Бямба гариг 04:46 AM

Зуслангийн зориулалтаар олгох газрын нөөц байхгүй

Ирэх сарын 1-нээс нийслэлийн зуслангийн газар өмчлөх ажил эхэлнэ. Үүнтэй болбогдуулан Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс дараах тодруулгыг авлаа.

 -Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн зус­лангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр болоод байна. Энэ ажил хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Нийслэлийн Чингэлтэй, Сонгино­хайр­хан, Сүхбаатар дүүрэгт голлох зус­лан­гууд байдаг. Энэ дүүргүүдэд нутагт нийт 47 мянган иргэн зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа.Эдгээр иргэний 60 орчим хувь нь зуслангийн газраа өмчлөх боломжтой гэсэн урьдчилсан судалгаа гарсан.

Эхний ээлжинд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг ирэх сарын 1-ний өдрөөс эхлүүлэх бөгөөд бүртгэл, судалгааны ажил эхэлж байна. Мөн газар дээр нь тооллого хийнэ. Тий­мээс ир­гэдийн  өргөдлийг найм­дугаар сард багтаан хүлээн авах юм.

-Одоогийн байдлаар зус­лангийн газрыг өмчлөх боломжтой хэдэн хүн байна. Ир­гэдийн зүгээс юу бэлдэх вэ?

-Бидний гаргасан тоо­цоогоор нийслэлд 47 мянган өрх зуслангийн газар эзэмшиж бай­на. Үүнээс газраа өмчлөх боломжтой 25 мянга орчим иргэн бий. Мөн тодорхой байрш­луудад “Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоо”-г байгуулан иргэдэд илүү ойр байж, тодорхой мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгаа. Газар өмчлөх иргэд газар өмчлөх тухай хүсэлт гаргах батлагдсан маягтын дагуу бөглөх, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувиар/, газрын кадастрын зу­раг, газрын төлбөрийг зохих журмын дагуу тушаасан байх шаардлагатай.

-Нийслэлд зуслангийн суурьшлын бү­сийг цаашид шинээр товлож, сунгах бо­ломж бий юү?

-Нийслэлийн ногоон бүс орчмын газарт зуслангийн шинэ суурьшлын бүс бий болгох боломжгүй. Өөрөөр хэлбэл нөөцгүй болсон гэсэн үг. Одоо иргэдийн эзэмшиж байгаа газрыг өмчлүүлнэ. Харин иргэдэд шинээр газар өмчлүүлэх ажил тусдаа зүйл юм.

-Үерийн ам, ой мод, усны сан бүхий бүсэд газар өмчлүүлэхгүй гэж байгаа. Энэ бүсүүдэд зуслангийн газар эзэмшиж буй өрхүү­дийн асуудлыг хэрхэн шийд­вэрлэж байгаа вэ?

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай  хуульд ойн сан, усны сан, хамгаа­лал­тын зурвас, замын сүлжээний газарт иргэдэд газар өмчлүүлэхгүй гэж заасан байдаг. Мөн иргэд ихэвчлэн үерийн аман дээр зөвшөөрөлгүй буучихдаг. Тэдгээр ир­гэнд газрын зөвшөөрөл байхгүй учраас га­зар өмчлүүлэх боломжгүй. Түүнчлэн энэ тохиолдолд газар чөлөөлөх арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Ой мод, усан сан бүхий бүсэд судалгаа хийгээд зөрчил гарвал нүүлгэх арга хэмжээ авна.

-Зуслангийн газраас гадна нийслэлийн дүүр­гүүдэд шинээр газар өмчлүүлэх ажил хэзээнээс эхлэх вэ?

-Нийслэлийн хүн амын дөнгөж найман хувь нь газраа өмчлөөд байгаа. Үлдсэн сая гаруй иргэний газрын асуудлыг шийдвэрлэх нэг салбар ажил нь зуслангийн газар өмчлөх ажил. Энэ ажил жигдэрснээр 30 орчим мян­ган иргэний асуудлыг шийдвэрлэж байна.

Харин иргэдэд шинээр газар өмчлүүлэх ажил одоогийн байдлаар зогссон. Гэхдээ нийслэлийн хэмжээнд нөөцтэй газрын судалгааг хийж байгаа учраас өмчлүүлэх боломжтой газрын нөөц тодорхой болмогц төлөвлөлт хийж иргэдэд өмчлүүлнэ. Энэ ажил тун удахгүй эхэлнэ.

Эхний ээлжинд НИТХ-аар батлагдсан 52 байршилд төлөвлөлт хийж байна. Цаашид ч газрын  нөөцийн судалгааг хийхээр төлөвлөж байна.

-Газар өмчлөх эрх авахын тулд хугацаа их зарцуулж байна гэсэн гом­дол иргэдээс ирүүлдэг. Зуслангийн болон шинээр газар өмчлүүлэхдээ энэ хугацааг багасгахад хэрхэн анхаарч байгаа вэ?

-Энэ жилээс газар өмчлөлийн ажлыг ши­нэлэг хэлбэрээр зохион байгуу­лахаар төлөвлөж байна. Тухайлбал зуслангийн газ­рыг иргэдэд өмчлүүлэх нь томоохон ажил юм. Бид энэ ажлыг зохион байгуулахдаа газар дээр нь очиж ажил­лаж, богино хуга­цаанд шийд­вэрлэе гэж байгаа. Тиймээс газар өмчлөх ажил цаашид чирэгдэлгүй болно гэсэн үг.

images (1)

Share Button

Сэтгэгдэлүүд

3 сэтгэгдэл.
  • hi 202.179.10.46

    2013/07/30 at 12:29

    goe yariltyslaga bna

  • Nom 103.11.195.133

    2013/08/01 at 09:38

    47 myangan irgen uu orh uu gedgiig todruulaach, 2 eer asuudal sh dee.

  • Жогжмоо 202.131.242.238

    2013/08/01 at 10:06

    Сайхан мэдээ байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх