Монголын хамгийн өндөр настан 110 нас хүрлээ

12651343_240653259600024_3011613719959506077_n

Сая гаруй хүн амтай нийслэл хотын хүн амын аравны нэг орчим хувь нь буюу 100 гаруй мянган  ахмад настнууд байдаг. Тэднээс  50 орчим нь 100 болон түүнээс дээш настнууд ажээ.

Энэ жилийн хувьд нийслэлийн хамгийн өндөр настан 110 насыг зоогложээ. 110 настай Л. Данзан гуай өдгөө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд аж төрж байна. Урьд жилүүдэд нийслэлийн хамгийн өндар настан голчлон эмэгтэйчүүд байсан бол энэ жил Л.Данзан өвөө хамгийн ахмад настнаар тодорсон байна.  Харин М.Хоовон, Д.Долгор нар 109 настай учран золгож, нийслэлийн ахмад настнуудын магнайд бичигджээ. М.Хоовон гуай өдгөө Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд амьдардаг бол Д.Долгор гуай Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны иргэн ажээ.

“Хөдөлмөрлөсөн хүн хэзээ ч ядуу амьдардаггүй”

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хамгийн ахмад настан Лувсангийн Данзан гуай 1906 онд төрсөн. Тэрбээр өдгөө нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  XV хороонд үр хүүхдүүдийн хамт өнөр өтгөн, сайхан сайхан амьдарч байна.  Лувсангийн Данзан гуай ахмад дайчин хүн бөгөөд  Халх голын дайн /1939/-д, Чөлөөлөх дайн /1945/-ы хуягт бригадын түрүүч цолтойгоор албан хаасан байна.  Тэрбээр дайны хүнд бэрх жилүүд, дайчин нөхдийнхээ тухай үр ач нартаа үргэлж хэлж ярьдаг ажээ. “Би 1934 онд цэргийн албанд татагдан, тэндээсээ 1939 оны дайнд оролцож байсан юм. Бусад гурван нөхрийн хамт арын албаны харуул хийж байлаа. Тэнд буу зэвсэг, хоол хүнс, хувцас хэрэглэл гээд тулалдаанд орж буй цэргүүдийн эдэлж хэрэглэх бүхий л зүйл байдаг байв. Дайны жилүүд цэргүүдийн хувьд ч, энгийн иргэдийн хувьд ч тун хүнд байсан. Одоо яаж тэр үеийг даван гарсан юм бол доо гэж боддог” хэмээн өгүүлж байна.

Л. Данзан гуай Хэнтий аймгийн Дадал сумын Онон хэр гэдэг газар төрсөн Буриад хүн ажээ. Эхээс есүүлээ, айлын долоо дахь хүүхэд болон мэндэлжээ. Тэрбээр өөрийн намтар түүхээ өгүүлэхдээ  “Би чинь феодлын, социализмын, өнөөгийн зах зээлийн гээд гурван нийгэм, дөрвөн Ерөнхийлөгчийн нүүр үзэж байгаа хүн шүү дээ. Өнгөрсөн хоёр нийгэмд бүх зүйл ховор, хэцүүхэн амьдралтай он жилүүд байсан. Зах зээлийн нийгэмд хөдөлмөр хийсэн хүн л сайхан амьдарч болох, бүх зүйл элбэг хангалуун их сайхан байна шүү дээ. Хөгшин би л гэхэд төр засгийнхаа буян, хайр халамжийг хүртэн үр хүүхдүүдээрээ асруулан сайхан амьдарч байна. Хоёр дайнд оролцсон гээд улсаас надад нэг өрөө байр бэлэглэснийг нь зараад хүүхдүүддээ нэмэрлээд энэ гурван өрөө дулаахан байрыг авсан юм. Жил бүрийн цагаан сараар аль ч үеийн Ерөнхийлөгч нар надад бэлэг явуулдаг. Манай улсын гурван сая гаруй иргэн бүгд танаас дүү болж таарч байгаа болохоор та нартаа хандаж хэдэн үг хэлье.  Хүн хөдөлмөр л хийх ёстой. Залхуурч, алив ажлаас хойш нь сууж, өөрийгөө чөлөөтэй байлгаж огт болохгүй. Хөдөлмөрлөсөн хүн хэзээ ч ядуу амьдардаггүй. Тийм болохоор хөдөлмөр хамгийн чухал шүү л гэж захья даа” хэмээн өгүүлж байна.

www.news.mn

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …