Монголын Үндэсний телевизийн эфирийн алдаа хэрээс хэтэрлээ

12734218_1202292173131498_5159084570687540616_nҮндэсний телевиз бидэндээ гэнэтийн сайхан юм амсуулах тал дээр дүү телевизүүдээсээ ер дутахгүй, ана мана л үзэлцдэг, энэ Цагаан сарын шинийн нэгний бэлгэт сайн өдөр мөн л тэгэх шив дээ. Шинийн нэгний хамгийн эхний нэвтрүүлэг буюу “Өглөөний мэдээ”-нийх нь тухайд ярьж байна. Монгол даяараа С.Жамъянхорол хэмээн таних болсон шинэхэн гавъяат багшийг студидаа урьж ярилцахдаа, хөтлөгч бүсгүй нүүр өөд нь эгцлэн харж байгаад тувт Жамъяааанхорол хэмээн маш тод дуудан хүндэтгэсэн нь хойно ярих зүйлийн дэргэд ч шалихгүй юм даа. (Үлгэрлэвэл, Шар гэдэг хүнийг “Хүүе, шаар аа!” гэсэнтэй ялгаагүй ч юм уу) Хорлоогийн Цэвлээ хэмээх эрхэм буурлыг мөн ирүүлээд, 60 жил Монголын сэтгүүлзүйд зүтгэсэн энэ буурайн тухай титр дээрээ хэрхэн бичиж ямархан хүндэтгэл үзүүлснийг доор буй зургаас харж болно. “Таны үед сонин дээр юу бичдэг байсан бэ?” энэ тэрийн юм асуух нь ч дүүрч, харваас ямар ч бэлтгэл судалгаагүй, арай л “Таныг хэн гэдэг вэ?” гэж асуугаагүй нь өвгөнийг тэртэй тэргүй илтэд цухалдуулсан, ер нь сар шинийн өглөө сэтгүүлзүйн хөгжил, үүрэг хариуцлага гэх мэт сүрхий сүрхий юм ярьдаг нь шинэ сувгийнхны шинэ идэй санаа байсан байгаад, цаашдаа битгий тогтмол болчихож үзээсэй, Базарваань. Зүгээр л нэг зуурдын, ганцхан удаагийн тэнэгрэл байсан байгаасай. За хойно өгүүлэх зүйлийн дэргэд ч өчүүхэн юм даа.

Монголчууд хотлоороо шинээр төрсөн юм шиг баясдаг бэлгэт сайн өдрийн өглөө эрт Үндэсний телевиз нь “Морин хуур наадам эхэллээ” гэсэн мэдээг үзэгч олондоо өргөн барив, титрээр. Уул нь ийм нэртэй наадам өнгөрсөн I сарын 16-нд эхлээд 28-нд өндөрлөсөн. За яахав, Цагаан сар болж байгаа юм чинь өнгөрсөн ч гэсэн бэлгэ дэмбэрэлтэй, морин хуур муур ярих ёстой юм байлгүй гэж бодоод орхиё.

Дараагийн мэдээ: “Хакүхо Котошёогикү нар башёг тэргүүлж байна”. Мэргэжлийн сүмод энэ хоёр тэргүүлсэн удаа олон, хамгийн сүүлд ийм явдал болсон нь харин хориод хоногийн өмнө билээ.12669474_1202292729798109_4017592552021144772_n Дараалаад “Футзалын өсвөрийн аваргууд маргааш тодорно” хэмээн орон даяар зарлавай. Өсвөрийн хөлбөмбөгчид аваргаа өнгөрөгч сарын 17-нд тодруулсан юмсан. “Хөрөнгө орлогын мэдүүлгийг ирэх сарын 15-ны өдрийг хүртэл авна” гэжээ. Хуулиндаа бол II сарын энэ өдөр гэж заасан бий. “НӨАТ-ын урамшууллын сугалааг маргааш МҮОНТ-ээр дамжуулна” гэв. Уул нь урд өдөр нь буюу битүүнд дамжуулсан, засаг өнжөөд нэг мөнгө тараадаг болж гэж олон хүн баярлаж хүлээсэн байх даа хөөрхий. “Б.Үйзэнмаа “Бавар”-ын кино урлагийн дээд шагналыг хүртлээ” гэнэ. 12729097_1202293966464652_3292829443542260389_n12733541_1202295843131131_6858872079769554759_nМонголчууд энэ баярт мэдээг анх дуулаад даруй нэг сар өнгөрчээ. Ингэхэд, бичсэн байдлыг нь хараад боджээ байхад, манай хэд “Бавар” гэдгээ юу л гэж ойлгосон бол доо? “Оскар”, эсвэл “Пүлитцэр” гэдгээс хахь ондоо юм шүү дээ, найзууд аа! За ингээд цааш нь тоочвол дуусахгүй. Цагаан сарын шинийн нэгний өглөө манай Үндэсний телевизийн, мэдээндээ мэргэжсэн сувгийнхан ийм мэдээ явуулав. Мэргэжлийн юм ийм байдаг юм байлгүй, мэдэхгүй юм даа. Мэргэжлийн гэснээс, гурван сарын өмнөхөн дуулиантайхан нээгдэж байхдаа энэ сувгийнхан “Мэргэжлийн жишгийг (бид) Монголд!” хэмээн Монголын уул талаар нэг цуурайтуулж байсан нь одоо ч чихэн дээр байна. Үнэндээ бол мэргэжлийн байна гэдэг чинь гэнэт цоороод л, цуурайтуулаад л, сүпер мүпер юм хийхээсээ урдаар, хийж буй юмандаа хариуцлагатай хандахыг л давын түрүүнд хэлж байгаа юм шүү дээ.
Жич: Монголчуудын үндэсний ганц баяраар төв телевиз нь сар шинийн мэндчилгээгээ монгол бичгээр буруу бичихийг харах мөн гачлантай яа. 12744742_1202309623129753_2065810543998081731_nМэнд гэдэг үгийг бичихэд дэвсгэр “н“ үсгийн өмнө дусал тавина гэж ямар ад зэтгэр нь эдний чихэнд шивнэсэн юм бол?


Batamgalan Buyanjargal

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …