“Сутай” омгийн хонины шинэ үүлдэрийг танилцуулж байна

HUTS-1“СУТАЙ” ОМГИЙН ХОНЬ
Хөдөлмөрийн баатар хоньчин Б.Галсандорж Сутай хониныхоо тухай “Өсөх дуртай, өвлийн салхи сөрөх дуртай, хар нүдэн зүстэй, халуун хүйтэнд тэсвэртэй мал даа. Бөгсөн талаасаа дөрвөлжин, дух магнай өргөнтэй, үс ноос арвинтай, үндэс угсаа сайтай, махаа түлхэж таргалдаг, майлах дуу нь цовоо, төлөрхөг, төрийн буянд өсөх хонь доо” гэж хэлсэн байдаг юм.
Ашиг шим биологийн чадамж өндөртэй малыг сонгон үржүүлэх замаар тоо толгойг нь өсгөх, тархалтын хүрээг нь өргөтгөх, ашиг шимийн гарц чанарыг нэмэгдүүлэх шаардлага хэрэгцээ жилээс жилд улам нэмэгдэж байна.
Алтайн уулархаг болон Их нуурын хотгор хосолсон эрс тэс байгаль цаг уурын нөхцөлд бэлчээрээр маллахад зохицсон төлөрхөг мах, өөх, бүдүүвтэр ноосны чиглэлийн “Сутай” хонины тоо толгойг өсгөхийн зэргэцээ түүний үржил, ашиг шимт чанарыг сайжруулан аж ахуй биологи, генетикийн чадварыг нь бүрэн ашиглах замаар зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах зорилт МАА-н үйлдвэрлэл эрхлэгчид (малчид) эрдэм шинжилгээний болон орон нутгийн төр захиргааны байгууллагуудын өмнө тулгамдсан асуудлын нэг болсоор байна.
Ховд аймгийн Дарви сум энэ үүлдэрийн хонийг зонхилон үржүүлж ирсэн түүхтэй бөгөөд БНМАУ-н Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт хоньчин С.Цогтгэрэл, Хөдөлмөрийн баатар хоньчин Б.Гэндэнпэл, С.Лхагважав, Б.Галсандорж, Ш.Лхагва, Монгол улсын Гавьяат малчин Д.Лхаасүрэн болон улсын аварга малчид, улсын сайн малчин 13 хоньчин зэрэг олон арван алдар цуутай хоньчид төрөн гарсан нь Сутай омгийн хонины биологи, аж ахуйн онцлог шинж чанартай холбоотой.
HUTS-2Сутайн хөгжилт нэгдлийн үржлийн зоо техникч З.Дамдингийн сумын нийт хонинд ангилалт явуулж бие томтой, ашиг шим сайтай шилмэл хонийг нэг бригадад төвлөрүүлж үржүүлэх санаачлагыг Сум нэгдлийн дарга Н.Жадамба дэмжсэнээр 1971 оны 4-р сард сумын нийт хонин сүрэгт ангилалт хийж тохиромжтой хэвшлийн шаардлага хангасан хонийг Хөдөлмөрийн баатар хоньчин Б.Гэндэнпил, Б.Галсандорж, Улсын аврага малчин В.Доржбал нарын суурьт ялган суурилснаар Шинжлэх ухааны үндэслэлтэй үржлийн ажлыг эхлүүлсэн байна.
Ховд аймгийн ҮСУС-ын даргаар ажиллаж байсан доктор Д.Мянганцэвээний идэвхтэй үйл ажиллагааны үр дүнгээр Дарви сумын Дэлгэр багт шилмэл хонины аймгийн үржлийн фермийг 1976 онд байгуулж Ж.Самбуугийн нэрэмжит МААЭШ-ний хүрээлэнгийн МАА-н салбарын эрдмийн зөвлөлийн 1981 оны 7 сарын 31-ний өдрийн хурлаар батлагдсан Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжилт нэгдлийн нутгийн шилмэл хонины үржлийн хэсэг бий болгох үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажлын арга зүйн дагуу уг хонин сүрэгт явуулах үржил селекцийн ажлыг ХААУхааны дэд эрдэмтэн Б.Пүрэвийн удирдлагын дор Дарви сумын үржлийн зоотехникч З.Дамдин, ерөнхий зоотехникч Б.Ишээ, зоо техникч Ч.Баярхүү нар ажиллав.
Малчид мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд 1990 онд мах, өөх, бүдүүвтэр ноосны чиглэлийн “Сутай” омгийн хониор батлагдаж Дэлгэрийн аманд улсын үржлийн ферм иж бүрнээр байгуулагдан ажилд орлоо. ”Сутай хонины ашиг шимт чанарыг бататган сайжруулах нь” сэдэвт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн ажлыг үржлийн фермийн зоотехникч ЭШ-ний ажилтан З.Дамдин “Сутайн хонины удам дагуулан үржүүлж удам гаргах нь” сэдэвт ЭШ-ний ажлыг ЭШ-ний ажилтан Д.Балдиржамц нар 1988 оноос эхлэн Алтайн бүсийн ЭШ-ний хүрээлэнгээс баталсан арга зүйн дагуу гүйцэтгэж ирлээ.
“Сутай” омгийн хонь байгаль, цаг агаарын ямар ч нөхцөлд жилийн турш бэлчээрийн маллагаанд байж ашиг шимээ өгдөг биологийн өндөр чадавхтай учраас 1979 оноос хойш Ховд аймгийн Булган, Ховд сумаас бусад бүх сум Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Баян-Уул, Хөхморьт сумдад их бага хэмжээгээр зарим сумдад хэдэн удаагийн давтамжтайгаар “Сутай“ омгийн хуцыг сайжруулагчаар авсан олон газрын малчид мэргэжилтнүүд өндрөөр үнэлж байв.
