Гадаад дахь монголчууд сар шинээр….

“СИНГЛ ЛЭДИЕЗ–2” КИНО АНУ-Д

сингле

Оны эхэнд Монголын уран сайхны “Сингл лэдиез – 2” кино Вашингтон, Чикаго хотуудаар гарч, Америкийн монголчуудад шинэ оны бэлэг болон хүрэв. Вашингтон орчимд Ажжелика хэмээх театрт нэгдүгээр сарын 4-6 хүртэл гурван өдөр дараалж гарсан бөгөөд өдөр бүр сул суудалгүй, харин ч хоцорч ирсэн олон хүн орж чадалгүй буцсан тохиолдол гарсан болно. Кино монгол хэлээр, англи хадмалтай байсан тул Монголыг сонирхогч америкчууд мөн үзэж сонирхлоо. Жүжигчин Г.Ундармаа өөрийн биеэр киноны нээлтэд оролцон, үзэгчдийн асуултад хариулан, зургаа хамт даруулж байсанд хүмүүс талархаж байлаа.

НАРАНЧИМЭГ ОХИН БОСТОНД ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

наранчимэг

2010 оны гуравдугаар сард Монголд тохиосон нэгэн явдлыг уншигчид санаж байгаа байх. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин Буянбатыг малдаа явсан хойно гэрт нь гал гарч, хэдхэн мөчийн дотор гэр нь юу ч үгүй шатан үгүй болсон билээ. Гэрт хоёр нас найман сартай Саранчимэг, 10 сартай Наранчимэг дүүгийнхээ хамт л үлдсэн байлаа. Гэрээ шатаж эхэлмэгц Саранчимэг охин дүүгээ чирсээр гарган, галаас зайлуулснаар барахгүй малынхаа хашааны дэргэд суулгаад, өмсөж байсан цамцаа нөмрүүлсэн байсан гэдэг. Ийнхүү дүүгээ эхлээд галаас, дараа нь осгож үхэх аюулаас аварсан Саранчимэг охинд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шударга журам” медаль олгож байв.

Галд түлэгдсэн дүү нь харамсалтай нь явж чадахааргүй болсон байжээ. Тэр үед монголчуудын дотнын нөхөр, Монголын тухай олон баримтат кино зохиол, ном бичсэн, алс хязгаарын сумдад эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлдэг хатагтай Сас Кари үүнд санаа тавин, сэтгэл гарган ажилласнаар Бостон хотын Шрайнерс эмнэлэгт авчран, мэс засалд оруулж өгсөн билээ. Сас Каригийн хичээнгүй хөөцөлдлөгөөр тухайн үед Наранчимэгийн Даланзадгадаас Улаанбаатар орох зардлыг нь Изинис компани, Бээжингээс Бостон хүрэх зардлыг Американ эйрлайнз дааж байлаа. Шоайнерс эмнэлэг харин мэс засал, эмчилгээг үнэгүй хийж өгсөн юм. Америкийн монголчууд ч энэ аянд нэгдэн, АНУ-д байх хугацааных нь зардалд хувь нэмрээ оруулсан билээ. Үүний дүнд Нараа алхаж гүйдэг болсон юм.

Тэгвэл зургаан нас хүрсэн Наранчимэг охин Шрайнерс эмнэлэгт ахин ирээд байна. Учир нь өсөж том болохын хэрээр хүүхдийн арьс сунан тэлдэг ч сорвитой хэсгүүд нь сунадаггүй ажээ. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн өвдгөө нугалж чадахгүй болж ирсэн байна. Сас Каригийн дэмжлэг, туслалцаагаар хагалгаа амжилттай болж, эмчилгээ үргэлжилж байна. Америкийн монголчууд урьдын адил энэ үйл хэрэгт сэтгэлийн хандиваа өргөсөөр байна.

ВАШИНГТОН ХОТ ОРЧМЫН БУРХАНЫ ШАШИНТНЫ НИЙГЭМЛЭГ

лам

Вашингтон хот орчимд Бурханы Шашинтны Нийгэмлэг байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Нийгэмлэгээс долоо хоног тутамд Бурханы шашны хичээл, ярилцлага зохион байгуулдаг юм. Хурал, хичээл зэрэгт нь хүндэт зочид, эрдэмтэй лам нар урилгаар ирж оролцдог уламжлалтай. Тухайлбал энэ нэг сарын хичээлүүдийн хувьд, Чингэлтэй дүүргийн нутагт байрлах Жанчивдэчинлэн хийдийн хамба лам Ж.Шинэндэнцэл,Монголын Бэтүб хийдийн лам Д.Норовбадам, Улаан-Үд хотын Лаврин дацангийн хамба лам Дорж нар оролцсон бол нэгдүгээр сарын 31-ний цуглаанд Зоригт багш “Бодь мөрийн зэрэг”-ийн талаар айлтгалаа.

МОНГОЛЫН АНДУУД ЦАГААН САРЫГ ТЭМДЭГЛЭВ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр Виржиниа мужийн Арлингтон хотноо “Монголын андууд” ТББ, Вашингтоны монгол сургуультай хамтран сар шинийн баяр зохион байгуулав. Монголын андууд нь Энх тайвны корпусын шугамаар Монголд ажиллаад буцаж ирсэн сайн дурынхны үүсгэн байгуулсан ашгийн бус байгууллага юм. Сар шинийн баяртаа тэд монгол хоол, цай бэлдсэнээс гадна хүүхдүүдээр шагай тоглуулан, монгол караоке дуу дуулж, Монголын тухай асуулт хариултын тэмцээн зохион, хөгжилтэй сайхан тэмдэглэлээ.

“Өдрийн сонин”-ы АНУ дахь тусгай сурвалжлагч м.САРУУЛ-ЭРДЭНЭ

Санал болгох мэдээ

2030 он гэхэд зам, тээврийн ослын хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ

Нэгдсэн Үндэстний байгууллага /НҮБ/-аас зохион байгуулж “АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ҮГЭЭ ХЭЛЦГЭЭЕ” замын хөдөлгөөний аюулгүй байдлыг …