнд нь тавих бус хөгжлийн маш нарийн төлөвлөгөө өөрөөр хэлбэл мөнгө санхүүгээс ангид бодож алсын хараагаа гаргах чухал.  Аливаа зүйлийг хийхдээ эхлээд мөрөөдөх хэр
    эгтэй. Тэр мөрөөдлөө цаасан дээр буулгаад үз. Өөрийнхөө мөрөөдлийг эрдэмтэн мэргэдээс асуу, судалгаа шинжилгээ хийгээд үзвэл тухайн ажил бүтэх шатандаа орж байна гэсэн үг. Тэгэхгүйгээр манайхан мөнгө л яриад явдаг. Яг мөнгөө авчихаар юу хийхээ мэдэхээ больчихдог. Ер нь амьдралын бодит туршлагаас харахад мөнгөнд тааруулж бүтээн байгуулалт хийдэггүй юм байна. Өнөөдөр эдийн засаг муудсан гэж ярьж байгаа ч бидний хайгаад байгаа мөнгө саран дээр оччихоогүй байна. Хаа нэгтээ байж л байгаа хамгийн гол нь тэр мөнгийг татахын  тулд төлөвлөгөө төлөвлөт гаргаж хөрөнгө оруулагчдад хөрөнгөө арвижуулах баталгаатай байх нөхцөл бүрдүүлэх чухал.
  • Эдийн засгийг эргэлтэд оруулахын тулд ямар төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай вэ?
  • Ер нь нэг зүйл байдаг юм. Аливаа зүйлд итгэл найдвар хэрэгтэй. Эхлээд хөрөнгө оруулагчдын итгэлийг олж чадах юм бол бидний яриад байгаа эдийн засгийн хүнд байдал амархан өөрчлөгдөнө. Боломж байвал гадаадын хөрөнгө оруулагчдыг орж ирэхээс өмнө өөрсдөө том төсөлдөө эзэн болчоод сууж байх хэрэгтэй. Мэдээж хөгжиж байгаа орнуудад бага гэхгүй зовлон бий. Гэхдээ энэ бүхнээс гарах гарцч бий. Жишээ нь, дэлхийд хамгийн сайн үйл ажиллагаатай нэг банк байлаа гэж бодъё. Тухайн банк үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд нийгмийн хариуцлагатай гэдгээ харуулах учиртай.  Энэхүү хариуцлагын тогтолцоог зөв ашиглавал манай орон маш их тусламжийг тэднээс авах гарц ч байгаа. Ер нь эдийн засгийг идэвхитэй байлгаж мөнгөний урсгалыг сайжруулах бодлого л чухал байгаа. 
  • Зарим төсөл хэрэгждэггүй тохиолдол байдаг. Тухайлбал, танай аймгийн хоёр сум одоо хүртэл төвийн эрчим хүчний шугаманд холбогдоогүй. Тэгсэн хэрнээ сонгууль дөхөөд ирэхээр нэр дэвшигчид холбож өгнө л гэдэг. Энэ асуудлыг хэзээ шийдэх бол?
  • Энэ бол төлөвлөлтгүй хөрөнгө оруулалтын л уршгаар бий болсон хүндрэл. Би өмнөх Засаг даргынхаа ажлыг шүүмжлэх дургүй. Манай аймагт төвийн эрчим хүчинд холбогдоогүй хоёр сум бий. Энэ хоёр суманд очихоор эрчим хүч татаж өгөөч гэж байнга хэлдэг. Тэнд шугам татах боломжгүй учраас иргэдэд би уучлаарай гэдэг. Яагаад гэвэл Сайншандаас тэр 2 сумын замд нь байгаа Сайхандулаан Хөвсгөл сумд руу эрчим хүч татахдаа цаана нь тэр 2 сум байгааг тухайн үеийн засаг захиргаа мэргэжлийн байгууллагууд тооцоогүй зөвхөн тэр 2 сумныхаа хэрэгцээгээр татсан учраас цаашаа сунгах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл тэр сумдын чиглэлд хийсэн хөрөнгө оруулалт эцэстээ 2 сумын хөгжлийг хаасан зүйл болсон нь харамсалтай. Харин одоо тэр 2 сумын нутагт төмөөхөн уул уурхайн төсөл хэрэгжиж эхэлсэн тул Өмнөговь аймгаас тэр уурхай руу орж ирэх шугамтай холбохоор хөрөнгө оруулалтыг нь шийдээд одоо шугам нь татагдаад явж байна. Энэ бол алсыг харсан урт хугацааны төлөвлөгөөтэй байхгүй бол муу хөрөнгө оруулалт хөгжлийг боймолдгийн нэг жишээ болсон юм.
  • Төсөвлөөд, төлөвлөөд л сууж байтал иргэдийн амьдрал зогслоо гэх шүүмжлэлийг Засаг дарга нар багагүй сонсдог байх. Та үүнд ямар хариулт өгөх бол?
  • Найман жилийн өмнө иргэд Сайншандыг Улаанбаатар хоттой холбоод өгөөч гэдэг байв. Ажлаа авсны дараа замын асуудлыг судалж үзсэн. Судлаад үзэхээр манай талын ч буруутай зүйл их байсан. Зам тавихаар ирсэн компанид ажиллах боломжийг нь бүрдүүлээгүй байж торгууль л тавиад байдаг. Жишээ нь тухайн  замын компани 50 км замыг 150 хятад ажилтантай гүйцэтгэх гэрээ байгуулсан байхад ажилтны тоог нь хязгаарлаад Хөдөлмөрийн яам хасчидгаас тэр компани жилд хийх ажлаа амжуулаагүй байх жишээтэй. Энэ бол манай төрийн албан хаагчдын хариуцлагагүй, гээрээний үүргээ хангаагүйтэй холбоотой  үүссэн асуудал. Эдгээрийг илэн далангүй яриад асуудлаа шийдээд явснаар босоо тэнхлэгийн зам чанартай бас богино хугацаанд ашиглалтанд орсон. Энэ жаягаараа төр хяналтаа тавиад бас дэмжээд ажиллавал болдог гэдгийг Хамрын хийд руугээ тавьсан 42 км замын ажилаар харуулсан. Богино хугацаанд чанартай стандартын зам барьсан.
  • Төрийн шахалт дарамтаас болж бүтээн байгуулалт хойшилдог гэж үү?
  • Аймаг орон нутагт олон хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнийг хийхийн тулд янз бүрийн хөрөнгө зардал олох шаардлагатай. Энэ бүхнийг төр хийх хэрэггүй, төр хяналтаа тавих үүрэг хүлээнэ. Төр компани байгуулаад ороод ирэхээр л будлиан үүсдэг. Төрийн зүгээс ажил гүйцэтгэхээр ирсэн компаниудад шаардлагаа л зөв тавь. Манай аймагт зам барихаар ирсэн нэг компанийн захирал гайхчихсан орж ирсэн. Би танай аймагт гуравдугаар зэргийн зам барихаар тендерт оролцоод ялаад ирлээ. Тэгсэн танай хүмүүс нэгдүгээр зэргийн зам тавьж өг гээд шаардаад байх юм.  Хийсэн гэрээ маань энд ирээд өөрчлөгдчихлө
    ө, замын ажлаа эхлэх гэхээр төрийн байгууллагын олон шат дамжлага ажил эхлүүлэхгүй байна гэсэн. Ийм асуудал байж болохгүй. Тиймээс би маргааш нь аймгийнхаа  авто замын газар, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналт, замын цагдаагийн удирдлагуудаа дуудаад гэрээ хэлэлцээр хийсний дараа гэрээнд тусгаагүй янз бүрийн шаардлагыг энэ аймаг тавихгүй. Төрийн байгууллагынхан бүтээн байгуулалт хийж байгаа компаниудын хүмүүсийг өрөөндөө дуудахгүй, та нар хяналтаа газар дээр нь очиж угтах үйлчилгээ үзүүлж ажиллах ёстой гэж үүрэг өгсөн. Яг ийм маягаар явахад нөгөө замын компани Замын-Үүдийн 62 км замыг хавар нь эхлээд намар нь дуусгасан.  Замын ажил эхлэх үед төрийн байгууллагуудын дарамт шахалт их.  Нэг замын компанийн бүх тоног төхөөрөмж ирчихсэн, жолооч нар нь олон улсын үнэмлэхтэй байхад ажлыг нь эхлүүлдэггүй байдал байсан энэ хүндрэлийг бүгдийг залруулснаар бүтээн байгуулалт хурдтай явдаг болсон. Би ер нь төрийн дарамт шахалттай хатуу тэмцдэг хүн, төрийн нэрийг барьж хэн ч томорч болохгүй. Хэрэггүй аархуу зан ажилд саад болдог.

Сайншанд бол алтан байршил юм 

download-4

  • Сүүлийн үед Сайншандын аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг тойрсон асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ тал дээр та тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
  • Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах ажил манай улсын хувьд өндөр ач холбогдолтой зүйл. Энэ нь уул уурхайн үйлдвэрлэлийн өнөөдрийг хүртэл явж ирсэн концепцийг өөрчлөх санаа юм.  Өнөөдөр уул уурхай үйлдвэрлэл гэж уулын чулууг буулгаж ирээд буталж угаагаар эсвэл соронзон баяжуулагчаар оруулаад зэс, төмөр алтыг ялгаж авдаг. Ухаж авчирсан шорооныхоо ердөө 30 орчим хувийг ялгаж цэвэр зэс төмөр цайр алтаа авдаг үлдсэн 70 хувийг нь агаарт утаа тоос болгон цацах,  овоолго шороо болгон хаядаг. Өөрөөр хэлбэл өнөөгийн уул уурхайн үйлдвэрлэл нь 70 хувиа хаягдал, 30 хувиа бүтээгдэхүүн болгодог. Ийм учраас Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор нь  ашигтай 30 хувиа  гэхээсээ илүү хаягдаж байгаа 70  хувийг боловсруулдаг болгоё гэсэн зорилготой. Хэрэв үйлдвэрүүд дан дангаараа хаягдлаа боловсруулна гэвэл Эрдэнэт үйлдвэр ч дампуурна. Хэд хэдэн үйлдвэрийг нэг доор байгуулаад  хүч хөрөнгийг нь  нэгтгээд хаягдалаа утаа тоосоо ч тэндээ сорж аваачаад боловсруулж хаягдаж байсан зүйлээ бүтээгдэхүүн болгох хаяглал боловсруулах үйлдвэр барих юм. Энэ бол мөрөөдөл биш. Өвөр монголын Баяннуур аймагт энэ хэлбэрийн үйлдвэрийн цогцолбор байгуулчихсан байна. Сайншанд бол дэд бүтэцийн зангилгаа, гадаад зах зээлийн алтан байрлал юм.
  • Аж үйлдвэрийн парк байгуулагдвал аймгийн хувьд ямар давуу тал эдлэх вэ?
  • Аж үйлдвэрийн парк байгуулагдвал дорноговьчуудад өргөн боломж нээгдэнэ. Гэхдээ зөвхөн Дорноговьчуудад бус нийт монголчуудад үр ашигаа өгөх, монголын уул уурхайн салбарт шинэ үе эхлэх, манай уул уурхайн түүхий эд хямд үнээр гадагшаа гарах бус бүтээгдэхүүн болох ач холбогдолтой юм. Хэрлэн гол гээд том төсөл байна. Хэрлэн голын илүүдэл усыг ашиглаад говь нутгийн отрын бэлчээрийг усжуулах үйлдвэрүүдийг усаар хангах ингэснээрээ аж үйлдвэрийн цогцолборт Хэнтийчүүд усаа нийлүүлж үр ашгийг нь хүртэх юм. Японы Ерөнхий сайд Монголд айлчлах үеэрээ 1800 км төмөр зам тавих нь та бүхний асуудал байх харин Тавантолгой Сайншандын хэсэг бол гарцаагүй хэрэгтэй юм байна. Судалгаа хийж санхүүжилт гаргах боломжийг анхаарахаа хэлсэн. Урьдчилсан судалгаа ч хийгдэж байна.
  • Аж үйлдвэрийн цогцолбор баригдахаас өмнө танай аймаг ноолуурын үйлдвэртэй болохоор зэхэж байгаа гэсэн. Өмнө нь манайх Япон улсын тусламжаар ноолуурын үйлдвэртэй болж байсан?
  • 1980 онд “Говь” компани байгуулагдсан. Тухайн үед Япон улсын Засгийн газраас 17 сая ам. долларын буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлж томоохон үйлдвэр барьж хүлээлгэн өгсөн. Уг үйлдвэр нь японы тоног төхөөрөмжөөр тоноглогдсон учраас Япон улсад 20 инженер бэлтгэх асуудал яригдаж, анхны инженерээр одоогийн Уул уурхайн сайд  Р.Жигжид бид хоёр 1980 онд японд сурахаар явж байлаа. Бид хоёр 1985 онд сургуулиа төгсч ирээд “ Говь” үйлдвэртээ ажилласан. “Говь” үйлдвэр өнөөдөр Монголын долоон аймгаас ноолуураа авдаг . Манай аймгийн хувьд бүдүүвтэр ноолууртай учраас тэр 7 д хамрагддагүй. Тиймээс боломж байвал ноолуурынхаа чанарыг сайжруулъя гэж төлөвлөөд таван жил гаруй хугацаанд ноолуурын ямааны омог бий болгохоор ажилласан. ХАА-н ЭШБ- тай хамтраад уг ажлыг амжилтай явуулснаар өнөөдөр сайн чанарын ноолуурын 13 мянган ямаатай болсон байна. Өнгөрсөн жил ноолуураа шинжилгээнд өгөхөд маш нарийнхан, бараг хялгасгүй шахам ноолуур гарсан л даа. Эрдэмтэдийн эрдэм шинжилгээний хурлаар 100 хувь шинэ омог болж болох юм гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Сайн чанарын ноолууртай болж байгаа нь орон нутагт өндөр ач холбогдолтой.  Бид энэ онд Говь компанитай хамтран 13000 ямааны ноолуураа тусад нь бэлтгэж дангаар нь угаалган утас үйлдвэрлүүлж бүтээгдлэхүүн хийхээр ажиллаж байна.

-Таны ярианаас аймаг орон нутагтаа элэгтэй ханддаг нь анзаарагдаж байна. Хэдхэн хоногийн өмнө  ерөнхий сайд танай аймагт айлчилсан. Тэр үеэр Дорноговь аймаг гадаад харилцаа, аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч аймаг боллоо.   Одоо цаашдаа орон нутгийнхаа хөгжилд ямар ажлыг хийх үү?

  • Дорноговь бүтээн байгуулалт амжилттай өрнөж байгаа аймгуудын нэг. Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон нь аялал жуулчлал хөгжих гол тулгуур болж байна. Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж, гадаад харилцаа, аялал жуулчлалыг манлайлан хөгжүүлсэн тэргүүлэгч аймгаар манай аймаг шалгарсныг Ерөнхий сайд дурьдаад  шагналыг гардуулсан.

Манай аймаг бол аялал жуулчлалын шавхагдашгүй баялагтай. Энэ баялгаа зөв ашиглаж чадах юм бол иргэн бүр орлоготой, ажилтай байх бүрэн боломж бий. Сүүлийн үед дотоодын жуулчид эрс нэмэгдэж байна. Өнгөрсөн онд гадаад  дотоодын болон хил орчмын аялал жуулчлал нийлээд 130 мянга гаруй жуулчин ирсэн байна. Энэ  бага тоо биш. Хамгийн гол нь жуулчдад бид амарч аялах таатай нөхцөлийг нь бүрдүүлж өгөх шаардлагатай. Үйлчилгээг нэгдүгээрт тавьснаараа орлого ашгаа нэмэгдүүлж чадна. Өнгөрсөн жил Японы зургаан жуулчин ирээд 2 хоног тэмээн аялал хийхэд зөвхөн 20 тэмээгээрээ үйлчилсэн хүмүүс гурван сая шахуу төгрөгийн ашигтай байсан шүүдээ.

  • Дотоодын жуулчид нэмэгдсэнээр ажлын байр нэмэгдсэн гэсэн таатай мэдээ байна. Эдийн засаг хямралтай байгаа энэ үед танай аймгийн иргэд жижиг дунд үйлдвэрлэл их эрхэлдэг болсон гэсэн?
  • Сүүлийн жилүүдэд жил бүр 1000 гаруй ажлын байр шинээр бий болгож байна. Өргөн суманд Монполимент компани 1 сая тоннийн хүчин чадалтай цементийн үйлдвэр ашиглалтанд орууллаа. Засгийн газар Чингис бондоос 45 сая доллар гаргасан. Цементийн үйлдвэрт 500 хүний ажлын байр бий болж манай  100 гаруй хүн тэнд ажиллаж байна. Ажлын байрны шаардлага өндөр учраас бусад боломжийг бид ашиглаж чадахгүй байна. Тиймээс бид залуучуудыг сургалтанд өргөнөөр хамруулах давтан сургах ажил эхлүүлж байна. Мөн аймаг орон нутгийнхаа иргэдийг ажлын байрны бүртгэлд хамруулах ажлыг эрчимтэй явуулж бүргэлжүүлж МСҮТ болон бусад төсөл хөтөлбөрөөр мэргэшүүлэх ажлыг хийх юм. Мөн бодлогын төвшинд сум бүр нэг үйлдвэрээ дэмжиж үйлдвэртэй болох бодлого үр дүнгээ өгч эхэллээ. Хэрэв тухайн суманд үйл ажиллагаа эрхэлсэн бол тэр  сумынхаа иргэдийг л ажлын байраар хангаж тэр сумынхаа малчдаас мал махаа авахыг чиглэл болгож гэрээ хийж өгсөн. Өнөөдөр аймаг орон нутгийн хөгжилд цөөн хэдэн хүн санаа зовох биш, нийтээрээ хөгжлийг тодорхойлоход хувь нэмрээ оруулах нь хамгийн том хөрөнгө оруулалт юм.

20 жилийн “настай” цэнхэр автобус оруулж иржээ

  • Таныг олон жилийн өмнө одоо болтол нийтийн тээврийн үйлчилгээнд  явдаг цэнхэр автобусыг оруулж ирсэн гэдэг.  Энэ талаар сонирхуулахгүй юү?
  • 1990 оны эхэн үе л дээ. Улаанбаатар хотод нийтийн тээврийн салбар нэлээд хүндэрсэн байв. Нийтийн тээврийн автобусны парк шинэчлэл хийгдэж чадахгүйгээс өвлийн тэсгим хүйтэнд  автобусны буудал дээр хүүхэд хөгшчүүл даарч хөрөн автобус хүлээх цаг нь улам уртсаад байгааг японы талд учирлаж Япон улсын Засгийн газарт Засгийн газрын хүсэлтийг  уламжилсан юм. Японы тал асуудлыг яаралтай шийдэж 100 автобус буцалтгүй тусламжаар нийлүүлэх болсон. Гэтэл Японы автобус шууд Монголд явах боломжгүй хүйтний нөхцөлд тохируулах зэрэг олон асуудлыг судлаж шийдэх болсон. Ингээд манайд зориулагдсан автобус шинээр бий болсон. Тендер зарлаж 100 автобус нийлүүлэх компаниа шалгаруулахад маш их өрсөлдөөн гарч олон ч компани оролцож билээ. Бид шалгаруулалтаа сайн явуулснаар дахин 20 автобус авах мөнгө хэмнэж түүгээрээ нэмэлт гэрээ байгуулснаар 120 автобустай болж байлаа. Энэ автобусууд монголд ирхэд бид үнэхээр их баярласан даа, иргэдээ хөл дүүжлэх унаатай болгоно гэдэг чинь сайхан зүйл. Түүнээс хойш 20 жил өнгөрсөн байна. Одоо эргээд дурсахад сайхан дурсамж шүү.
  • Таны талаар таагүй мэдээлэл байсхийгээд хэвлэлээр гардаг. Энэ бүхэнд та яаж ханддаг вэ? 
  • Нийгмийн орчны төлөвшилт болоогүй байна л даа. Нэг нэгнээ муулж тэр гүтгэлгээ олон түмэнд бодит мэтээр итгүүлэхийн тулд мөнгө цацаж ард түмэний тархийг угаахаа улс төр хийж байна гэж бодох хэлбэр манайд газар авч байна. Нийгмийн шилжилтийн хүнд үед хийж бүтээснээрээ өрсөлдөх биш, бүтээн байгуулалтыг нь сааруулж харлуулж байгаад өөрсдийн нэр хүндээ өсгөнө гэсэн ядуу ойлголт их байгаа нь харамсал төрүүлдэг. Би худлаа зүйлд тайлбар хийж цаг мөнгөө барихыг урьдал болгодоггүй урагшаа харж хийж бүтээхийн төлөө л үнэт цагаа зориулахыг боддог.
  • Цаг зав ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
  • Үндэсний шуудан сонин В.Срангэрэл 

Санал болгох мэдээ

Дадал сумын “Дэлүүн болдог” нисэх буудлыг өргөтгөнө

 Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх танхимын зарим сайд нар, аймгийн удирдлагуудтай өнгөрсөн оны тавдугаар сард Хэнтий аймагт …