Б.Гомбосүрэн: Бид зардлаа нөхөхийн тулд хандиваар ирсэн өвс, тэжээлийг зарсан

5be3f52bfbaed13956a05a55fa07db43_x3 (2)

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” нэртэй тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барьж, орлогоороо зудтай байгаа нутгийн малчдад өвс, тэжээл, нимнээ, бээлий, лаа, шүдэнз зэргийг авч хандивласан. Гэтэл дээрх зүйлсийг нь Увс аймгийн дарга нар малчдад зарж, ашиг харсан гэх мэдээ цацагдсаар байна. Бид Увс аймгийн Засаг даргын орлогч Б.Гомбосүрэнтэй утсаар холбогдож, дараах тодруулгыг авлаа.

-Хоёр гавьяатын хандивын  тоглолтын мөнгөөр авсан өвс, тэжээлийг танай аймгийн дарга нар зарж, мөнгө завшсан гэсэн мэдээ гарлаа. Энэ талаар та сонсов уу?

-Сонссон. Ямар сайтын, хэн гэдэг сэтгүүлч ингэж бичсэнийг мэдэхгүй юм. Дуучид маань сайхан сэтгэл гаргаж, зудтай байгаа нутгийн малчдад хандив өргөсөн нь сайхан хэрэг. Ийм сайхан сэтгэлийг бид юу гэж буруугаар ашиглах вэ дээ.

-Танай аймаг руу хэдэн боодол өвс, хэдэн шуудай тэжээл ачуулсан юм бэ?

-800 боодол өвс, 25 кг-ын 200 шуудай тэжээл ирүүлсэн. Эдгээрийг С.Жавхлан, Т.Баясгалан хоёр нийслэлийн ОБЕГ-т хүлээлгэн өгч, манай аймаг руу шилжүүлэхээр тохиролцсон. Гэхдээ тэд тээврийн зардлыг нь биднийг зохицуул гэсэн. Зарим сайтад 1000 гаруй боодол өвс, нэлээн хэдэн шуудай тэжээл, нэмнээ болон бусад зүйл ирсэн гэж бичсэн байсан.

-Тээврийн зардал нь тэгээд хэд болсон юм бэ?

-Нийтдээ 6.3 сая төгрөг. Үүнээс шатахуун нь таван сая. Манай аймаг эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч хоёр дуучныхаа сэтгэлийг бодож, 50 хувийг нь аймгийнхаа төсвөөс гаргуулсан. Харин үлдсэнийг нь босгохын тулд малчдаа “Та нар хандиваар ирж байгаа өвсийг 3000, тэжээлийг нь 6500 төгрөгөөр аваарай. Ингэж байж бид үлдсэн 50 хувийн зардлаа нөхөх нь” гэдгийг ойлгуулсан. Зардлаа нөхөхийн тулд л ийм арга хэрэглэсэн болохоос ашиг харах гэсэн юм биш. Энэ тухай бид аймгийнхаа “САМА”, “УВС”, “MBC” телевизээр ярьсан. С.Жавхлангийн бие төлөөлөгч залууд ч хэлсэн. Тийм байхад зарим хүн ингэж улстөржүүлэх хэрэг баймааргүй юм. Малчид ч өөрсдөө “Болж байна” гээд ямар ч асуудал үүсгэхгүйгээр хувааж аваад өчигдөр дууссан шүү дээ.

-Танай нутагт нэг боодол өвс, шуудай тэжээл ямар үнэтэй байна вэ?

-Өвс 10000, тэжээл 12000 төгрөг.

-Дуучдын хандивын өвс, тэжээл тэгээд яг зудтай байгаа нутгийн малчдад хүрч чадав уу?

-Үнэгүй юм болохоор хүн бүр авах гэж оролдсон. Гэхдээ бид судалгаа хийж, олгосон. Тухайн малчны малын тооноос хамаарч хүлээлгэж өгсөн. Жишээ нь, 1000 малтай айлд таван боодол өвс, таван шуудай тэжээл өглөө. Харин 500 малтай айлд тус бүр гурвыг гэх мэтээр хуваарилсан.

Эх сурвалж: MNB.mn

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. өлөн гар says

    Өлөн гар вэ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.