HUTS“Сутай” омгийн хонины цөм сүргийг үржүүлдэг Дарви сумын оны эхний эм хонины сувайрлалт, хээл хаялт, хээлтэй хорогдсон тоо хэмжээ нь сүүлийн 3 жилийн дунджаар аймгийн дунджаас 2,5 функцээр бага, ихэрлэлтээр ойролцоо, харин хурганы бойжилтоор нэг функцээр, мөн 100 эхээс бойжуулсан хурга 7 хургаар тус тус илүү байгаа бөгөөд нөхөн үйлдвэрлэийн гол эх булаг болсон эм хонины тоо болон бодит үр дүн болох бойжуулсан хурганы тоогоор Дарви сум аймагтаа тэргүүлж байна.
“Сутай” хонийг 1968-1990 оны хугацаанд үржил селекцийн тодорхой чиглэл арга зүйн дагуу үржүүлсэнээр сумын хэмжээнд зүс, жин, ноосны гарцыг ерөнхийд нь (90%) ижилсүүлж, удамшлын хувьд баталгаатай төлөрхөг, ноосорхог сайхан хонийг 1992 онд малчдад хувьчилсан юм. Хувьчлалын дараагийн 20 гаруй жилд зүс нь бага зэрэг өөрчлөгдөж, ноос үнэгүй учраас малчид хониныхоо жинг нэмэгдүүлэх боломжийг янз бүрээр хайж мэргэжлийн болон захиргааны байгууллагад хүсэлт тавьж эхлэв.
Сумын ЗДТГ, түүний МАА-н бодлогын мэрэгжилтнүүд 2002 онд “Сутай” хонины ноосыг өтгөрүүлж салхинд хагардаггүй болгохын тулд Увс аймгийн Малчин сумаас Баяд үүлдэрийн 100 өсвөр хээлтүүлэгч авч 2003-2004 онуудад цус сэлбэх хээлтүүлгийг 20 суурь хонинд хийснээр ноос өтгөрч, хойд хөлийн тавьц холдон хавирга уртассан зэрэг сайн үзүүлэлт гарсан юм. Энэ сууриудаас 2 жилийн хугацаанд 800 орчим өсвөр хээлтүүлэгч бойжуулан бусад малчдад нийлүүлэв. 2006 онд Сутай омгийн хонины биеийн хэмжэээг нь нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумаас Үзэмчин үүлдэрийн 100 өсвөр хээлтүүлэгч авч 2007 оноос цус сэлбэх ажлыг цөм сүрэг бүхий сууриудад хийснээр гарсан төлийн бие томорч сүргийн дунджаас 0,8-1,5 кг жин нэмэгдсэн боловч гэдэс, гуя, хонгонд нь үзэгдэх ямаан үсний хэмжээ нэмэгдэх хандлага гарлаа. Энэ дутагдлаа засах зорилгоор Говь-Алтай аймгийн Бугат сумаас Говь-Алтай үүлдрийн өсвөр хээлтүүлэгч 2011 онд 60-ыг авч цөм сүргийн сууриудад цус сэлбэх ажлыг хэрэгжүүлсэнээр одоогийн өөр дотор нь үржүүлж байгаа биерхүү, үзүүрлүүгээ нарийссан багц хэлбэртэй, урт торгомсог ноостой, тохиромжтой хэвшлийн хонины тоо сүргийн дотор зонхилох боллоо.
2015 оны жилийн эцсээр 122,366 хонь тоологдсоны 41% нь хээлтэгч байгаа бөгөөд нутгийн малчид дээрх цус сэлбэх асуудлыг маш идэвхтэй дэмжиж цус холдуулсанаар төлийн амьдрах чадвар улам сайжирсан юм. МХЕГ-ын 2012 оны нэгдсэн удирдамжаар улсын хэмжээний бүх үүлдэр омгийн болон бүх хээлтүүлэгч малд хийсэн атесттачлалын дүн, ХХААЯ-аас 2014 онд улсын хэмжээнд зохион байгуулсан үүлдэр омгийн малын тооллогын дүнгээр Дарви сумын нийт хонины 40% буюу 40,430 хонь Сутай омгийн хонины тохиромжтой хэвшлийн стандартыг хангаж байна гэсэн дүгнэлт гарсан байна.

2015 оны 11-р сарын 6-д ХАААЯ-ны сайдын А/133-р тушаалаар батлагдсан хянан магадлах комисс мөн оны 11 сарын 13-19-ны өдрүүдэд  “Сутай” хонины цөм сүрэг бүхий Дарви сумын Дэлгэр багийн тохиолдлын 19 суурьт намрын жинлэлт хийж биеийн хэмжээ авахад хээлтүүлэгт ороод ялгачихсан хуц сүргийн дунджаар 72 кг, эм хонь 64 кг, эм төлөг 50 кг, эр төлөг 53 кг, 9 сартай хурга 39,6 кг жинтэй байж биеийн бүх хэмжээнүүд омгийн стандарт хэмжээнээс өссөн, зүсний ижилсэл бага зэрэг өөрчлөгдсөн гэсэн дүгнэлт гарч малчид, мэргэжилтнүүд, орон нутгийн төр захиргааны байгууллагууд “Сутай” хонио анхаарч ажиллавал Ховд аймаг анхны үүлдэрийн хоньтой болох боломж бүрдэж байгаа таатай мэдээг та бүхэндээ дуулгаж байна.

Д.Балдиржамц

Ugluu-logo

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …